Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/02002

 

 

 

 

 

2023 06 19

181/ШШ2023/02002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  УБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ул,

Хариуцагч: Б.Уу нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 36,198,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , хариуцагч Б.Ул , Б.Уу нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч УБ ХХК нь хариуцагч Б.Ул , Б.Уу нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,132,000 төгрөг, алдангид 12,066,000 төгрөг нийт 36,198,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...нэхэмжлэгч УБ ХХК нь иргэн Б.Ул , Б.Уу нартай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-гээр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн 150 м.кв ажлын байрны талбай бүхий паб, караокетэй өрөөнүүдийг хөлслүүлсэн ба улмаар уг гэрээг сунгасан талууд хоорондын 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаартай болон 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 03 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ-г байгуулсан. Тэд гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-аар 24,132,000 төгрөгийн өр төлбөр үүсгэснийг төлөөгүй болно. Иймд Б.Ул , Б.Уу нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,132,000 төгрөг, тус гэрээний 1.5-д заасан заалтын дагуу төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнд төлөх 0,5 хувийн алдангид 12,066,000 төгрөг, нийт 36,198,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.1. Хариуцагч Б.Ул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...миний бие караоке түрээслэн ажиллуулж байгаагүй бөгөөд үсчин мэргэжлээрээ тасралтгүй 12 жил ажиллаж байна. Анх манай ах Б.Уу нь УБ ХХК-ийн М-Паб караокег түрээслэхээр гэрээ хийх үед түрээслэгч тал хөдөөний хаягтай байна, хотын хаягтай хүн хэрэгтэй гээд намайг иргэний үнэмлэхээ авчраад хамт гэрээ хийгээд өгөөч гэж гуйсан. Би 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ болон 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл зэрэгт гарын үсэг зурсан нь үнэн. Өөрөөр би хамааралгүй. ... гэжээ.

 

2.2. Хариуцагч Б.Уу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төсвийн байгууллагад 6 жил ажиллаад цалингийн зээл авч, Улаанбаатар хотод хувиараа бизнес хийхээр 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зарын дагуу Л.Б гэх хүнтэй холбогдож, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах М-Паб караокег очиж үзээд сарын түрээс, барьцааны мөнгө болох 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч гэрээ хийх болоход хотын харьяалалтай хүний бичиг баримт хэрэгтэй гэхээр нь үсчин дүү Б.Ул ыг бичиг баримтаа аваад ирээч гэж гуйн тус компанийн менежер Д.Ш гэх хүнтэй гэрээ хийсэн. Б.Ул нь гэрээнд гарын үсэг зураагүй. 2016 оны 10 дугаар сарын 8-наас 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл гэрээний хугацаанд бүх төлбөр тооцоог Л.Б өөрийн хувийн данс руу болон байнга бэлнээр ирж авдаг байсан. Энэ хугацаанд олсон орлого түрээсийн төлбөрийн хаана нь ч хүрдэггүй байсан бөгөөд түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөхийн тулд ах, дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө зээлж өгсөөр их өрөнд орж эхэлсэн. Цалингийн зээл бүх зүйлээ зориулаад орсон учраас өөр гарах гарц, очих газаргүйн улмаас дотор нь амьдарч ийм хүнд байдалд орсон. Ингээд бага ч гэсэн өрөө дарна гэж бодоод гэрээг дахин 1 жилээр сунгасан. Тус компани түрээсийн төлбөрийг бууруулж гадна, дотор орчинг сайжруулж, орлого нэмэгдэхэд туслана хэмээн гэрээ хийсэн ч сайжруулалт байтугай улам дордож хүн орохоо больсон. Ийм байсан ч түрээсийн төлбөрийг бага багаар төлж, Л.Б нь өөрийн данс руу болон бэлнээр ирж авсаар байсан. Сунгалт хийсэн гэрээг мөн л Д.Ш гэх хүнтэй хийсэн. Төлбөр тооцоо хоцроож байсан боловч нөхөж хийсээр 2,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй энэ газраас гарсан. Энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Гэтэл энэ хүнд итгэж бэлнээр өгсөн мөнгийг огт тооцолгүйгээр, одоо маш их хэмжээний мөнгө нэхэж байгаад үнэхээр гомдолтой байна. Түүгээр ч зогсохгүй тус компани болон өөртэй нь огт харилцаж байгаагүй дүү Б.Ул ын бичиг баримт, нэг удаа нотариат дээр хийсэн гэрээний гарын үсгийг ашиглан 01, 03 дугаартай гэрээг хуурамчаар үйлдэж, нэхэмжлэл гаргасан нь түүний нэр хүнд, гэр бүл, ажил төрөлд ноцтой халдаж байна гэж үзэж байна. Л.Б нь надаас авсан түрээсийн төлбөрөө УБ ХХК-д огт өгөөгүй учраас өрөнд орж тэр мөнгөө биднээс гаргуулахаар улайран ийм үйлдэл хийж байгаад харамсаж байна. ... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: УБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Б.Ул , Б.Уу нартай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 03 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ, түүний хавсралт /эх болон хуулбар хувиуд/, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, Өр барагдуулах хэлцэл, 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Тооцоо нийлсэн акт,

Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын даргад хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01-г/15 дугаартай албан бичиг, түүний хавсралт, УБ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2202006403 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СУИС-ын зүүн хойд талд байрлалтай, 1758,7 ам.метр талбайтай, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 535 дугаартай албан бичгээр ирүүлсэн УБ ХХК-д гаргасан Б.Ул ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдөл, Б.Ууын 2019 оны 2 дугаар сарын 20, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөл, иргэний үнэмлэх, УБ ХХК болон Б.Уу, Б.Ул нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугааргүй Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ, түүний хавсралт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбарууд,

2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр М-Паб-г Э.О гэх хүнээс хүлээлгэн өгсөн баримт, гадна болон доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Барилга хүлээлцсэн актын хуулбар,

Түмэн соёолж ХХК болон Б.Уу нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 01/ дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай мэдэгдэл, Түмэн соёолж ХХК-тай байгуулсан 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2017 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 04/0042 дугаартай Тусгай зөвшөөрөл, Үйлчилгээ эрхлэх 3/162, 1/371 дугаартай гэрээ, Ажлын байрны галын аюулгүй байдлын 0017000 дугаартай дүгнэлт, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны 10.9/190 дугаартай заавал биелүүлэх албан шаардлага /1хх 3-15, 52-54, 91-110, 208-214, 215-216, 221-223, 242-250, 2хх 1-2, 13-19/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4.1. Хариуцагч Б.Ул аас нотлох баримтаар: Монгол Улсын ахуйн үйлчилгээний мастер үсчин цолны гэрчилгээ /хувилсан хэлбэр/, Локалменежмент ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Голомт банк дахь өөрийн эзэмшлийн 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /1хх 24, 115, 116-205/ зэргийг,

 

4.2. Хариуцагч Б.Ууаас нотлох баримтаар: УБ ХХК-тай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн болон 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн дугааргүй Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ, түүний хавсралт /эх болон хуулбар, хувилсан хувь/, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 2017 оны 2 дугаар сарын 13-наас 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга /1хх 56-95, 112-114/ зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Б.Уу-ын оршин суух хаягийн лавлагаа /1хх 35/-г бүрдүүлж хэрэгт хавсаргасан.

Харин талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан гэрээ, хэлцэл, тооцоо нийлсэн акт дээрх гарын үсэг, гар бичвэрийн хэв хариуцагч нарынх мөн эсэхийг шинжлүүлэх зорилгоор 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2021/06122 болон 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШЗ2021/08939 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй үндэслэлээр удаа дараа буцаагдсан ба өнгөрсөн хугацаанд хариуцагч нарын зүгээс шаардлагатай загваруудыг гаргаж өгөөгүй болно. /1хх 226-228, 231-241, хавсралт: дэвтэр 2 ширхэг, туршилтын загвар/

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч УБ ХХК нь хариуцагч Б.Ул , Б.Уу нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,132,000 төгрөг, алдангид 12,066,000 төгрөг нийт 36,198,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэдэнтэй байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 03 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ болон 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Тооцоо нийлсэн актад үндэслэн шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. Хариуцагч Б.Ул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...миний бие караоке түрээслэн ажиллуулж байгаагүй бөгөөд үсчин мэргэжлээрээ тасралтгүй 12 жил ажиллаж байна. Анх манай ах Б.Уу нь УБ ХХК-ийн М-Паб караокег түрээслэхээр гэрээ хийх үед түрээслэгч тал хөдөөний хаягтай байна, хотын хаягтай хүн хэрэгтэй гээд намайг иргэний үнэмлэхээ авчраад хамт гэрээ хийгээд өгөөч гэж гуйсан. Би 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ болон 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл зэрэгт гарын үсэг зурсан нь үнэн. Өөрөөр би хамааралгүй... гэсэн үндэслэлээр,

2.2. Хариуцагч Б.Уу нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг ...2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зарын дагуу Л.Б гэх хүнтэй холбогдож, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах М-Паб караокег очиж үзээд сарын түрээс, барьцааны мөнгө болох 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч гэрээ хийх болоход хотын харьяалалтай хүний бичиг баримт хэрэгтэй гэхээр нь үсчин дүү Б.Ул ыг бичиг баримтаа аваад ирээч гэж гуйн тус компанийн менежер Д.Ш гэх хүнтэй гэрээ хийсэн. Б.Ул нь гэрээнд гарын үсэг зураагүй. ... гэрээний хугацаанд орлого муу олж байснаас өрөнд орсон. Ингээд бага ч гэсэн өрөө дарна гэж бодоод гэрээг дахин 1 жилээр сунгасан боловч улам дордсон. Ийм байсан ч түрээсийн төлбөрийг бага багаар төлж, Л.Б нь өөрийн данс руу болон бэлнээр ирж авсаар байсан. Сунгалт хийсэн гэрээг мөн л Д.Ш гэх хүнтэй хийсэн. Төлбөр тооцоо хоцроож байсан боловч нөхөж хийсээр 2,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй энэ газраас гарсан. Энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Гэтэл Л.Б гэх хүнд итгэж бэлнээр өгсөн мөнгийг огт тооцолгүйгээр, одоо маш их хэмжээний мөнгө нэхэж байгаад үнэхээр гомдолтой байна. Түүгээр ч зогсохгүй тус компани болон өөртэй нь огт харилцаж байгаагүй дүү Б.Ул ын бичиг баримт, нэг удаа нотариат дээр хийсэн гэрээний гарын үсгийг ашиглан 01, 03 дугаартай гэрээг хуурамчаар үйлдэж, нэхэмжлэл гаргасан. ... гэсэн үндэслэлээр тус тус татгалзжээ.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 36,198,000 төгрөгийн зарим хэсгийг буюу 24,132,000 төгрөгийг хангаж, үлдэх 12,066,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. УБ ХХК нь иргэн Б.Ул , Б.Уу нартай 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 01 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ /цаашид 01-Гэрээ гэх/-г бичгээр байгуулсан ба уг гэрээгээр УБ ХХК нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2202006403 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СУИС-ын зүүн хойд талд байрлалтай, 1758,7 ам.метр талбайтай, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын тодорхой хэсэг бүхий ажлын байрны талбай, өрөөг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Б.Ул , Б.Уу нар нь дээрх ажлын байр, талбайг 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 12 сарын хугацаанд ашиглаж, сард 2,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /1хх 5-7, 242-244/

 

Цаашлаад талууд 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ /цаашид 02-Гэрээ гэх/, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 03 дугаартай Ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ /цаашид 03-Гэрээ гэх/-г бичгээр байгуулсан байх ба эдгээр гэрээгээр хугацааг 12 сараар тус тус сунгаж, сард төлөх төлбөрийн хэмжээг бууруулан тогтоожээ. /1хх 8-10, 12-14, 245-250/

 

Дээрх гэрээнүүдийн агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгүүдэд зааснаар түрээсийн зүйл болох ажлын байрны талбай, өрөөг 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь мөн хуулийн заалт, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасны дагуу түрээсийн зүйлийг хүлээн авч, зохих журмын дагуу ашиглажээ.

 

5. Гэвч хариуцагч нар нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.2.2-т заасны дагуу түрээсийн зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд ашигласны төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан 01, 02, 03-Гэрээ болон 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тооцоо нийлсэн акт, Өр барагдуулах хэлцэл, 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Тооцоо нийлсэн акт зэргийг үндэслэн төлбөрийн үлдэгдэл 24,132,000 төгрөгийг алданги 12,066,000 төгрөгийн хамт шаардсан. /1хх 11, 15, 110/

 

Хариуцагч Б.Ул нь 01-Гэрээ болон 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлээс бусдыг нь байгуулаагүй, мөн түрээсийн зүйлийг ашиглаагүй гэж, харин хариуцагч Б.Уу нь 01, 02-Гэрээ болон бусад хэлцэл, тооцоо нийлсэн актыг тухайн цаг хугацаанд байгуулсанд маргаагүй боловч эдгээрийн агуулга солигдсон, байгуулсан этгээдийн нэр зөрсөн, дүү Б.Ул- ын гарын үсгийг ашиглан 01, 03-Гэрээг хуурамчаар үйлдсэн, 03-Гэрээг байгуулж байгаагүй гэж тус тус маргасан.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

 

Шүүх талуудын хүсэлтээр дээрх гэрээ, хэлцэл, тооцоо нийлсэн актад зурагдсан гарын үсэг, гар бичвэрийн хэв хариуцагч нарынх мөн эсэхийг шинжлүүлэх зорилгоор 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2021/06122 болон 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШЗ2021/08939 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй үндэслэлээр удаа дараа буцаагдсан ба өнгөрсөн 2 жилийн хугацаанд хариуцагч нарын зүгээс шаардлагатай загваруудыг гаргаж өгөөгүй болно. /1хх 226-228, 231-241, хавсралт: дэвтэр 2 ширхэг, туршилтын загвар/ Иймээс шүүх тэдгээрийн эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

 

Талууд Гэрээ тус бүрийг 2 хувь үйлдэж авсан гэх бөгөөд хариуцагч Б.Ууаас татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн гэх Гэрээ /эх хувь/-ний огноо зөрүүтэй, дугааргүй, гэрээ байгуулсан нэг талын гарын үсэг зурагдаагүй, түүнчлэн уг гэрээг хувилсан хэлбэрээс үзвэл эх хувиасаа зөрүүтэй, гэрээ байгуулсан талуудын гарын үсэг 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Гэрээнд зурагдсантай нүдэнд харагдах байдлаар ижил байна. /1хх 56-58, 59-61/

 

Түүнчлэн хариуцагч Б.Уу-аас 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд өөрийн оршин суух хаягийг шилжүүлэх өргөдөл гаргахдаа хавсарган өгсөн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Гэрээ /хуулбар/-нээс үзвэл мөн л гэрээ байгуулсан талуудын гарын үсэг 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Гэрээнд зурагдсантай нүдэнд харагдах байдлаар ижил байгааг дурдах нь зүйтэй. /1хх 99-107/

 

Иймээс хариуцагч нар татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүйн гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ул -ын өгсөн ...би ганцхан гэрээнд гарын үсэг зурсан... /1хх 46/, ...би ерөөсөө гэрээн дээр очиж гарын үсэг зурж байгаагүй... /1хх 218/, ...би 01-Гэрээ болон 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл дээр гарын үсэг зурсан... /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх тайлбарууд,

хариуцагч Б.Ууын өгсөн ...дүү Б.Ул ын нэг удаа нотариат дээр хийсэн гэрээний гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ үйлдсэн... /1хх 55/, ...би 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн гэрээнд дүү Б.Ул ын гарын үсгийг дуурайж зурсан..., 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Гэрээ байгуулаагүй... /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх тайлбарууд нь өөр хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээ, хэлцэл, тооцоо нийлсэн актуудад зурагдсан гарын үсэг, гар бичвэрийг хуурамч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Нөгөөтээгүүр, хариуцагч Б.Ул нь түрээсийн зүйлийг ашиглаж, өөрт ашиг орлого олоогүй нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

7. Талууд 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,400,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,732,000 төгрөг, нийт 24,132,000 төгрөгийн өр төлбөр үүссэнийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ талаар 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Тооцоо нийлсэн актыг үйлдсэн ба дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэв.

 

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээг талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар нэг тооцоо гаргаж, нийт дүнг тогтоож ажиллах тохиролцоо хэмээн тодорхойлсон. Ажил хэргийн харилцаа гэдэгт нэг удаагийн биш төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах олон удаагийн үйлдлийг ойлгоно.

Энэ төрлийн гэрээнд хэлбэрийн хувьд ямар нэгэн шаардлага тавигдаагүй буюу ямар ч байдлаар байгуулах боломжтой тул талуудын тооцоо нийлсэн байдлыг дээрх хуулийн зохицуулалтад хамааруулж дүгнэх үндэслэлтэй байна.

Гэрээнд тооцооны үлдэгдлийг төлөх хугацааг заагаагүй тохиолдолд энэ хугацаа Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.4 дэх хэсэгт заасны дагуу нэг жил байхаар хуульчилсан ба хариуцагч нар энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тооцооны үлдэгдлийг мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Талууд тооцоо нийлэх гэрээгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт зааснаар анз төлөхөөр тохиролцоогүй тул зөвхөн өр төлбөр болох 24,132,000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагч нарт үүснэ.

 

8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, мөн зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. гэж тус тус заасанд үндэслэн шүүх хариуцагч нарын төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч нар тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Б.Ул , Б.Уу нараас 24,132,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч УБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,066,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нарт хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.2, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ул , Б.Уу нараас 24,132,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,066,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 278,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН