2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1896

 

 

 

 

 

 

 

 

 

2025       08          11                                    2025/ШЦТ/1896

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

            иргэдийн төлөөлөгч Г.Наранмандах,

улсын яллагч С.Энхзул,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Бэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2509000000500 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*********** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

***** овогт Б-ийн Б /регистрийн дугаар: *********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай *********** тоотод амь хохирогч Х.Батой үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар амь хохирогчийн зүүн гуя тус газарт 2 удаа хутгалж, зүүн гуяны дотор хэсэгт шарх гэмтэл учруулж, мөн зүүн гуяны тараагуур судсыг нь бүрэн тасалж, амь хохирогчийг дотор эрхтнүүдийн цус багадалт, цус алдалтын шоконд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бийг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2509000000500 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-13 хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 14-18 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон амь хохирогчийн өмсөж байсан гэх бор шаргал өнгөтэй өмдөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 20-24 хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 59-61 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 34 хуудас/,

Гэрч Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 45-46 хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 48-49/,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 40 хуудас/,

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 53 хуудас/,

Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 56-р хуудас/,

Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 58-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0625/1278 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 143-157 хуудас/,

Шинжээч эмч Д.Дунгаамаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 61 хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0125/1220 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 161-173 хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн

ЕГ0725/5002 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 161-162 хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЕГ0325/2775 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 102-104 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 88-89 хуудас/,

Амь хохирогч Х.Баийн өвчний түүх /1 хх-ийн 211 хуудаснаас 2 хх-ийн 1 хуудас/,

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 12-16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч С.Энхзул: “... Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ********* тоотод амь хохирогч Х.Батой үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар амь хохирогчийн зүүн гуя тус газарт 2 удаа хутгалж, зүүн гуяны дотор хэсэгт шарх гэмтэл учруулж, мөн зүүн гуяны тараагуур судсыг нь бүрэн тасалж, амь хохирогчийг дотор эрхтнүүдийн цус багадалт, цус алдалтын шоконд оруулж алсан болох нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нар: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй ...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь шалгаж, үнэлэхэд:

 

Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ***** тоотод амь хохирогч Х.Батой “… дахиад архи уучихсан юм уу” гэх зүйлээр шалтгалан маргаан үүсгэн маргалдаж, улмаар амь хохирогчийн зүүн гуя тус газарт 2 удаа хутгалж, зүүн гуяны дотор хэсэгт шарх гэмтэл учруулж, мөн зүүн гуяны тараагуур судсыг нь бүрэн тасалж, амь хохирогч дотор эрхтнүүдийн цус багадалт, цус алдалтын шоконд орж нас барсан үйл баримт тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Амь хохирогчийн өмсөж байсан гэх бор шаргал өнгөтэй өмдөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-ийн “... төрсөн дүү Ха-ын Ба нь 1984 оны 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод 3 дахь эрэгтэй хүүхэд болон мэндэлсэн… 2022 онд надтай цуг ажил хийхээ болиод согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр эхнэр Чийн хамт хэрэглэдэг болсон. Тэгээд тэрнээс хойш гар утсаар ярих болгон согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай надтай ярьдаг байсан. Тэгээд 2022 оноос үе үе л надтай уулзах гэж ирдэг байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд 2024 оны 12 сарын дундуур уулзсан. Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Талийгаач нь ямар нэгэн эмнэлгийн хяналтад байдаг талаар мэдэхгүй байна. Талийгаач нь 2022 оноос хойш согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг байсан. Талийгаач нь ямар нэгэн эм тариа хэрэглэдэг талаар сайн мэдэхгүй байна. 2022 оноос хойш согтууруулах ундааны зүйл тасралтгүй хэрэглэсэн. Би сүүлд бага хүү болох Билгүүнтэй үе үе фейсбүүк чатаар холбогдож мэддэг байсан. Тэгэх үедээ ямар нэгэн зодоон цохионы талаар ярьж байгаагүй. Талийгаач нь том хүү болох Б муудалцдаг байсан гэж хүнээс сонссон болохоос өөрийн нүдээр бол хараагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ний “... 2025 оны 03 сарын 29-ний өглөө 07 цагийн орчимд манай аав, ах 2 хоорондоо хэрүүл хийгээд байсан. Хэрүүл нь даамжирсаар бие биеэ хараалын үгсээр харааж байгаад хоорондоо барилцаж зодолдож эхэлсэн. Би очоод салгах гэж байхад ах гал тогооны хоолны хутга аваад ирсэн. Хутга авч ирээд аавтай ноцолдож байхад аавын хөлөөс цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь шууд түргэн тусламж дуудаж аавын хөлийг манай ах тэлээгээр судсыг нь тогтоох гээд боосон. Эмч ирээд үзээд эмнэлэг дээр ирцгээсэн. Тухайн үед нойрмоглож байсан. Дээрээс нь хэрүүл маргаан нэлээн ширүүссэн болохоор би бас хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Тэр үед зууралдаж явж байхад аавын хөлөөс цус гараад эхэлсэн. Манай аавын гуя хэсгээс нь цус гарч байсан ба яг аль хөлөөс нь цус гарч байсан эсэхийг сайн санахгүй байна. Бийн биед учирсан гэмтэл байсан эсэхийг сайн санахгүй байна. Манай ах Бийн хувьд түргэн ууртай. Үл ялих зүйлд ч гэсэн уурлаад уцаарлаад байдаг. Аавын хувьд өмнө нь нэг удаа тал харваж байсан. Зан аашийн хувьд ууртай, уцаатай. Энэ хоёр хоёулаа ууртай уцаартай хүмүүс. Бие биедээ буулт хийдэггүй. Ер нь хэрүүл маргаан тасардаггүй....” гэх мэдүүлэг,

Гэрч М.Б-ийн “...2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ ээлжээ хүлээж аваад үүрэг гүйцэтгэх үеэр 08 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ ирэхэд хүн байхаар нь биеийн байдлыг нь үзэх гээд доошоо 1 давхар дээр бууж үзлэг хийхэд 40 орчим насны согтуу эрэгтэй хүн зүүн гуяны доод 3/1-т боолттой, цус гарсан байдалтай байсан. Үзлэгээ хийх явцад яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай хүн байсан тул шаардлагатай шинжилгээнүүдийг мэс заслын өрөө рүү оруулсан. Мэс засал хийх явцад зүүн гуяны доод хэсэгт нэвт хутгалуулсан шархтай байсан. Шархыг томруулж шалгахад артери, вений судас бүрэн тасарсан байсан. 2 судас нь бүрэн тасарсан байсан тул артерийн судсыг сэргээх хагалгаа хийгдсэн ба вений судсыг сэргээх гэхэд судасны дутмагшил үүссэн байсан тул тус хөлийн өнгөц вений судсыг шилжүүлэх мэс засал эмчилгээ хийх явцад эмчлүүлэгчийн биеийн байдал нь хүндэрсэн тул мэдээгүйжүүлэх болон мэс заслын багтай ярилцаж цус алдалтыг тогтоож вений судсыг дээд, доод төгсөл боож, мэс засал эмчилгээг дуусгасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.А-ийн “...эмчлүүлэгч 13:30 үед манай тасагт гэмтлийн мэс заслын тасгаас хүлээж авсан. Хүлээж авах үед биеийн байдал нь туйлын хүнд их хэмжээний цус алдалтаас шалтгаалсан, даралт болон амин үзүүлэлт хэмжигдэхгүй, эмчлүүлэгчийг хүлээн аваад шингэн сэлбэлт, цус сэлбэлт, зохиомол амьсгалын аппаратаар удирдаж цус сэлбэлтийг өндөр тунгаар дэмжсэн боловч хүүхэн хараа 2 талд дээд зэргээр өргөссөн. Эмчилгээнд даралт өгөхгүй, шокийн байдал гүнзгийрсээр эмчлүүлэгч 20 цаг 11 минутад нас барсан. Сэхээн амьдруулах тусламжийг 15 минут үзүүлсэн ч амьсгал зүрхний үйл ажиллагаа сэргэлгүй, нас баралтыг ар гэрт нь мэдээлж зарласан… Зүүн талын гуянд мэс заслын шархтай гадуураа боолттой байсан. Зүүн чихний омог сэтэрсэн цус шүүрсэн байдалтай...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г-ын “...Би бол талийгаач Баийн эхнэр болох Ч-хийн төрсөн дүү юм. Миний эгч Ч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талийгаач болсон. Миний эгч Ч нь Батой 2001 онд гэр бүл болж байсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Ингээд ээж нь буюу Ч нас барснаас хойш талийгаач Ба нь хоёр хүүгийнхээ хамт амьдарч байсан. Талийгаач Баийн хувьд бол сүүлдээ бол авто засварын газарт өөрийн төрсөн ахын хамт ажиллаж байсан. Гэхдээ архи уугаад ажлаасаа гарсан байдаг. Түүнээс хойш бол ажил хөдөлмөр эрхлээгүй, архи тогтмол уугаад байсан гэж би харж байсан. Хүүхэдтэйгээ буюу Б нартай талийгаач Ба нь таарамжгүй харилцаатай байсан юм байна лээ л дээ. Бие биенээ ойлгохгүй таарамж муутай л байсан юм шиг байна лээ. Талийгаач Чийг нас барснаас хойш талийгаач Баийн зан аашинд өөрчлөлт орсон, бусадтай таарамжгүй болсон. Архи уусан үедээ бол агсам согтуу тавьж, төрсөн эцэг нь учраас ганц нэг удаа алгадаад авах асуудал байх л байх. 20 гаруй жил архи уусан даа. Архи уусан хүнтэй хамт байх ямар хэцүү билээ дээ. Тэр л асуудлыг тодотгож хэлмээр байна. Харин хутга барьж дайрч байсан асуудлаар төрсөн дүү Б нь хэлж байсан. Агсам согтуу тавиад дуудлага болоод л байдаг байсан юм байна лээ. Харин Бийн хувьд бол өөрийгөө бусдад илэрхийлэхдээ тааруухан учраас аавтайгаа таарамжгүй байсан юм байна лээ. Б бол оройгоор 10 дугаар анги төгссөн. Зан аашийн хувьд бол хүнд тусархуу, хүний үгээр, бидэнд бол их л сайн хүүхэд. Хүний үгнээс гардаггүй, ажил төрөл сайн хийдэг тийм л хүүхэд. Төрсөн дүү Б нь 12 дугаар анги төгссөн, төгссөнөөсөө хойш аав ээж хоёр нь архи уугаад байдаг байсан учраас Б ахтайгаа хамт Миний дэлгүүрт жил орчим ажилласан. Одооноос эхлэн БА гэдэг компанид ажиллаж байгаа. Одоо Б гэртээ ганцаараа амьдарч байгаа. Б архи согтууруулах ундаа огт хэрэглэдэг байгаагүй. Би энэ хүүхдүүдийг багад нь хардаг, халамжилдаг байсан. Аав ээж хоёр нь зах дээр зогсдог байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Б-ын “...Амь хохирогч Х.Ба нь миний ээж болох О-лийн төрсөн ах Х гэдэг хүний хүүхэд манай үеэл байгаа юм. Амь хохирогч Х.Ба нь 1984 онд төрсөн. Улаанбаатар хотод төрж өссөн. Сүхбаатар дүүргийн ***-р хороонд эхнэр Ч, 2 хүү болох Б, Б нарын хамт амьдардаг байсан. 2024 оны 9 дүгээр сарын үед эхнэр болох Ч нь нас бараад түүнээс хойш хааяадаа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болчихсон байсан. Өмнө нь ах бид гурав байнга холбоотой Баянбүрдэд радиатор засварын газарт хамт ажилладаг байж байгаад 2024 оны 5 дугаар сарын үеэр тархиндаа тал цус харваад ажил хийхээ больсон. Тэгээд тэр үеэс хойш хааяа хааяа уулздаг болсон. Амь хохирогч Х.Ба нь хааяа даа мөнгө олдохоор архи аваад уучихдаг байсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0625/1278 дугаартай “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн гуяны дотор доод хэсэгт шарх, гуяны тараагуур судасны бүрэн тасрал, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гуяны дотор доод хэсгийн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчид үүссэн зүүн гуяны дотор доод хэсгийн шарх, гуяны тараагуур судасны бүрэн тасрал гэмтэл нь хохирлын хүнд зэрэг, зүүн чихний дэлбэнд үүссэн шарх гэмтэл хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь 2-р бүлгийн цустай байна. Амь хохирогчийн цус, цөс, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна. 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 цаг 30 минутад цогцост үзлэг хийх үед нас бараад 2-3 цаг орчим болсон байжээ. Амь хохирогчид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь зүүн гуяны хутгалагдсан шарх, тараагуур судасны тасралын улмаас цус алдаж дотор эрхтнүүдийн цус багадалт, цус алдалтын шокд орж нас баржээ. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай” гэх шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0125/1220 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн хилэн өмд шинжилгээнд тэнцэнэ. Бор шаргал өнгийн өмдөнд үүссэн 15х14мм, 5х5мм, 5х7мм, 20х5мм хэмжээтэй гэмтлүүд гогодох татах хүчний үйлчлэлээр, эдэлгээний явцад үүссэн гогдолтууд, 12х20мм, ЮОмм, 40x1 Омм, 14мм, 25х40мм, 115х60мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр, эдэлгээний явцад үүссэн урагдалтууд, 45мм хэмжээтэй гэмтэл хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлт байна....” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг агуулга бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Дээрх үйл баримтыг нотлосон баримтуудаар дүгнэвэл Б.Б нь амь хохирогч Х.Баийг хутгаар гэмтээж алах зорилгоор үйлдэлдээ санаатай хандсан, уг үйлдлээ туйлд нь хүргэж гүйцэлдүүлэн хүний амь насыг хохироосон байна.           

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь тухайн цаг хугацаанд үүссэн “архи уулаа” гэх таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутга авч 2 удаа амь хохирогчийн биед халдсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүний амьд явах эрхэд зориудаар халджээ.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Наранмандах нь шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Х.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж хавтаст хэрэгт бэхжүүлж хохирол баримтаар нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулах тухай...” агуулга бүхий дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нар: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай...” агуулга бүхий тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэв.

 

            Шүүгдэгч Б.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй, хохирол  нэхэмжлээгүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Бийг тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж, тусгай хорих байгууллагад байлгах нь түүний хийсэн үйлдэл, хэрэг явдал, тэдгээрээс үүсэх үр дагаврыг өөрийн биеэр хариуцах буюу шударга ёсны зарчимд тохирно гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан болон яллагдагчаар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 134 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад  зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн иштэй GOODA гэх бичиглэл бүхий хутга 2 ширхэг, хар хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт Баийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн иштэй GOODA гэх бичиглэл бүхий хутга 2 ширхэг, хар хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ОТГОНБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧ                                                        М.ОЧБАДРАХ