Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар  2021/ДШМ/781

 

 

 

 

 

 

   2021            8             31                                         2021/ДШМ/781                             

 

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Т.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/477 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Ат холбогдох эрүүгийн 2102 00103 0092 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Э А, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн харилцаа, сурталчилгаа мэргэжилтэй, “Е” ХХК-д барилга хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .................... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:УЦ95010711/;

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 9 дүгээр сард Төв аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 179.8 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисыг 2021 оны 2 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр байрны 2 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Эийн Аыг үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тэнсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн гэрт болон биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан 179,8 грамм цэвэр жинтэй өвс мэт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Аыг гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийг хууль тогтоогчоос батлахдаа уг зүйлийг хэрэглэхэд тайлбарыг хуульд тусгасан. Уг зүйлийн тайлбарт: “Уг зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн ...хүнийг ялаас чөлөөлнө. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэж хуульчилсан бөгөөд Э.А нь 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт ажлаар явж байхдаа олсон “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ажлын өрөөнд хадгалж байсан ба түүнийг газтай хольж хэрэглэж болдог талаар цахим сайтаас харж сонирхлын журмаар хэрэглэсэн ба энэхүү сэтгэцэд нөлөөт бодис буюу өвсийг газтай хольж хэрэглэсний улмаас тухайн ажлын өрөөний дээд айлаас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст доод айлаас газ үнэртээд байна гэсэн дуудлага өгсний дагуу тухайн цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2 цагдаагийн албан хаагч дуудлагаар очсон. Дуудлагаар цагдаа нарыг ирэхэд Э.А байрны гадаа байсан ба цагдаа нар “газ үнэртээд байна гэж дуудлага ирсэн танай байгууллагад газ алдсан зүйл байна уу шалгая” гэхэд Э.А газ өвстэй хольж сорсноо хэлж, өвсийг шууд цагдаа нарт гаргаж өгсөн. Цагдаа нар тухайн өдрийн ээлжийн эрүүгийн мөрдөгч Эрдэнэболдыг дуудаж, мөрдөгч хууль бус өвсийг хураан авч, үзлэг хийсэн байдаг. Энэхүү өвсийг Э.Аын хувьд нууж далдлах санаа зорилго байгаагүй, сайн дураараа гаргаж өгч, цагдаагийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаанд дэмжлэг өгч ажилласан байдаг.

Дээрх хуулийн зүйлийн тайлбарт мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авах нь сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй гэж хуульчилсан бөгөөд цагдаа нар дуудлагаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг хэрэглэсэн талаар дуудлагаар ирээгүй бөгөөд газ үнэртээд байна айлаас газ алдсан байж болзошгүй гэсэн дуудлага байсан, цагдаагийн байгууллага  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг  хууль бусаар олсон, хадгалсан  гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаагүй байсан. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд хэв журмын тасгийн цагдаагийн албан хаагч нарын илтгэх хуудас байгаа, үүнд газ үнэртээд байна дуудлагаар очсон, Э.А өвсийг газтай хольж үнэрлэснээ хүлээж, өвсийг гаргаж өгснийг эрүүгийн мөрдөгч дуудаж хүлээлгэн өгсөн талаар бичиж өгсөн байдаг ба хавтаст хэргийн 1 хуудсанд Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр байгаа нь хэрэг гарсан өдрөөс хойш 14-ээс дээш хоног байгаа нь уг хэрэгт урьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээгүй батлах нотлох баримт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөн шалгах ажиллагааг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хамруулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж хуульчилсан байна.  Тэгвэл Э.Ат холбогдох хэрэгт анх мөрдөгч гэмт хэргийн илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж аваагүй, хэв журмын цагдаа нар дуудлагаар очсон, мөрдөгч хэв журмын цагдаа нарт сайн дураараа өвсийг хууль бусаар хадгалсан Э.А гаргаж өгсний дараа хэргийн газрын үзлэг хийж, Э.А гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа явуулан 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажилласан зэргээс үзэхэд Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хууль бусаар хадгалсан өвсийг гаргаж гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Мөн шүүхээс Э.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг хууль бусаар олсон, хадгалсан гэж дүгнэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолоор “мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухай бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болох үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм” гэж тайлбарласан байна. Э.Аын хувьд Хөвсгөл аймагт барилгын ажлаар явж байхдаа тус барилга угсралтын амралтын байрны орны доороос өвс олсон нь аливаа идэвхтэй үйлдэл гэж үзэхгүй бөгөөд идэвхгүй үйлдлээр олж авсан тул хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Иймд Э.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг хууль бусаар хадгалсан гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт заасныг баримтлан ялаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж заасан. Шүүгдэгч Э.А ямар нэгэн байдлаар мөрдөх байгууллагад өөрийн биеэр очоод хэргээ хүлээсэн зүйл байхгүй. Дээд айлын оршин суугчаас гомдол гаргасны үндсэн дээр цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн. Гэмт хэргээ сайн дураараа илчилсэн гээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж санал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Э.А идэвхгүй үйлдлээр мансууруулах ургамлыг олж авсан асуудал ярьж байна. Энэ байдал нотлогдохгүй байна. Тухайн бодисыг олж аваад хадгалаад байж байхдаа баригдсан. Өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.Аыг 2020 оны 9 дүгээр сард Төв аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 179.8 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисыг 2021 оны 2 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр байрны 2 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Э.Аыг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлжээ.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд Э.А нь “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 9 дүгээр сард худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисыг 2021 оны 2 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө хүртэл хугацаанд хадгалсан гэж дүгнэсэн байх бөгөөд цаг хугацааны хувьд зөрүүтэй, тухайн мансууруулах бодисыг хэзээ олж авсан, хэдий хэр хугацаанд хадгалсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг газтай хольж, өөрчлөн хэрэглэж байгаа нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн өөр шинжийг агуулсан эсэхийг бүрэн тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/477 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Ат холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/477 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Ат холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ