Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/765

 

 

 

 

 

 

   2021             8               24                                      2021/ДШМ/765

 

Т.У, Т.М, Ц.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж, Ө.Учрал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/591 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч Н.Жамъяандорж, Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.У, Т.М, Ц.Н нарт холбогдох эрүүгийн 2002004340320 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржгин овгийн .........., ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .......... ажиллаж байсан, ам бүл .., ......... хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...../;

2. Шонхор овгийн ...................., . оны .. дугаар сарын ....-ний өдөр ..... төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ..... байсан, ам бүл ..., ........... хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ....../

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 287 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнссэн суллагдсан;

3. Боржигон овгийн ..........................., ... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........ төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ................... ажиллаж байсан, ам бүл .., ...... хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1664 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Т.У нь ........... ажиллаж байхдаа хахууль өгөгч Ц.Н-гийн зээл авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/ Б.Доржийн гудамж 32 дугаар байрны 25 тоот хаягт байршилтай 97,5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан 150.000.000 төгрөгийн зээлийг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч Ц.Н, Т.М нараас Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлах автозогсоол дээр 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн 150.000.000 төгрөгийн 10 хувь болох 15.000.000 төгрөгийн хахууль авсан,

Ц.Н нь өөрийн нөхөр болох Т.М-тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/ Б.Доржийн гудамж 32 дугаар байрны 25 тоот хаягт байршилтай 97,5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан 150.000.000 төгрөгийн зээл авах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор .......... ажилладаг Т.Ут албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлах автозогсоол дээр 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн 150.000.000 төгрөгийн 10 хувь болох 15.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

Т.М нь өөрийн эхнэр болох Ц.Н-тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/ Б.Доржийн гудамж 32 дугаар байрны 25 тоот хаягт байршилтай 97,5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан 150.000.000 төгрөгийн зээл авах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хаан банкны Хархорин салбарт харилцааны менежерээр ажилладаг Т.У-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлах автозогсоол дээр 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн 150.000.000 төгрөгийн 10 хувь болох 15.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Н, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.У-ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.М, Ц.Н нарыг бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Ц.Н нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 25 тоот бүхий оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Ц.Н нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төлбөрийн хэрэгсэл болох 15.000.000 төгрөгийг буюу шүүгдэгч Т.М-аас 7.500.000 төгрөг, Ц.Н-аас 7.500.000 төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, тус хэрэгт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байрны 88 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1592 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.М-аас шүүхэд гаргаж өгсөн “ярилцлага бүхий” 1 ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээж, шүүгдэгч Т.У-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тооцож, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч Н.Жамъяандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/591 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй болно. Т.У-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзсэн гэж дүгнэсэн атлаа тухайн зүйл ангид заасан сонгох ялуудаас хамгийн хүнд болох хорих ялыг оноосон ойлгомжгүй юм.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2002 оны Эрүүгийн хуулиас ялгагдах гол онцлог нь гэмт хэрэгт оногдуулах ялын 60-70 хувь нь хорихоос өөр төрлийн ял байхаар хуульчилж өгснөөрөө онцлог юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх, тэнсэх талаар тодорхой дурджээ. Т.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн болон бусад хувийн байдал зэргээс дүгнэхэд хорихоос өөр төрлийн ялыг оноох үндэслэл боломж байгаа гэж дүгнэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг... цээрлүүлэхээс гадна, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилж өгсөн.

Манай үйлчлүүлэгчийн хувьд залуу гэр бүл бөгөөд эхнэр Болормаагийн хамт хоёулаа ажил орлоготой болж 8 хувийн /ипотекийн/ байрны зээлд хамрагдан амьдрах өөрийн гэсэн орон байртай болох боломж нээгдсэн үедээ ийм гэмт хэрэгт холбогдон хорих ял авснаараа үлдэж байгаа эхнэр, хүүхдэд нь эдийн засгийн болон сэтгэл санааны хүнд ачаа ирж, цаашлаад байрны зээлээ төлж чадахгүй болох, байраа алдах эрсдэл бүхий нөхцөл үүсэхийг үгүйсэхгүй юм. Т.У-ын хувийн байдал талаас нь харж үзээд нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж нөхцөл байгаа гэж харж байна. Нийгэмшүүлэхэд чиглэсэн ял оногдуулснаараа нэг ч гэсэн гэр бүлийг халуун ам бүлээр нь байлгах, эхнэр, хүүхэддээ туслах, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ болон өөр төрлийн ажил хийж орлого олж гэр бүлийн санхүүд туслалцаа үзүүлж, орон сууцны зээлээ цаг тухайд нь төлөх зэрэг эдийн засгаас хараат байх бүрэн боломжийг нээж өгөх ач холбогдолтой юм.

Иймд манай үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн зан байдал, ипотекийн зээлтэй байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.У нь анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн тухайд маргадаггүй буюу мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Харин анхан шатны шүүх шүүгдэгчид 1 жил 2 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй, шүүх ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг баримталж чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд тохирсон, уг хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээнд багтсан байхыг чухалчлах хэдий ч үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад бодитой дүгнэлт хийж ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилтод нийцнэ. Хэдийгээр шүүгдэгч Т.У нь “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхээс ял шийтгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй хүнтэй адил ялыг оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Нөгөө талаар хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн Ц.Н, Т.М нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул прокуророос тэдэнд хорих ял санал болгосон боловч зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүх шийтгэсэн нь ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай хандсан гэж үзэхээр байна. Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад “хахууль биш, зээлсэн мөнгө” гэж мэдүүлсэн эсэхийг нь тодруулж асуухад “Ц.Н-тай уулзсан чинь Ц.Н “манай нөхөр цагдаагийн байгууллагад хандчихжээ, би цагдаад зээл авсан гэдэг байдлаар хэлсэн шүү, чи тэгж хэлээрэй” гэсэн” гээд Т.Уыг тийм мэдүүлэг өгөх нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. Хувийн байдлын хувьд, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч 8 хувийн зээлд хамтран зээлдэгчээр эхнэр Болортогоо оролцсон байдаг. Шүүхэд гаргаж өгсөн баримтад Болортогоогийн дансанд 7.000.000 төгрөг, анхан шатны шүүх хуралдаан болох үед Т.У-ын дансанд 2.700.000 төгрөг байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. Хэрэв шүүхээс торгох ял оногдуулах боломжгүй гэвэл ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна.”  гэв.

Шүүгдэгч Т.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна.” гэв.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч Т.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 8 хувийн орон сууцны зээлтэй зэрэг хувийн байдалтай холбоотой холбоотой нөхцөл байдлуудыг үнэлж дүгнэлт өгсөн. Т.Уын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг хүнд тул шүүх өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх асуудлыг дурдаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг ойлголт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гээд аль ч үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураараа мэдүүлж, хүлээн зөвшөөрсөн байхыг шаардана. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад “зээл хэлбэрээр мөнгө авсан” гэх зүйлийг ярьснаа шүүхийн шатанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Т.У-т хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Т.У, Ц.Н, Т.М нарт холбогдох хэргийг шүүгдэгч Т.У болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Т.М-ийн хувьд урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1664 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ. /2хх 113-117/

Уг шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр  сарын 3-ны өдрийн 2020/ДШМ/1388 дугаартай хэвээр үлдээсэн магадлал хэрэгт авагдсан байна. /2хх 138-141/

Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 06/1365 дугаартай Улсын Дээд шүүхэд хандан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан эсэх талаар мэдээллийг баталгаажуулж ирүүлэхийг хүссэн албан тоот /2хх 142/, Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 5/412 дугаартай “Т.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт хяналтын журмаар гомдол гаргасныг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан” гэх албан тоот /2хх 143/ хэрэгт байх боловч уг хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Ийм учраас шүүгдэгч Т.М-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заасныг анхан шатны шүүх хэрэглэх эсэхийг заавал шийдвэрлэх байтал “шийтгэгдсэн гэж үзэхгүй” гэж ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Улмаар шүүхээс оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдсан зүйлийг шүүхийн хэлэлцүүлгээр яллах тал шинээр гаргаж өгөх замаар нөхөн гүйцэтгэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч Н.Жамъяандорж, Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.У-т авсан цагдан хорих, шүүгдэгч Т.М, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/591 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.У, Ц.Н, Т.М нарт холбогдох эрүүгийн 2002004340320 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.У-т авсан цагдан хорих, шүүгдэгч Т.М, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ