| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/00924/И |
| Дугаар | 102/ШШ2023/02219 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/02219
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................ тоотод байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, .................... тоотод оршин суух, С ургийн овогтой Д Д,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, ..................... тоотод оршин суух, Х боржигон ургийн овогтой Д Э нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 95,389,608 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Д.Д, Д.Э нарт холбогдуулан 95,389,608 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: М ББСБ ХХК нь зээлдэгч Д.Д , Д.Э нартай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ2021/10/69 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1 сарын 2.6 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №БГ2021/10/69 тоот барьцааны гэрээг байгуулан эрхийн улсын бүртгэлийн ......................дугаартай, Баянгол дүүрэг, ......................................тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба компанийн зүгээс зохих хууль, журмын дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Зээлдэгч Д.Д ийн гаргасан хүсэлтийн дагуу дээрх зээлийн гэрээнд нэмэлт оруулсан ба 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗНГ2021/01/01 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулан дээрх зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатайгаар сунгах, зээлийн үндсэн төлбөрөөс 3 сарын хугацаатайгаар чөлөөлөх зэргээр өөрчлөлт оруулсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч Д.Д , Д.Э нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд хариуцагч Д.Д , Д.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 75,899,050 төгрөг, үндсэн зээлийн хүү 15,760,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,729,676.69 төгрөг, нийт 95,389,607.69 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч хэрэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, ЗГ2021/10/69 дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9-12/, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БГ2021/10/69 дугаартай зээлийн барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13-16/, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗНГ2021/01/01 дугаартай зээлийн нэмэлт гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 17,18/, Д.Д ийн гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 19/, Д.Д ийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 21/, зээлийн дансны хуулга /хх-ийн 22/ нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Д.Д , Д.Э нарт холбогдуулан 95,389,608 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М ББСБ ХХК нь зээлдэгч Д.Д , Д.Э нартай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ2021/10/69 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1 сарын 2.6 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №БГ2021/10/69 тоот барьцааны гэрээг байгуулан эрхийн улсын бүртгэлийн ......................дугаартай, Баянгол дүүрэг, ......................................тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба компанийн зүгээс зохих хууль, журмын дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Зээлдэгч Д.Д ийн гаргасан хүсэлтийн дагуу дээрх зээлийн гэрээнд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗНГ2021/01/01 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулан дээрх зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатайгаар сунгах, зээлийн үндсэн төлбөрөөс 3 сарын хугацаатайгаар чөлөөлөх өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч Д.Д , Д.Э нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учир зээлийн үлдэгдэл 75,899,050 төгрөг, үндсэн зээлийн хүү 15,760,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,729,676.69 төгрөг нийт 95,389,607.69 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч М ББСБ ХХК болон хариуцагч Д.Д , Д.Э нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ2021/10/69 тоот Зээлийн гэрээ, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд БГ2021/10/69 тоот Барьцааны гэрээ-г тус тус бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 9-16/
5.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч М ББСБ ХХК нь зээлдэгч Д.Д , Д.Э нарт 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1 сарын 2.6 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай олгож, зээлдэгч нар тохирсон хугацаанд зээл, зээлийн хүү, хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. Улмаар хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа, зээл, зээлийн хүү төлөх хуваарийг өөрчлөх хүсэлт гаргасан учир талууд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗНГ2021/01/01 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатайгаар сунгахаар тохиролцжээ. /хх-ийн 17-18/
6.Барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ......................дугаартай, Баянгол дүүрэг, .............................тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан.
8.Гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байх бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.
9.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 75,899,050 төгрөг, зээлийн хүү 15,760,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,729,676.69 төгрөг нийт 95,389,607.69 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж талаар шаардсан ч хариуцагч хариу тайлбар, нотлох баримт гаргаж маргаагүй.
10.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг 30 хоногт 2.6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон байна.
11.Зээлийн гэрээг хариуцагч нар зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т заанаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно.
12.Хариуцагч нар зээлийг хүлээн авсан ч гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, зээл 75,899,050 төгрөг, зээлийн хүү 15,760,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,729,676.69 төгрөг нийт 95,389,607.69 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.
13.Нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Э-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ......................дугаартай, Баянгол дүүрэг, ......................... тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
14.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.
15.Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.
16.Талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
17.Иймд хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.
18.Хариуцагч нь нэхэмжлэлд хариу тайлбар, татгалзал, нотлох баримт гаргаагүй болохыг дурдав.
19.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,099 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 705,099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Д , Д.Э нараас 95,389,607.69 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Э-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ......................дугаартай, Баянгол дүүрэг, ....................тоот хаягт байршилтай, 117.99 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,099 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Д , Д.Э нараас 705,099 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР