| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/03327/И |
| Дугаар | 181/ШШ2023/01900 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2023/01900
| 2023 06 12 | 181/ШШ2023/01900 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Т -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 34,476,250 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.
(Хариуцагч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Р.Т д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 34,016,250 төгрөг, засварын зардал 460,000 төгрөг нийт 34,476,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Ц ХХК нь иргэн Р.Т тай 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ хийсэн.
Гэрээгээр иргэн Р.Т нь Өвөрхангай аймгийн Баянгол сум, Соёлын төвийн барилгад хэрэглэхээр хэв 500*1200 хэмжээтэй 20 ширхэг, хэв 400*1200 хэмжээтэй 69 ширхэг, V2 тулаас 500 ширхэг, булан 2,4 хэмжээтэй 48 ширхэгийг 2019 оны 11 дүгээр сарын 2, 12-ны өдрүүдэд түрээслэхээр авч явсан бөгөөд түрээсийн хугацаа дууссан боловч түрээсийн материалыг үргэлжлүүлэн түрээслэсэн. 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр түрээсийн дээрх хэв хашмал, тулаасыг Р.Т хүлээлгэн өгсөн. Р.Т ас түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн ба 2019 оны 11 дүгээр сарын 2, 12-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 34,016,250 төгрөгийг төлөөгүй байна.
Улсын төсвөөс мөнгө орж ирэхээр төлнө, төрөөс мөнгө орж ирэхгүй байна гэсээр түрээсийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн билээ.
Р.Т түрээсийн үлдэгдэл төлбөрт 34,016,250 төгрөгийг төлөөгүй бөгөөд түрээслэсэн бараа материалаас буцаан өгөхдөө гэрээнд заасан элэгдэл хорогдлын засварын үйлчилгээ хийсэн гагнуур, нөхөөс, фанерын нөхөөс зэрэгт 460,000 төгрөгийг зардал гаргасан ба актаар засварын мөнгийг нэмж нэхэмжилж байна.
Р.Т ас дээрх 34,016,250 төгрөгийг гаргуулахаар гэрээ байгуулахад хавсаргасан иргэний үнэмлэхийн Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, С.Шаравын гудамж 32 дугаар байр 155 тоот хаягаар тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5140 дугаартай захирамжаар Р.Т нь оршин суух хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжпэгч өөрийн оршин байх хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р.Т ыг эрэн сурвалжпуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1305 дугаартай шийдвэрээр Р.Т ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосон.
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс Р.Т ыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, түүнийг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн 5-517 тоотод оршин суугаа болохыг олж тогтоосон ба энэ талаар 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 28к1-3/4105 дугаартай албан тоотыг ирүүлсэн байна.
Үүний дагуу дээрх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Иймд Р.Т ас түрээсийн үлдэгдэл төлбөрт 34,016,250 төгрөг, засвар хийсэн актаар 460,000 төгрөг нийт 34,476,250 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2022/01305 дугаартай шийдвэрийн хуулбар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 28к1-3/4105 дугаартай албан бичиг, Р.Т тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ, гэрээний хавсралтууд, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 021 дугаартай Иргэн Р.Т ын хэв хашмал, түрээсийн тооцоо /хх 5-15/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Р.Т д холбогдуулж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 34,016,250 төгрөг, засварын зардал 460,000 төгрөг, нийт 34,476,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шаардлагынхаа үндэслэлийг ...хариуцагч түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, түрээсийн зүйлийг буцаан өгсөн боловч эвдрэл гэмтлийг засварласан зардлыг төлөөгүй, эдгээр төлбөрийг хариуцагчаас удаа дараа шаарддаг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, улмаар холбогдохоо больсон, иймд түрээсийн төлбөрийг, засварын зардлын хамт шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ /цаашид гэрээ гэх/ бичгээр байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр түрээслэгч Р.Т нь 500*1200 хэмжээтэй 20 ширхэг хэв, 400*1200 хэмжээтэй 69 ширхэг хэв, 500 ширхэг V2 тулаас, 2.4 хэмжээтэй 48 ширхэг буланг Өвөрхангай аймаг, Баянгол сум, Соёлын төвийн барилгад ашиглахаар түрээсэлж, түрээсийн 30 хоногийн төлбөрт 500*1200 хэмжээтэй 20 ширхэг хэвд 150,000 төгрөг, 400*1200 хэмжээтэй 69 ширхэг хэвд 517,500 төгрөг, 500 ширхэгт V2 тулааст 2,250,000 төгрөг, 2.4 хэмжээтэй 48 ширхэг буланд 360,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг тус тус төлөхөөр, түрээслүүлэгч Ц ХХК нь дээрх бараа материалыг чанарын шаардлага хангасан байдлаар хүлээлгэн өгөхөөр, гэрээний хугацаа түрээслэгч бараа материалыг хүлээж авсан өдрөөс эхлэн, хүлээлгэж өгсөн өдрөөр дуусгавар болохоор харилцан тохиролцжээ. /хх 12-14/
Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.
4. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгүүдэд зааснаар түрээсийн зүйл болох барилгын хэв хашмал, тулаас төмрийг 2019 оны 11 дүгээр сарын 2, 12-ны өдрүүдэд хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь мөн хуулийн заалт, түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу барьцаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, түрээсийн зүйлийг хүлээн авч, зохих журмын дагуу ашиглажээ.
Гэвч хариуцагч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу түрээсийн зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 2-ноос 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд ашигласны төлбөр нийт 39,016,250 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрөөс барьцаа 5,000,000 төгрөгийг хасч, үлдэх 34,016,250 төгрөг дээр түрээсийн зүйлийн эвдрэл гэмтлийг засварласан 460,000 төгрөгийн зардлыг гэрээнд заасан үнээр тооцон нэмж, нийт 34,476,250 төгрөг шаардсаныг буруутгах аргагүй байна. /хх 15/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Т ас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 34,016,250 төгрөг, засварын зардал 460,000 төгрөг нийт 34,476,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 182/ШШ2022/01305 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц ХХК-ийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Т ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасны дагуу тус хэлтсээс эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, Р.Т ыг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн 5-517 тоотод оршин суудаг болохыг олж тогтоожээ. /хх 5-7/
Хариуцагч Р.Т ын оршин суугаа дээрх хаягаар Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2022 оны 9 дүгээр сарын 21, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлэхэд хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2022/15457 дугаартай захирамжаар түүнийг албадан ирүүлэхийг цагдаагийн албанд даалгасан. Улмаар 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй байна. /хх 17-20, 23-26/
Шүүх түүний эрхийг албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн үнэд тохируулан урьд илүү төлөгдсөн зөрүүг нэхэмжлэгчид буцааж олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р.Т -аас 34,476,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 4669 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 330,331 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН