Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2023/00496

 

 

 

 

 

 

 

 

2023 5 26

130/ШШ2023/00496

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХК ,Хаяг: Б аймаг, Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

 

Хариуцагч: Б аймгийн Н сан. Хаяг:Б аймаг, Ө сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 8,553,259 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Н санд холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт 8,553,259 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хариуцагч Б аймгийн Н сан нь манай компанитай "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны дуустал хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5,702,173 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.2 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 3,107,684.28 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алданги нь 2,851,086.5 төгрөг болж байна.

1.3 Иймд хариуцагч Б аймгийн Н сангаас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 5,702,173 төгрөг, алданги 2,851,086 төгрөг, нийт 8,553,259 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б аймгийн Н сангийн захирал А ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Манай байгууллага улсын төсөвт байгууллага бөгөөд төсвийг дээрээс баталж өгдөг. Бид баталж өгсөн төсвийг л зарцуулах эрхтэй. 2022 оны төсөвт халаалтад 24 сая төгрөг баталсан, уг баталсан мөнгийг сар бүр шилжүүлсэн. Тус номын сан нь цалингийн орлогоос өөр орлогогүй байгууллага учраас одоогийн төсвөөрөө нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй.

2.2. Манай байгууллагын байрны хэмжээнээс хамаарч халаалтын жилийн төсөв 33 сая төгрөг байх ёстой. Өмнөх онуудад халаалтын төсөв 33 сая болж батлагдаж байсан боловч 2022 онд 24 сая төгрөгөөр батлагдсанаас болж ийм өр үүсэж байгаа. Энэ талаар аймгийн төрийн санд удаа дараа асуудал тавихад хүлээж аваагүй юм.

2.3 Тус номын санд 2021 онд түлш, халаалтын зардлын төсөв нь 33747,4 мянган төгрөг байсан бол 2022 онд 24382,0 мянган болж их хэмжээгээр дутуу батлагдсан. Харин 2022 оноос бусад онуудад түлш, халаалтын зардал нь хэвийн батлагдсан байсан учраас ямар нэгэн өр гарч байгаагүй юм. Иймд 2022 оны төсвийн дутууг манай байгууллагаас шийдвэрлэх ямар ч эрх байхгүй, боломж ч үгүй юм.

2.4 Өмнөх онуудын халаалтын төлбөрийг бүрэн төлсөн. Манай байгууллага 2022 онд төсөвт батлагдсан 24382,0 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад бүрэн төлж өгсөн.

2.5 Нэхэмжлэгч байгууллага нь 2022 оны халаалтын улирал эхлэхээс өмнө манай байгууллагатай гэрээ байгуулах үед өмнөх оныхтой адил мөнгөн дүнгээр гэрээ байгуулсан байна. Тухайн гэрээнд би гарын үсэг зурсан боловч нягтлан бодогч тооцоо хийж байгаад гарын үсэг зурна гээд гарын үсгээ зураагүй юм байна. Харин халаалтын дутуу төлбөр 5,702,173 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг зөвшөөрч байна. Алдангийг төлөх боломжгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Б аймгийн Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “гэрээг шинэчлэн байгуулах тухай” 00 дугаартай албан бичиг, Төрийн мэдээллийн сангаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00 дугаар албан бичгээр С д олгосон итгэмжлэл, Эрчим хүчний зохицуулах хорооны Тариф батлах тухай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай тогтоол зэргийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, уг албан бичгээр ирүүлсэн 2022.01.01.-2022.12.31-ний өдөр дуустал хугацааны мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, Б аймгийн Н сангийн 2022 оны төсөв, 2023.01.23-ны өдрийн төсвийн хэлбэлзэл, төлбөрийн 2022.06.24-ний өдрийн №00 дугаартай, 2022.06.30-ны өдрийн төлбөрийн баримт, 2022.03.14-ний өдрийн №00 дугаартай нэхэмжлэх, 2022.03.18-ны өдрийн төлбөрийн хүсэлт №00 дугаартай, 2022.02.24-ний өдрийн №00 дугаартай төлбөрийн хүсэлт 2022.02.28-ны өдрийн №00 дугаартай нэхэмжлэх, 2022.11.17-ны өдрийн №00 дугаартай төлбөрийн хүсэлт, баримт 2022.04.28-ны өдрийн №00 дугаартай төлбөрийн хүсэлт, баримт, 2022.12.21-ний өдрийн №00 дугаартай төлбөрийн хүсэлт, 2022.03.18-ны өдрийн №00 дугаартай төлбөрийн хүсэлт, төлбөрийн баримт, 2022.12.31-ний өдрийн төлбөрийн баримт, дансны хуулга зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б аймгийн Н сан нь манай компанитай "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2022 оны 01 дүгээр сараас хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5,702,173 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Б аймгийн Н сангийн захирал А  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Манай байгууллага улсын төсөвт байгууллага бөгөөд төсвийг дээрээс баталж өгдөг. Бид баталж өгсөн төсвийг л зарцуулах эрхтэй. 2022 оны төсөвт халаалтад 24 сая төгрөг баталсан, уг баталсан мөнгийг сар бүр шилжүүлсэн. 2022 оны төсвийн дутууг манай байгууллагаас шийдвэрлэх ямар ч эрх байхгүй, боломж ч үгүй юм. Тус номын сан нь цалингийн орлогоос өөр орлогогүй байгууллага учраас одоогийн төсвөөрөө нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Алдангийг төлөх боломжгүй гэжээ.

8.Хэрэгт авагдсан Э ХК болон Б аймгийн Н сан нарын хооронд 2020 оны 00 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 00 дугаартай гэрээгээр 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар, халаалтын улирлын 8 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь халаалтын төлбөрт /сарын 2145.6 м.куб талбайд 1552.10.00 төгрөгөөр тооцож сард 3,330,185.76/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний дагуу хариуцагч тус аймгийн Н сан нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд халаалтын төлбөрөө бүрэн төлсөн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

9.Эрчим хүчний зохицуулах хорооны 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Тариф батлах тухай 00 дугаар тогтоолоор батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Э ХК-ний захирал М.Тилеуберид үүрэг болгож, Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф (НӨАТ-гүй) м.кв-ыг 1600 төгрөгөөр /НӨАТ-тэй 1760 төгрөгөөр/ тогтоосон, Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай 00 дугаар тушаалаар халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр буюу 8 сарын хугацаагаар тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх бөгөөд нэхэмжлэгч ЭрчимБ ХК-аас хариуцагч байгууллагад 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор баталсан тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01-ээс эхлэн мөрдөх болсныг албан ёсоор мэдэгдэж Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан үүргээ биелүүлсэн байна.

10.Харин талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 26 дугаартай гэрээний 1.5 дахь  хэсэгт” энэхүү гэрээ нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү гэрээг хэрэглэгчийн халаалт авах талбайн хэмжээ буюу дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй, эсвэл аль нэг талаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гараагүй тохиолдолд анх байгуулагдсан хугацаагаар жил бүр сунгагдсанд тооцно” гэж зааснаар гэрээ сунгагдсан байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд халаалтын төлбөрт хариуцагч Б аймгийн Н сан нь 2145.6 м.куб талбайд 1760 төгрөгөөр тооцож сард 3,776,256 / төгрөгөөр 8 сард 30,210,048 төгрөгийн төлбөр төлөхөөс  24,382,000 төгрөг төлсөн байх бөгөөд зөрүү 5,828,048 төгрөгийг төлөөгүй, гэрээний 4.3 дахь заалт болон Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.2 дахь заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.

11. Гэтэл гэрээний талуудын тооцоо нийлсэн актаар тус аймгийн Н сан  нь нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд 5,702,173 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй талаар мөн хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...халаалтын дутуу төлбөр 5,702,173 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг зөвшөөрч байна” гэж тайлбарласан тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

12.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-д хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлсний үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэнэ. Хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 30-ыг хүртэл саадгүй хийнэ. Хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги ногдуулна гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж тус тус заасан тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр болох 5,702,173 төгрөгт нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангид 2,851,086 төгрөг тооцсон хуульд нийцсэн байна.

13.Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагч Б аймгийн Н сангаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд дулааны эрчим хүчний үндсэн төлбөрөөс дутуу төлсөн 5,702,173 төгрөг, алдангид 2,851,086 төгрөг, нийт 8,553,259 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Н сангаас улсын тэмдэгтийн хураамжид 151,803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Н сангаас халаалтын дутуу төлбөр болон алдангийн хамт нийт 8,553,259 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Н сангаас улсын тэмдэгтийн хураамжид 151,803 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж