Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 304

 

 

     

   

      

 

 

 

 

 

 

                                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч Б.Мэндсайхан,

шүүгдэгч О.Саруул түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чонос овогт Отгонбаатарын Саруулд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020385 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 24 дүгээр байр 24 тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 119/55 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан, Чонос овогт Отгонбаатарын Саруул, /ФА95010251/.

 

Шүүгдэгч О.Саруул нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Зоригтбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Саруул мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Саруулын өгсөн:

“... Зоригтбаатар хэдэн өдөр тэр зочид буудалд найз нөхөдтэйгээ архидаж байсан юм байна лээ. Би хэрэг гардаг өдөр найзтайгаа явж очоод байж байсан чинь Зоригтбаатар тэнд байсан миний танихгүй нэг эмэгтэйтэй маргалдаад орилдоод байхаар нь би очиж эмэгтэй хүнийг болиоч гээд маргааныг зогсоогоод нөгөө өрөөнд найзуудтайгаа байж байгаад тамхи татах гээд Зоригтбаатар ганцаараа сууж байсан өрөөнд ороод хажууд нь байсан ширээн дээрээс тамхи авах гээд очсон чинь босч ирээд чи ямар их хүн өмөөрдөг юм бэ үзхүү гэх мэтээр хэл амаар доромжлоод надруу дайраад тулаад түлхээд бас гартаа түлхүүр барьчихаад надруу чичлээд байсан тэгээд бид 2 харилцан заамдалцаад зодолдсон ...” гэх мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Зоригтбаатарын өгсөн:

“ ... 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагт өөрийн найз болох Мөнхболд болон Мөнхболдын 6 найзтай нь Бөмбөгөр худалдааны төвийн тэнд байдаг нэг караокед уулзсан. ...Тэгээд би Мөнхболдын найз, Цогтоо бид гурав тэр 0.5 литрийн архиа хувааж уусан. Тэгээд Мөнхболдын найзууд нь тэр буудалд шивээс хийлгэж байгаа гэсэн. ... Саруулыг орж ирэхэд нь бид нар 0.75 литрийн Соёрхол архийг задлаад уугаад сууж байсан. Би шивээсэн дээрээ ямар хээ хийлгэх вэ гээд яриад байж байтал тэр Саруул гэх залуу ширээний хажууд суусан байж байгаад шууд босч ирээд миний хамар луу цохисон. Цохингуут нь би нүүрээ бариад тонгойсон. Тэгтэл Саруул миний толгойг сөхөж байгаад цохиод байсан. Миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон. Миний нуруу руу нилээн хэдэн удаа өшиглөсөн. Намайг зодсон Саруул гэх залууг би өмнө нь огт танихгүй. Тэр өдөр л танилцсан. Би болсон явдлыг санаж байгаа. Би тэр өдөр унтаад сэргэсэн байсан болохоор биеэ авч явах чадвартай байсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Содномдаржаагийн өгсөн:

“... Манай найз Билгүүнээ  гүйж орж ирээд Саруул дээд өрөөний хэдтэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээшээ гурван давхар луу гараад өрөөнд нь ортол Зоригтбаатар орон дээр нүүрээ дараад хэвтэж байсан. Саруул, Зоригтбаатар хоёрын голд Өнөрбаян тэр хоёрыг салгасан шинжтэй байж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байтал цагдаа хүрээд ирсэн. Би яг зодоон болоход нь байгаагүй. Ямар ч байсан Зоригтбаатарын хамраас цус гарсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өнөрбаянгийн өгсөн:

“ ... Би нөгөө өрөө рүү нь тэр эмэгтэйтэй хамт орсон. ... Би тэр хоёрыг яг юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэр үед Билгүүн орж ирээд Зоригтбаатар, Саруул хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би гараад нөгөө өрөөнд ороод Зоригтбаатар, Саруул хоёрыг салгасан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Цогтын өгсөн:

“ ... Би Зоригтбаатарыг тэр залуутай маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Надад л лав тэр хоёр хоорондоо маргалдсан юм мэдэгдээгүй. Тэгээд удалгүй нөгөө өрөө рүү ортол орон дээр нөгөө залуу /Саруул/ Зоригтбаатарын дээр гарчихсан зодож байсан. ... Ямар ч байсан намайг салгах гээд очиход Зоригтбаатарын хамраас цус гарсан байсан ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1980 тоот:

        “1. Зоригтбаатарын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 зовхи, баруун алимны салст, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 11 дүгээр хуудас/

- Хохирогчийн хохирлын баримт /хх-н 9/

- Хохирол төлсөн баримт /хх-н 64/ зэрэг болон,

 

            Шүүгдэгч О.Саруулын хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонбаатарын өгсөн:

            “... Миний 2 дахь хүүхэд Саруул 1995 онд Эрдэнэт хотод төрсөн. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад ... Нийслэлийн 77 дугаар сургуульд элсэн суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. ... Шударга зан чанартай, Комит сервис ХХК-д харуул ажилтай ...” гэх мэдүүлэг /хх-н 54/,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 42-46/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 39/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/

            - Комит сервис ХХК-ийн тодорхойлолт лавлагаа /хх-н 32/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

           

  Шүүгдэгч О.Саруул нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Зоригтбаатарыг зодож бие махбодид нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 зовхи, баруун алимны салст, нуруунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Саруулын “...Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Зоригтбаатарын өгсөн “...  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... Саруулыг орж ирэхэд нь бид нар 0.75 литрийн Соёрхол архийг задлаад уугаад сууж байсан. Би шивээсэн дээрээ ямар хээ хийлгэх вэ гээд яриад байж байтал тэр Саруул гэх залуу ширээний хажууд суусан байж байгаад шууд босч ирээд миний хамар луу цохисон. Цохингуут нь би нүүрээ бариад тонгойсон. Тэгтэл Саруул миний толгойг сөхөж байгаад цохиод байсан. Миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон. Миний нуруу руу нилээн хэдэн удаа өшиглөсөн. Намайг зодсон Саруул гэх залууг би өмнө нь огт танихгүй. Тэр өдөр л танилцсан. Би болсон явдлыг санаж байгаа. Би тэр өдөр унтаад сэргэсэн байсан болохоор биеэ авч явах чадвартай байсан ...” гэх,

гэрч С.Содномдаржаагийн өгсөн “... Зоригтбаатар орон дээр нүүрээ дараад хэвтэж байсан. Саруул, Зоригтбаатар хоёрын голд Өнөрбаян тэр хоёрыг салгасан шинжтэй байж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байтал цагдаа хүрээд ирсэн. Би яг зодоон болоход нь байгаагүй. Ямар ч байсан Зоригтбаатарын хамраас цус гарсан байсан ... ” гэх,

гэрч Б.Өнөрбаянгийн өгсөн “... тэр үед Билгүүн орж ирээд Зоригтбаатар, Саруул хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би гараад нөгөө өрөөнд ороод Зоригтбаатар, Саруул хоёрыг салгасан ...” гэх, 

гэрч Т.Цогтын өгсөн “ ... Би Зоригтбаатарыг тэр залуутай маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Надад л лав тэр хоёр хоорондоо маргалдсан юм мэдэгдээгүй. Тэгээд удалгүй нөгөө өрөө рүү ортол орон дээр нөгөө залуу /Саруул/ Зоригтбаатарын дээр гарчихсан зодож байсан. ... Ямар ч байсан намайг салгах гээд очиход Зоригтбаатарын хамраас цус гарсан байсан ... ” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1980 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Саруулыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж,  догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2015 оны 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

2002 оны Эрүүгийн хууль ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх ба шүүгдэгч О.Саруулд холбогдох хэргийг тус хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл О.Саруулын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалттай нийцэж байгаа бөгөөд уг хуулиар оногдуулах ялыг “... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр заажээ.

 

Иймд шүүгдэгч О.Саруулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч О.Саруулд ял оногдуулахдаа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч О. Саруул нь бусдад төлөх төлбөргүй, 50 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.12, 36.13, 36.14, дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Чонос овогт Отгонбаатарын Саруулд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Саруулыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 50 хоног цагдан хоригдсон хугацааг 750.000 төгрөгт тооцож, О.Саруулыг ял эдэлсэнд тооцсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Саруул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Саруулд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                                   

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ