Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 112/ШШ2023/0011

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-ээс тус аймгийн ******* улсын байцаагч А.О-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч А.О нь ...Иргэн Б.Б-аас Мон-Алтай үсчний газар 100000 төгрөгийн үйлчилгээ хийлгээд баримтаа уншуулсан боловч баталгаажуулаагүй байна... гэх 02/006 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Л.Ч-т 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар арга хэмжээ авч 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: Холбогдогч Л.Чийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг авахад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манайхаас иргэн Б.Б 100.000 төгрөгийн үйлчилгээ авч үсэндээ сортой будалт хийлгэсэн.

Тухайн баримтыг надад уншууллаа шүү гэж хэлээгүй гэх мэдүүлэг, Хохирогч Б.Бын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Мон-Алтай үсчин дээр үсээ засуулж, будуулах үйлчилгээ авсан. Л.Ч гэх үсчинээр үсээ будуулсан ба 3 үйлчилгээ нийлээд 100.000 төгрөгийн үйлчилгээ авч 40.000 төгрөгийг дансаар, 60000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар 100.000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийн баримтыг баталгаажуулаагүй талаарх татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэл зэрэг баримтууд авагджээ.

Дээрх нотлох баримтуудаар Л.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 03- ны өдөр иргэн Б.Б-д 100.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн боловч төлбөрийн баримтыг 72 цагийн дотор баталгаажуулах үүргээ биелүүлээгүй болох нь бүрэн тогтоогдсон байна.

Холбогдогч Л.Чийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан атал эрх бүхий албан тушаалтан А.О нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэжээ.

Мөн Л.Чт шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ бичих байтал 2.7 гэж буруу бичсэн, 2 дахь хэсэгт Төрийн сангийн дансны дугаар бичих байтал бичилгүй орхигдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан.

Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмын 2.15-д заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан шийтгэлийн мөнгийг болон хохирол, нөхөн төлбөрийн мөнгийг, мөн зөрчил үйлдэж олсон орлогыг (улсын төсөвт) Төрийн сангийн, алдангийн төлбөрийг Нийгмийн даатгалын сангийн холбогдох тоот дансанд тус тус төлнө. гэснийг зөрчсөн төдийгүй Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч А.Оын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Татварын хэлтсийн улсын байцаагч А.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие А.О нь Говь-Алтай аймгийн ******* Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар ажилладаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлт гаргасан. Тухайн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсаа хүчингүй болгож байгаа тул надад холбогдох тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч А.Оын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч А.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Прокуророос эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг ...Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна. гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасныг хариуцагч татварын улсын байцаагч хүлээн зөвшөөрсөн байна.

******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч А.Оын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болж байгаа учир холбогдогч Л.Чийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч А.Оын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ШҮҮГЧ                                      Ч.ОЮУНСҮРЭН