| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2106000001141 |
| Дугаар | 2021/ДШМ/782 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ДШМ/782
2021 8 31 2021/ДШМ/782
Ц.Өт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батболд,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батболдын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ц.Өт холбогдох эрүүгийн 2106 00000 1141 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Цийн Ө, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ................... дүүргийн ... дүгээр хороо, “М” СӨХ-д жижүүр ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................... дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............................../;
Шүүгдэгч Ц.Ө нь 2021 оны 5 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 756 байрны 8 давхраас хохирогч Ц.Нын эзэмшлийн “Тветтер” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Цэдээгийн Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өыг зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өт эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Ө нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”’ буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг биет байдлаар буцаан өгч барагдуулсан байна.
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэг нь тусгагдаж заагдаагүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Дээрх үндэслэлүүдээр Ц.Өт холбогдох хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байхад анхан шатны шүүхээс “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг хэрэглэх эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс Ц.Өт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хуулийн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ц.Батболдын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Ө нь 2021 оны 5 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 756 байрны 8 давхраас хохирогч Ц.Нын эзэмшлийн “Тветтер” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Нын “...2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед ажлаасаа тараад өөрийн унадаг дугуйг унаад гэртээ ирээд гэр рүүгээ оруулах гэж байгаад болиод байрныхаа 8 давхрын явган хүний шатны төмөр бариул хэсгээс унадаг дугуйн түгжээгээр холбож цоожлоод үлдээсэн. Маргааш нь 08 цагийн үед гэрээсээ гарахад шатан дээр түгжээд үлдээсэн дугуй алга болсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” /хх 10-11, 14/,
шүүгдэгч Ц.Өын “...би доошоо шатаар буугаад явах үед нэг дугуй таарсан тэр дугуй цоожтой байсан ба тухайн унадаг дугуйг аваад шатаар доошоо буусан. Уг байрнаас гараад тухайн дугуйг унаад гэртээ ирээд орцны подволд дугуйг тавиад гэртээ ороод унтсан...” /хх 45-46/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн “...хаалгаар дотогш орон шатаар дээш 8-н давхарт гарахад 61, 63, 62 дугаартай хаалга байсан ба хохирогч унадаг дугуй байсан гэх газрыг заасан криминалистикийн шинжээч 1 гэж дугаарлан гэрэл зураг авсан ба хэрэгт ач холбогдол бүхий ямар нэгэн ул мөр илрээгүй тул шинжээч хэргийн явц байдлын талаар гэрэл зургийг авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн БЗД2-21-305 дугаартай “...Тветтер маркийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй унадаг дугуйг 521.100 төгрөгөөр үнэлэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18-19/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 2-3/,
эд зүйл хураах тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн илтгэх хуудас /хх 29-30, 31/,
шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52-53, 54/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүгдэгч Ц.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн тайлбар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Прокурор Ц.Батболдын бичсэн “...Ц.Өт холбогдох хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар хамрагдахаар байхад анхан шатны шүүхээс “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг хэрэглэх эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, “яллагдагч” нь мөрдөн байцаалтын шатанд буюу хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага болох яллагдагч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөлд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт юм.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс Ц.Өт холбогдох хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй талаар дурдах ёстой байсан боловч энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэмж хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/834 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батболдын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ