| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/2022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2300 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2300
2025 10 06 2025/ШЦТ/2300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
Улсын яллагч Х.Билгүүн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т,
Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Дид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511 01699 1038 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Л.Д..
Холбогдсон хэргийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.Д нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө *** тоотод өөрийн бага насны хүүхэд болох Д.Сын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…05 дугаар сарын 03-ны орой ажлын хүнтэйгээ хамт гэр лүүгээ явах замд эхнэр маань уух зүйл аваад ир гээд хамтдаа ууцгаасан. Ингээд ууж дуусгаад унтаж байхад эхнэр маань намайг сэрээгээд хэрүүл гуйгаад байсан ба над руу юм авч дайраад байхаар нь алгадчихсан юм. Харин эхнэр маань унахдаа хүүхэд дээр маань уначихсан юм…” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгуулах хүсэлттэй байгаа…” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 дахь тал/,
Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/,
Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/6469 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Сын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 25 дахь тал/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39-41 дэх тал/,
Шинжээч эмч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дэх тал/,
Яллагдагч Л.Дийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 54 дэх тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Л.Доос гэрчээр /хх-ийн 15 дахь тал/ мэдүүлэг авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрсдийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Л.Дийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Л.Д нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Цгийн биед халдан нүүрэн тус газар нь алгадаж унагаан, улмаар Д.Ц нь унахдаа 01 сар 18 хоногтой хүү Д.Сын дээр дарж унасны улмаас Д.Сын эрүүл мэндэд “баруун зулай яснаас титэм, лямбда, суман заадал руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн зулай яснаас чамархайн заадал руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, хоёр зулай, зүүн чамархайн хуйхан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Л.Д нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд заавал хүнд хохирол учирсан байх шинжийг шаарджээ.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/6469 дугаартай: “...Д.Сын ...гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/ авагджээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх материаллаг шаардлага хангагджээ.
Харин улсын яллагчаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…бусад болгоомжгүй үйлдлийн улмаас…” гэх диспозицийг хангасан гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.
Яллагдагч Л.Дийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...үедээ С-г буйдан дээр тавиад над руу өөрийнхөө гар утсыг барьж ирээд гартаа байх гар утсаараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Миний уур хүрээд Д.Цг эргүүлээд хацар луу нь алгадчихсан чинь эхнэр унахдаа буйдан дээр хэвтэж байсан хүүхэд дээр дараад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дэх тал/ авагдсан байна.
Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед нөхөр маань зүүн хацар дээр маань нэг алгадахад би газар хүүхэд дээрээ унасан юм шиг байсан. Би ухаан алдаад газар унасан учир яг яаж унаснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/,
Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шөнө намайг унтаж байхад Л.Д, Д.Ц хоёр маргалдах чимээ гарсан. Би том өрөөнд нь унтаж байсан ба том өрөөний буйдангийн урд Л.Д хүүхдээ тэвэрсэн байдалтай Д.Ц газраас босож байсан. Л.Д, Д.Ц хоёр муудалцаж байгаад унтлагын өрөөндөө хүүхдээ тэврээд орцгоосон би унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/-үүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Л.Д нь хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан байна.
Тухайн үед болсон үйл явдлыг сэргээн дүрсэлбэл гэрч Д.Ц, шүүгдэгч Л.Д нар нь *** тоотод харилцан маргалдаж бие биедээ халдсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Д нь Д.Цг алгадах үед Д.Ц нь 01 сар 18 хоногтой Д.Сын дээр унаж Д.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…бусад болгоомжгүй үйлдлийн улмаас…” гэх диспозици нь гэм буруутай этгээдийн тухайн үйлдлийн улмаас шууд хохирол учрах шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
Гэмт хэргийн шалтгаант холбоо нь гэмт хэргийн материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй салшгүй холбоотой бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Гэтэл хүнд хохирлыг үүсгэсэн үйлдэл нь гэрч Д.Цгийн хүүхэд дээрээ дарж унасан үйлдлээс болж учирсан байна. Энэ талаар талууд хэн аль нь маргаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн шууд үйлийн улмаас үүсээгүй буюу харин энэхүү эхнэрээ алгадсан үйлдэл нь Д.Ц унах шалтгаан болсон байна.
Шүүгдэгч Л.Д нь насанд хүрээгүй хохирогч Д.Сод гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй, гэм буруу байхгүй бөгөөд үр дагаврыг шалтгаанаар холбох боломжгүй. Шүүгдэгч нь өөрийн эхнэрийг алгадах үедээ хүүхэд дээрээ дарж унах, эсвэл хөл алдаж унах зэрэг нэг цаг хугацаанд үүсэх хэд хэдэн нөхцөл байдлын нөлөөллийг урьдчилан мэдэх, тооцох боломж байгаагүйг үндэслэн хор уршиг гэм буруугүйгээр учруулсан байна гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл бусад болгоомжгүй үйлдлийг хийхээсээ өмнө хайхрамжгүй хандсан эсхүл хөнгөмсгөөр найдсан байх аль нэг ухамсрын хэлбэрийг шаардах нь гэмт хэргийн субьектив талын бүрэлдэхүүн юм.
Иймд шүүгдэгч Л.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийн аль алийг нь хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх” тухай хууль ёсны зарчим болон мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг гэм буруугийн шижийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй”, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад “…шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих…” гэж заасныг үндэслэн дээрх асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Дид яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Дийг цагаатгасугай.
2. Л.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Л.Дид холбогдох эрүүгийн 2511 01699 1038 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаасугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Л.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ