Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2022/0012

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Х., Б., С. нарын нэр бүхий 32 иргэн

Хариуцагч: Засаг дарга нарын хоорондын газар өмчлүүлэх асуудлаар гарсан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х., Б., С., М., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Б. /онлайнаар/, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  өмгөөлөгч Б., хариуцагч тус Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Завхан Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн Х., Ш., И., Г., О., М., Л., С., С., Н., Н., М., Т., Ж., М., Ж., Ч., Б., Б.,  Б., С., С., Д., Б., Б., Д., Д., Д., Ж., С., Г., Б. нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Анх Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/395 дугаартай захирамжаар маргаан бүхий газар болох Улиастай сумын ******* багийн ******* хэсэгт байршилтай тус бүр 440 м.кв газрыг дээрх нэр бүхий иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй байх ба хууль зөрчиж өмчлүүлсэн буюу “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлсэн” гэх үндэслэлээр дээрх 2020 оны А/395 дугаар захирамжийг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Уг захирамжийн үйлчлэлд нэр бүхий 32 нэхэмжлэгч хамаарсан байна.

3. Нэхэмжлэгч тал “Иргэдэд өмчлүүлэх боломжтой сул чөлөөтэй хэсэгт газар өмчлөх хүсэлтээ гаргасны дагуу өмчлөх эрх олж авсан байхад шинээр томилогдсон Засаг дарга өмнөх Засаг даргын гаргасан захирамжийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон” гэж, хариуцагч тал “нэр бүхий иргэдэд Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн” гэж  тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ 2022 оны 11 дүгээр сарын 11, 15, 23-ны өдрүүдэд гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21, 30-ны өдрийн 207, 209,  220 дугаар захирамжуудаар тус тус захиргааны хэрэг үүсгэжээ.

 5. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бид Засаг даргад гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх тухай өргөдөл гарган, Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ны өдрийн А/395 дугаартай захирамжаар Улиастай сумын ******* багийн ******* хэсэгт тус тусдаа 440 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. Х. тоот, Г. тоот, М. тоот, О. тоот, Н. тоот, Н. тоот, М. тоот, М. нь тоот, Г. тоот, Ж. тоот, Ж. тоот,  Ч. тоот, С. тоот, Л. тоот, С. тоот, Т. тоот, И. тоот, Ш. тоот, Б. тоот, Б. тоот, Б. тоот, С. тоот, С. тоот, Д. тоот, Б. тоот, Б. тоот, Г. ******* тоот, Б. ******* тоот, Д. ******* тоот, Д. ******* тоот, Д. ******* тоот, Ж. ******* тоот, С. ******* тоот хаягтай газрыг тус тус өмчилсөн. Газар өмчлүүлэх тухай захирамж гарсны дараа газрын гэрчилгээгээ авах гээд очиход бөөнөөр нь гаргана гээд хэд хэдэн удаа хойшлуулсан. Газар өмчлөх эрхийн гэрчилгээг авах ёстой байтал бидний газрыг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай хууль бус захирамжаар газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлээр газар өмчлөх эрхийг дуусгавар болно гэж заасан байна. Гэтэл ...А/442 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ороогүй гэсэн үндэслэлээр газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь хууль бус. Энэ газар нь ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан. Иймд Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Монгол Улсын хууль дүрмийн хүрээнд иргэн хүн нэг удаа газрыг үнэ төлбөргүй өмчлөх бүрэн эрхтэй. Энэ эрхийн хүрээнд бидэнд 2020 онд Засаг даргын захирамжаар газар олгогдсон гэж ойлгож байна. Гэтэл 2022 оны 09 сарын 02-ны өдөр тэр захирамжийг шинэ Засаг дарга хүчингүй болгосон. Захирамжийн хавсралтаас харахад нэг айлд 400 м.кв газар олгосон байдаг. Гэтэл цуцалсан захирамжид 66 айлын 26.400 м.кв газар гэж заагаагүй 400 м.кв газрыг гэсэн байсан. Эндээс харахад нэг айлын газрыг цуцалсан юм шиг харагддаг. Тэгэхээр 65 айлын газрын эрх цуцлагдаагүй юм уу гэж харж байна... Өмнөх Засаг даргын захирамж гарсан тэр даруйд газартай болчихлоо гээд хуримаа хийхээр байшингийн материалаа бэлдсэн байсан. Гэтэл 2022 оны 9 сард гарсан захирамжаас болоод хурим цуцлагдсан тохиолдол ч байна... Хөдөө сумаас орж ирээд олон жил айлын хашаагаар амьдарч байна...Газартай болох гэж олон жил хөөцөлдсөн...Одоо 5 сарын 22-нд айлын хашаанд хуримаа хийх гэж байна. Энэ бол хувь хүний эрх, нөгөө талаар нэр хүндэд халдаж байгаа үйлдэл. Улс төр ямар байх нь хамаагүй. Засаг дарга нар мерит зарчмаараа явмаар байна. Хоёр намын хоорондын асуудлаас болоод бид бүгд хохирч байна... Нэг Засаг дарга нь гарч ирээд нөгөө Засаг даргынхаа шийдвэрийг хүчингүй болгодог байдал манай аймагт уламжлал болсон. Өмнө жил дарга миний газрыг эрхийг цуцлаад өөр хүнд өгч байсан. Намын ялгаа гаргадаг ийм байдлаас болоод ард иргэд бид хохироод байна. Энэ газрын тухайд олон хүн өргөдөл өгсөн. Жилийн өмнө шахуу та нар газартай боллоо гэсэн. Тэгээд гэрчилгээгээ авъя гэхээр иргэдийн Хурлын тогтоол гараагүй гээд өгөхгүй байсан. Тэгснээ сүүлдээ захирамжийг хүчингүй болгосон. Бидэнд өгсөн газар хаус барилга барьчихсан улсууд суурьшсан ард иргэд бидэнд өгөхөд бололцооны газар. Энэ асуудал хаанаа байдаг юм. Засаг даргатай бид өөрсдийн биеэр уулзаж учир байдлаа хэлье гэтэл цагаан сараас хойш хот хүрээ явсан, хөдөө гадаа явсан гээд уулзаагүй байгаа...  Өмнөх Засаг даргын шийдвэрийг дараагийн Засаг дарга нь хүчингүй болгож бидний эрх ашгийг зөрчиж байгааг шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү... гэв.

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт бичгээр гаргах ерөнхий үндэслэлийг хангаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т 5 үндэслэлийг заасан. Эдгээрээс гол 2 зохицуулалт буюу захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах гэснийг  хангаагүй. Өөрөөр хэлбэл бодит байдалд уг захиргааны актыг гаргах боломжгүй, судалгаа шинжилгээ хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй, бодит байдалд нийцээгүй акт гарсан байна. Мөн хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг биелүүлээгүй байна. Газар өмчлүүлэх тухай хуульд заасан өмчлөх эрхийг дуусгавар болгох 3 үндэслэлийн аль нэгийг нь аваад, мөн Засгийн газрын 2020 оны 170 дугаартай тогтоолыг актын үндэслэх хэсэгтээ заах ёстой байсан. Гэтэл маргаад байгаа үндэслэл нь захирамжийн үндэслэлд огт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолыг захиргааны актыг гаргасны дараа мэдсэн байна. Тийм учраас захирамжийн үндэслэл болсон гэж маргах боломжгүй. Захиргааны акт гаргахаас өмнө бүх ажиллагаа хийгдсэн байх ёстой. Тогтоолыг судалсан байх ёстой. Хариуцагчийн төлөөлөгч өөрөө тайлбартаа хүчингүй болгосон акт гаргаснаас хойш 18 хоногийн дараа манайд Засгийн газрын тогтоол ирсэн учраас Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс гэсэн тайлбарыг тавьж байна. Дараагийн асуудал нь Засгийн газрын тогтоолын агуулгаас харвал Газар өмчлөх тухай хууль нь байнгын шинжтэй нийтийг хамарсан хууль биш байна. 2003 оны 05 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. 2028 оны 05 сард дуусах зохицуулалтай байна. Энэ хуулийн зохицуулалтаар бол иргэнд газар өмчлүүлэх асуудлыг хуулийн хэрэгжилт хангагдаагүй байна гэж 2 удаа сунгасан байна. Гэтэл хууль ийм байдлаар биелэгдээгүй байна гээд хугацааг сунгаад байхад Засгийн газрын тогтоол зөрчсөн байна гээд шүүх дээр яваад байгаа нь ойлгомжгүй байна. Хуулийн агуулгаар бол жил бүр газар өмчлүүлэх ёстой гэж ойлгож байна. Тэгэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжихгүй болоод байна. Энэ тохиолдлын хувьд энэ 32 иргэнд газар олгосон. Энэ хүмүүс өөрсдөө газар өмчлөхөөр төрийн байгууллагад хандсан байна. Иймд энэ хүмүүсийг буруутгах боломжгүй. Дараагийн нэг зүйл нь Газар өмчлүүлэх тухай хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй боловч дурдаад байгаа заалтууд байна. Өргөдлийг ирснээс хойш ямар арга хэмжээ авах гэх мэт төрийн байгууллагын дотоод асуудалд энэ хүмүүсийг буруутгах боломжгүй. Он, сар, дарааллаар өргөдлийг бүртгэж авах цаашаа уламжлах, захирамж гарахад энэ хүмүүс оролцохгүй. Үүрэг гүйцэтгэхгүй. Хэрвээ энэ хүмүүс үүрэгтэй байсан бол ярьж болно. Харин улсын бүртгэл дээр энэ хүмүүс мэдүүлэг бөглөөд нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэх гэхээр Хурлаас хаягжилтын талаарх тогтоол гараагүй учраас үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн өмчлөгчийн тухайд Газрын тухай хуулиараа тойм зураг заавал өгсөн байхыг шаардахгүй. Харин эзэмшлийн тухайд зураг шаарддаг. Энэ тохиолдолд тойм зураг өгөх боломжгүй байсан. Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөгчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарласан уу гэдэг асуудал яригдана. Гэтэл Газрын тухай хулийн 31 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг дуусгавар болгох 3 үндэслэлийн аль ч үндэслэлийг тухайн актын үндэслэлд заагаагүй байна. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэхээр өмчлөгчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэсэн байгаа. Тэгэхээр энэ хуульд заасан цуцлах, хязгаарлах үндэслэл захирамжид байхгүй байна. Магадгүй анх газраа хууль бусаар авсан байна гэж үзье гэхээр энэ үндэслэл захиргааны актад харагдахгүй байна. Шүүх газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар өмчлөгчийн эрх нь улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар нээгдэнэ гэж шийдэх асуудал гарах боломжтой. Энэ тохиолдолд эрх зүйн зохицуулалт нь хаагуур явах вэ, Өөрөөр хэлбэл та нар газар өмчлөгч биш байна, эрх чинь нээгдээгүй байна гэрчилгээ чинь гараагүй байна гэвэл энэ хүмүүсийн эрх зүйн зохицуулалт хаагуур явах вэ гэдэг асуудал яригдана. Үүнийг Газрын тухай хууль руу оруулах боломжгүй болно. Тийм учраас нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх ёстой. Захирамжийн агуулга нь газар өмчлүүлсэн захирамж байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай зохицуулалт буюу тус хуулийн 5-12 дугаар зүйлд, 21 дүгээр зүйлийг аваад газар өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан захирамж гарсан учраас энэ хүмүүс газар өмчлөгчтэй адил бүрэн эрхтэй. Маргаан бүхий захиргааны акт Засгийн газрын тогтоолыг бариагүй, тухайн үед захиргааны байгууллага 170 дугаартай тогтоолыг мэдээгүй юм байна. Газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд энэ газар бүхэлдээ орсон байна. Аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөрийн зохицуулалтад хүртэл орсон байна. Мөн энэ газартай холбоотой 24 газрын зохицуулалт байна. Илүү газрыг хүчингүй болгосон асуудал яригдаж байна. Агуулгаар нь харахад 24 газрын захирамжийг хүчингүй болгосон байна. Тус тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэж байна. 24 захирамж нь дахиад задраад 66 иргэний газрыг хүчингүй болгосон байна. Мөн  хариуцагч тал төлөвлөгөөнд ороогүй, эрх зүйн зөрчилтэй гэсэн асуудал ярьж байна. Гэтэл төлөвлөгөөнд ороогүй асуудлыг, зөрчилтэйг нь хэзээ хэн судалж шалгаж тогтоосон юм бэ, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна. Тэгэхээр захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргаж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасан бичгээр гаргаж байгаа захиргааны актын шаардлагыг хангаж, актын хуулийн үндэслэлийг тодорхой заах ёстой. Заагаагүй учраас энэ асуудал маргаантай яваад байна. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарын эрхийг сэргээж өгнө үү... гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улиастай сумын ******* багийн *******ийн хэсэгт байрлах 66 иргэнд өмчлүүлсэн анхны захирамж нь хууль бус. Улиастай сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчиж байна.  Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар тогтоолд шинээр өмчлүүлэхээр газрын хэмжээ байршил батлагдаагүй байхад өмчлүүлсэн. Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай 2014 оны 40 дүгээр Тэргүүлэгчдийн тогтоолоор ******* баг *******ийн хэсэгт байрлах нэр бүхий иргэдэд өмчлүүлсэн газар нь хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр огт заагдаагүй болно. Хөгжлийн төлөвлөгөөндөө гэр бүлийн хэрэгцээнд одоо үйлчилж байгаа Газрын тухай хуулиар дээрх газрыг дуудлага худалдааны зарчмаар олгогдохоор байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлд инженерийн дэд бүтэц шийдэгдэх боломжтой газарт газрыг иргэнд өмчлүүлэхээр тусгагдсан. Захирамжид хууль зүйн алдаа байгаа гэдгийг өмнөх шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Тухайн жилийн төлөвлөгөө гэдэг үндэслэлийг 66 иргэнд авч үзсэн... Манайх өмнөх жилийн 6 сард нь өмчлүүлэх газрын саналаа аваад, 12 сард саналаа дээш нь явуулаад, ирэх онд Засгийн газрын хурлаар орж өмчлөх санал нь батлагдаж ирдэг. Тухайн үед 66 иргэний шинээр өмчлөх газрын талаар ч санал яваагүй, бусад одоо эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэх саналууд манайхаас Хурлаар дэмжигдээд явсан байгаа. 66 иргэний шинээр өмчлүүлэх газрын тухайд жилийн төлөвлөгөөнд ч ороогүй, санал нь ч яваагүй гэсэн үг. Төлөвлөгөөнд ороогүй учраас жилийн эцсээр хаягжилт тогтоосон тогтоол гаргуулах гэхээр төлөвлөгөөнд батлагдаагүй газар олгох боломжгүй гэдгээр сумын Хурал тогтоолыг нь баталж өгөөгүй. Тийм учраас өмчлөх захирамж гарсан боловч гэрчилгээ авсан иргэд огт байхгүй. Өмчлөх эрх нь захирамж гараад улсын бүртгэлд бүртгэгдээд, “Г” дугаар авсны үндсэн дээр өмчлөх эрхийн харилцаа үүснэ. Одоогоор өмчлөх эрх үссэн гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн Засаг даргын захирамж гарсан гэсэн үг. Хүсэлт өгсөн иргэд ихэвчлэн өөрсдийн биеэр ирж хүсэлтээ өгөөгүй. Төлөөлүүлж өгсөн байдаг. Тойм зураг ч байхгүй. Онлайнаар холбогдсон ын хувьд газраа авсан байршлаа хаана гэдгээ мэдээгүй, хүчингүй болсных нь дараа мэдсэн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан ч гэсэн жил болгоны хурлаар оруулж тухайн жилийн төлөвлөгөөнд энэ хэсэг дээр газар олгоно гэж баталдаг. Тийм учраас нэгэнт батлагдсан төлөвлөгөө учраас олгох боломжтой гэж нэхэмжлэгч талаас ярьж байгаа нь батлагдаагүй учраас боломжгүй гэсэн тайлбартай байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд амины орон сууцны зориулалтаар 66 иргэнд олгох байсан боловч захирамж дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар буюу зориулалт бусаар олгогдсон байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл амины орон сууцны зориулалтаар олгогдох газар, түүнээс гэр бүлийн зориулалтаар олгох газар биш байгаа. Хүчингүй болгох захирамжид иргэдийн нэрийг тусгаагүй байна гэж байна. Захирамжийг ерөнхийд нь 2020 оны 66 иргэнд газар өмчлүүлэх асуудлаар гарсан захирамжийн дугаараар тусгаж нийтэд нь хүчингүй болгосон байгаа. Иймд дээрх захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж өгөхийг хүсье... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт буюу Засаг даргын  2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар хавсралтад дурдсан нийт 24 захирамжийг хүчингүйд тооцож, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч 32 иргэнд газар өмчлүүлэх эрх олгосон 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамж бүхэлдээ багтсан байх бөгөөд захирамжийн хавсралт дахь жагсаалтын 9 дүгээрт энэ агуулгыг тусгажээ. /Хэргийн 1 дэх хавтас 15-17 дугаар хуудас/

 3. Дээрх 2022 оны А/442 дугаар захирамжид Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 /Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/, 40 дүгээр зүйлийн 40.1 /Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно/, 40.1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/, 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэжээ.

 4. Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар урьд гаргасан хэд хэдэн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул захирамжид дурдсан зарим үндэслэл нэхэмжлэгч нарт өмчлүүлэх эрх олгосон 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон үндэслэлд хамаарахгүй хэмээн хариуцагчийн төлөөлөгч  тайлбарласан.

5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэх заалтууд болон “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг  хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хариу тайлбар ирүүлээгүй” гэх үндэслэлүүд нь нэхэмжлэгч нарт хамааралгүй хэмээн тайлбарласан.

6. Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нар биш бөгөөд газрын төлбөр төлөх, газраа зөвхөн зориулалтын дагуу эзэмших талаар гэрээгээр үүрэг хүлээсэн газар эзэмшигч нар биш байх тул Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжид дурдсан тэдгээр үндэслэл нэхэмжлэгч нарт хамааралгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэстэй байна.

7. Харин маргаан бүхий 2022 оны А/442 дугаар захирамжид дурдсан буюу “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр  нэхэмжлэгч нарт анх өмчлөх эрх олгосон 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар “иргэнд эзэмшсэн газрыг нь өмчлүүлэх”, эсхүл “эзэмших эрх үүсээгүй газрыг шинээр өмчлүүлэх”-тэй холбоотой харилцааг өөр өөрөөр зохицуулсан байна.

9. Энэ маргааны тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар “газар эзэмших эрх” огт үүсээгүй буюу шинээр газар өмчлүүлэхтэй холбоотой асуудлаар маргаж байгаа болно.

10. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Иргэнд газрыг дараах зориулалтаар өмчлүүлнэ: 4.1.1.гэр бүлийн хэрэгцээний; 4.1.2.аж ахуйн зориулалтаар”, 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэсэн зохицуулалтын хүрээнд анх нэхэмжлэгч нар гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх хүсэлтээ гаргасны үндсэн дээр хариуцагч Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн байршилд гэр бүлийн зориулалтаар тус бүр 440 м.кв газрыг нэр бүхий 66 иргэнд өмчлүүлэх /нэхэмжлэгч 32 иргэний нэр багтгаж байгаа/-ээр шийдвэрлэсэн байна. /Хэргийн 1 дэх хавтас, 7-14 дүгээр хуудас/

11. Тийнхүү шийдвэрлэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэсэн байна. Уг тогтоолоор Улиастай хотын “1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталжээ.

12. Хариуцагч Засаг дарга  нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй хэдий ч тийнхүү шийдвэр гаргахдаа тухайн захирамж нь хууль тогтоомжид нийцээгүйн дээр уг захирамжид хамаарах иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хүчингүй болгох юм.

13. Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд иргэнд нэг удаа газрыг үнэгүй өмчлүүлэх нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн ба энэ зохицуулалтын хүрээнд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарт эерэг үйлчлэлтэй 2020 оны А/395 дугаар захирамжийг хариуцагч Засаг дарга 2 жил орчмын дараа буюу 2022 оны А/442 дугаар захирамжаар “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож, баримтаар нотлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /нөхцөл байдлыг тогтоох/, 25 дугаар зүйлийн 25.1 /нотлох баримт цуглуулах/, 26 дугаар зүйлийн 26.1 /оролцогчийг сонсох/-д заасан журамд нийцээгүй байна.

14. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах “захиргааны актыг бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг зөрчсөн байна.

15. Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор 2018-2038 онд хэрэгжүүлэх Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 223-229 дүгээр хуудас/

16. Уг төлөвлөгөөнөөс нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрын байршлыг тодруулж үзэхэд төлөвлөлт хийх үед тухайн байршил бүхий газрууд сул хоосон байх ба ирээдүйд хийх төлөвлөлтөөр амины орон сууцны хороолол байхаар тусгагдсан нь дээрх төлөвлөгөө болон шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ч.гийн “...2020 онд Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөнд ******* багийн *******ийн хэсэгт 21 дүгээр зуун хороол байгуулахаар төлөвлөгдсөн. Энэ хэсэгт орон сууцны хороолол, мөн амины орон сууц, нийгмийн зайлшгүй хэрэгцээний үйлчилгээ, худалдаа гэх зэрэг бүтэцтэй иж бүрэн цогцолбор хороолол байгуулахаар тусгагдсан. Уг төлөвлөгөөг үндэслэн 2020 онд иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гарч нийтдээ 66 иргэнд энэ хэсэгт газар өмчлөх эрх олгосон. Засгийн газрын 2020 оны 99 дүгээр тогтоолоос өмнө буюу 2014 онд уг цогцолбор бүхий 1000 айлын хорооллыг байгуулахаар газрыг нь төлөвлөж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураглалыг баталсан байдаг. Энэ хэсэгчилсэн төлөвлөгөө нь Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор баталсан Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тэр чигээрээ тусгагдаж, баталгаажигдсан байгаа...” гэх мэдүүлэг,  гэрч Г.ийн “...Засаг даргын 2015 оны захирамжаар /огноо, дугаарыг санахгүй байна/ нийт 511 иргэнд уг 21 дүгээр зуун хороололд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн... 32 иргэний тухайд бол энэ 511 иргэнд багтахгүй, арай өөр 21 дүгээр зуун хорооллын амины орон сууц барихаар төлөвлөгдсөн хэсэгт нь Засаг даргын 2014 оны захирамжаар газар өмчилсөн иргэд байгаа юм. 21 дүгээр зуун хороолол дотроо дунд хэсэгт нь амины орон сууц барихаар төлөвлөгдсөн байдаг юм. Ер нь энэ 32 иргэний газрын байршил 21 дүгээр зуун хороолол дотроо багтаж байгаа гэсэн үг юм. Шүүхэд маргаан үүсгэсэн нь 32 иргэн болохоос уг байршилд нийт 66 иргэнд газар өмчлүүлсэн байсан...”  гэх мэдүүлэг  зэргээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтас 101-105, 223-229 дүгээр хуудас/

17. Дээрх үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий газруудыг Засгийн газрын 2020 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан “Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд амины орон сууцны зориулалттай газар байхаар тусгасан байх ба энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан газар өмчлүүлэх хоёр зориулалтын “гэр бүлийн хэрэгцээний” гэх зориулалтад хамаарахаар байхад Засаг даргаас “Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосныг зөвтгөх үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь маргаан бүхий газрыг иргэдэд гэр бүлийн зориулалтаар бус амины орон сууцны зориулалтаар өмчлүүлэхээр Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан хэмээн дээрх хуульд заасан зориулалтаас өөр зориулалтаар тайлбарлаж байгааг хүлээж авах боломжгүй. 

18. Нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг өмчлүүлэх асуудлыг анх 2020 оны А/395 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ “Улиастай хотын 1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэснийг буруутгах боломжгүй ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, ...ийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, ...ийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, ...тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй...” гэх зохицуулалтын хүрээнд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан байна гэж үзлээ.

Тодруулбал, төвийн хотын хөгжлийн хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэн анх нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

19. Хариуцагчийн төлөөлөгч нь маргаан бүхий захиргааны акт буюу Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжид тусгагдаагүй агуулгаар буюу “Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй”, “Засгийн газраас 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоогоогүй” гэх үндэслэлүүдийг нэмж гарган тайлбарлаж байгаа ба тийнхүү маргаан бүхий А/442 дугаар захирамжид тусгагдаагүй агуулгаар 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг зөрүүтэй тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.

20. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан гаргаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Улиастай сумын хэмжээнд зөвхөн 10 байршилд 0.75 га газрыг шинээр өмчлүүлэхээр тогтоосон бол Монгол Улсын Засгийн газраас хэмжээнд, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улиастай сумын хэмжээнд тус тус 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг огт тогтоогоогүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 82, 83, 88-90, 2 дахь хавтасны 96-98, 100-104 дүгээр хуудсанд/ 

21. Хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж гаргасан захирамжаа 2022 оны А/442 дугаар захирамжаар хүчингүй болгохоос өмнө анх нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ яагаад 2014 оны газар зохион байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэх болсон, мөн болон Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд иргэнд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг ямар шалтгааны улмаас хэлэлцэн тогтоогоогүй,  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй болох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын талаарх саналыг Монгол Улсын Засгийн газарт яагаад хүргүүлээгүй болох зэрэг шалтгааныг судлан тогтоосны эцэст энэ асуудлыг шийдвэрлэхээр байсан байхад энэ талаар шалгаж тогтоогоогүй, баримт байхгүй байна.

22. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Засгийн газар дараах бүрэн эрхтэй: ...9.1.2.аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй: ...12.1.2.сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дүүрэг бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж заажээ.

23. Захиргааны байгууллагаас дээрх хуульд заасан үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй шалтгааны улмаас нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрх, хууль ёсны  ашиг сонирхол  зөрчигдөх үндэслэлгүй юм.

24. Иймд хариуцагч Засаг даргаас 2022 оны А/442 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах “захиргааны актын бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг хангаагүй, захирамжийн үйлчлэл чиглэсэн нэхэмжлэгч нарыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох, бодит нөхцөл байдлыг тогтоож, баримтаар нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч нарын нэг удаад үнэгүй газар өмчлөх эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг дээрх үндэслэлээр зөрчсөн байна гэж үзэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

25. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд төвийн сумын Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч Засаг даргад уламжлах, Засаг дарга нь тийнхүү өргөн мэдүүлсэн өргөдлийг хүлээн авч, газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

26. Өөрөөр хэлбэл, газар өмчлүүлэх тухай өргөдлийг сумын Засаг даргаар дамжуулан Засаг даргад гаргахаар зохицуулсан байх боловч энэ маргааны тухайд нэхэмжлэгч нарын өргөдлийг Засаг дарга шууд хүлээн авч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн нь гэрч Ч.гийн мэдүүлэг болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 587, 12 дугаар сарын 28-ны өдрийн 631 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба тэдгээр өргөдлийг хуульд нийцүүлэн хүлээн авч бүртгэх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа учир газар өмчлүүлэх өргөдлийг зохих ёсоор гаргаж, бүртгүүлээгүйд дан ганц нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтас 63 дугаар, 2 дахь хавтас 39 дүгээр хуудсанд/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Х., Ш., И., Г., О., М., Л., С., С., Н., Н., М., Т., Ж., М., Ж., Ч., Б., Б.,  Б., С., С., Д., Б., Б., Д., Д., Д., Ж., С., Г., Б. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Засаг даргаас 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х., Б., С. нарт тус бүр 70 200 төгрөгийг олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ТУНГАЛАГ