Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2023/00470

 

 

 

 

 

 

 

 

2023 5 19

130/ШШ2023/00470

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХК Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

 

Хариуцагч: Б аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургууль. Хаяг:Б аймаг, Ө сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 170,602,920 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуульд  холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 170,602,920 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Э ХК нь Ө сумын Ерөнхий боловсролын дугаар сургуультай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу хариуцагч байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж ирсэн. Уг гэрээний 4.3-т заасны дагуу бичилт хийгдсэнээс хойш тухайн сарын 30-ны өдөр хүртэл худалдан авагч төлбөрөө бүрэн төлсөн байх ёстой.

1.2 Гэтэл хариуцагч талаас 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны дуустал хугацаанд хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүйгээс болж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 183 сая гаруй төгрөгийн өр хуримтлагдсан. Он гарснаас хойш хариуцагч талаас өрнийхөө зарим хэсгийг төлсөн ба одоогийн байдлаар  113,735,280 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөөгүй байгаа. Энэхүү төлбөрөө төлөхийг хариуцагч талаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж өгөөгүй.

1.3 Тиймээс хариуцагч байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас алданги нэхэмжилж байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т хэрэглэгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сард, 2022 онд байгуулагдсан гэрээгээр нотлогдоно. 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцоход 61985727 төгрөг болж байгаа. Алдангийн хэмжээ гүйцэтгэгдээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн Иргэний хуулийн зарчмын дагуу 56867640 төгрөг болж байгаа.

1.4 Иймээс хариуцагчаас 2020 оны 5 дугаар сарын 01-ээс хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 113,735,280 төгрөг, алданги 56,867,640 төгрөг, нийт 170,602,320 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарт ямар нэгэн нотлох баримт хавсаргаагүй байгаа ба нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлж өгөхөө илэрхийлсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

2.Хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирал А ы хариу тайлбар, татгалзал:

2.1 Манай байгууллагын зүгээс орон нутгийн төсвөөс баталж өгсөн төсвийн дагуу Э ХК-нд дулааны эрчим хүчний төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа. Энэхүү өр нь өмнөх онуудын өр байгаа учраас тухайн үед орон нутгийн удирдлагуудад албан бичгээр хандсан зүйл байгаа. Төрийн сангаас шилжүүлж өгсөн мөнгийг тэр даруй нэхэмжлэгч талд төлж байгаа ба тухайн өрийг эрх бүхий байгууллагаас шийдэж өгөх бол бид төлөхөд бэлэн. Нэхэмжлэгч талаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөрөөс үлдсэн 113,735,280 төгрөгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Алдангийн тооцоо зөв бодогдсон байна. Хуулийн дагуу алдангийн асуудлыг шийдвэрлэхэд маргаан байхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0 дугаартай, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №00 дугаартай тус тус Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Б аймгийн Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай албан бичиг, Төрийн мэдээллийн сангаас гарах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай магадлал, Монгол улсын Эрчим хүчний яамны дэд сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах тухай” 00 дугаартай албан бичиг, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай 00 дугаартай тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай тогтоол, эрчим хүчний зохицуулах хорооны Тариф батлах тухай 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаартай тогтоол зэргийн хуулбар, нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаар албан бичгээр С д олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар албан бичгээр гаргасан тайлбар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Ө сумын Ерөнхий боловсролын дугаар сургуультай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу тус байгууллагын дулааны эрчим хүчээр нэхэмжлэгч талаас хангаж ирсэн. Уг гэрээний 4.3-т заасны дагуу бичилт хийгдсэнээс хойш тухайн сарын 30-ны өдөр хүртэл худалдан авагч төлбөрөө бүрэн төлсөн байх ёстой боловч хариуцагч байгууллага нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 он дуустал хугацаанд хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүйгээс болж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 183 сая гаруй төгрөгийн өр хуримтлагдсан байсан ба он гарснаас хойш хариуцагч талаас өрнийхөө зарим хэсгийг төлсөн ба одоогийн байдлаар 113,735,280 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алдангийн хамт нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал А  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Манай байгууллагын зүгээс орон нутгийн төсвөөс баталж өгсөн төсвийн дагуу Э ХК-нд дулааны эрчим хүчний төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа. Тухайн өрийг эрх бүхий байгууллагаас шийдэж өгөх бол бид төлөхөд бэлэн гэжээ.

8.Хавтаст хэрэгт авагдсан Э ХК болон Ө сумын ерөнхий боловсролын дугаар сургууль нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаартай, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаартай, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээр халаалтын эхлэх хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож, халаалтын үргэлжлэх хугацааг 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /2020 оны гэрээндээ сарын 22,792 м.куб талбайд 1552 төгрөгөөр тооцож сард 35,375,463.2/ төгрөг 8 сард 283,003705.6 төгрөг, мөн 2022 оны гэрээндээ сарын 22,792 м.куб талбайд 1760 төгрөгөөр тооцож сард 40,113,920/ төгрөгөөр 8 сард 320,911,360 төгрөг, мөн 119 м.куб талбайтай 1760 төгрөгөөр тооцож сард 209.440/ төгрөг 8 сард 1,675,520 төгрөг, нийт 322,586,880 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан байна.

9.Гэрээний талуудын тооцоо нийлсэн актаар тус аймгийн Ө сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь нэхэмжлэгчид 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд 183,465,869 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба үүнээс хариуцагч байгууллагаас төлж одоо 113,735,280 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогдсон.

10.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Төрийн сангаас шилжүүлж өгсөн мөнгийг тэр даруй нэхэмжлэгч талд төлж байгаа ба тухайн өрийг эрх бүхий байгууллагаас шийдэж өгөх бол бид төлөхөд бэлэн, халаалтын дутуу төлбөр болон алдангийн хувьд маргаангүй” гэж тайлбарласан тул халаалтын дутуу төлбөрийн тооцооны талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

11.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-д хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлсний үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэнэ. Хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 30-ыг хүртэл саадгүй хийнэ. Хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги ногдуулна гэж мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж тус тус заасан тул 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болох 113,735,280 төгрөгт нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангид 56,867,640 төгрөг тооцсон нь хуульд нийцсэн байна.

12.Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагч Ө сумын ерөнхий боловсролын дугаар сургуулиас 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд дулааны эрчим хүчний үндсэн төлбөрөөс дутуу төлсөн 113,735,280 төгрөг, алдангид 56,867,640 төгрөг, нийт 170,602,2920 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

13.Харин хэрэгт авагдсан Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай магадлалаар хариуцагч Ө сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 2020 оны 5 дугаар сар хүртэлх халаалтын хугацааны дулааны эрчим хүчний дутуу төлбөрөө гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэснийг дурдлаа.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө сумын ерөнхий боловсролын   дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 1,010,965 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ө сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулиас халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт нийт 170,602,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 1,010,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж