Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 112/ШШ2023/0010

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын байцаагч А.О-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч А.О “...Иргэн Б.Бгаас “Зочин” зоогийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 48100 төгрөгийн төгрөгийн үйлчилгээ аваад баримтаа уншуулсан боловч баталгаажуулаагүй байна...” гэх 08/012 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч С.О-т 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0065667 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар арга хэмжээ авч 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

          Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ.

          Үүнд: Холбогдогч С.Оийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “Би өөрөө болон манай тогооч баталгаажуулаагүй гэсэн жагсаалтад орж ирсэн баримтуудыг баталгаажуулдаг.  Тухайн өдөр 48100 төгрөгийн үйлчилгээ авсан иргэн байгаа. Баталгаажуулаагүй байгаа” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б-гаас                 “Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тухайн зоогийн газраас төгрөгийн үйлчилгээ авсан”  гэх мэдүүлэг болон бусад баримтууд хэрэгт цугларчээ.

          Дээрх гомдлын материалд цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд гомдол гаргагч Б.Б нь Татварын удирдлагын нэгдсэн санд хэзээ гомдол гаргасан, ямар дугаартай баримт хэзээ бүртгүүлсэн болох нь тодорхойгүй зөрчлийг нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч А.О нь холбогдогч С.От 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0065667 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

           Холбогдогч С.Оийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахаар хуульчилсан атал эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч А.О нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэжээ.

           Мөн С.От шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ бичих байтал 2.7 гэж буруу бичсэн, 2 дахь хэсэгт Төрийн сангийн дансны дугаар бичих байтал бичилгүй орхигдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын 2.15-д заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан шийтгэлийн мөнгийг болон хохирол, нөхөн төлбөрийн мөнгийг, мөн зөрчил үйлдэж олсон орлогыг (улсын төсөвт) Төрийн сангийн алдангийн төлбөрийг Нийгмийн даатгалын сангийн холбогдох тоот дансанд тус тус төлнө.” гэснийг зөрчсөн төдийгүй Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

           Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч А.Оын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0065667 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            Хариуцагч Татварын  хэлтсийн улсын байцаагч А.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Миний бие А.О нь Говь-Алтай аймгийн ******* Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар ажилладаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0065667 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлт гаргасан. Тухайн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсаа хүчингүй болгож байгаа тул надад холбогдох тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч А.Оын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0065667 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

          Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч А.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023  оны 4 дүгээр сарын  18-ны  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

          Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч А.Оын  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0065667  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ