Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/00659

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06

182/ШШ2023/00659

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* сайд ******* гудамж, өөрийн байранд байрах, ******* банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, Их монгол овогт *******гийн ******* /РД:ЖЮ81011408/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49 768 573.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Зулцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Х.******* нь 2018.05.30-ны өдөр 5002420290 дугаартай Овердрафтын гэрээ байгуулан 10 000.00 ам.долларын зээлийн эрхийг 365 хоногт 20,4 хүүтэй, 2020.05.31-ний өдөр хүртэл олгосон. Банк нь зээлдэгч Х.Соёл-Эрдэнийн ******* банк ХХК дахь 5002420290 тоот дансанд зээлийн эрхийг 2018.05.30-ны өдөр 10 000.00 ам.доллароор нээсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөрөө бүрэн барагдуулаагүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 869 хоног хугацаа хэтрүүлсэн.  Зээлдэгчид зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. 

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан 5002420290 дугаартай Овердрафтын гэрээ-г тус тус үндэслэн 2022.10.17-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлд 10 000.00 ам.доллар, зээлийн үндсэн хүү 4041.23 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 724.22 ам.доллар, нийт 14 765.45 ам.доллар буюу 2022.10.17-ны өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон 49 768 573.42 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Банкнаас одоо нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 724.22 ам долларын буюу 2 441 063 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэгт 14 041.23 ам доллар буюу 47 327 510.03 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Овердрафтын гэрээ нь Иргэний хуулийн 451.1., 451.3.-т тус тус заасан үндэслэлээр байгуулагдсан гэрээ юм.

Хариуцагч Х.Соёл-Эрдэнийн мөнгөн төлбөрийн үүрэг нь ам.доллараар үүсэж эргэн төлөх үүрэг нь мөн ам.доллараар төлөгдөх ёстой бөгөөд одоо мөнгөн тэмдэгтийн төрлийн хувьд үүрэг үүсэх үеийн ам.долларыг монгол төгрөгт хөрвүүлэх ханшийг баримтлах ёстой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм.  Гэрээний 1.9-д Банк зээлийг тухайн мөнгөн тэмдэгтээр эргэн төлүүлэх зарчим баримтлах бөгөөд гадаад валютаар олгосон зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч төгрөгөөр хийх нөхцөлд ханшийг банкны тухайн өдрийн арилжааны ханшаар тооцно гэж зааснаас үзвэл хариуцагч төлбөр төлөхдөө ам.долларын дансанд төгрөг төлсөн тохиолдолд валют арилжааны үйлчилгээ авч байгаа учир тухайн өдрийн ******* банкны зарласан валют арилжааны ханшийн дагуу хөрвүүлж зээлийн төлбөрийг төлөх үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 451.1., 451.3.-т банкны зээлийн гэрээний харилцааг зохицуулсан нь Иргэний хуулийн 218.1.-ийн зохицуулалтаас илүү нарийвчилсан зохицуулалттай гэж үзэхээс гадна 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хуулиар тухайлсан зохицуулалттай тусгай харилцаа юм.

Иргэний хуулийн 218.1.-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэх зохицуулалт нь үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон тухайн мөнгөний өөрийн худалдан авах чадвар өсөх, буурах буюу мөнгөний үнэгүйдэл-инфляцийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийг аль нэг гадаад улсын мөнгөн тэмдэгттэй харьцах валют арилжааны ханшийг хамааруулан тодорхойлоогүй байна. 

Өөрөөр хэлбэл энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой харилцаанд хэрэглэгдэх зохицуулалт гэж үзэхээр байна. 

2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалсан зэрэг нь зээлдэгчийг зээлийн төлбөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Мөн гэрээний 2.1.6, 4.2, 4.3-т заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэхээс үл хамааран зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчаас 14 041.23 ам доллар буюу 47 327 510.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* банк ХХК нь иргэн Х.*******д холбогдуулан 2018.05.30-ны өдрийн 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний үүрэгт 14 765.45 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 49 768 573.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 724.22 ам.доллараас нь татгалзаж байгааг ойлголоо. 

Хариуцагч Х.******* нь дараах үндэслэлүүдээр үлдэх нэхэмжлэлийн 14 041.23 ам долларын шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

1. Анх зээл авах үед буюу 2018.05.30-ны өдөр ам.долларын хаалтын ханш 2 409.04 төгрөг байсан бол гэрээний хугацаа дууссан үе буюу шаардах эрх үүссэн өдөр болох 2020.05.30-ны өдрийн хаалтын ханш нь 2 805.97 төгрөг болсон байна. Дээрх ханшийн мэдээллүүдийг Монгол банкны нээлттэй мэдээллийн санд нийтлэгдсэн байдаг.  Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь үүрэг үүссэн өдрийн ханшаар тооцон зээлийн үүргийг нэхэмжлэх ёстой хэмээн үзэж байна. 

2. ******* банк ХХК болон иргэн Х.******* нарын хооронд байгуулсан 2018.05.30-ны өдрийн 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний ерөнхий нөхцөлийн 1.3 дахь заалтад Энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор нээгдэж, 2020.05.31-ний өдөр хүртэл хүчинтэй байна... хэмээн талууд гол нөхцөлөө тохиролцож хуудасны доод талд гэрээний талууд гарын үсгүүдээ зурж баталгаажуулсан.

Овердрафтын гэрээ нь ердийн зээлийн гэрээнээс зарчмын хувьд эрс ялгаатай, зээлдэгч нь өмнөх сарын банкнаас олгосон лимит дотор авах зээлийн хэмжээгээ өөрөө сонгодог, хуримтлагдсан хүүг төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл дээр нэмж тооцдог, зээлдэгч нь зээл авах эрхээ хэрэгжүүлэхгүй байх боломжтой байдаг тул талууд Овердрафтын гэрээ-г хугацаа дууссан тохиолдолд заавал сунгах эсвэл цуцлах, дуусгавар болгох шаардлагатай байдаг.

Иймд 5002420290 тоот Оовердрафтын гэрээ-ний хүчинтэй хугацаа 2020.05.31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нь мөн өдрөөс хойш зээлийн үлдэгдэлд хүү тооцон шаардах эрхгүй. 

3. Нэхэмжлэгч нь 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний 2.1.2-т заасан ...зээлийн төлбөрийг данснаас шууд суутган авах эрх..-ийг маш сайн хэрэгжүүлж төлбөрүүдийг суутган авсан мөртлөө, уг гэрээний 2.1.6-д заасан овердрафтын эрх түдгэлзүүлэх, 4.2-д заасан зарлагын гүйлгээ гаргах эрх түдгэлзүүлэх, 4.3.1, 4.3.2 дах хэсгүүдэд заасан үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар цуцлах болон шаардах эрхүүдээ хэрэгжүүлээгүйгээс болж хариуцагчид их хэмжээний хүү хуримтлагдсан. Зээлдэгч нь алт мөнгөний дарханы бизнес эрхэлдэг бөгөөд 2020-2022 онуудад тохиолдсон, одоо ч үргэлжилж байгаа цар тахлын улмаас зээлдэгчийн үйл ажиллагаа бүрэн зогссон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 1 911.94 ам.долларын төлөгдөөгүй хүүг зээл дээр нэмж тооцсоноос болж Х.*******д илүү хүү төлж байсныг шүүх анхаарах ёстой хэмээн үзэж байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 8 927.21 ам.доллар, хуримтлагдсан хүүнд 117.13 ам.доллар, нийт 9 044.******* ам.доллар буюу 26 760 505 төгрөгийг хариуцагч гэрээний дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Х.*******эс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн хуримтлагдсан хүүнээс хүү тооцсон нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 5.3, 5.4, 5.5-д заасныг зөрчсөн...Журмын 5.5-д Иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан...Иймд... ******* банк болон Х.******* нарын хооронд байгуулсан 2018.05.30-ны өдрийн 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний 1.3 дахь заалтын ...Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Дээрх гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хуримтлагдсан хүүний дүн ихээхэн хэмжээгээр буюу ...1 500 ам.доллараар буурах бөгөөд энэ нь хөнгөлөлт болох юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаал, энэхүү тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам...нь нээлттэй мэдээлэл болно...гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагаас шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3 дахь заалтын ...Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагаасаа татгалзаж байна.

Талуудын хооронд 2018.05.30-ны өдөр 5002420290 тоот Овердрафтын гэрээ байгуулагдах үед Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам хэрэгжээгүй, өмнөх Монголбанкны ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 тоот тушаалаар баталсан журам хүчинтэй хэрэгжиж байсан тул бид ярилцаж байгаад сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн талаар мэтгэлцэхгүй болно гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг ойлголоо гэв.

 

6.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, 2018.05.30-ны өдрийн ******* банк ХХК болон Х.******* нарын хооронд байгуулсан 5002420290 тоот Овердрафтын гэрээ, дансны хуулга, шугаман зээлийн хүүгийн тооцоолол, 2021.09.07-ны өдрийн шаардах хуудас, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, Монголбанкны ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 тоот тушаал, түүний хавсралт болох Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.18-ны өдрийн 182/ШЗ2022/00797 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 6-22, 37-39, 47-48/ зэргийг,

Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Х.Соёл-Эрдэнийн ******* банк дахь 5002420290 тоот дансны хуулга, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаал, түүний хавсралт болох Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам /хх-ийн 28-*******/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 14 765.45 ам.доллар буюу 49 768 573.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан 2018.05.30-ны өдрийн 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний 1.3 дахь заалтын ...Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч байгууллагад холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 724.22 ам.доллар буюу 2 441 063 төгрөгийн шаардлагаас, хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзсан байна.

 

Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 47 327 510 төгрөгийн шаардлагыг ханган, 2 441 063 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч татгалзсаныг тус тус батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, овердрафтын гэрээ нь гэрээний эхэнд зээлийн эрхийг нээж ашигласан дүнгээсээ зээлийн хүүг тооцдог буюу зээлдэгч тогтоосон хязгаарт багтаан зээлээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ашигладаг харилцаа бөгөөд хариуцагч нь 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний үүргээ биелүүлэлгүй хугацааг хэтрүүлсэн тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрт 10 000 ам.доллар, зээлийн хүү 4 041.23 ам.доллар, 14 041.23 ам. долларыг гэрээний 1.9-д зааснаар ам.доллараар төлөх үүрэгтэй, талууд харилцан тохиролцон овердрафтын гэрээг байгуулж, гэрээний 1.3-д заасан нөхцөлтэй зээлдэгч танилцсаны үндсэн дээр зээлийн төлбөрийг төлж байсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 451.3.-т зааснаар болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3., 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй, зээлийг төлөх мэдэгдлийг банкаас удаа дараа мэдэгдэж байсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, нэхэмжлэлээс үндсэн зээлд 8 927.21 ам.доллар, хуримтлагдсан хүүд 117.13 ам.доллар, бүгд 9 044.******* ам.доллар буюу 26 760 505 төгрөгийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д зааснаар үүрэг үүсэх үеийн ам.долларын ханшаар тооцож 26 760 505 төгрөг төлөх үндэслэлтэй, Овердрафтын гэрээ-ний 1.3-т зааснаар 2020.05.31-ний өдөр хүртэл гэрээ хүчинтэй байна гэж заасан ба уг хугацаанаас хойш гэрээг сунгаагүй тул зээлийн үлдэгдэлд хүү тооцох эрхгүй, гэрээний 2.1.6, 4.2, 4.3.1, 4.3.2-т зааснаар эрх түдгэлзүүлэх, зарлагын гүйлгээ гаргах эрхийн түдгэлдүүлэх, гэрээг цуцлахаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү их хэмжээгээр хуримтлагдсан, төлөгдөөгүй хүүг зээл дээр нэмж тооцож, хариуцагч илүү хүү төлж байсныг анхаарах ёстой гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Х.*******эс нэхэмжлэгч банкинд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээс бүрэн хэмжээгээр татгалзаж, мөн нэхэмжлэгч банк нь нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлээс татгалзаж, талууд уг үйл баримтуудын талаар харилцан зөвшөөрч маргаагүй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

4.1. Хариуцагч Х.******* нь ******* банк ХХК-иас, тус банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд зээлдэгч өөрийн харилцах дансны үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, тухайн дансанд хийсэн орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн эрх бүхий овердрафтын гэрээг 2018.05.30-наас 2020.05.31-нийг хүртэл хугацаатай байгуулж, банк нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор зээлдэгч Х.Соёл-Эрдэнийн 5002420290 тоот зээлийн дансанд 10 000 ам.долларын овердрафтын зээлийн эрх нээх, зээлдэгч нь овердрафт нээлгэсэн харилцах данснаас гэрээний хугацаанд 10 000 ам.долларын хэмжээнд хэдэн ч удаа зээл авч, эргэн төлөхөөр харилцан тохиролцсон байна.

4.2.Уг гэрээний 1.3-т ...зээлийн хүү нь 365 хоногт 20,4 хувь байна. Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно гэж, 1.4-т Зээлдэгч зээлийн бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд банк зээлийн үлдэгдэлд хүү хуримтлуулан тооцох бөгөөд тухайн сард хуримтлуулсан хүүг дараа сарын 2-ны өдөр харилцах дасны үлдэгдлээс суутгана. Хэрэв харилцах данс үлдэгдэлгүй бол хуримтлуулсан хүүг зээлийн үлдэгдэл дүн дээр нэмнэ, 1.5.-д Овердрафтын дагуу олгосон зээл нь зээлдэгчийн харилцах ...дансанд орсон аливаа мөнгөн орлогоор эргэн төлөгдөнө, 1.10-т Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, үндсэн хүү...ийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

4.3.Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 5002420290 тоот Овердрафтын гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

4.4. Талуудын хооронд байгуулсан 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний дагуу нэхэмжлэгч банкнаас 2018.05.30-ны өдөр зээлийн эрхийг нээж, зээлдэгч нь мөн өдрөөс эхлэн 2020.06.01-нийг хүртэл буюу гэрээний хугацаанд 26 482.85 ам.доллар, 2020.06.01-нээс 2021.02.02-ныг хүртэл хугацаанд 1 671.21 ам.доллар, нийт 28 154.06 ам.долларыг авч ашигласан байх бөгөөд гэрээний 1.3-т заасны дагуу гэрээний хугацаанд 3 393.91 ам.доллар, 2020.06.01-нээс 2022.10.17-ныг хүртэл хугацаанд зээлийн хүүд 5 298.27 ам.доллар, нийт 8 692.18 ам.долларын хүү хуримтлагдан тооцогджээ.

Зээлдэгч Х.*******эс гэрээний хугацаанд зээлийн хүүд 3 393.91 ам.доллар, 2020.06.01-нээс 2022.10.17-ныг хүртэл хугацаанд 1 671.21 ам.доллар, нийт 5 065.01 ам.доллар, гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 15 841.37 ам.доллар, 2020.06.01-нээс 2022.10.17-ныг хүртэл хугацаанд 1898.64 ам.доллар, нийт 17 740 ам.доллар тус тус төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022.10.17-ны өдрийн байдлаар хариуцагч Х.******* нь гэрээний 1.3-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт /зээлийн үндсэн дүн болон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээр/ 10 414.05 ам.доллар, зээлийн хүүд 3 627.17 ам.доллар, нийт 14 041.23 ам.доллар төлөх үүрэгтэй үлдсэн байна.

Дээрх үйл баримтууд нь 2018.05.30-ны өдрийн 5002420290 тоот Овердрафтын гэрээ болон ******* банк ХХК дахь Х.Соёл-Эрдэнийн 5002420290 тоот, 1370033182 тоот дансдын хуулга, шугаман зээлийн хүүгийн тооцоолол зэргээр нотлогдсон.

 

5. Талууд, Овердрафтын гэрээ-ний зорилго, нөхцөлийг уг гэрээний 1.2.1-д Овердрафт гэж банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд зээлдэгч өөрийн харилцах /төлбөрийн карт/-ын дансны үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, тухайн дансанд хийсэн орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн эрхийг... ойлгохоор заасан байна.

Тухайн үед буюу зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx хаяг бүхий Монголбанкны вэб сайтад нийтлэгдсэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.6-д Нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг ойлгохоор тодорхойлсоны дагуу талууд, гэрээний 1.3-т зээлийн хүүг нийлмэл аргаар буюу зээлийн дүн дээр өмнөх хугацаанд тооцогдсон төлөөгдөөгүй байгаа хүүгийн төлбөрийг нэмж, түүний нийлбэр дүнгээс зээлийн хүүг тооцохоор зааж тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан гэж, 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасны дагуу гэрээний талууд сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн, зээлдэгч нь банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд өөрийн хэрэгцээ, шаардлага үүссэн үед хэдийд ч ам.доллараар зээл авч ашиглах эрхтэйгээр, зээлийн үнэ болох хүүг төлөхдөө нийлмэл аргаар тооцож төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзнэ.

6. Хариуцагч Х.******* нь 2018.05.30-наас 2020.05.31-нийг хүртэл хүртэлх хугацаанд зээлийн хүүг нийлмэл аргаар тооцсонд маргаагүй бөгөөд харин гэрээний хүчинтэй хугацааг сунгаагүй тул 2020.05.31-ний өдрөөс хойш зээлийн үлдэгдэлд хүү тооцох эрхгүй гэж үзэн 8 927.21 ам.доллар, хуримтлагдсан хүүд 117.13 ам.доллар, бүгд 9 044.******* ам.доллар төлөхөөр тооцон тайлбарлаж байх боловч зээлийн гэрээний 1.4-т Зээлдэгч зээлийн бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд банк зээлийн үлдэгдэлд хүү хуримтлуулан тооцох бөгөөд тухайн сард хуримтлуулсан хүүг дараа сарын 2-ны өдөр харилцах дансны үлдэгдлээс суутгана. Хэрэв харилцах данс үлдэгдэлгүй бол хуримтлуулсан хүүг зээлийн үлдэгдэл дүн дээр нэмнэ гэж, 1.10-т Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, үндсэн хүү...ийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэж, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү...төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү...төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү буюу 2020.05.31-нээс 2022.10.17-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүд 3 627.17 ам.долларыг төлөх үүрэгтэй байна.

 

7. Талуудын хооронд байгуулсан 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний 2.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж байсан нь 2021.09.07-ны өдрийн шаардах хуудсаар нотлогдсон бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1., 240 дүгээр зүйлийн 240.1.-д заасан үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй байна.

Түүнчлэн Овердрафтын гэрээ-ний 1.9-д зааснаар гадаад валютаар олгосон зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийх нөхцөлд ханшийг банкны тухайн өдрийн арилжааны ханшаар тооцохоор тохиролцсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.-д Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар...тооцно гэж нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгч ******* банк ХХК нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022.10.17-ны өдрийн Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш болох 3 370.61 төгрөгөөр зээлийн гэрээний үүрэг болох 14 041.23 ам.долларыг тооцон 47 327 510.03 төгрөг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч талын, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д зааснаар үүрэг үүсэх үеийн ам.долларын ханшаар тооцож буюу 2020.05.30-ны өдрийн Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш болох 2 805.97 төгрөгөөр тооцон 26 760 505 төгрөг төлөх үндэслэлтэй гэсэн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй юм.

 

8. Эдгээр үндэслэлүүдээр, хариуцагч Х.*******эс 2018.05.30-ны өдрийн Овердрафтын гэрээ-ний үүрэгт нийт 14 041.23 ам.доллар буюу 47 327 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгч ******* банк ХХК нь нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 724.22 ам.доллар буюу 2 441 063 төгрөгийн шаардлагаас, хариуцагч Х.******* нь 2018.05.30-ны өдрийн 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний 1.3 дахь заалтын ...Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 800 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 394 587 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Х.*******эс зээлийн гэрээний үүрэгт 14 041.23 ам.доллар буюу 47 327 510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХХК нь нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 724.22 ам.доллар буюу 2 441 063 төгрөгийн шаардлагаас, хариуцагч Х.******* нь 2018.05.30-ны өдрийн 5002420290 тоот Овердрафтын гэрээ-ний 1.3 дахь заалтын ...Хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцно... гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 800 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 394 587 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА