| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2022/00228/и |
| Дугаар | 147/шш2023/00163 |
| Огноо | 2023-04-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 147/шш2023/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р баг, ******* тоот хаягт оршин суух, эмэгтэй, утасны дугаар:*******, Зээрднүүд овогт *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэцагаан сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Энхцэцэг
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэг, эрхлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ******* холбогдуулан Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 2002 оны 11 сараас эхлэн Эрдэнэцагаан сумын туслах багшаар ажилласан. Ажиллах хугацаандаа мэргэжлээ дээшлүүлж, сургуульд сурч, 2014 онд Дорнод дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн. 2014 оны 11 сард шалгалтад орж, багшлах эрхээ авч, мөн оноос бүлгийн багшаар томилогдон ажилласан. 2019-2022 онд магистрт сурч төгссөн. Заах арга зүйч зэрэгтэй, СӨБ-ийн мэргэжил дээшлүүлэх, үндсэн сургалтдаа 5 жил тутамдаа хамрагдсан, байгууллагын болон салбарын олон шагналаар шагнагдаж байсан дадлага туршлагатай багш юм. Энэ байгууллагатаа 21 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Байгууллагын шилдэг ажилтан, бүтээлч багшаар удаа дараа шалгарч байсан тэргүүний ажилтан юм. ******* нь 2021 оны 12 сард манай цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ирсэн. Анх ажлаа авахдаа л нэр бүхий хүнийг ажлаас нь хална, байгууллагатаа цэвэрлэгээ хийнэ, өөрийн багаа бүрдүүлнэ гэж ярьж байсан. Энэ 4 хүний нэг нь би юм. Ажил авсан цагаасаа хойш миний хийсэн бүхнийг үгүйсгэж, ажлын үзүүлэлтийг доош дарж, тэмцээний шагналаас хасаж, элдэв янзын шалтгаанаар өө хайж, гоочлох болсон.
2022 оны 12 сарын 30-ны өдрийн тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 2022 оны 12 сарын 14-ний өдөр 16.30 цагийн үед хүүхдүүд тарчихсан байсан учраас гарч хоол идчихээд ажил дээрээ ирсэн. Эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй ангиа чимэх байсан боловч хүн ирээгүй байсан тул маргааш чимье гэж бодоод гарах гэж байтал арга зүйч ******* орж ирээд ажлын цагаар хаагуур явсан юм бэ? Архи ууж ирлээ гээд загнасан. Би архи уугаагүй, хоол идчихээд ирлээ гэж хэлсэн. Би архи уусан үгүйгээ цагдаагаар шалгуулъя гэсэн шаардлага тавьсан боловч ******* нь хүлээж аваагүй. Үүнээс болж багахан маргалдсан. Гэтэл намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгаж тогтоогоогүй байж, архи ууж, ажлын байранд согтуу ирж, агсарч ёс бус авирласан, арга зүйч *******г хэл амаар доромжилсон гэж үзэж ажлаас халах шийдвэр гаргаж миний эрх ашгийг хохироосон.
Иймд Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэг, эрхлэгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүүхдийн унтлагын цагаар зөвшөөрөлгүй гарч явж, согтуу ирж, шаардлага тавьсан арга зүйч багшийг эсэргүүцэж, үг хэлээр доромжилж, гүтгэж улмаар агсарч, үүдний текний тавцан болон багш , арга зүйч ******* нарыг цохиж танхайрсан. Тухайн үед цагдаа дуудахад утас нь холбогдохгүй байсан. Гэр бүлийн хүнийх нь дугаар руу залгахад дуудлагаар явсан, эзгүй байсан. Цагдаа дуудна гэхэд та нар миний мууг үзэх нь үү гээд явсан байдаг. 2022 оны 12 сарын 08-ны өдөр сумын Засаг дарга болон ажлын хэсэг тус байгууллагад ажиллахад ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг өөрт нь анхааруулж, хэлсэн. Багш нь сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан нь илт нотлогдсон, архи ууж агсарсан нь миний буруу олон жил ажиллачихаад архинаас болж ажлаас халагдаж байгаад харамсаж байна гэдгээ хэлдэг ч, энэ үйлдэлдээ бусдыг буруутгаж, өөрийн хардсан сэрдсэн бодлоо үнэн болгох гэж гүтгэх, уриалах зэрэг үйлдлийг хийж байна. Мөн дүрэм журам зөрчиж, хандив тусламжаар авсан тоног төхөөрөмж, төгссөн шавь нарын өгсөн эд, зүйлийг ачиж явсан.
Өөрөө их мундаг гавъяа шагнал авсан тухай хэлж байна. Тийм байсан бол 10-аад жилийн хугацаанд 14 цэцэрлэгийн 14-т эрэмбэлэгдэж байгаа нь олон жил ажилласан багш нарын үйл ажиллагаатай холбоотой. Ажилдаа өөрчлөлт, шинэчлэлт, гаргадаггүй, олон жил ажилласан нэрээр залуу багш нар, удирдлагаа дарамталж, цалин л авч байвал болно гэсэн хандлагатай. Хэд хэдэн удаа ажлын байранд архи уулгахгүй гэхээр гадаа машиндаа уучихаад орж ирдэг зөрчлүүд нилээдгүй гаргаж байсан. 12 сарын 08-ны өдрийн архи уусныг ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулж, анхааруулж хэлсэн. Багш нар хүүхэд орхиж гарах ёсгүй, гэтэл өчнөөн цаг орхиж, явж ирэхдээ архи ууж ирсэн, гарахдаа чөлөө, зөвшөөрөл аваагүй. Тухайн үед туслах багшдаа үсээ будуулчихаад ирье гэж хэлээд гарсан байдаг. 14-17 цагийн хооронд би болон арга зүйч анги руу нь ороход ангидаа байхгүй байсан.Үл мэдэгдэх байдлаар хэд хэдэн удаа архи ууж байсан. Багшийг сайн дэмждэг байсан, магистраа хамгаалаад ирэхэд нь цалинтай чөлөө олгож, ур чадварын нэмэгдэл өгч, тохижилтын уралдаанд тэргүүн байр эзэлж, цалингийн хувиар шагнуулсан. Тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/50 тоот “ажлаас халах тухай” тушаал, дипломын хуулбарууд, багшлах эрхийн гэрчилгээний хуулбар, батламж, өргөмжлөлүүд, *******ийн намтар, Сүхбаатар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 08 тоот албан бичиг, Сүхбаатар аймаг дахь Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны зөвлөмжийг нотлох баримтаар ирүүлсэн,
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/50 тоот “ажлаас халах тухай” тушаал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 22 тоот “бүлгийн багшийн ажилд томилсон тухай” тушаал, сиди, флаш, жижүүрийн дэвтрийн хуулбар, багш , жижүүр ын нарын тодорхойлолт, багш нарын тайлбар, 2022 оны 12 сарын 30-ны өдрийн мэдэгдэл, фото зураг,
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, 2022 оны цалингийн картын хуулбар, багшийн албан тушаалын тодорхойлолт, жижүүр багшийн тэмдэглэл, дэвтэрүүдийг тус тус гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.
2.1. Миний бие 2022 оны 12 сарын 14-ний өдөр 16.00-16.30 минутын хооронд хүүхдүүд тарсан хойгуур гадагш гараад, орж ирсэн. Үүдэнд аргазүйч багш Э.Сарантуяа таараад ажлын цагаар гадагш гарч, согтуу ирлээ гэж надтай зүй бусаар харьцсан. Би тухайн өдөр архи уугаагүй. Даралт ихсээд бие эвгүй байсан. Намайг согтуу гэдгийг шалгаж, тогтоогоогүй байж, согтуу байсан, ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой гэж,
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн өдөр ажлын цагаар гарч, согтуу ирсэн болох нь аргазүйч багшийн утсаараа хийсэн бичлэгийг хуулсан сиди, флаш, тухайн өдрийн жижүүрийн мэдээлэл, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж маргасан.
3. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг гардан аваад 1 сарын дотор Сүхбаатар аймаг дахь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус хорооноос 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмжөөр, талууд эвлэрэх хүсэлгүй байгааг дурдаад, шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөсний дагуу шүүхэд 2023 оны 1 сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн /цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/ 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *******ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийн бүлгийн багшаар 2014 оны 8 сарын 18-ны өдрөөс эхлэн томилсон байх ба мөн эрхлэгчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.
6. Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалд ажлын цагаар архи ууж, холбогдох хууль, журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн, ажлаас чөлөөлжээ.
7. 2023 оны 01 сарын 14-ний өдөр шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.1-д “..ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон, ууж согтуурсан, ажилдаа согтуугаар ирсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах санаачлагыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан “ажлын байранд согтуу ирсэн” ноцтой зөрчил гаргасан гэж үзээд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байна.
8. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг согтуу байсан гэж гэрчээр арга зүйч *******, багш , жижүүр нар нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн, мөн тухайн өдрийн жижүүрийн рапортад “бүлгийн багш ******* нь ажлын байранд халамцуу ирсэн” гэж бичигдсэн дэвтрийн хуулбар, мөн арга зүйч багшийн өөрийн гар утсаар баримтжуулж авсан видео бичлэгийг сиди болон флашинд хуулбарлаж ирүүлсэн дүрс бичлэгүүд авагдсан боловч согтуу болох нь эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх үнэлэх боломжгүй байна.
9. Учир нь тухайн хүний согтуурлын зэргийг хууль болон журмаар заасан арга хэрэгслээр нотолж ирүүлээгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоогоогүй, цусны болон шээсний шинжилгээгээр согтуурлын зэргийг шалгаж тогтоосон баримт байхгүй байна. Уг сидинд бичигдсэн дүрсний он, сар, өдөр байхгүй, хувь хүний гар утсаар бичлэг хийсэн баримт болон бусад нотлох баримтыг үндэслэн “согтуу” гэж шүүх тогтоох, үнэлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэний баталсан, ямар журмын дагуу ажилчдын согтуурлын зэргийг хэн шалгах, ямар багаж, тоног төхөөрөмж ашиглах журам тухайн байгууллагад байхгүй байгаа тохиолдолд холбогдох хууль болон журмын дагуу ажилтныг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгуулж, тогтоох нь хуульд нийцнэ
10. Хавтаст хэргийн 39-56-р хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд тул шүүх үнэлээгүй болно.
11. Иймд нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нотлогдож, тогтоогдохгүй байна гэж, үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилтны 2022 оны 01 сарын 01-ээс 12 сарын 31-ийг дуусталх хугацааны цалин нийт 17.195.456 төгрөг ба дунджаар нэг сард 1.432.955 төгрөгийн цалин хөлс түүнийг тухайн саруудын дундаж ажлын 21,5 хоногт хуваахад ажлын нэг өдрийн цалин 66.649 төгрөг байна.
13. Тэгэхээр нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан хийсэн өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй 85 хоног, ажлын нэг өдрийн цалин 66.649 төгрөг, нийт 5.665.169,58 төгрөг олгогдохоор байна.
14. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.7-д “..ажил олгогч, ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч *******ийн 2022 оны 1 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 4 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллага хуульд заасны дагуу төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ажилд эгүүлэн тогтоолгох тухай, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5.665.169,58 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 69.843 төгрөг, нийт 140.043 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэцагаан сумын *******ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.665.169,58 /таван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан *******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг /эрхлэгч *******/-т үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41.1.5-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын улсын тэмдэгтийн хураамжид 140.043 /нэг зуун дөчин мянга дөчин гурав/ төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогот оруулж, нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА