| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/02287/И |
| Дугаар | 101/ШШ2023/02747 |
| Огноо | 2023-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2023/02747
| 2023 05 31 | 101/ШШ2023/02747 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.П /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О /рд:/-д
Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Пж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. Пж миний бие нь Б. О-д 2022 оны 08 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг 06 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй БЗ дүүргийн сансарт байрлах нотариатын байранд нотариатч Г.О-н дэргэд бэлнээр өгсөн. Ийнхүү зээлийн гэрээ байгуулан зээлийг сар бүрийн 15-ны өдөр төлөх, 0.5 хувийн алданги бодохоор гэрээ байгуулсан боловч өдийг болтол нэг ч төгрөг төлөөгүй тул энэ хүнээс үндсэн төлбөр болох 3.000.000 төгрөг, хүү 2.100.000 төгрөг, алданги 420.000 төгрөг нийт 5.520.000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.
1а. Би хариуцагчид нэлээд хэд хэдэн удаа мөнгө зээлүүлж байсан. Энэ 3 сая нь баримттай тул нэхэмжлэл гаргаж авах боломжтой юм. Гэрээн дээр байгаа утасны дугаараа сольчихсон байсан. Нэг утасны дугаар олсон боловч утсаа авахаа больсон. Үндсэн зээл 3 сая, хүү 2,1 сая, алданги 420 000 төгрөг нийт 5 520 000 төгрөг нэхэмжилж байгаа гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн. Үүнд: 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх5/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,220,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан. /хх5/
Зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар, сард 10 хувийн хүү, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон байгуулжээ.
3. Нэхэмжлэгч нь АТМ буюу бэлэн мөнгөний автомат машинаас мөнгө авч хариуцагчид өгсөн гэх боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй бөгөөд энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.
3а. Шүүх хариуцагчийг албадан ирүүлж 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирүүгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 зааснаар хариуцагч нь зээл олгогдсон эсэх талаар маргаагүй, өөрөөр хэлбэл зөвшөөрсөн тул дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Эдгээрээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
4. Улмаар зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол 1 сард 300,000 /3,000,000*10%/ төгрөгийн хүү, 6 сард 1,800,000 төгрөгийн хүү тооцогдоно.
Үүнээс үзэхэд зээлийн гэрээний дагуу хариуцагчид нийт 4,800,000 төгрөг буцаан төлөх үүрэг үүссэн байна.
4а. Гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусаж, нэхэмжлэгч нь мөн оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 41 хоног хэтрүүлсэн гэж үзнэ.
Зээлийн гэрээний 3.7-д зааснаар алдангийг тооцвол 1 хоногт 24,000 /4,800,000*0.5%/ төгрөг, 41 хоногт 984,000 төгрөг тооцогдох боловч нэхэмжлэгч нь алдангид 420,000 төгрөг шаардсан тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
5. Дээрхийг нэгтгэн тооцвол хариуцагч нь үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 1,800,000 төгрөг, алданги 420,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг төлөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Оаас 5,220,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Пжид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД