| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2022/0038/З |
| Дугаар | 118/ШШ2023/0011 |
| Огноо | 2023-03-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 118/ШШ2023/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.*******, Ч.*******
Хариуцагч: Завхан ******* Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч тус ******* Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн хуралдаанаас гаргасан “Аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай 48 дугаар, “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах тухай” 49 дүгээр, “Аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 50 дугаар, “Аймгийн хэмжээнд 2022 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай” 51 дүгээр, “Аймгийн хэмжээнд 2022 онд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хязгаар батлах тухай” 52 дугаар, “2023 онд хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай” 53 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах гэжээ.
2. Хэргийн нөхцөл байдал: Завхан ******* Төлөөлөгчдийн Хурал /цаашид Хурал гэх/-ын Зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар тус Хурлын 8 дугаар хуралдааны тов тогтоох асуудлыг хэлэлцэж, уг хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг баталсан байх боловч Ч., Ю. нарын төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй гэх шалтгаанаар 8 дугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Дахин Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамжаар 8 дугаар хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, хуралдааны товыг төлөөлөгч нарт 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэнээр дээрх өдөр 8 дугаар хуралдаан хуралдсан байх бөгөөд Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон холбогдох шийдвэрийг нь Завхан Сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон буюу Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхгүй Ю.г ирцэд оролцуулан нийт 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дээрх 8 дугаар хуралдаан явагдсаныг хууль бус хэмээн үзэж, уг хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч нар “Тус Хурлын 8 дугаар хуралдаан нь ирцийн хувьд хүчин төгөлдөр байх, асуудлыг олонхоор шийдвэрлэх үндсэн зарчмыг хангаагүйн дээр хуралдааны тов болон хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт, материалыг төлөөлөгч нарт хуульд заасан хугацааны дотор зохих ёсоор мэдэгдэж хүргүүлээгүй, төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон этгээдийг хуралдааны ирцэд оруулан тооцсон нь хууль бус” гэж, хариуцагч тал “8 дугаар хуралдааны ирц хангагдсан, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуульд заасны дагуу Хурлын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд баталсан, хуралдааны тов болон хэлэлцэх асуудалтай холбоотой баримт, материалыг төлөөлөгч нарт хүргүүлсэн” хэмээн тус тус маргасан.
4. Нэхэмжлэгч нар маргаан бүхий тогтоолуудтай холбоотой нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.
5. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр буюу Завхан Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор ******* Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож, улмаар тус Хурлын 2020 оны 11 сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдааны 01 тоот тогтоолоор Хурлын төлөөлөгчөөр томилогдсон ...сонгуулийн үр дүнд Хуралд 41 төлөөлөгч сонгогдохоос Ардчилсан нам /цаашид АН гэх/-аас 19 төлөөлөгч, Монгол Ардын нам /цаашид МАН гэх/-аас 21 төлөөлөгч, бие даагч 1 төлөөлөгч сонгогдсон. Гэтэл МАН-аас сумаас нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Ю. нь сонгуулийн санал хураах өдрүүдэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 2021/ЗШ/64 тоот шийтгэврээр тогтоогдож, тухайн шийтгэвэр нь Завхан Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэвээр үлдэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврийг үндэслэн Сонгуулийн хорооны 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор 2020 оны 10 сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолын сумаас төлөөлөгчөөр сонгогдсон Ю.д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Ингэснээр ******* Төлөөлөгчдийн Хуралд МАН 20 төлөөлөгчтэй болсноор нийт 40 төлөөлөгчтэйгөөр цаашид үйл ажиллагаагаа явуулах болсон. Бие даагч төлөөлөгч Н. нь...“Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг”-ийн 8.3-т заасны дагуу албан ёсоор тухайн Хурлын хуралдаанд мэдээлж, АН-ын бүлэгт элсэн орсон. Ингэснээр ******* Төлөөлөгчдийн Хуралд АН 20 төлөөлөгчтэй болж, МАН-аас сонгогдсон 21 төлөөлөгчөөс шүүхийн хүчин төгөлдөр шийтгэвэр болон Сонгуулийн хорооны хүчин төгөлдөр тогтоолоор нэг төлөөлөгч хасагдаж, 20 төлөөлөгчтэй болсон. ...Энэ нь аль нэг намын төлөөлөгчид дангаараа Хурлын хүчин төгөлдөр шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл Хурлын дарга Ц.ын ...захирамжаар хуралдаан товлон зарласан боловч уг хуралдаан болохыг нэг өдрийн өмнө мэдэгдэж, хууль тогтоомжийг зөрчсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д “Асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах”, Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 3.1-т “...хуралдаан ...олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно” гэж ажиллах зарчмыг тодорхойлсон. Мөн хуулийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонх /40-с 21/ нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно...” гэж заасан тул ...хуралдсан “хуралдаан” болгон хүчин төгөлдөр бус болохоор нөхцөл байдал үүссэн. Гэтэл ******* Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаан хууль ёсны байх, ирцийн хувьд хүчин төгөлдөр байх, хуралдааны үндсэн зарчмыг /олонхын саналаар/ зөрчиж хууль бусаар хуралдсан үйлдэл нь төлөөлөгч бидний хуулиар тусгайлан олгогдсон үндсэн эрхийг ноцтой зөрчсөн. Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “....******* Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, ...хуралдааны дэгийн 10 дугаар зүйлд “Хуралдааны бэлтгэл ажлыг хангах”, 10.3-т “Хурлын ажлын алба хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан ч төлөөлөгчийг мэдээллээр хангахгүйгээр хуралдаж 48, 49, 50, 51, 52, 53 дугаар тогтоол гаргасан нь хууль бус. Мөн хуралдааны дэгийн 4.1-д ...Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчийн олонх оролцсоноор ирцийг хүчин төгөлдөрт тооцно...” гэж заасан ба 50+1 буюу бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 40 төлөөлөгчийн 21 төлөөлөгч хуралд оролцсоноор тухайн хуралдаан хүчин төгөлдөр байх”...аар хуульчилсан. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 “Асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39.1.3-т “Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах”, 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 39.1.5-д “Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, санал гаргах”, 39.1.6-д “Хурлын шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан таниулах” гэх төлөөлөгчийн бүрэн эрхийг ноцтой зөрчсөн... гэжээ.
6. Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурал бол дээд хууль тогтоож байгаа байгууллагаас гарч байгаа хуулийг хэрэгжүүлэх, ард иргэдэд сурталчлах, өөрөө хуулийг ёсчлон биелүүлэх ёстой гэж боддог. Илт хууль зөрчөөд байгаа энэ асуудлууд нь Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаандаа бүрэн оролцож, асуудлаа хэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх миний энэ бололцоог хааж байгаа гэж үзэж байна. Илт хууль бус хуралдааныг хийж, илт хууль бус зүйлийг гаргаж явж байгаа нь төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчиж байгаа. Мөн хуульд заасан хугацаандаа товлон зарлахгүйгээр, хуралдаанд оролцох материалыг судлах боломжоор хангахгүйгээр оруулж байна. 2 дугаар сараас товлогдож тодорхой бус хугацаагаар хойшилсоор байгаад 2022 оны 11 дүгээр сард хийгдэж байгаа хуралдаан. 6 дугаар сард судалсан материалыг 11 дүгээр сард судлах боломжгүй. Хүн гэдэг амьтан мартаж санадаг. Эргээд материалаа харж байж санадаг. Ийм бололцоо нөхцөлийн өгөх ямар ч бололцоогүй байгаа учраас эрх ашгаа зөрчигдсөн гэж үзэж байна... гэв.
7. Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Завхан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт ******* эрх ашигтай холбоотой нийтлэг үйлчилдэг дүрэм журмыг баталж гаргадаг байгууллага учраас бүх төлөөллийг эрх тэгш оролцоогоор хангах ёстой. Энэ үүрэг нь ******* Төлөөлөгчдийн Хурлын дарга болон ажлын албаны үүрэг. Анхдугаар хуралдаанаар баталсан дэг, журам нь байсаар байхад дэг журмын дагуу хурлыг хугацаанд нь зарлаж, хугацаанд нь зарыг хүргэж, хурлаар хэлэлцэх асуудлын талаарх баримт материалыг ирүүлэх байтал ингэхгүйгээр хуралдаан болохоос 12 цагийн өмнө албан бус байдлаар хуралдааны зарыг хүргүүлсэн явдал нь Хурлын төлөөлөгч хуралдаанд өөрийн биеэр оролцох болон цаана нь байгаа сонгогч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Энэ жишгээр явах юм бол Иргэдийн төлөөлөгчдийн Хурал цаашлаад сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд ийм жишиг тогтох юм бол нутгийн удирдлагын буюу хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм болоод төлөөллийн ардчиллаар ард иргэд маань төрөө удирддаг жишиг устаж үгүй болох гэж байна. Хурлаас гаргадаг тогтоол нийт ард ******* эрх ашгийн төлөө гарч байдаг шийдвэр. Энэ хуралдаанаар оролцохгүй байх нь, 70-аас дээш хувьтай хуралдаанд төлөөлөгч нь оролцохгүй байх нь өөрөө хууль бус, илтэд олон нийтийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаад цөөнхийн бүлгийн буюу бид бүхний санал шийдвэр хурлын шийдвэрт тусахгүй байх сөрөг нөлөө үр дагавартай байдаг... ******* төлөөлөгчийн эрх ашиг сонирхол хаана зөрчигдсөн юм бэ гэдэг бол төлөөлөгч хүний хамгийн том эрх ашиг сонирхол хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх, тайлбар авах, мөн санал хураалтад оролцох, татгалзах нь бүрэн эрхийн асуудал. Хуралдаанд оролцуулахгүйгээр, оролцох боломжоор хангахгүйгээр, хуульд заасан 7 хоногийн өмнө хурлын зарыг хүргэхгүйгээр Улаанбаатар хотод амьдардгийг нь мэдсээр байж зохион байгуулалттай, цаг хугацааны хувьд тулгаж зарыг өгч байгаа нь санаатай төлөөлөгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн асуудал гэж үзэж байгаа. Тэрнээс биш миний хувийн асуудлыг Иргэдийн Хурал дээр хэлэлцэнэ гэж байхгүй... гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тухайн хуралдаанд процессын алдаа гаргаж 2 нэхэмжлэгчийг оролцуулаагүй, оролцуулах боломжоор хангаж өгөөгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд зааснаар ажлын 2 хоногийн өмнө тухайн хуралд хэлэлцэх асуудалтай холбоотой материалуудыг хүргүүлэх түүнтэй холбоотой, мэдээлэл, судалгаа, лавлагаа, шийдвэрийн төслийг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Төлөөлөгчийн таслах эрхийг ноцтой зөрчсөн. Ч.******* нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод байсан. Улаанбаатар хотод байгаа хүнд нэг хоногийн өмнө мэдэгдээд маргааш нь хурлаа хийсэн байгаа юм. Энэ хүний эрх ашиг буюу төлөөлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Хуралдаанд оролцуулахгүйгээр шийдсэн. Тухайн асуудлыг хэлэлцэх асуудлыг судлах, төлөөлөгчийн хувиар дүн шинжилгээ хийгээд тухайн хуралд ийм байр суурьтай оролцох юм байна гэсэн мэдээлэл авах боломжгүй, мэдээлэл авах битгий хэл хуралдаанд оролцуулаагүй нөхцөл байдал байна. Энэ нь өмнөх хуралдаан дээр мөн яригдсан асуудал. Ийм байдлаар төлөөлөгчийн эрхийн зөрчсөн. Төлөөлөгчийн эрхгүйгээр байлгаж дөрвөн жилийн хугацаанд шийдэх боломжтой байна. Маш муу үр дагавар үүсгэж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу манай ******* төлөөлөгч нь 41 буюу нийт иргэдийг төлөөлж байгаа Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхэд халдаж байгаа нөхцөл байдал байна. Шүүхэд хандсан гол шалтгаан нь үүнийг таслан зогсоож зөрчигдсөн эрхийг сэргээлгэж явахгүй бол дараа нь энэ хүмүүсийг дөрвөн жилийн хугацаанд хуралдаанд нь оруулахгүй байхаар хор уршигтай. сумын нийт ард ******* төрийн үйл хэрэгт төлөөлөгчөөр дамжуулж оролцоно гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна... Тэгэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д зааснаар анхдугаар хуралдааныг 15 хоногийн өмнө бусад бүх хуралдааныг 7-оос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн байгаа юм. Хойшлуулсан хурлыг 1 хоногийн дотор хийнэ гэсэн зохицуулалт байхгүй байгаа юм. Анхдугаар хуралдааныг 15 хоногийн өмнө бусад бүх хуралдааныг 7-оос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах үүрэг нь байгаа. Үүн дээр нэг хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ нутгийн удирдлагын буюу хамтын удирдлагатай байгууллага. Нийт ******* дуу хоолой болсон сум болгоноос томилогдсон төлөөлөгч нар байгаа. Манай зарим сумаас 12 цагийн дараа ирэх боломжтой юм уу үгүй юм уу гэдэг асуудал хүртэл яригдана. Цахимаар оролцох юм бол саналын эрхгүй оролцож байгаа юм. Бүх тогтоолуудын саналыг тасалж байгаа. Дэмжлээ тэдэн хүний тэд нь дэмжлээ гэж. Санал өгөх ямар ч боломжгүй. 12 цагийн өмнө зарлагдлаа та нар бүгд цахимаар орох ёстой гэсэн шаардлага байх боломжгүй. Цахим нь өөрөө Ковид буюу давтагдашгүй хүчин зүйлийн үед орж болох журамтай. Бусад үед биечлэн оролцох эрх нь нээлттэй байгаа юм. Үнэхээр Ковидын нөхцөл байдал байсан бол боломжтой. Бусад нийтийг хамарсан хөл хорио бахгүй байхад 1 хоног битгий хэл 12 цагийн өмнө мэдэгдсэн гэж нэхэмжлэгч нар гомдож байгаа учир энэ үндэслэлтэй. Энэ ямар хор уршигтай юм бэ гэхээр сумын нийт ******* төрийг төлөөлөх эрх нь 4 жилийн хугацаанд хэрэгжихгүй байна гэсэн үг. Яах гэж сонгууль хийж байгаа юм. Нийт эрх иргэд сонгох эрхээ эдлээд энэ 2 төлөөлөгч Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан эрхээ эдэлж байна. Монгол улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ гэсэн заалттай, энэ заалтаа хэрэгжүүлэх боломжгүйгээр төлөөлөгчийг оролцуулаагүй шийдэж байгаа нь ноцтой зөрчил. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хоёр хүний чинь эрх ашиг нь яаж зөрчигдсөн юм бэ гэж асуугаад байгаа юм. Энэ хоёр хүний эрх ашиг нь төлөөлөгч гэдгээрээ зөрчигдөж байгаа. Газрын маргаан байх юм бол газар эзэмшигчийн эрх ноцтой зөрчсөн гэж явна. Энэ хоёрын хувьд иргэн гэхээсээ илүү төлөөлөгч гэдэг хүний бүрэн эрх нь зөрчигдөөд байна. Төлөөлөгчийнх нь бүрэн эрх нь дуусаагүй байгаа. Энэ хэрэгжиж байх хугацаанд нь төлөөлөгчийн бүрэн эрхэд заасан зүйлийг бүгдийг нь зөрчөөд байна. Энэ хүмүүс ганцхан чиг үүрэгтэй. Хуульчилсан байгаа таслах эрхтэй. Онцгой бүрэн эрх нь байгаа. Энэ эрхээ эдэлж чадаагүй байна...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй... гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий тогтоолууд болох 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 48, 49, 50, 51, 52, 53 дугаартай тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар бол захиргааны акт юм. Эдгээр актууд нь нэхэмжлэгч Г.******* болон Ч.******* нарын хууль ёсны ямар эрх ашгийг зөрчсөн талаар хэлэлцэх гэж хуралдаж байна. Хуралдаанд оролцох миний эрхийг хангаагүй байна. сумын нийт ард ******* эрхийг зөрчлөө гэдэг байдлаар тайлбар гаргах боломжгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбараа гаргах ёстой. Нэхэмжлэгч Ч.******* Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан дээр сумынхаа иргэдийг төлөөлдөг байж болно түүн дээр маргах зүйл алга. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд Ч.******* төлөөлөгч сумыг төлөөлж нэхэмжлэл гаргах боломжгүй юм. Энэ хүн нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш. Харин бид бүхэн юуг харах юм бэ гэхээр Ч.******* гэдэг хүний ямар эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн талаар харах ёстой. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны актын улмаас хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байхыг шаарддаг. Эдгээр 8 дугаар хуралдаанаас гаргасан актууд нь нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашгийг зөрчсөн юм бэ, жишээ нь төсвийн тодотголоор Ч.******* гэдэг хүний хэрэгжүүлэх гэж байсан ажлыг хасчихсан юм уу? Орон нутгийн өмчөөс энэ хүний хөрөнгийг хураасан юм уу, хувьчилсан юм уу гэдэг байдлаар өөрт нь хамааралтай асуудлаар нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж үзэж байгаа юм. Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд 8 дугаар хуралдаанаас гарсан захиргааны актууд нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэл гэдэг бол хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болох хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийг ойлгоно гэж заасан. Иймд тухайн захиргааны актууд нь ямар хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нь тодорхойгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Хуралдаан нь 2022 оны 6 дугаар сард зарлагдсан. Тэгээд тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Энэ талаар хэргийн материалд авагдсан. Хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө материал тарааж өгөөгүй гэж байна. 2022 оны 06 дугаар сард холбогдох материалыг хүргүүлсэн байдаг. Ч.******* нэхэмжлэгчийн хувьд шүүхийн үзлэгт өөр мэйл хаяг өгч үзлэгт оруулсан. Гэтэл хурлын ажлын албанаас Ч.*******ийн Хурлын ажлын албанд бүртгэлтэй өөр хаягаар хуралдаанаар хэлэлцэх материалыг хүргүүлсэн байна. Тухайн хүргүүлсэн материалаас өөр зүйлийг хойшлуулсан хуралдаанаар хэлэлцээгүй тул дахин материалуудыг хүргэх шаардлагагүй байсан, тиймээс хоёр хоногийн өмнө материал хүргэгдсэн гэж үзэж байна... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу 7 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэж үзээд байна. 46 дугаар зүйлийн 46.6-д 7 хоногийн өмнө товлон зарлах ёстой гэсэн асуудал яригдаж байгаа юм. 8 дугаар хуралдааныг хэзээ товлосон юм бэ гэхээр 6 дугаар сар товлосон. Хуралдаан оролгүй явсаар байгаад 11 дүгээр сард орсон. Тэгэхээр 12 цагийн өмнө мэдэгдчихлээ. 7 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. 2 хоногийн өмнө материал өгөх ёстой байсан гэж үзэх боломжгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 47 дугаар зүйлд ажлын 2 өдрийн өмнө өгнө гэж байгаа юм. Өмнө гэдэг нь товлон зарласнаас хойш хэзээ ч байж болж байгаа юм. Тэр агуулгын хүрээнд 6 дугаар сард хэлэлцэх материал өгсөн. Энэ өгөгдсөн материалын хүрээнд хуралдаан болж тогтоолууд гарсан. Иймд материалыг хүргүүлээгүй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах эрх зүйн дүгнэлтээр Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас гаргасан 48, 49, 50, 51, 52, 53 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар Хурлын дарга тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
3. Дээрх бүрэн эрхийн хүрээнд анх Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар тус Хурлын 8 дугаар хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлосон байх боловч хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. /Хэргийн 1 дэх хавтасны 196, 198 дугаар хуудсанд/
4. Дахин Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамжаар 8 дугаар хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр шинэчлэн тогтоосноор уг өдөр 8 дугаар хуралдаан явагдсан байна. /Хэргийн 1 дэх хавтасны 31, 37 дугаар хуудсанд/
5. Уг хуралдаанаар Хурлын даргын урьд гаргасан буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/21 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан төлөвлөгөөнд тусгагдсан “2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 төсвийн тодотгол”, “Аймгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц”, ”Аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх тухай”, “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай”, “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн мэдэгдэлд санал авах тухай”, “ 2022 онд ахуйн зориулалтаар агнах барих амьтны хуваарь, 2022 онд түүж бэлтгэх ургамлын хуваарь батлах тухай”, “2023 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах”, “Хот тосгон бусад суурин газрын төлбөр тооцох итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн дараах маргаан бүхий тогтоолуудыг гаргажээ. /Хэргийн 1 дэх хавтасны 37, 197 дугаар хуудсанд/
6. Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.4 дэх хэсгүүдийг үндэслэн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс хасах, өөрчлөлт оруулах төсөл арга хэмжээг баталжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 7 дугаар хуудсанд/
7. Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсгүүдийг үндэслэн тус Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 3.2, 3.4, 6.5, 6.6 дахь заалтуудыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 8 дугаар хуудсанд/
8. Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгүүдийг үндэслэн тус Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, уг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, ажлын байрны тодорхойлолтын төслийг Төрийн албаны зөвлөлөөр баталгаажуулан ажиллахаар шийдвэрлэжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 9 дүгээр хуудсанд/
9. Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгүүдийг үндэслэн хэмжээнд 2022 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаар баталжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 10 дугаар хуудсанд/
10. Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсгүүдийг үндэслэн хэмжээнд 2022 онд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хязгаар баталжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 11 дүгээр хуудсанд/
11. Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь хэсгүүдийг үндэслэн 2023 онд хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг баталж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 12 дугаар хуудсанд/
12. Хариуцагч Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлаас дээрх тогтоолуудыг гаргах ажиллагаа дараах байдлаар хуульд нийцээгүй байна.
13. 8 дугаар хуралдааны ирц хуульд заасны дагуу хангагдсан эсэх тухайд:
Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдааны тэмдэглэл, ирцийн бүртгэлээс харахад уг хуралдаан нийт 21 төлөөлөгчийн ирцтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагдсан байх ба төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ю.г уг ирц /21/-д оруулан тооцсон нь хууль бус байна. /Хэргийн 1 дэх хавтасны 33, 37 дугаар хуудас/
14. Завхан Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 41 нэр дэвшигчийг ******* Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсоны дотор Ю.гийн нэр багтсан бөгөөд тэдгээр 41 нэр дэвшигчийн тухайд төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч тус Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталгаажуулжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 84, 2 дахь хавтасны 24 дүгээр хуудсанд/
15. Гэвч төлөөлөгчөөр сонгогдсон Ю. нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал... аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж заасныг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “сонгогчдын саналыг татах зорилгоор үнэ төлбөргүй зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн” гэх зөрчлийн хэргийн улмаас торгох шийтгэл хүлээсэн нь Завхан аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ЗШ/64 дугаар шийтгэвэр, Завхан Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ДШШЗ/18 дугаар магадлалаар тогтоогдсон байх ба уг шийдвэр магадлал хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон байна. Энэ талаар оролцогч нар маргаагүйг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтасны 85, 89 дүгээр хуудсанд/
16. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн Завхан Сонгуулийн хороо 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор өмнөх 2020 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 25 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Ю.гийн тухайд төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 83, 84 дүгээр хуудсанд/
17. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг заасан ба 41.1.8-д зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор байна.
18. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасан зохицуулалтаас харахад дээрх үндэслэлээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох тохиолдолд тухайн асуудлыг Хурлаар заавал хэлэлцэж тогтоол гаргахыг шаардаагүй байна.
19. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хорооноос төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгосноор тухайн этгээдийн төлөөлөгчийн бүрэн эрх шууд дуусгавар болохоор байна.
20. Иймд Завхан Сонгуулийн хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолоор Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийн Ю.д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон байхад түүнийг 8 дугаар хуралдаанд оролцуулан ирцэд тооцож, хэлэлцэх асуудлаар саналын таслах эрхтэй оролцуулсан нь хууль бус бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрч Б.гийн мэдүүлэг, 2022 оны 08 дугаар хуралдааны тэмдэглэл, ирцийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нарын энэ талаарх тайлбар үндэстэй. /Хэргийн 33, 37, 183 дугаар хуудсанд/
21. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Ю.г хуралдаанд төлөөлөгчөөр оролцуулах эрх зүйн үндэслэлгүй тул Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын тухайд 8 дугаар хуралдаанд ирвэл зохих нийт төлөөлөгчийн тоог “40” гэж үзэх бөгөөд тэдгээрийн 21 ба түүнээс дээш тооны төлөөлөгч хүрэлцэн ирснээр хуралдааны ирц хуульд заасны дагуу хангагдахаар байх ба энэ талаарх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэстэй.
22. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн уг хуралдаанд Ю.гаас гадна эрх бүхий 20 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон нь нийт төлөөлөгчийн олонх болж чадаагүй байна.
23. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцээгүй байна.
24. Ийнхүү Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар хуралдаанаас маргаан бүхий захиргааны акт болох 48, 49, 50, 51, 52, 53 дугаар тогтоолуудыг гаргах ажиллагаа дээрх үндэслэлээр хуульд нийцээгүй байна.
25. 8 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаар Хурлын төлөөлөгч нарт хуульд заасан хугацааны дотор мэдэгдэж, хүргүүлсэн эсэх тухайд:
Анх Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар тус Хурлын 8 дугаар хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлосон боловч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар захирамжаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 196, 198 дугаар хуудсанд/
26. Дахин Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамжаар 8 дугаар хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр шинэчлэн тогтоосон байх ба ийнхүү ээлжит хуралдааныг товлон зарлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчсөн байна. /Хэргийн 1 дэх хавтасны 31 дүгээр хуудсанд/
27. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасан ба Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тус Хурлын ердийн болон цахим хуралдааны дэгүүдийг баталсан байна.
28. Тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 3.2-д “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж заасан байх боловч хуралдааны товын талаар хэрхэн мэдэгдэх талаар нарийвчлан зохицуулаагүй бол тус дэгийн 10.3-т “...хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй,” мөн “Аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын цахим хуралдааны дэг”-ийн 2.4-д “Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан, фэйсбүүк хаяг, бусад холбооны хэрэгсэл ашиглан ******* Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд мэдэгдэнэ” гэж заажээ. /Хэргийн 1 дэх хавтасны 47, 49 дүгээр хуудсанд/
29. Анх 8 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаар Хурлын төлөөлөгч нарт утсаар 2022 оны 06 сарын 24, 27-ны өдрүүдэд буюу хуралдаан болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, баримт, материалыг цахим шуудангаар хүргүүлсэн байх боловч уг хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, дахин Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамжаар 11 дүгээр сарын 18-ны өдөр явуулахаар тогтоож, хуралдааны товыг өмнөх өдөр нь буюу 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөөлөгч нарт мэдэгдсэн, харин хэлэлцэх асуудалтай холбоотой баримтуудыг 11 дүгээр сард төлөөлөгч нарт дахин хүргүүлээгүй нь гэрч Ж., Э., Б., Х. нарын мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 27, 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлүүдээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 58, 77, 109, 150, 185, 189 дүгээр хуудсанд/
30. Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан Б.гийн *******@gmail.com гэх хаяг бүхий цахим шуудангаар 8 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримтуудыг нийт төлөөлөгч нарт урьд нь 2022 оны 06 дугаар сард хүргүүлсэн байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг хариуцагчаас зөрчөөгүй гэж үзэхээр байна.
31. Иймд хуралдааныг хойшлуулсан тохиолдол бүрд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй нөхцөлд Хурлын төлөөлөгч нарт хэлэлцэх асуудалтай холбоотой баримт материалыг заавал дахин хүргүүлэх нь ач холбогдолгүй бөгөөд Завхан ******* төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг болон хуулиар тийнхүү дахин хүргүүлэхийг шаардаагүй байгааг дурдах нь зүйтэй.
32. Нэхэмжлэгч Ч.*******ийн тухайд өөрийн *******@gmail.com цахим шуудангийн хаягаар 8 дугаар хуралдаантай холбоотой ямар нэгэн баримт хүлээж аваагүй, Хурлын ажлын албаны ажилтан Б.гийн *******@gmail.com гэх хаяг бүхий цахим шуудангаар төлөөлөгч нарт 8 дугаар хуралдааны баримт, материалыг явуулахдаа миний цахим шуудангийн хаягийг *******@yahoo.com гэж буруу бичсэн байгаагаас надад ямар нэгэн мэйл ирээгүй гэж маргасан.
33. Уг тайлбарт холбогдуулан түүний *******@gmail.com хаягтай цахим шуудангаар хүлээж авсан мэйлүүдийг шинжилж үзэхэд Хурлын ажлын албанаас 8 дугаар хуралдаантай холбоотой баримт, материалыг түүнд хүргүүлсэн ямар нэгэн мэйл байхгүй байх ба мэйл устгагдсан эсэхийг тогтоох боломжгүй, цахим шуудангийн “хогийн сав” хэсэгт ямар нэгэн мэдээлэлгүй хоосон байна. /Хэргийн 1 дэх хавтасны 109 дүгээр хуудсанд/
34. Нэхэмжлэгч Ч.*******д 8 дугаар хуралдааны баримт, материалыг цахим шуудангаар хүргүүлсэн эсэх үйл баримт тийнхүү бүрэн дүүрэн тогтоогдохгүй байгаа хэдий ч сонгогчдыг төлөөлж орон нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж байгаагийн хувьд, түүнчлэн орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ******* Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оноос хойш нийтдээ 7 удаа хуралдаан зохион байгуулагдсан байхад нэхэмжлэгч өөрийн албан ёсны цахим шуудангийн хаяг Хурлын ажлын албанд зөв тэмдэглэгдсэн эсэхийг нягтлах, уг хаягаар ямар нэгэн мэдээлэл ирэхгүй байгаа шалтгааныг олж мэдэх, залруулах боломжтой байсан байхад дан ганц хариуцагчийг буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд Хурлын ажлын албанаас зөвхөн түүнд хэлэлцэх асуудалтай холбоотой баримт, материалыг зориудаар хүргээгүй гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
35. Харин Хурлын хуралдааныг товлон зарласнаас хойш товыг ямар хугацааны дотор төлөөлөгч нарт мэдэгдэх талаар хууль болон хуралдааны дэгд тусгайлан тодорхой заагаагүй хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “...бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 47 дугаар зүйлийн 47.2-д “...холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” гэж зааснаас үзэхэд Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос дор хаяж ажлын хоёр хоногийн өмнө төлөөлөгч нарт хүргэх ёстой байсан гэх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэстэй.
36. Нэхэмжлэгч нарын тухайд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдах 8 дугаар хуралдааны товыг огт мэдэгдээгүй гэж маргаагүй, зөвхөн хуульд заасан хугацааны дотор хүргээгүй гэж маргаж байгаа болно. Нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нарт 8 дугаар хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул хуралдааны товыг нэгэнт мэдсэн төлөөлөгчийн хувьд Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 3.2-д “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж заасныг зайлшгүй биелүүлэхээр байсан байна.
37. Маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд: Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” явдал юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, харин аль нэг нөхцөл нь хангагдаагүй тохиолдолд хүчингүй болгох үндэслэлгүй.
38. Энэ маргааны тухайд хариуцагч Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар хуралдааныг товлон зарлаж, төлөөлөгч нарт тов мэдэгдэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасан “...долоогоос доошгүй хоногийн өмнө...”, 47 дугаар зүйлийн 47.2-д “...ажлын хоёр хоногийн өмнө...” гэх хугацааны шаардлагыг хангалгүйгээр уг хуралдаанаас маргаан бүхий 48, 49, 50, 51, 52, 53 дугаар тогтоолуудыг гаргасан нь дээрх хуульд нийцээгүй байх боловч тэдгээр маргаан бүхий тогтоолуудаар нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах үндэслэлээр зөрчигдөөгүй гэж үзлээ.
39. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 3.2-д “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
40. Энэ зохицуулалтаас дүгнэхэд Хурлын төлөөлөгч нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар, тодруулж хэлбэл Хурлын дотоод зохион байгуулалттай холбоотой шалтгаанаар хуралдаанд зориудаар оролцохгүй байх, түүнийг орхиж гарах эрхгүй байна. Үүний үр дагавар нь хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцогдохоор байна.
41. Нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нарын “...хуралдааны товыг нэг хоногийн өмнө мэдэгдсэн нь төвөөс хол оршин сууж буй төлөөлөгч нарын хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан, мөн төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон этгээдийг хуралдаанд оролцуулж ирцэд тооцсон...” гэх тайлбарын агуулгаас харахад тэд Хурлын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар хуралдаанд оролцоогүй байх ба тийнхүү хуралдаанд оролцож хэлэлцсэн асуудлын талаар таслах эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.
42. Иймд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй үндэслэлээр 8 дугаар хуралдаанд оролцоогүй нэхэмжлэгч нарын тухайд уг хуралдаанаас гаргасан 48, 49, 50, 51, 52, 53 дугаар тогтоолуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 /асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох/, 39.3 /хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах/, 39.4 /Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах/, 39.5 /Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, санал гаргах/, 39.6 /Хурлын шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан таниулах/ дахь хэсгүүдэд заасан Хурлын төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
43. Маргаан бүхий дээрх тогтоолуудыг зөвхөн тэдгээрийг гаргах ажиллагааны зөрчлийн улмаас хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд 8 дугаар хуралдаанд зохих ёсоор оролцож, хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн бусад 20 төлөөлөгчийн эрхийг хязгаарлах боломжгүйг мөн дурдах нь зүйтэй.
44. Түүнчлэн Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/09 дүгээр, 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/14 дүгээр, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/01 дүгээр тушаалууд, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2600 дугаар албан бичиг, Завхан Орон нутгийн өмчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 49 дүгээр албан бичиг, Завхан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар албан бичиг, Завхан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаар албан бичиг, Завхан Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6/197 дугаар албан бичиг зэргээс харахад Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас гаргасан 48, 49, 50, 51, 52, 53 дугаар тогтоолуудын зарим нь 50-аас дээш хувиар нэгэнт хэрэгжээд эхэлсэн, зарим нь бүрэн хэрэгжиж үйлчлэл нь дуусгавар болсон байх тул тэдгээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ. /Хэргийн 1 дэх хавтасны 213, 214, хавтаст хэргийн 2 дахь хавтасны 9, 10, 11, 31, 34, 39 дүгээр хуудсанд/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8, 46 дугаар зүйлийн 46.6, 46.7, 46.8, 46.9, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан ******* Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн "Аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай" 48 дугаар, “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах тухай” 49 дүгээр, “Аймгийн ******* Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 50 дугаар, “Аймгийн хэмжээнд 2022 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай” 51 дүгээр, “Аймгийн хэмжээнд 2022 онд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хязгаар батлах тухай” 52 дугаар, “2023 онд хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг Засгийн газарт уламжлах тухай” 53 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Г.*******, Ч.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ