Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2023/00252

 

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Б овогт Л-ийн Н-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдох,

    Ажилгүй байсан хугацааны цалин болох 4,761,660 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

     Нэхэмжлэгч: Л.Н,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

     Хариуцагч О.У-т шүүх хуралдааны товыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Л.Н нь Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4,761,660 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Л.Н миний бие 2009 оноос эхлэн Соёлын төвийн номын санчаар ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байгууллагын дотоод журамд заасны дагуу 5 хоногийн цалинтай чөлөө хүссэн өргөдөл соёлын төвийн даргад өгөөд Улаанбаатар хот руу 2 хүүхдээ эмчилгээнд авч явах шаардлагатай байсан учир эмчилгээнд авч явсан. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жилийн чөлөө хүссэн өргөдлийг Соёлын төвийн даргад өгөөд явсан боловч намайг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байсан. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг нягтлан бодогч Н.Э-с 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн болно. Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2023/00113 дугаар шийдвэрээр номын сангийн ажилд эгүүлэн томилогдох шийдвэр гарч 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Соёлын төвийн даргын Б/04 тоот тушаалаар номын санчийн ажилд эгүүлэн томилогдсон. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх хүсэлт гаргаж байна гэжээ.

     2. Нэхэмжлэгчээс Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №Б/04 тоот Л.Н-ыг Соёлын төвийн номын санчаар эргүүлэн ажиллуулах тухай тушаал, нягтлан бодогч Н.Э-ын гаргасан Х сумын Соёлын төвийн номын санч Л.Н-ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний хоорондох цалингийн баримт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 113 тоот шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Л.Н-ын хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдох 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4,761,660 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

     Л.Н миний бие 2009 оноос эхлэн Соёлын төвийн номын санчаар ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байгууллагын дотоод журамд заасны дагуу 5 хоногийн цалинтай чөлөө хүссэн өргөдөл соёлын төвийн даргад өгөөд Улаанбаатар хот руу 2 хүүхдээ эмчилгээнд авч явах шаардлагатай байсан учир эмчилгээнд авч явсан. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр жилийн чөлөө хүссэн өргөдлийг Соёлын төвийн даргад өгөөд явсан боловч намайг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байсан. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг нягтлан бодогч Н.Э-с 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн болно. Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2023/00113 дугаар шийдвэрээр номын сангийн ажилд эгүүлэн томилогдох шийдвэр гарч 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Соёлын төвийн даргын Б/04 тоот тушаалаар номын санчийн ажилд эгүүлэн томилогдсон. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх хүсэлт гаргаж байнагэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.

     4. Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/09 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.1.11, 5.1, 5.2.3, 5.2.23, хөдөлмөрийн дотоод журмын 9.5.1, 9.7.1, 9.7.5 заалтуудыг тус тус үндэслэн номын санч Л.Н-ыг өөрт нь хариуцуулахаар олгосон тоног төхөөрөмж, эд хөрөнгийг үрэгдүүлсэн тул 02 тоот хөдөлмөрийг гэрээг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дуусгавар болгосныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Х сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

    4.1. Увс аймгийн Х сумын Соёлын төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б/04 тоот Л.Н-ыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Соёлын төвийн номын санчийн ажилд нь эгүүлэн томилжээ.

     5. Нэхэмжлэгч Л.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

     Иймд ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,761,660 төгрөгийг  хариуцагч байгуулагаас гаргуулж нэхэмжлэгч Л.Н-д олгох нь зүйтэй байна.

     6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах-аар заасан тул ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Л.Н-ын ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна. 

    7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 91,137 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,761,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Н-д олгож, нэхэмжлэгч Л.Н-ын ажилгүй байсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд даалгасугай.

     2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 91,137 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БОЛОР