Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар  2021/ДШМ/783

 

 

 

 

 

 

   2021             8             31                                       2021/ДШМ/783                             

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/793 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцогийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Гт холбогдох эрүүгийн 2006 02865 2225 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Бын Г, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ................. дүүргийн .... дугаар хороо, ... хэсэг, ................................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн ... дүгээр хороо, ...................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:............................../;

 

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар автобусны буудлын дэргэд байрлаж байсан иргэн Б.Згийн өмчлөлийн түрээсийн гэрээгээр итгэмжлэн хариуцуулсан ТҮЦ-ийг завшиж 5.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Бын Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гийг өршөөн хэлтрүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь 15 /арван тав/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Гээс 150.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцог бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэв. Эрүүгийн хэргийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг шүүх удирдлага болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийн алинд нь хамааруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон, ялыг дүйцүүлэн сольсон эсхүл ялаас өршөөн хассан талаар шийдвэртээ дүгнэлт хийгээгүй нь буруу байна гэж үзлээ.

Энэ нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/793 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрвээ Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх гэж байгаа бол тухайн зүйл, ангид заасан ялыг оногдуулаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Ял оногдуулаад Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялыг дүйцүүлэн хасаж байгаа бол энэ талаар дүгнэлт хийх ёстой байсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй зүйл, ангийг өршөөлд хамруулсан.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцогийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар автобусны буудлын дэргэд байрлаж байсан иргэн Б.Згийн өмчлөлийн түрээсийн гэрээгээр итгэмжлэн хариуцуулсан ТҮЦ-ийг завшиж 5.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гийг өршөөн хэлтрүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “...2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Гийн үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь буруу байна.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих...” талаар зохицуулсан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээг шүүхэд олгоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна. 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.Содномцогийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/793 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/793 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.АЛДАР

 

 

                 ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ