| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/1417/Э/220/2025/1076 |
| Дугаар | 2025/ШЦТ/2185 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2185
2025 9 18 2025/ШЦТ/2185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч П.Болормаа
хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Даариймаа,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Е овогт Ргийн Гт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2511 00230 0241 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Д аймаг, Д суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “.............. ” ХХК-ийн зургийн инженер ажилтай, ам бүл 5, эх хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .................тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Е овогт Ргийн Г /РД:.................. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Улсын их дэлгүүр орчим хохирогч Г.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний Айфоне 14 промакс маркийн гар утсыг газарт шидэж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр охинтойгоо гадуур явж байхад охин маань надаар үнэтэй чихэвч авхуулна гэхээр нь мөнгөгүй гэтэл ааваараа авхуулна гээд аав руугаа 11 цагаас хойш залгасан байсан. Аав нь утсаа авахгүй байж байгаад 14 цагийн үед утсаа аваад уулзахаар тохироод их дэлгүүрийн орчим 2-3 цаг хүлээсэн. Тэгээд ирэхэд нь охиноо аавд нь үлдээгээд явсан. Тэнд удаан хүлээсэн болохоор жаахан маргалдсан. Буцаад хойноос охин маань залгаад “аавтай хамт баймааргүй байна. Намайг ирээд ав” гэхээр 10-15 минутын дараа очоод авсан. Тэгээд Бтэй утсаар ярихад “Хоолны мөнгийг нь өгсөн, охиноо ирээд ав” гэж доромж байдлаар харьцсан. Охиноо авчхаад явж байтал охин маань “ээжээ, аав надад мөнгө өгсөн” гээд 200,000 төгрөг гаргаж ирсэн. Энэ мөнгийг нь буцааж өгөх гээд очоод хойноос нь дуудахад хараагүй учраас мөнгийг нь шидсэн. Би чамаас мөнгө гуйгаагүй гэдэг байдлаар шидсэн. Мөн барьж явсан утсыг нь шидсэн. Би гэм буруу дээр маргахгүй байгаа. Ямар нэгэн эд материал болон сэтгэл зүй, бие махбодын нэхэмжлэл гаргах юм бол бүрэн барагдуулахад бэлэн байгаа ” гэв.
Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энд ярьж байгаа зүйлс нь миний хувьд худлаа. 3 хүүхэдтэй гэж байна. Жилийн өмнө бага хүүхэд маань ой гарантай байхад би хүүхэд асрагчтай хүүхдүүдээ хардаг байсан. Би өөр хүнтэй амьдарч байгаа гэж мессежээр хэлсэн. Тэгэхэд “хэлсэнд баярлалаа” гэж хэлсэн ба би скрийншот хийгээд хадгалаад авсан. Намайг өөр хүнтэй амьдарч байгааг мэдээд надад хэлэлгүй хүүхдүүдийг маань аваад явсан. Охин маань одоо надтай хамт байдаг. Энэ хүн хүүхдүүдийг маань авч яваад охиныг маань надтай харилцуулахгүй бүх юмаар блок хийсэн байдаг. Аргаа бараад юм авах гээд надад хэлсэн байсан болохоор очсон. Гэтэл араас зогсоо зайгүй мессеж бичээд хэрүүл хийсэн болохоор нь аргаа бараад охиндоо мөнгө өгөөд явуулсан. Тэгээд мөнгө өгөхөд араас үсдээд мөнгө өгөөд өшиглөж зодож явсан. Энэ үйлдэл байнга болдог. Намайг байнгын дарамталж миний фейсбүүкийг аваад баахан пост хийсэн тул гомдол гаргасан” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бийн өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн охин Б.Х-тай Улсын их дэлгүүрт уулзахаар болсон. Тэгээд уулзаад 1 давхарт нь хоол идэхээр цуг байж байхад охины ээж нь болох ******* элдвээр мессеж бичээд, залгаад хэрүүл өдөөд охинтой маань тайван уулзуулахгүй байсан. Манай охин Х нь надаар эд зүйл, тоглоом гэх мэт юм авхуулах гэсэн юм. Ээж Г нь харин охин бид хоёрыг тайван уулзуулахгүй байхаар нь би охиндоо бэлэн мөнгө 200,000 төгрөг өгөөд салсан.Тэгээд удалгүй Ц.Г нь миний араас ирээд үснээс зулгаагаад, “намайг гуйлгачин гэж бодоо юу” гээд охинд өгсөн мөнгийг маань машин зам руу шидээд, харааж зүхээд, нүүр рүү цохиж өшиглөөд, миний гарт байсан Айфоне 14 промакс утсыг маань газар шидээд эвдсэн. ...би утсаа аваад харахад арын таг хагарсан байсан. Мөн урд талын шил хагарсан байсан. Миний гар утас одоо хэвийн ажиллаж байна. Би гар утсаа засуулаад цаашдаа өөрөө ашиглах боломжтой байна. ... Тухайн үед ******* нь намайг хэл амаар доромжилж гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохисон, миний хөл рүү өшиглөсөн бас үснээс зулгаасан хэдэн удаа гэдгийг нь би санахгүй байна. Тухайн үед надад бэртэл гэмтэл учраагүй би эмнэлэгт үзүүлээгүй, цагдаагаас надад “эмнэлэгт үзүүлэх үү” гэхэд би “үзүүлэх шаардлагагүй” гэж хэлсэн юм. Нэхэмжлэх зүйлийн хувьд бол шинжээчийн дүгнэлтээр гарсан 730,000 төгрөгөө аваад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 21-22 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЧД1-24-1227 дугаартай үнэлгээ нийт 730,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дэх тал/
Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 28 дахь тал/
Зөрчлийн хэрэгт Г.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 дэх тал/
Зөрчлийн хэрэгт *******ийн зөрчилд холбогдогчийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41 дэх тал/,
Хэсгийн байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 45 дахь тал/
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11420 дугаар шийтгэвэр /хх-ийн 51 дэх тал/
*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67 дахь тал/
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан тайлбар, гэрэл зураг /хх-ийн 99-104 дэх тал/
*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 18 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Улсын их дэлгүүр орчим хохирогч Г.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний Айфоне 14 промакс маркийн гар утсыг газарт шидэж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 730,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Мөн энэ гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан гэр бүлийн таарамжгүй харилцаа, хууль зүйн мэдлэг дутмаг байснаас энэ хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч нь шүүгдэгчээс хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй.” гэх
Хохирогчийн өмгөөлөгч Б.Даариймаа: “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэндээ маргаагүй. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан дээр хохирогч, шүүгдэгч болон өмгөөлөгч нар маргаад байх шиг байна. Хууль зүйн мэдлэггүй, гэр бүлийн харилцаанаас үүссэн таарамжгүй харилцаа үүслээ гэхэд бусдын биед халдах, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх нь зөвтгөх үндэслэл болохгүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогчийг тодорхой хэмжээний буруутай үйлдэл байгаа гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй. Иргэний эрх зүйн харилцаа, гэр бүлийн таарамжгүй харилцааг Эрүүгийн хэрэгтэй холбож тайлбарлах нь үндэслэлгүй байна. Энэ шүүх хуралдаан дээр Шүүгдэгчийг гэр бүлийн хамааралтай хүний гар утсыг эвдсэн асуудлыг ярьж байгааг эрхэм шүүгч анхааралтай авч үзээсэй гэж хүсэж байна. Энэ үйл явдал дээр энэ хоёр хүнийг өөхшүүлээд явуулбал дараа нь үүнээс хүнд үйлдэл гарах зүйл байгаа. 2024 оны 11 дүгээр сард болсон зүйл нь энэ 2 хүн салсан байхад хойноос нь үсдээд утсыг нь шидсэн. Маргаан дууссан байхад ардаас нь очоод маргасан гэх зүйлийг шүүгч анхаарч үзнэ үү. Б надад ингэж ханддаг байсан юм чинь би ингэж хандаж байна гэдэг нь өс хонзонгийн сэдэлтэй юм шиг зүйл ярьж байна. Хохирогч хохирлоо авахгүй гэж илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн: “Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй. Гэр бүлийнхээ маргааныг ярих болгондоо уйлдаг байсан. Миний хувьд адилхан нялх хүүхэдтэй тул хэрэгт оролцсон. Хэргийн нөхцөл байдлын хувьд тухайн өдөр охин нь аавыгаа удаан хүлээсэн. Аавтайгаа уулзуулчхаад дөнгөж явахад охин нь ардаас нь залгаад “хүрээд ир” гэсэн. Яагаад ингэж удаан хүлээлгэчхээд удаан уулзаагүй юм болоо гээд гайхаад очиход охинд нь 200,000 төгрөг өгсөн байсан. Мөнгө өгсөн байгаад нь эмзэглээд хүн ёсоор хандсангүй, яагаад удаан хүлээлгэчхээд мөнгө өгсөн байдлаар хандсан юм бэ гэдэг хандлагаар уурандаа утсыг нь аваад шидсэн үйлдэл байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэлдэхүүн шинжийг хангасан байдаг. Өмгөөлөгчийн хувьд ял шийтгэл өгүүлж явуулахад харамсалтай байсан. Гар утаснаас илүү миний үйлчлүүлэгчийг гэмтээсэн. Шүүх энэ хэргийг шийдэхдээ тал бүрээс харгалзан шийдэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь Г.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний Айфоне 14 промакс маркийн гар утсыг газарт шидэж гэмтээсний улмаас 730,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч *******ийн нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 730,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бийн өгсөн: “Тэгээд удалгүй Ц.Г нь миний араас ирээд үснээс зулгаагаад, “намайг гуйлгачин гэж бодоо юу” гээд охинд өгсөн мөнгийг маань машин зам руу шидээд, харааж зүхээд, нүүр рүү цохиж өшиглөөд, миний гарт байсан Айфоне 14 промакс утсыг маань газар шидээд эвдсэн. ...би утсаа аваад харахад арын таг хагарсан байсан. Мөн урд талын шил хагарсан байсан. Миний гар утас одоо хэвийн ажиллаж байна. Би гар утсаа засуулаад цаашдаа өөрөө ашиглах боломжтой байна” гэх мэдүүлэг /хх 9-10, 21-22/,
Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЧД1-24-1227 дугаар дүгнэлт /хх 37-39/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Гт 2024 оны 12 дугаар сарын 02-ны шийтгэлийн хуудсаар 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний 11420 дугаартай шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгожээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд 730,000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх
Хохирогчийн өмгөөлөгч Б.Даариймаа: “Хохирогч хохирлоо авахгүй гэж илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн: “Өмгөөлөгчийн хувьд ял шийтгэл өгүүлж явуулахад харамсалтай байсан. Гар утаснаас илүү миний үйлчлүүлэгчийг гэмтээсэн. Шүүх энэ хэргийг шийдэхдээ тал бүрээс харгалзан шийдэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь бага насны хүүхдүүдтэй хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогт Ргийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА