| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал улсын яллагч О.Билгүүндаш, шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг, **** сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **** овогт **** **** регистрийн дугаар: /****/
Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэр **** амны дээд эхэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** “чи яасан том юм ****, **** та 3 **** их том гэсэн” гээд нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж, мөн жалга руу оруулж байгаад толгойгоороо дух хэсэгт мөргөж, дурангаар толгой хэсэгт нь цохиж, ноцолдож түүний биед толгойн оройн зүүн талд шарх, зүүн хацар, духны баруун хэсэгт зулгаралт, баруун гуяны ар доод хэсэгт цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч **** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ****сумын **** багийн нутаг дэвсгэр ***** дээд эхэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** “чи яасан том юм ****, **** та 3 **** их том гэсэн” гээд нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж, мөн жалга руу оруулж байгаад толгойгоороо дух хэсэгт мөргөж, дурангаар толгой хэсэгт нь цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч **** цохиулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч **** “...мотоциклтой нэг залуу ирээд миний машины цонхоор гараа оруулж ирээд намайг чи яасан том юм ***, **** та **** их том гэсэн гэж хэлээд шууд алгадсан. Тэгээд миний машинаас зүүгдээд намайг явуулахгүй байхаар нь би машиныхаа түлхүүрийг сугалж авч гутлынхаа түрүүнд хийчхээд алхаж байтал мотоциклтойгоо миний араас хөөж ирээд намайг газар унагааж байгаад гараараа нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг тухайн залуу намайг зодож байтал цагаан машинтай 2 залуу ирсэн. Тэгээд тэр 2 залуу салгахгүй ахаа боль ахаа боль гэж байгаад цагаан машинтай залуу яваад хөх дээлтэй залуу нь намайг зодож байсан залуугийн хамт үлдсэн. Тэгээд би зодуулж байгаад машин руугаа явсан. Тухайн намайг зоддог залуу миний араас хэрэлдээд л яваад байсан. Тэгсэн ээ миний машин байсан газрын наад талын жалга руу намайг оруулж байгаад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод чихнээс гараараа татаад мөн толгой хэсэгт дурангаар цохиод миний толгойг хагалчихсан. Тэгээд миний толгойноос их цус гарсан би цусаа арчаад байж байтал тухайн намайг зодож байсан залуугийн эхнэр хүүхэд бололтой улаан машинтай хүн ирээд салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч **** “…манай нөхөр ирэхдээ нүүр, ам нь цус болчихсон. Хөл нь доголчихсон байсан. Би чи яагаад ийм болчхов машин тэрэгтэйгээ юм мөргөчихсөн юм уу гэж асуусан чинь манай нөхөр хүнд зодуулчихлаа. Цагдаад, мэдэгдээд эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн. …Тэгээд аймгийн төв ороод эмнэлэгт үзүүлэхэд толгой орой хэсэгт хагарчихсан байна гээд 4 оёдол тавиулсан. Урьд нь зодоон хийсэн асуудал байхгүй. Тугалдаа яваад орж ирэхдээ хүнд зодуулчхаад ороод ирсэн. Тэр хүнийг би огт танихгүй. Уулзаж байгаагүй. Хүмүүсээс асуухад *****буюу **** гэдэг гэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Тухайн өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч **** “…Завхан аймгийн **** сумын *****багийн нутаг “****” гэх газар луу явж байхад манай дүү **** доод талын жалганд хоёр хүн зодолдоод байх шиг байна. Нэг нь **** буюу **** ах байна гэж хэлсэн. Тэгээд би тэр зодолдож байгаа хоёр хүн дээр очсон чинь **** нэг хөгшин хүн доороо хийгээд дарчихсан. Хоолойг нь дээлийн захаар нь боочихсон байсан. ***** бид хоёр очиж салгаад **** болиоч гэж хэлчхээд ****аваад хүрээд ир гэж хэлчхээд машинтайгаа яваад өгсөн. Тэрнээс хойш болон намайг очсоноос өмнө юу болсныг нь би мэдэхгүй…” гэсэн мэдүүлгээр,
Насанд хүрээгүй гэрч **** “…2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аймгийн төвөөс **** ахтай цуг Завхан аймгийн **** сумын *** багийн нутаг “****” гэх газар луу явсан юм. Тэгээд явж байхад **** ах гэрийнхээ наад талын жалганд нэг хөгшин ахад хоолойгоо боолгуулчихсан доор нь байж байсан... Тухайн үед **** ах дээлтэй байсан болохоор дээлийнхээ захыг танихгүй хөгшин ах гараараа бариад хоолой руу нь шахчихсан байсан. *** очиж салгасан. Би *** ахыг аваад цааш нь явсан. Тэгэхэд *** ах намайг ахын дүү байж бай, би энэ хүнтэй жоохон юм ярья. Эр хүмүүс хоорондоо учраа олчихно гээд тэр хөгшин хүнтэй очиж уулзсан. Эхлээд хоорондоо муудалцаж байгаад *** ахын хамар луу нь мөргөчих шиг болсон чинь *** ахын хамраас цус гараад байсан. Би цаашаа яваад бие засчхаад хүрээд ирсэн чинь тэр танихгүй хөгшин ахын толгой нь хагарчихсан цус гарч байсан. Би очоод салгахад *** ахын эхнэр нь машинтайгаа ирээд *** ах дээр очсон. ...Бие засчхаад хүрээд ирсэн чинь *** гэдэг хөгшин ахын толгойн орой хэсгээс нь цус гарчихсан. Ёооё гээд орилоод байсан. ...Намайг очиход *** ахын дээлийн захаас нь бариад доороо хийгээд дарчихсан хоолойг нь дээлийн захаар боочихсон байсан. Дараа нь баруун талын шанаа хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч *** “…манай дүү **** ирээд ах доор хүнтэй зодолдоод байна гэж надад хэлсэн. Тэгээд би доош уруудаад нөхөр дээрээ очиход хамраас нь цус гарчихсан байсан. Би нөхөр *** асуухад *** гэдэг айлд ороод монгол архи уугаад тасарчихсан байсан. …Тухайн үед *** гэдэг ахтай цуг байсан. *** гэдэг хүний толгой хэсгээс нь бага зэрэг цус гарсан байсан. Алхаж явахдаа жоохон доголоод байх шиг байсан. …Их согтуу байсан юугаа ч санахгүй байсан…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч **** үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №ЗАВ0725/321 дугаартай “...1.**** биед: Толгойн оройн зүүн талд шарх, зүүн хацар, духны баруун хэсэгт зулгаралт, баруун гуяны ар доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.**** биед: Толгойн оройн зүүн талд шарх, зүүн хацар, духны баруун хэсэгт зулгаралт, баруун гуяны ар доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэсэн дүгнэлтээр, Мөрдөгчийн эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн “...Уг дуран нь хар өнгийн оосортой байх бөгөөд хар өнгийн нэг нүдний дуран байв. Уг дуран нь БПЦ2 12х45М, 93/1000м гэсэн бичигтэй, нэг нүдний дуранг хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэлээр, гэрэл зургийн үзүүлэлтээр, иргэний нэхэмжлэгч ****“…Хохирогч **** регистрийн дугаартай *** ургийн овогтой ***** нь 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 163.994 төгрөгийн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна. …Гэмт хэргийн улмаас хохирогч **** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 163.944 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлттэй байна…” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ***** нь хохирогч **** Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Иймд шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгчээс хохирогч **** гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч **** нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт, Эрүүл мэндийн даатгалын санд 163,944 төгрөгийг төлсөн болох нь хэрэг авагдсан дансны хуулга болон түүний шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч **** үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **** нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн БПЦ2 12х45м хэмжээтэй нэг нүдний дуранг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч **** буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч **** 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр авсан өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн БПЦ2 12х45м хэмжээтэй нэг нүдний дуранг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч **** буцаан олгосугай.
7.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч **** энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА