Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 147/шш2023/00170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

             Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт оршин суух,  1968 онд төрсөн, эрэгтэй, утасны дугаар:, *******

                                                           

              Хариуцагч: ******* холбогдох

 

              Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 11, 12-р сар, 2022 оны 01-07-р сар хүртэлх ажилласан хугацааны 9 сарын цалин 9.000.000 төгрөг, нэр бүхий 3 ажилчны цалинг хувиасаа олгосон 1.500.000 төгрөг, 5 жилийн тээврийн хэрэгслийн хорогдол сар бүрийн 100,000 төгрөг буюу 6.000.000 төгрөг, ээлжийн амралтын цалин 6.818.180 төгрөг, нийт 23.318.180 төгрөг, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч: ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

            Хариуцагчийн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,    

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2021 оны 11, 12-р сар, 2022 оны 01-07-р сар хүртэлх 9 сарын ажилласан хугацааны цалин 9.000.000 төгрөг, нэр бүхий 3 ажилчны цалинг хувиасаа олгосон 1.500.000 төгрөг, 5 жил хувийн тээврийн хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн тул элэгдэл, хорогдлыг сар бүрийн 100,000 төгрөгөөр тооцож, 6.000.000 төгрөг, ээлжийн амралтын 6.818.180 төгрөг, нийт 23.318.180 төгрөг, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах “ Агро” ХХК-ийн ******* амралтын газарт гүйцэтгэх захирлын албан тушаалд 2018 оны 2 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажил үүрэг гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн хуулинд заагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн контракт гэрээ, ажилд авах тушаал зэрэг ямар ч хөдөлмөрийн харилцаа үүсгэж байгаа баримт бичиг үйлдэгдээгүй, ураг төрлийн холбоотой учир итгэлцэл дээр тулгуурлан, хамтран ажиллаж эхэлсэн. Уг компани болон амралтын газрын үйл ажиллагааг анх шав тавьж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл бүхий л үйл ажиллагааг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч шууд удирдлага доор зохион байгуулж, ажиллаж байсан. Энэ хугацаанд өдөр бүр өглөө 7.00 цагаас шөнийн 24.00 цаг хүртэл ажиллаж, бямба, ням гаригуудад амарч байгаагүй, мөн ээлжийн амралт эдэлж байгаагүй. Гүйцэтгэх захирал нэртэй ч нярав, жолооч, сантехникч, зохион байгуулагч, цахилгаанчин, ачигч, зөөгч, цэцэрлэгч, манаач зэрэг ажлуудыг давхар хийж байсан. Жил бүр шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор хамт олноороо Улаанбаатар хот явах үед болон цагаан сараар, мөн хорио цээрийн дэглэм эхэлсэн ч давхар манаачаар ажиллаж байсан. Энэ бүхэндээ нэмэгдэл урамшуулал авч байгаагүй.

            2022 оны 07 сарын сүүлийн өдрүүдэд үл ойлголцол, ажлын байрны дарамт, гадуурхалд өртөж байсан учир 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс ажлын байрыг орхиж явсан. Ажлаас халагдсан тушаалаа авч ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах гэтэл тушаал гаргаж өгөхгүй 30 хоносон. Мэргэжлийн хяналтын зүгээс “ажил эхлэхдээ компанитай гэрээ хийгээгүй учир харьяаллын дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гарсан.

            Харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргахын өмнө Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2022 оны 12 сарын 21-ний өдөр тус хорооны шийдвэр гарсан бөгөөд тус шийдвэртээ “ Агро” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, 43 дугаар зүйлийн 43.2.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь заалтуудыг зөрчсөн байгаа нь тогтоогдсон. 2021 оны 11, 12 сар болон 2022 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл цалин олгоогүй болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч цалинг маань өнөөдрийг хүртэл олгоогүй тул дараах үндэслэлүүдээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            1. 2022 оны 12 сарын 21-ний өдрийн “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр”- ийн дагуу 2021 оны 11, 12 сар, 2022 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар буюу нийт 9 сарын цалин болох 9.000.000 /есөн сая/ төгрөг,

            2. 2018-2022 оны хооронд 5 жил тус байгууллагад ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ээлжийн амралтын мөнгө авч байгаагүй бөгөөд ээлжийн амралтын мөнгө авч байгаагүй гэдгийг тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Сүрэнбаатар овогтой нотолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ээлжийн амралтын мөнгө болох 6,818,180(5x1,363,636) /зургаан сая найман зуун арван найман мянга нэг зуун ная/ төгрөг,

            3. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг өгөхгүй болохоор нь би эхнэрээсээ 1.500.000 төгрөг авч ,, нарын 3 хүнд тус бүр 500.000 төгрөг өгч цагаан сарыг нь тэмдэглүүлж байсан. *******ыг ажиллаж эхлэхээр нь энэ мөнгөө авъя гэж хэлсэн боловч өгөөгүй. Иймд дээрхи хүмүүст хувиасаа өгсөн 1.500.000  төгрөг,

            4. Би 5 жилийн турш хувийнхаа машинаар *******ын тээврийн үйлчилгээг хийж, ээлжийн ажилчдыг өглөө бүр гэрээс нь авч, өдөр хүргэх, авах шөнийн 23.00 цагт буцааж, хүргэж өгөх, мөн бусад хугацаанд дэлгүүрээс хүнс татах, төр хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцах, бусад үйлчилгээ зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд зогсолтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд машин олон удаа эвдэрч засвар хийлгэсэн. Бүх эвдрэл гэмтлийг хувийнхаа мөнгөөр засуулдаг байсан. Тээврийн хэрэгслийг байгууллагын хэрэгцээнд байнга ашиглаж, элэгдэл, хорогдолд орж байсныг тухайн үед хамт ажиллаж байсан нягтлан бодогч С., ресепшин нар нотолно. Миний тээврийн хэрэгслийг байгууллагын үйл ажиллагаанд ашиглахдаа нэг ч удаа төлбөр өгч байгаагүй. Ажлаас гарсны дараа тээврийн хэрэгсэлдээ бүрэн засвар үйлчилгээ хийлгэхэд зургаан сая төгрөгийн засвар үйлчилгээ орсон. Миний дараа ажилд орсон хүний тээврийн хэрэгслийг байгууллагын үйл ажиллагаанд ашиглахдаа сар бүр 166,666 төгрөгийн элэгдэл хорогдол тооцож олгож байгаа гэж байсан. Миний тээврийн хэрэгслийг байгууллагын хэрэгцээнд 5 жил ашиглахдаа огт элэгдэл хорогдол тооцож байгаагүй байж дараагийн ажилд орсон хүнд ингэж элэгдэл хорогдол тооцож олгож байгаа нь Монгол улсын үндсэн хууль болоод Хөдөлмөрийн тухай хуулийн суурь зарчимд заасан ялгаварлан гадуурхалт гэж үзэж байна. Миний зүгээс өөрийн тээврийн хэрэгслийг сар бүрийн 100,000 төгрөгийн элэгдэл хорогдол үүссэн гэж үзэн 5 жилийн нийт 6.000.000  төгрөгийг тус тус нэхэмжилж байна. 2018-2022 онд уг автомашинд хийлгэсэн засвар, үйлчилгээний зарлагын баримт, мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг хавсаргасан байгаа.

            Мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргуулж өгнө үү.

            Дээрх үйлдлүүд нь Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон ажил хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, амрах, цалин авах зэрэг эрх, мөн Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.3, 42.1.4, 42.1.5, 43 зүйлийн 43.2.1,43.2.2, 43.2.4, .48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, 54 дүгээр 54.1.3, 54.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дах заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа гэв.

             2. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сандагдорж овогтой нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг байрлах ХХК-ийн ******* амралтын газарт гүйцэтгэх захирлын албан тушаалд 2018 оны 02 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын 1 -ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй ажил үүрэг гүйцэтгэж байсан. Анх тус амралтын газрын үйл ажиллагааг эхлүүлэхээр болж байгаа та үүнийг хариуцаад ажиллуулаад яваад өгөөч гэсэн саналын үндсэн дээр хамтран ажиллаж эхэлсэн" гэж дурдсан байдаг ба энэ нь ажил олгогч болон ажилтан нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө ажил олгогч танилцуулсан, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байдаг. Мөн нэхэмжлэлд “Уг компани болон амралтын газрын үйл ажиллагааг анх шав тавьж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл бүхий л үйл ажиллагааг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч шууд удирдлага доор зохион байгуулж, ажиллаж байсан” гэсэн хэдий ч Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь ажлаа сайн дураараа орхин явах хүртэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг өөрөө удирдан зохион байгуулсаар ирсэн.

2.1. ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажилласан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс авах хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 14-нд гаргасан ба уг маргаанд ******* нь зөвхөн ажилласан хугацааны буюу 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 7 дугаар дуусталх буюу ний 9 сарын цалин хөдөлмөрийн хөлсийг гаргуулахаар маргадаг ба Уг хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрт “Ажилтанд ... ажилласан хугацааны цалин хөлсийг олгох,...” гэж заасан байдаг ба уг шийдвэрт шийдвэрийн биелүүлэх аливаа хугацааны талаар огт дурдаагүй байдаг. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дах хэсэгт шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байдаг ба тус компанийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрсөн аливаа үйлдлийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлээгүй болно. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9 дэх хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг тул компани Баруун-Урт сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг биелүүлнэ. ******* нь шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Компанийн удирдлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар харилцаа холбооны ямар нэгэн хэлбэрээр болон биеэр ирж санал солилцоогүй, шаардлага хүргүүлээгүй болно. Иймд ажилласан хугацааны цалинд нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

2.2. ******* нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт “2018-2022 оны хооронд 5 жил тус байгуулагад ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ээлжийн амралтын мөнгө авч байгаагүй...” гэж ээлжийн амралтын мөнгө 6,818,180 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Гэвч ******* нь ажлаа сайн дураараа орхин явах хүртэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг өөрөө удиран зохион байгуулсаар ирсэн. Мөн Монгол улсын Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 “..., гүйцэтгэх захирал, ... компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад ... шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, 84.4 “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь дараах үүрэгтэй”, 84.4.1 “хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх” гэж тус тус заасан. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд огт оролцдоггүй бөгөөд ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралтын хуваарийн тушаалыг гаргадаггүй болно. Иймд ******* нь ажиллаж байх хугацааны компанийн бүхий л өдөр тутмын тушаал, шийдвэрийг өөрийн биеэр гаргаж ажиллаж байсан ба дээрх хугацааны Ээлжийн амралт эдлэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа тул тус шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

2.3. ******* нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт “ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг өгөхгүй болохоор нь би эхнэрээсээ 1.500.000 төгрөг авч ,, нарын 3 хүнд тус бүр 500 000 төгрөг өгсөн гэх үндэслэлээр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг” нэхэмжилсэнийг төлөхийг зөвшөөрч байна.

2.4. ******* нэхэмжлэлийн 4 дэх хэсэгт “Би 5 жилийн турш хувийнхаа машинаар *******ын тээврийн үйлчилгээг хийсэн. Миний тээврийн хэрэгсэлийг байгууллагын үйл ажиллагаанд ашиглахдаа нэг ч удаа элэгдэл хорогдол гэж төлбөр өгч байгаагүй. Миний дараа ажилд орсон хүний тээврийн хэрэгслийг байгууллагын үйл ажиллагаанд ашиглахдаа сар бүр 166.666 төгрөгийн хорогдол тооцож олгож байгаа гэж байсан. Иймд 5 жилийн хугацаанд хувийн машинаа компанийн ажилд хэрэглэсний төлбөрт 1 сарын 100.000 төгрөгөөр тооцож, нийт 6,000,000 төгрөг гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. ******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн саналыг хүлээн авч Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг өөрөө удиран зохион байгуулж ирсэн байдаг ба энэ хугацаад өөрийн удирдлагад ажиллах ажилчдыг болон ажлын байрны сул орон тоог нөхөж, ажилтан авч ажиллуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Одоо Компани нь хувьдаа унаатай хүнийг жолооч ажлын байранд жолоочоор томилон ажиллуулж байна. Харин Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилон ажиллуулаагүй бөгөөд хувийн унааг нь байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа тул элэгдэл хорогдлыг тооцож, олгож байгаа болно. Иймд уг шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, татгалзаж байна.

2.5. Иймд Баруун-Урт сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрт “Ажилтанд ... ажилласан хугацааны цалин хөлсийг олгох, ...” гэж заасны дагуу ******* цалин болох нийт 9 сарын цалин 9,000,000 төгрөг, дээр дурдсан нэр бүхий 3 ажилтны цалин 1,500,000 төгрөгийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрнө. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

            3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 134.950 төгрөг төлсөн баримт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 287 тоот албан бичиг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр, Хаан банкны дансны хуулга, Бат хүлэг авто засварын зарлагын баримтуудыг,

            4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбарыг тус тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

 5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр С., нарыг асуусан байна.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.

2.1. Үүнд: 2021 оны 11, 12-р сар, 2022 оны 01-07-р сар хүртэлх 9 сарын ажилласан хугацааны цалин 9.000.000 төгрөг, нэр бүхий 3 ажилчны цалинг хувиасаа олгосон 1.500.000 төгрөг,   5 жилийн хугацаанд өөрийн тээврийн хэрэгслийг компаны ажилд ашигласны төлбөрт сар бүрийн 100,000 төгрөгөөр элдэгдэл, хорогдлыг тооцож, 5 жилийн 6.000.000 төгрөг, ээлжийн амралтыг биеэр эдэлж байгаагүй тул 1 жилийн ээлжийн амралтын олговорт 1.362.360 төгрөгөөр тооцож, 5 жилийн 6.818.180 төгрөг, нийт 23.318.180 төгрөгийг гаргуулна, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргуулна гэж,

2.2. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн 9.000.000 төгрөг, нэр бүхий 3 ажилчны цалинд олгосон 1.500.000 төгрөг буюу нийт 10.500.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч ******* нь ХХК-ийн ******* амралтын газрын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, 2022 оны 8 сарын 1-ний өдрөөс ажлын байраа орхиж, явсан. Түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг ХХК гаргаж өгөөгүй байна.

5. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймаг дахь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооноос 2022 оны 12 дугаар сарын 21ий өдрийн шийдвэрээр ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөнийг дурдаж, ажил олгогчоос ажилласан хугацааны цалин хөлсийг олгох, ажлаас халагдсан тушаалыг нөхөн гаргуулхаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь ХХК Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж 2023 оны 1 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн /цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/ 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч ******* нь ХХК-ийн ******* амралтын газрын гүйцэтгэх захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, амаар тохиролцож, 2018 оны 02 сарын 01-ээс 2022 оны 7 сарын 31ий өдрийг дуустал ажилласан нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т: “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж, эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж шүүх үзнэ.

 

7. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 7 сарын сүүлээр ажлын байран дээр үл ойлголцол үүссэний улмаас цаашид ажиллах боломжгүй болохоо даргад мэдэгдэж, ажлаас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, өгөөгүй тул 2022 оны 8 сарын 1-ний өдрөөс ажлын байраа орхисон гэсэн нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлсэн гэж үзнэ.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно” гэжээ. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг тохиролцоогүй тул ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 7 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т: “ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно.” гэж зааснаар ажил олгогч ХХК-нь нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг бичгээр гаргаж өгөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч ******* ******* амралтын газрын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-т: “ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно.” гэж заасны дагуу  нэхэмжлэгч 2021 оны 11, 12-р сар, 2022 оны 01-07-р сар хүртэлх 9 сарын  ажилласан хугацааны цалин нийт 9.000.000 төгрөгийг шаардах эрхтэй.

11. Нэхэмжлэгчийн  шаардсан ажилласан хугацааны цалингийн 9.000.000 төгрөг, нэр бүхий 3 ажилчны цалинг хувиасаа олгосон 1.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагийн зөвшөөрлийг баталж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Нэхэмжлэгчийн 5 жилийн хугацаанд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл, 42-43 УНИ улсын дугаартай суудлын автомашиныг ******* амралтын газрын ажилчдыг өглөө, орой тээвэрлэсэн, амралтын газрын хүнс цуглуулах болон бусад үйл ажиллагаанд ашигласны төлбөрт сар бүрийн 100,000 төгрөгөөр тооцож, 5 жилийн 6.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд тус машиныг компанийн үйл ажиллагаанд ашигладаг байсан үйл баримтын тухайд хариуцагч маргаагүй. Харин төлбөр төлөх талаар тохиролцоогүй тул төлөхгүй гэж маргасан.

13. Тус амралтын газар нь аймгийн төвөөс зүүн тийш 3 км-т байрладаг ба тус амралтын газарт автомашин байхгүй, ажилчдыг нэхэмжлэгчийн машинаар тээвэрлэдэг байсан болох нь гэрч С., нарын мэдүүлэг болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “..ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө” гэж заасан.

15. Иймд нэхэмжлэгч ******* хувийн машинаа ашигласны нөхөн төлбөрт нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч ******* Хаан банкны 5013019148 дугаарын данснаас дээрх хугацаанд Батхүлэг авто засварын газраар автомашинаа засварлуулсаны төлбөрт шилжүүлсэн болон сэлбэг хэрэгсэл худалдан авсаны төлбөрт шилжүүлсэн нийт 2.110.700 төгрөг нь нэхэмжлэгчийн дансны хуулга, Батхүлэг авто засварын газрын зарлагын баримтаар давхар нотлогдож байх тул 2.110.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн 3.889.300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

16. Нэхэмжлэгч тус компанид ажилд орсон 2018 оны 02-р сарын 01-ээс 2022 оны 7 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны буюу 5 жилийн хугацаанд ээлжийн амралт биечлэн эдлээгүй тул ээлжийн амралтын цалин 1 жилийн 1.362.360 төгрөгөөр тооцож, 5 жилийн 6.818.180 төгрөг гаргуулахаар шаардсан.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т: “..ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцож олгоно.” гэж заасан.

18. Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс тус компанид анх ажилд орсон ба 2019 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг ажлын нэг жилээр тооцож, дараагийн ээлжийн амралтыг 2020 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх ажлын жилийн хугацаанд гэх мэтчилэн тооцоход 4 удаа ээлжийн амралт эдлэхээр байсан байна.

19. Нэхэмжлэгчийн хувьд ээлжийн амралтаа тухайн жилдээ биечлэн эдлэх буюу биечлэн эдлэхгүй бол 1,5 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор олгохоор хуулинд зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч тухайн жилийн ээлжийн амралтаа эдлээгүй тухай гомдлоо эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын дотор шүүхэд гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2.2-т зааснаар зохицуулсан тул 2018, 2019, 2020 оны ээлжийн амралт эдлээгүй буюу ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх дүгнэлээ.

20. Харин нэхэмжлэгчийн 2021 оны 02 сараас 2022 оны 07 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ээлжийн амралтын тооцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт “ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын 3.4ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодож тооцохоор журамласны дагуу дараах байдлаар тооцов.

 2021 оны 02 сараас 2022 оны 01 сарыг дуусталх хугацааны цалин нийт 10.148.471 төгрөгийг тухайн саруудын ажлын өдрийн тоо 261 хоногт хуваахад ээлжийн амралтын 1 өдрийн цалин 38,883х15өдөр =583,245 төгрөг,

2022 оны 02 сараас 07 сарыг дуусталх хугацааны цалин 982,667х6=5.896.002 төгрөгийг тухайн саруудын ажлын өдөр 129-т хуваахад 1 өдрийн цалин 45,705х15=685.590 төгрөг байна. 

21. Иймд 2021 оны 02 сараас 2022 оны 07 сарын 31-ний өдрийн  ээлжийн амралтын цалинд нийт 1.268.835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн ээлжийн амралтын цалингийн шаардлага 6.818.180 төгрөгийн 5.549.345 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

22. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн нийт 23.318.180 төгрөг гаргуулах шаардлагын 13.879.535 төгрөгийн шаардлагыг хангаж, 9.438.645 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тушаал нөхөн гаргуулах шаардлагыг тус тус хангаж, шийдвэрлэв.

23. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 134.950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХК-аас 13.879.535 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 227.348 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* шаардсан ажилласан хугацааны цалин 9.000.000 төгрөг, нэр бүхий 3 ажилчны цалинг хувиасаа олгосон 1.500.000 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2, 110.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас ээлжийн амралтын цалинд 1.268.835 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, ээлжийн амралтын цалин 6.818.180 төгрөгийн шаардлагын 5.549.345 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасныг баримтлан хариуцагч Жавхлан ХХК-аас нэхэмжлэгч ******* хувийн машинаа ашигласны нөхөн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах шаардлагаас 2.110.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн 3.889.300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т заасныг баримтлан хариуцагч ХХК /захирал / -д нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөн гаргаж өгөхийг даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 227.348 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

             7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БОЛОРМАА