Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00723

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00723

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З

Хариуцагч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

 Нэхэмжлэлийг 2023 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Б.Бд холбогдуулан урьдчилгаанд төлсөн 2 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Миний бие анх О гэдэг залуугаар гадна фасадны ажил хийхээр тохиролцож ажлаа хийлгэж байтал улаан хавтангүй болсон. Гэтэл тэр хавтанг Б.Б өөрийнхөө ажилд хэрэглээд долоо хоногийн дараа авч ирнэ гэсэн байсан. Тэр үед хил хаагдсан байсан. Тэгээд өөрсдөө Монголд байгаа хавтан авахаар болсон чинь гэнэт Б.Б гарч ирээд урдаас хоёуланг нь захиалаач 10 хоногийн дотор ирнэ гэсэн. Би улаан, хар өнгийн хавтанг 8 700 000 төгрөг орчмын 74 ширхэг хавтанг захихаар болсон. Тэгээд хавтан хоёр хоногийн дараа ирнэ надад урьдчилгаа мөнгө өг гэхэд нь 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш сар гаран алга болсны дараа н.Т-ын захиалгатай нийлснээс болоод н.Т үлдэгдэл мөнгөө төлөхгүй байгаа болохоор нааш нь гаргахаа больсон гэсэн. Би урьдчилаад чиний материалыг захиалсан байсан, дараа нь захиалга өгсөн н.Т хавтантай нийлээд нэг дугаартай болсон, н.Т мөнгө төлж байж миний хавтан гарч ирнэ гэж тайлбарлаад байгаа. Би н.Т******* холбогдоход н.М гэдэг хүнээс урьдчилгаа 1 000 000 төгрөг, Б.Б-аас урьдчилгаа 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөг орж ирсэн гэж хэлсэн. Гэтэл Б.Б н.Т-аас 1 000 000 төгрөг, н.Мс 1 000 000 төгрөг, надаас 2 000 000 төгрөг нийт 4 000 000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлж хавтан захиалсан гэж хэлээд байгаа. Эргээд хариуцлага хүлээх болохоор би хариуцлага хүлээх шаардлагагүй гээд байгааг зөвшөөрөхгүй. Тухайн үед 2 000 000 төгрөгийг Г.Б-ийн данснаас шилжүүлсэн тул нэхэмжлэлийг гаргасан. Энэ хүний хэлээд байгаа тэр 2 хүн надад хамааралгүй бөгөөд өөрөө хариуцлага алдаж одоог хүртэл хавтанг хүлээлгэж өгөөгүй тул мөнгөө гаргуулна. Тухайн үед мөнгөө гүйцэд төлөөгүй гэж ерөөсөө яриагүй хэрнээ одоо ийм тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Ажиллаж байсан барилгын талбайгаас нь юу ч аваагүй. Би дэлгүүрт байсан хавтанг түрүүлээд мөнгөө өгөөд авсан. н.Т-ын хавтантай нийлээд захиалга хийгдсэн Т-тай холбогдож өөрөө мэдсэн байсан. Миний хувьд эрээн хотод амьдардаг өвөрмонгол хүн болох Т-г гуйгаад үйлдвэрээс нь эрээн дээр хавтанг авч ирэх үүрэгтэй байсан. Би ямар нэгэн ашиг хараагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьсан н.Т-тай холбож өгөхгүй байсан зүйл болоогүй. н.Т танил талаараа цаад үйлдвэрээс барааг эрээн дээр авч ирсэн байхад үлдэгдэл төлбөрөө өгөөд бараагаа аваагүй. Т-ын бараатай нийлсэн байсныг Т Д.З-д хэлсэн байсан, Д.З өөрөө ч хэлж байсан танил талаар бараа салгах гэж үзье гэж. Угаасаа салгах боломжгүй мөнгөө төлөөд авчих гэдэг зүйлийг ярьсан. Д.З баахан хүнээс 3, 4 сая төгрөг авсан байсан гэж хэлж байна, М, Д.З, Т гээд 3 хүний асуудал. М нь нэг ч юань төлөөгүй. Тэр яриа н.Т, Д.З-ийн хооронд болсон. Тухайн үед юу гэж ярьсныг мэдэхгүй байна. Өөрсдөө мөнгөө төлөөд хавтангаа авчруулж болно гэж хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2022.03.15-ны өдрийн Х ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2023/***** дүгээр захирамж, вичат дахь мессежний зураг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-5,17-20 /

 

4. Хариуцагчаас We chat дахь мессежний зураг зэргийг ирүүлсэн./хх-ийн 13/

 

5. Шүүх талуудын хүсэлтээр Д.З-ийн гар утасны Б гэж хадгалагдсан телеграмм чатад, Б.Бын гар утасны t********** гэж хадгалсан we chat-д үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 22-23/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Б-д 2 000 000 төгрөгийн урьдчилгаа мөнгө өгөөд нийт 74 ширхэг хар, улаан өнгийн 8.7 сая орчим төгрөгийн үнэтэй хавтан захиалсан ба урьдчилгаа болгож 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хавтангаа аваагүй тул хариуцагчаас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлав.

3. Хариуцагч тал ...нийт 54 600 юанийн материал захиалсан ба үүний урьдчилгаа болох 4 100 юанийг төлсөн. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үлдэгдэл тооцоогоо хийгээд материалаа аваарай гэсэн. Гэтэл З өнөөдрийг хүртэл үлдэгдэл тооцоогоо хийж барааг өнөөдрийг хүртэл аваагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.Бд 2 000 000 төгрөгийг түүний Хаан банкны ....... тоот данс руу шилжүүлж өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4/

Хариуцагч Б.Б нь нийт 8 700 000 төгрөгийн үнэ бүхий 2 өнгийн 74 ширхэг хавтанг авахаар захиалга өгч, урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З-ийн тайлбарыг хариуцагч Б.Б маргаагүй.

5. Харин дээрх мөнгийг буцаан төлөхгүй шалтгааныг ... Д.З, М, Т 3 хүний асуудал бөгөөд эдгээр хүмүүс нь мөнгөө гүйцэд төлөөлөөгүйтэй холбоотой. Би захиалга хийх үүргээ биелүүлсэн. гэж маргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

6. Талуудын тайлбар болон хоорондоо харилцсан мессэж болон ярианы бичлэг зэргээс нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З нь хариуцагч Б.Б-д хавтан авахаар захиалга өгч, улмаар хариуцагч нь дээрх хавтанг БНХАУ-ын эрээн хотоос захиалан авчруулж, захиалагч нарт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх ба хариуцагч нь мөнгөө төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, захиалга бэлэн болж БНХАУ-ын Эрээн хотод ирсэн, түүнчлэн дутуу төлбөрөө төлөх талаар нэхэмжлэгчээс шаардаж байсан нь хавтаст хэрэгт баримтаар тогтоогдохгүй байна.

7. Түүнчлэн бусад захиалагч нарын мөнгөө төлөөгүйгээс үүссэн эрсдлийг нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгөхгүй гэж барьцаалах үндэслэлгүй байна.

8 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-аас шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ