Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2023/00018/и |
Дугаар | 147/шш2023/00214 |
Огноо | 2023-06-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 147/шш2023/00214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 2-р баг, ******* тоот хаягт оршин суух, утасны дугаар:*******, Очир овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, *******, ********************* тоот хаягт оршин суух, утасны дугаар *******, Аюуш овогт ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
“Өвсний үнэ 10,000,000 төгрөг, бусад зардал 2,400,000 төгрөг нийт 12400,000 төгрөг гаргуулах”тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч. холбогдуулан “Өвсний үнэ болон бусад зардал нийт 12,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2022 оны 07 сарын 18-ны өдөр Ч.ай аман гэрээ хийж 1,000 боодол өнжсөн өвсийг 1 ширхэгийг нь 2,000 төгрөгөөр тооцож 2,000,000 төгрөгийг ын дансанд тус өдөрт нь шилжүүлсэн. Сая 12 сарын сүүлээр өвсөө өгөхөөр болоод шалаанз машинд 1,300,000 төгрөгөөр түлш хийгээд очсон чинь “гадаа байж бай” гээд хашаа руу оруулаагүй. Тэгээд 2023 оны 01 сарын 03-нд энэ өвсийг ав гээд машинаа оруулж өвсөө ачиж байгаад дутуу ачаад орой болсон, тэгээд маргааш өглөө нь дутуу өвсөө ачихаа ороход Амарбаатар ирээгүй, хамт явсан грушик залуу энэ нүхээр ороод ачдаг гээд ороод ачиж байтал хүү нь ирсэн, хүү нь ирээд юм хэлээгүй. Би ойрхон айл руу яваад ирэх хооронд хашааны гадаа грушик залуучууд зогсож байсан, яасан бэ? гэхэд ах уурлаад мод чулуугаар чулуудаад хөөгөөд гаргасан гэж хэлсэн. Ингээд өвсөө өгөөгүй маш их хохироож байна. Би тус шалаанзыг 2 сая төгрөгөөр хөлсөлж очоод 7 хоног өвсөн дээр өнжөөсөн. Би д өвсний үнэ гээд 5630281839 дансанд мөнгийг нь хийсэн. Иймд 100 боодол өвсөө өгөхгүй бол одооны ханшаар 1 боодол өвсийг 10,000 төгрөгөөр бодож 1000 боодол өвсний 10 сая төгрөг, нааш, цааш явсны грушикийн хүмүүст өгсөн 400,000 төгрөг том машины хөлсөнд 2 сая төгрөг нийт 12,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь 2022 оны 07 сарын эхээр утсаар ярьж, өнжсөн өвс авъя гэсэн. Би өвс зарахгүй гэдгээ хэлсэн. Дахин 7.18-нд утсаар ярьж, мөнгө үрэгдчих гээд байна, чам руу 2,000,000 төгрөг шилжүүлье гээд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 9 сараас 11 сарын хооронд 2,000,000 төгрөгийнхөө өвсийг ав гэж 5 удаа утсаар болон уулзаж хэлсэн аваагүй. 2022 оны 12 сарын 28-нд өвсөө авъя гэж ирсэн. Би боодолтой өвс байхгүй, боогоод өгье гэсэн. Нэгэнт дахин боосон өвсөнд түлш, тос, мяндас, ажиллах хүч гээд зөндөө зардал гардаг учир өвсний үнэ нэмэгдсэн. Зөрүү мөнгө өгөх байх гэж бодоод өвсөө ачуулж эхэлсэн боловч хашааг нүхэлж орж миний өмчид халдсан. Би 1000 боодол өвс авбал зөрүү мөнгө өг, эсвэл 2,000,000 төгрөгтөө таарах өвсөө ав гэдгийг хэлсэн. ******* нь үгүй шүүх, цагдаагаар явна, хүчээр чамаас 1000 боодол өвс авна гээд явсан. Одоо надад энэ хүнд өгөх өвс байхгүй. Хүн юмаа зарахгүй гэж байхад арга заль хэрэглэж мөнгө шилжүүлдэг, сүүлд нь зүгээр шахуу авах гэж шүүхээр явдаг зан сурсан бололтой. Тээврийн зардал нь 2,000 төгрөг болж байсан учраас би 2,000 төгрөгөөр зарах өвс байхгүй гэдгийг хэлсэн. Энэ хүнд 2000 боодол өвс өгөх гэрээгүй, албагүй гэж бодож байгаа. 2,000,000 төгрөгт нь одоогийн ханшаар өгнө гэдгээ хэлсэн. Авахгүй гэсэн. Одоо надад энэ хүнд өгөх өвс байхгүй. Өөрөө авахгүй гэж хэлсэн учраас бусад шаардлагатай малчдад өгсөн гэв.
3. Гэрч : “... 2023 оны эхээр /сар өдрийг нь сайн мэдэхгүй байна/ цагаан сарын өмнөхөн ахаас өвс худалдаж авсан, 1 боодлыг нь 10,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай өвөлжөө ахын өвсний фондтой ойрхон байдаг. Тухайн үед өвс үнэтэй байсан.” гэж мэдүүлжээ.
4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4х/
4.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх5х/
4.3. Хаан банкны дансны хуулга /хх-40х/
4.4. хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-42-55х/ зэрэг болно.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Олнууд овогт Лувсанчүлтэмийн Наранчимэгийг гэрчээр асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч. холбогдуулан “Өвсний үнэ 10,000,000 төгрөг, бусад зардал 2,400,000 төгрөг нийт 12400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1,483,585 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас өвсний үнэ 10,000,000 төгрөг, бусад зардалд 916,415 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн.
2. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие аас 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэг боодол өнжмөл өвсийг 2,000 төгрөгөөр бодож, 270 боодол өвс авсан. Дахин 1000 боодол өвс авъя гэхэд “2,000,000 төгрөг дансанд хий, намар өвсөө ав” гэсэн. Түүний 5630281839 тоот дансанд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 12 сарын сүүлчээр өвсөө авах гэсэн чинь хойшоо, урагшаа хэлж, өвсний үнээ нэмж зараад надад өвс өгөхгүй байсан. нь өвөлжилт хүндэрсэн үед тохирсон ёсоор өвс өгөхгүй байсаар намайг хохироосон. Миний бие өөр хүнээс 1332 боодол өвсийг ширхэгийг нь 16,000 төгрөгт бодож 21,312,000 төгрөгөөр худалдаж авсан. Дансны хуулгыг хэргийн материалд хавсаргасан. 2023 оны 01 дүгээр сард 1 ширхэг өнжмөл өвсийг 10,000 төгрөгөөр зарж байсан. Хөрөнгийг үнэлгээгээр ч тэгж гарсан. Иймд аас 1000 боодол өнжмөл өвсний үнэ 10,000,000 төгрөг, хүн ажиллуулсан хөлс 400,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ гаргуулсны төлбөр 300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,415 төгрөг нийт 10,916,415 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: ******* нь 2022 оны 7 дугаар сард утсаар яриад “1000 боодол өнжмөл өвс ширхэгийг нь 2,000 төгрөгөөр бодож авъя” гэхэд нь би “2,000 төгрөгөөр ширхэг ч өвс зарахгүй” гэж хэлсэн. Наадмын дараа ******* “надад 2,000,000 төгрөг байна, үрчих гээд байна, чиний данс руу хийе” гэхэд нь өөрийн дансаа өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын эхээр хүмүүс өвс ихээр авч эхэлсэн. Би өвсөө тухайн үед 5,000 төгрөгөөр зарж эхэлсэн. *******д “өвсөө авахгүй юм уу” гэж хэлэхээр залгахад утас нь холбогдохгүй байсан тул хүргэн Баттөмөрт нь “өвсөө ав гэж хэлээрэй” гэж дамжуулаад хэлчихээрэй гэж хэлсэн. ******* 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвсөө авъя гэж ирсэн. Надад бэлэн боодолтой өвс байхгүй байна. Би чамд боож өгнө гэж хэлсэн. Би түлш, хүмүүсийнхээ цалин тооцоолоод 5,000 төгрөгөөр зарна гэж бодож байсан юм. *******д одоо байгаа зах зээлийнх нь үнээр 2,000,000 төгрөгтөө өвс ав гэхэд “би чамаас 1000 боодол өвснөөс нэг ширхэг ч өвс дутуу авахгүй, шүүх, цагдаагаар явна” гэж хэлсэн. Миний хашаанд ******* гэж хүний нэг ширхэг ч өвс байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч ын 5630281839 тоот дансанд өвсний үнэ 2,000,000 төгрөг шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 700 боодол өвс ачиж байгаад орой болсон тул дутуу ачсан өвсөө маргааш өглөө нь ачихаар ороход ирээгүй гэх үйл баримтын талаар хариуцагч маргахгүй байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
7. Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд 1 боодол өвсийг 2,000 төгрөгөөр тооцож, 1000 боодол өвсний үнэд 2,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч нь худалдагдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.
8. Хариуцагч нь өвсийг зөвхөн фондод татсан тээврийн зардал нь 2,000 төгрөг болж байгаа учраас 2,000 төгрөгөөр зарах өвс байхгүй гэдгээ *******д хэлж байсан, түүнтэй 2,000 төгрөгөөр өвс худалдах-худалдан авах талаар гэрээ байгуулаагүй гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан “хариуцагч , ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
9. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт “Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй.” гэжээ.
10. Мөн хуулийн 259 дүгээр зүйлийн 259.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй. Эд хөрөнгийг худалдах тухай нөгөө талдаа долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасан байх ба хэргээс худалдан авагч буюу нэхэмжлэгч өвсийг хүлээж авахгүй удаасан, өвсийг хадгалахтай холбогдсон зардал төлөх эсэх талаар талууд тохиролцсон байдал тогтоогдохгүй байна.
11. Худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлсөн тохиолдолд эд хөрөнгөө хүлээж авах хүртэл худалдагч нь тухайн эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй байна.
12. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.” гэж, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заажээ.
13. 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд өнжмөл өвс нэг боодол нь 10,000 төгрөгийн үнэтэй байсан болох нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2301019 дугаартай “Үнэлгээний тайлан” болон гэрч ийн мэдүүлгээр тогтоогдож байна.
14. Шүүх нэхэмжлэгчийн өвсний үнэд нэхэмжилж буй 10,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэж үнэлсэн болно.
15. Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн гэх 216,415 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж тооцсон байх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлдөг учир хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.
16. Нэхэмжлэгч нь өвс ачилцсан хүмүүсийн ажлын хөлсөнд төлсөн гэх 400,000 төгрөгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч , ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.
17. Иймд хариуцагч аас өвсний үнэ 10,000,000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахад төлсөн 300,000 төгрөг нийт 10,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс ажлын хөлс 400,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 216,415 төгрөг нийт 616,415 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 10,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 616,415 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ