Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/196

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

  2025          04         01                                     2025/ШЦТ/196

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч Ж.Цээрүүгүндүү,   

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П,

          шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр ХХ аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа, ам, бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй,

          Б /РД: ХХ000000000/

        Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг ХХ нэртэй зочид буудлын кофе шопд БА-186/2022 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт"-ийн 2.4 дэх заалтад барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн нэрийг нэмж "Улаанбаатар БҮК" ХК оруулж, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... Би “Улаанбаатар БҮК” ХК-д хууль хангамжийн албаны даргаар ажилладаг юм. Манай компани нь барилгын бетон хийц эдлэл, метал хийц эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас зарлагдсан "засвар механикийн заводын механик цехийн өргөтгөлийн ажил гүйцэтгэгч"-г сонгох тендерт оролцож тендерийн материал илгээсэн. Тендерийн материалыг боловсруулахдаа иргэн Бтой 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХХХдугаартай тендерийн материал бэлдэх хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээгээр Б нь тендерийн материалыг бэлтгэж, манай компаниас шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллаж байсан. Тухайн тендерийн материалыг Б манай компаниас авсан баримт бичиг, мэдээллүүдийн дагуу өөрөө гардаж бүрдүүлж илгээсэн. Ингээд манай компани 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр тус тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх олгогдсон. Гэтэл Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ТБ-134-12/5722 дугаартай албан бичгээр манай компанийн илгээсэн тендерт мэдээллийн зөрүүтэй байдал илэрсэн шалтгаанаар тендерээс татгалзах мэдэгдэл ирүүлсэн. Тухайн албан бичигтэй танилцаад Боос юу болоод байгаа талаар тодруулахад Б нь барилга хүлээн авах комиссын актыг өөрчилж тендерийн материалд бидэнд мэдэгдэхгүйгээр хийж явуулсан гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл Б нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тендерийн материалыг шаардлагад нийцүүлж явуулан биднээс гэрээний төлбөрийг авах ёстой байсан учраас бидэнд мэдэгдэлгүйгээр актын агуулгыг өөрчилж Улаанбаатар БҮК ХК гэх нэрийг өөрийн компьютер дээр фотошоп программ ашиглан оруулж өөрчилж илгээсэн байсан. Энэ тухайгаа өөрөө бидэнд хэлж байсан.Тухайн тендерийн оролцогчдод тавигдсан шалгуур хэсэгт тендерт оролцож буй этгээд нь сүүлийн гурван жилийн хугацаанд ямар нэг барилгын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ингэхдээ ерөнхий гүйцэтгэгчээр оролцон төслөө улсын комисс хүлээлгэн өгсөн байхыг шаардаж байсан бөгөөд манай компани нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр "ХХ" ХХК-тай ажил гүйцэтгэх гурвалсан гэрээ байгуулан БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байх Енэртэй орон сууцны хотхоны төсөлд туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байсан. Еорон сууцны хотхоныг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр улсын комисс хүлээн авч акт гаргаж байсан. Уг актыг бид "ХХ" ХХК-аас авч тендерийн материалд хавсаргаж Бид өгсөн байдаг бөгөөд тендерийн шаардлагад барилгын ямар нэг төсөлд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр оролцож улсын комисс хүлээн авсан байх гэсний дагуу өгснийг Б актын агуулгыг өөрчилж буюу агуулга хэсэгт Улаанбаатар БҮК ХК гэх манай компанийн нэрийг оруулсан. Ямар учраас ингэж өөрчилж оруулсан талаар асуухад тендерт шалгарахад илүү баталгаатай болгохоор засвар хийгээд оруулсан гэж хэлж байсан. Энэ асуудлаас болоод 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 71 дугаартай дүгнэлтээр манай компанийг тендерт оролцох эрхийг 2028 он хүртэл буюу 3 жилээр хассан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Гэрч Ү.Бийн "...2024 оны 05 дугаар сарын сүүлээр Бийн бүрдүүлсэн материалыг шалгаж үзэхэд ямар нэгэн асуудал байхгүй байсан. Б урьд өмнө нь манай байгууллагатай хамтран ажиллаж байсан болохоор би итгэж бүрдүүлсэн материалыг нарийвчлан шалгаж үзээгүй. Тэгээд би захирал болох Золжаргалын цахим гарын үсгийг Бид өгч Б тендерийн материал илгээхэд ашигладаг төрийн худалдан авах ажиллагааны сайт болох tender.gov.mn сайт руу бүрдүүлсэн материалаа явуулсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0125/779 дугаартай "...2. Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа "2" гэсэн дугаартай баримт нь баруун дээд буландаа "1" гэж дугаарласан баримтаас хуулбарласан байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн баруун дээд буландаа "2" гэсэн дугаартай баримтын 2.4 дэх хэсэгт "Улаанбаатар БҮК ХК оноосон нэр, ХХХХХХХ Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, 2041219 регистрийн дугаар, БУ11-139/17 барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р дугаар хороо, ХХХХХХХ холбоо барих утас, өөрийн байр" гэсэн хэсгийг нэмж засварласан байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-30 дахь тал/,

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Вик ХХХХХХХ дугаартай Тендерийн материал бэлтгэх хамтран ажиллах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

Шүүгдэгч Д.Бийн "... Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ