Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2023/00495

 

 

 

 

 

 

 

 

2023 5 26

130/ШШ2023/00495

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХК , Хаяг: Б аймаг, Ө  сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

Хариуцагч: Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль, Хаяг:Б аймаг, Ө  сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 20,650,207 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуульд холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал  хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 20,650,207 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2021-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.

1.2 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2021 оны 01 дүгээр сараас  хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 13,766,805 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 7,502,908.72 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 6,883,402 төгрөг болж байна.

1.4  Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас харахад нэхэмжлэгч талын гаргасан тооцоо нь буруу гэж маргаагүй, батлагдсан төсвийн дагуу халаалтын төлбөрийг төлж ирсэн, төсөв дутуу батлагдсаны улмаас төлбөрөө цаг тухайд нь төлж чадаагүй гэсэн тайлбарыг ирүүлсэн. Хэрэв төсөв дутуу батлагдсан бол хариуцагч энэ асуудлыг эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлж авах ёстой байсан. Нэхэмжлэгч төсвийн шууд захирагч биш учраас халаалтын төсвийг батлуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан хэм хэмжээний актаас үзэхэд манай аймгийн хувьд халаалтын хугацаа 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 8 сарын хугацаатай байх ёстой. Нөгөө талаас Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны эрчим хүчний худалдан авагчийн төрлөөс хамаарч тарифыг тогтоож өгсөн. Тиймээс нэхэмжлэгч талаас халаалт өгөх хугацаа болон тарифыг тогтоох эрх хэмжээгүй. Өөрөөр хэлбэл батлагдсан төсөвт тохируулаад дулааны эрчим хүч түгээх боломжгүй.

1.5 Хоёр байгууллагын нягтлан бодогч нарын гаргасан тооцооны үлдэгдлийн актаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 21,058,990 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Он гарсны дараа хариуцагч тал төлөлт хийгээд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 13,766,805 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нэг зүйлийг дурдаж хэлэхэд, нэхэмжлэгч 2023 оны төлбөр нэхэмжлээгүй. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны халаалтын төлбөрийг шүүхийн шийдвэрээр барагдуулж авсан тул 2021 оноос 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  дуустал хугацаанд дутуу төлсөн халаалтын төлбөрийг нэхэмжилж байгаа.

1.6 Иймд хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас халаалтын дутуу төлбөр болох 13,766,805 төгрөг, алданги 6,883,402 төгрөг, нийт 20,650,207 /хорин сая зургаан зуун тавин мянга хоёр зуун долоо/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирал М  хариу тайлбар, татгалзал:

2.1 Манай сургуулийн хувьд 2020 оноос хойш халаалтын төлбөрийн өр хуримтлагдаж эхэлсэн. 2020 онд манай сургуульд халаалтын зардалд 43,000,482 төгрөгийн төсөв батлагдсан боловч Э ХК-ийн зүгээс 2020 оны 10 дугаар сард 47,651,000 төгрөгөөр гэрээ байгуулахыг санал болгосон. Тухайн үед би нэхэмжлэгч талд гэрээний дагуу төлбөр төлөх боломжгүй, батлагдсан төсвийн хүрээнд төлбөр төлнө гэж хэлж сануулаад гэрээний доор гарын үсгээ зураад, тамгаа дарж өгсөн.

2.2 Тиймээс 2020 онд батлагдсан төсөв болон гэрээний үнийн дүнгээс 4 сая орчим төгрөгийн зөрүү гарч байгаа. Нэхэмжлэгч тал 2021 онд 54,034,816 төгрөгөөр гэрээ байгуулахыг санал болгосон боловч тухайн онд халаалтын зардалд 43,682,800 төгрөгийн төсөв батлагдсан. Тэгээд би мөн адилхан батлагдсан төлбөрийн дагуу төлбөр төлнө гэж гэрээндээ гарын үсэг зурсан. Эндээс мөн адилхан 10 сая гаруй төгрөгийн зөрүү гарч байгаа. 2022 онд Э ХК-аас 53,475,190 төгрөгөөр гэрээ байгуулахыг санал болгосон боловч би 2020, 2021 онуудад батлагдсан төсвийн дагуу төлбөрөө төлнө гэж тайлбараа бичээд гэрээнд гарын үсэг зурсан учраас 2022 оны гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэж гарын үсгээ зураагүй.

2.3 Э ХК-аас жил бүрийн 10 дугаар сард гэрээг шинэчлэн байгуулдаг. Харин тухайн оны төсөв батлагдсан байсан учраас 9, 10, 11, 12 дугаар саруудын төлбөр тэр оны төсвөөс төлөгдөнө. Бид 2021-2022 онуудад цар тахлын улмаас сургуульд танхимаар хичээллээгүй учраас зарим зардлууд хэмнэгдэж, энэхүү хэмнэгдсэн зардлаас 7,668,726 төгрөгийг нэмж төлж байсан юм. Тогтмол зардлуудыг батлагдсан төсвийн хэмжээгээр тухайн байгууллагуудад сард хуваарийн дагуу төлж байсан. Жил бүр түлш халаалтын зардлын үнийн өсөлт болон Э ХК-аас санал болгосон гэрээний дагуу төсөв батлахыг үе үеийн аймгийн Засаг дарга нарт санал, хүсэлт гаргаж байсан боловч, дээрх үнийн саналаар халаалтын төсвийг баталж өгөөгүй. Хамгийн сүүлд аймгийн Засаг дарга К ад төсвийн тодотгол хийж өгөхийг хүсээд хандахад Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолын 7.3-т “орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, сумдын уурын зуухыг аймгийн төвийн уурын зуухтай нэгтгэн зохион байгуулахдаа төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх” гэж заасны дагуу дулааны эрчим хүч худалдаж авсны төлбөрийг барагдуулахад баримтлах ёстой гэсэн тайлбарыг өгсөн.

2.4 Харин Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоол гаргаж 2021 оноос үнэ тарифыг нэмэгдүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол Засгийн газрын тогтоолоос хүчин чадлын хувьд доогуур байх ёстой. Тийм учраас бид энэ асуудалд Засгийн газраас баталсан тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах ёстой гэж бодож байна. Ийм үл ойлголцлын улмаас манай сургууль халаалтын төлбөрийн өртэй болж байгаа. Мөн манай сургуульд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх төсөв байхгүй. 2022, 2023 оноос хойш халаалтын зардлын төсөв зэрэг тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болсон ба бусад хувьсах зардлуудыг Яамны төсвөөс санхүүжүүлдэг болсон. Тиймээс батлагдсан төсвөөс хэтрүүлж, бусад зардлаас хэмнээд халаалтын төлбөр төлөх боломжгүй.

2.5 Түүнчлэн жил бүрийн 7 дугаар сард дараа оны төсвийн төсөл өгөхөд эрчим хүчний үнийн тарифыг үндэслэн санал өгч байсан боловч төсөв батлахад үүнийг огт харгалзаж үзээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй халаалтын зардал болон алдангийг төлөх боломжгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №0 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №0 дугаартай тус тус Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Төрийн мэдээллийн сангаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаар албан бичгээр С д олгосон итгэмжлэл, Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай” 00 дугаар тушаал, Эрчим хүчний зохицуулах хорооны Тариф батлах тухай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай тогтоол зэргийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар албан бичгээр эс зөвшөөрч гаргасан тайлбар, тус аймгийн ЗДТГазраас хуулбарлаж олгосон Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “аймгийн 2019 оны төсөв батлах тухай” 51 дүгээр тогтоол болон хавсралт, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Б аймгийн 2020 оны төсөв батлах тухай” 00 дугаар тогтоол болон хавсралт, мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 00 дугаар тогтоол болон хавсралт, мөн хурлын хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай” 00 дугаар тогтоол болон хавсралт зэргийн хуулбар,  2019.01.01-2019.12.31-ний өдөр дуустал хугацааны мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, 2020.01.01-2020.12.31-ний өдөр дуустал хугацааны мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, 2021.01.01-2021.12.31-ний өдөр дуустал хугацааны мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, 2022.01.01-2022.12.31-ний өдөр дуустал хугацааны мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн түлш халаалтын зардлын 2017-2022 онуудын судалгаа, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №00 дугаартай тус тус Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тус аймгийн Засаг даргад хаягласан 00 дугаартай, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаартай, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 00 дугаартай тус аймгийн ЗДТГазрын санхүү төрийн сангийн хэлтсийн даргад хаягласан албан бичгүүд, Б аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 00 дугаартай албан бичиг, тус сургуулийн 2021-2023 оны тогтмол зардлын төсөв,  халаалтын зардлын төсөв зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт нийт 19,013,415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,636,792 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 6-р сургууль манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2021-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдрийн дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2021 оны 01 дүгээр сараас  хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 13,766,805 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал М  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай байгууллага батлагдсан төсвийн хүрээнд Э ХК-д халаалтын төлбөрийг шилжүүлж байсан бөгөөд орон нутгийн төсвөөс жил болгон тус сургуулийн халаалтын зардлыг дутуу баталж байгаагаас болж тус асуудал үүсэж байх тул халаалтын төлбөр болон алдангийг төлөхгүй гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 00 дугаартай гэрээгээр 2021 оны 12 дугаар сарын сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаагаар, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 3837.7 м.куб талбайд 1760 төгрөгөөр тооцож сард 6,754,352/ төгрөг жилд 54,034,816 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон байна.

8.2 Гэрээний талуудын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар тус аймгийн Ө  сумын ерөнхий боловсролын 0 дугаар сургууль нь нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацаанд 21,058,990.80 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан ба үүнээс хариуцагч байгууллагаас төлж одоо 13,766,805 төгрөгийн төлбөрийг төлөөгүй буюу гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ зөрчсөн нь тогтоогдсон

8.3 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаас үзэхэд нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч тус аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас 2018 оноос 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны дулааны эрчим хүчний үлдсэн төлбөрт 7,292,185 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тус аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байжээ.

8.4 Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Б аймгийн Ө  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан байх ба хавсралтаар Б аймгийн Ө  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоожээ. Үүнд: ... Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 1600 төгрөгөөр /НӨАТ-тэй 1760 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай 00 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр буюу 8 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Э ХК-аас Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлж хариуцагч байгууллагатай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.

9.Нэхэмжлэгч Э ХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байсан нь талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дулааны эрчим хүчний үнээс дутуу төлөгдсөн үнийн хувьд маргаагүй тул халаалтын дутуу төлбөрийн тооцооны талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

10.Иймээс нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ төсөв дутуу батлагдсаны улмаас өр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний эрх үүрэг нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургууль нарын хооронд үүссэн байх тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

11.Мөн нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч тус аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас хугацаа хэтрүүлсний алданги 6,883,402 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, 31.4 дэх хэсэгт Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.

12.Гэтэл талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 23 дугаартай гэрээний 1.5 дахь хэсэгт энэхүү гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан ба үүнээс хойш талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас 2021 оны дутуу төлсөн дулааны төлбөрт алданги тооцсон үндэслэлгүй болсон байх тул 2021 оны 12 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сар дуусталх хугацааны төлбөрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцоход 5,246,610 төгрөг байх бөгөөд уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, харин нэхэмжлэгчийн алдангид илүү нэхэмжилсэн  1,636,792 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

13.Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “аймгийн 2019 оны төсөв батлах тухай” 00 дүгээр тогтоол болон хавсралт, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Б аймгийн 2020 оны төсөв батлах тухай” 00 дугаар тогтоол болон хавсралт, 2019.01.01-2019.12.31-ний өдөр дуустал хугацааны мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, 2020.01.01-2020.12.31-ний өдөр дуустал хугацааны мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал зэрэг бичгийн нотлох баримт нь нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны дутуу төлсөн халаалтын төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул эдгээр бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

14.Иймд хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагч тус аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас 2021 оны 01 дүгээр сарын  01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дулааны эрчим хүчний үндсэн төлбөрөөс дутуу төлсөн 13,766,805 төгрөг, алдангид 5,246,610 төгрөг, нийт 19,013,415 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,636,792 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 19,013,415 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 253,017 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт нийт 19,013,415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгож, илүү нэхэмжилсэн 1,636,792 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 253,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж