| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/2095/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2473 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2473
2025 10 29 2025/ШЦТ/2473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 02384 2127 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Н.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “Нарантуул” худалдааны төвийн хойно 44/б байрны гадна талд замын чиглэл, хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрсний улмаас хохирогч Б.Бтой маргаан үүсгэж, улмаар зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар хохирогч Б.Бтой барилцаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож, улмаар биед нь хамар ясны далд хугарал, хамар, уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би машины арын суудал дээр унтаж байсан. Тэр манай найзын машин. Манай найз машин бариад явж байсан. Тэгээд хүмүүс дуугараад байхаар нь сэрэхэд хохирогч хүрч ирээд манай найзыг машины цонхоор хэд хэдэн удаа цохисон. Буугаад ир гээд барьцалдаад буусан. Би салгах гээд очиход намайг барьж аваад найз бид хоёрыг мөргөлдүүлээд байсан. Тэгээд манай найзыг газар хэвтүүлээд чирээд байхаар нь би очоод хамар луу нь цохисон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,
Гэрч Н.Бсгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
Гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/3745 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0825/2926 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-111 дэх тал/,
Сэжигтэн Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,
Яллагдагч Н.Бийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90 дэх тал/ зэрэг болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.Б нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 42-р хороо, “Нарантуул” худалдааны төвийн хойно 44/б байрны гадна талд замын чиглэл, хөдөлгөөнд оролцохдоо бусдад зам тавьж өгөх зэрэг асуудлын улмаас хохирогч Б.Бтой маргаан үүсгэж улмаар зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар хохирогч Б.Бтой барилцаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож, хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна. Мөн хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 4.593.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд заавал хөнгөн зэргийн хохирол учирсан байх шинжийг шаарджээ.
Сэжигтэн Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, 44/б байрны хажууд явж байтал гурван дугуйтай мотоцикл зам хаагаад зогссон. Тухайн замын нэг урсгалд нь машинууд тавьчихсан учир нэг урсгалтай зам болчихсон байсан. Тухайн хүнийг замаа чөлөөл гэж хэлтэл тухайн хүн уурлаад мотоциклоосоо бууж ирээд Б.Эыг машин дотроос нь заамдаад машинаас буулгачихсан. Тэр хоёр машины хажууд гадаа маргалдаад байсан. Сүүлдээ бие биеэ заамдаад авахаар нь би машинаас буугаад тэр хоёрыг салгах гээд голоор нь ортол тухайн хүн намайг бас заамдаад авсан. Би буцаагаад заамдах гэсэн чинь миний гар хүрэхгүй байсан. Б.Э бид хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд байсан. Тэгээд хэрэлдэж байгаад гэнэт намайг тухайн хүн шууд цохиод авсан. Харин тухайн хүн Б.Эыг цамцнаас нь доош нь дарж байгаа харагдсан. Тэгэхээр нь тухайн хүний хамар хэсэгт нэг удаа баруун гараараа гараа атгаж байгаад цохисон. Тухайн хүний хамраас цус гарч байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,
Яллагдагч Н.Бийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Тухайн хүн баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Би тэр үед нь тухайн хүнээс холдоод зайгаа бариад байж байтал Б.Эыг тухайн хүн барьж аваад цамцнаас нь зуураад газар унагасан байсан. Тэгэхээр нь би очтол тэр хүн намайг цохих гэхээр нь би баруун гараараа тухайн хүний хамар хэсэгт нь нэг удаа цохисон. ...гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд тусгагдсан Б.Бод учирсан гэмтлүүдийг би цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дэх тал/ тус тус авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Тэгэхэд нэг нь түрүүлээд толгой хэсэгт цохиход би нэгийг нь түлхээд нөгөөхийг нь газар дараад унагаачихсан тэр үед араас нэг салгах гэж ирээд намайг зуураад авахад нөгөө түлхүүлсэн залуу нь ирээд хамар хэсэгт халдсан. Яг цохисон уу, өшиглөсөн үү гэдгийг би мэдэхгүй байна. Миний хамраас цус гарахаар нь би больсон. Тухайн үедээ би “чи уучлалт гуйхгүй юм уу” гэсэн чинь чиний буруу, чи ухраад өгсөн бол болчих байсан юм гэх мэтчилэн яриад байхаар нь би “хэлдэг газар нь хэлж шалгуулна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,
Гэрч Н.Бсгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгтэл Н.Б машинаас буугаад тэр хоёрыг салгах гэж байтал тухайн хүн Н.Бийн толгой хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Н.Б, Б.Э хоёр болих гэсэн боловч тухайн хүн болихгүй тэр хоёр луу дайраад, барьж аваад зуураад машин руу түлхээд байсан. Тэгэхээр нь Н.Б тухайн хүний нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж байхыг нь би харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
Гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дараа нь намайг миний цамцнаас доош нь дарсан, тэр үед Н.Б тухайн хүний хамар хэсэг рүү нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/3745 дугаартай: “...Б.Бын биед хамар ясны далд хугарал, хамар, уруул, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун сарвууны долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0825/2926 дугаартай: “...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Болорын Б.Бын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-111 дэх тал/--ээр шүүгдэгч Н.Бийн тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Top of FormBottom of FormШүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Бын эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Хохирогч Б.Бын эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/3745 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч Н.Бийн гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой 4.593.400 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилсэн байна.
Хохирогч Б.Бын сэтгэцэд учирсан хор уршиг нь “Нэгдүгээр зэрэглэл”-д хамаарч байгаа болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0825/2926 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-111 дэх тал/-ээр тогтоогдсон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1.2 дахь хэсэгт “Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана” гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаас багаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, гэрч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн хохирогч Б.Бын сэтгэцэд учирсан хохирлыг журамд зааснаас багаар олгохоор шийдвэрлэсэн болно.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн тул тус хэмжээгээр тогтоож олгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал 792.000 × 2 = 1.584.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Бод олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь дээрх хохирол, төлбөрийг төлж барагдуулахаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогч Б.Бод 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Бод төлөх 4.677.400 төгрөгийн төлбөртэй байна.
Харин шүүгдэгч Н.Бийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Б.Б нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Н.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дэх тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзлээ.
Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, хохирогчид учирсан гэмтэл зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бээс 4.677.400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бод олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ