Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2022/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д., Б., Б.  

Хариуцагч: ******* Засаг даргад холбогдох газар өмчлөлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., Б. нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ******* Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д., Б., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамжийн хавсралтын 25, 37, 59 дэх хэсгээр газар өмчилж авах хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлсэн Б.д Улиастай сум, 6-р баг Өлзийт, ******* тоот, Д.т Улиастай сум, 6-р баг Өлзийт, ******* тоот, Ж.д Улиастай сум, 6-р баг Өлзийт, ******* тоот 440м2 газрыг тус бүрд нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба ******* Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжаар хавсралтын 9 дэх хэсгээр нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон  байна.

3. Хариуцагч ******* Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийг энэхүү хэргийн нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, гардуулаагүй бөгөөд нэхэмжлэгч Д. ******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн биеэр очиж тухайн захирамжийн хуулбарыг 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д., Б., Б. нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Б. нь ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамжийн хавсралтын 59 дэх хэсгээр Улиастай сум, 6-р баг Өлзийт, ******* тоот 440м2 газар өмчилж авах эрхтэй болсон Ж.гийн хууль ёсны өвлөгч болох нь ******* тойргийн нотариатч Д.ийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 0295 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул өвлөх эд хөрөнгийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

5. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нар нь ******* Засаг даргад гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх тухай өргөдөл гарган, ******* Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/395 дугаартай захирамжаар тус бүр 440 м.кв газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу анх удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан. Д. нь Завхан, Улиастай, 6-р баг Өлзийт, ******* тоот хаягтай газрыг, Б. нь Завхан, Улиастай, 6-р баг, Өлзийт, ******* тоот хаягтай тус бүр 440 м.кв газрыг өмчилж авсан. Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамж гарсны дараа газрын гэрчилгээгээ гаргуулах гээд очиход бөөнөөр нь гаргана гээд хойшлуулаад байсан. Газрын кадастрыг хийлгэсний дараа газар өмчлөх эрхийн гэрчилгээг авах ёстой байтал бидэнд газрын кадастрыг хийж /зарим нь/ баталгаажуулж өгөөгүй, гэрчилгээгээ авч амжаагүй байтал бидний газрыг ******* Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон байна. овогтой нь овогтой миний төрсөн эх байсан бөгөөд миний ээж Ж. нь ******* Засаг даргад гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх тухай өргөдөл гарган, ******* Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/395 дугаартай захирамжаар Завхан, Улиастай, 6-р баг Өлзийт, ******* тоот хаягтай, 440 м.кв газрыг анх удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. Миний ээж өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээгдэж байх үед буюу 2020 оны 11 сарын 25-нд бурхан болсон буюу нас барсан. Бусад иргэдийн адил гэрчилгээгээ хүлээж байгаад нас барсан боловч аймгийн Засаг даргын 2022 оны А/442 тоот захирамжаар хүчингүй болгосон байна.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг үндэслэн газар өмчлөх эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан. ******* Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газрын тухай хууль, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам зөрчсөн гэх үндэслэлээр өмчилж авсан газрыг маань хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд иргэн хүнд газар өмчлүүлэхэд дээрх журмаар олгогддоггүй, өмчилсөн газрыг 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй ба энэ нь эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоход хэрэглэдэг Газрын тухай хуулийн зохицуулалт юм.  Харин Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ороогүй гэх үндэслэл хууль бус ба тухайн газрууд нь ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Улиастай хотын 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан юм. Тухайн захирамжийг гарах үед нь мэдээгүй, ямар нэгэн байгууллагаас мэдэгдээгүй, харин хүнээс дуулсан ба одоог хүртэл бидэнд мэдэгдээгүй, захирамжаа гардан аваагүй. Д. би ******* Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн биеэр очиж тухайн захирамжийн хуулбарыг 2022 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авсан ба тус газрын байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд явуулсан бүртгэлийг шүүхэд хавсралтаар гарган өгч байна гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Яагаад гэвэл анх олгохдоо бүх шаардлагыг хангасан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заагдсан хуулийн үндсэн зарчмын дагуу явагдана гэсэн зохицуулалттай. Хуулийн зарчмыг бүрэн хангасан үйл баримт харагдаж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэл гэсэн зохицуулалт байгаа. Уг зохицуулалтаар газар өмчлөн авахдаа иргэд  сайн дурын үндсэн дээр хүсэлтээ гаргах ёстой, хүсэлтээ гаргахдаа 2 зориулалтаар хүсэлтээ гаргах ёстой. Нэг нь аж ахуйн зориулалтаар нөгөө нэг нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар. ... Гэр бүл амьдрах учраас гэр бүлийн хэрэгцээний гэдгээр харагддаг. ... Гэхдээ өнөөдрийн шүүх  хуралдаан дээр уг газар олголт нь газрын албаар дамжаагүй гэдэг асуудал яригдаж байна. Би хариуцагч талаас асуухдаа Ж. гэдэг хүн хаана ямар ажил хийдэг ямар хүн юм бэ, танай газрын албанд ажилладаг хүн мөн үү, газрын албыг төлөөлөх боломжтой юу, энэ хүнийг газрын албаны хүн гээд иргэд газар өмчлөх өргөдлөө өгөх боломжтой юу гэдэг байдлаар асуусан. Гэтэл хариуцагч талаас Ж. гэдэг хүнийг газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалтай хүн, Ж. гэдэг хүнээр дамжиж байгаа юм чинь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өргөдөл нь дамжсан байна гэсэн үг. ... Иргэн хүн өөрийн зүгээс газар өмчлөх өргөдлөө гаргах үүрэгтэй. Иргэн газрын өмчлөх эрх нээгдсэнтэй холбоотой газрын мэдүүлэг бөглөхтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх нэг үүрэг улсын бүртгэлд байдаг бусад тохиолдолд ямар ч үүрэг байхгүй. Газар өмчлөх тухай хуульд иргэн сайн дурын үндсэн дээр өргөдлөө гаргасан байх ёстой буюу өмнө газар өмчлөөгүй байх ёстой, нэг удаа буюу үнэгүй авах ёстой гэсэн үндсэн зарчмуудыг нэхэмжлэгч нар бүгдийг нь хангаж байгаа. Хамгийн гол нь Газар өмчлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан төлөвлөгөө болон шийдвэрт тусгагдсан газар /маргаан бүхий 3-н газар/ бусад этгээдийн эзэмших ашиглах эрх үүсээгүй байгаа тохиолдолд өмчлүүлэх боломжтой гэсэн зарчим байгаа. Энэ асуудал дээр шүүхийн санаачилгаар үзлэг хийсэн. Үзлэг хийхэд бусдын эзэмшлийн болон газрын мэдээллийн сангаараа ч тэр бусдын эзэмшилд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Энэ нь зарчмаа бүрэн хангасан байна гэсэн үг. Хамгийн гол зүйл юу яригдаж байна вэ гэхээр сумын ИТХ-ын шийдвэр байхгүй гэдэг асуудал яригдаж байна. Газар өмчлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан зохицуулалтыг уншихаар аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө гээд таслал авсан байна. Ийм таслал байхгүй байсан бол сумын ИТХ-ын шийдвэр зайлшгүй байх ёстой юм байна гэдэг зүйл яригдана. Нэгэнт хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэсэн байгаа учраас иргэн хүнийг буруутгах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан эсэх асуудал нь хаана яригдаж байгаа юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Захиргааны акт гарахаас өмнө энэ бүх ажиллагаа хийгдсэн байх ёстой. Маргаан бүхий захиргааны акт дээр эрх зүйн бүх зохицуулалт нь нэхэмжлэгч нартай холбоотой зүйл байхгүй байгаа. Гэсэн хэдий ч 3 нэхэмжлэгчийг оруулж байгаа учраас эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон гэсэн зохицуулалт байгаа. Үнэхээр эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон зүйл байгаа юм уу, сумын ИТХ-аар ороогүй баримтыг өмнө судлаад шалгалт явуулаад газар дээр нь очиж үзээд сумаас баримт бичиг аваад заавал эрх зүйн зөрчилтэй гэдгийг нь тогтоосон байх шаардлага үүсэж байгаа. Маргаан бүхий захиргааны актыг /энгийн хүн уншсан ч гэсэн /эрх зүйн зөрчилтэйг тогтоосон юм байна гэж ойлгож байгаа. Түүнийг шүүхийн санаачилгаар хэргийн үйл баримттай холбоотой хариуцагчийн талаас маргаж байгаа татгалзлын үндэслэлээ ямар нэгэн байдлаар ажиллагаа явагдаагүй, ажлын хэсэг томилсон зүйл байхгүй, шууд гаргасан гэсэн зүйл ярьж байна. Мөн Засгийн газрын 170 тоот тогтоол яригдаж байна. Засгийн газрын 170 тоот тогтоолыг миний зүгээс юу гэж харж байгаа вэ гэхээр тогтоол захиргааны акт гарахаас өмнөх ажиллагаан дээр Засгийн газрын тогтоол авагдсан байх ёстой. Маргаан бүхий захиргааны актад Засгийн газрын 170 тоот тогтоол авагдаагүй юм аа гэхэд аймгийн Засаг дарга болон газрын албанд энэ тогтоол нь ирсэн байх ёстой. Засгийн газрын 170 тоот тогтоолыг мэдэж байж маргаан бүхий захиргааны актыг гаргах болчхоод байгаа. Гэтэл маргаан бүхий захиргааны акт буюу 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Засгийн газрын тогтоол нь 5 сард гарсан ч гэсэн холбогдох агентлагт нь ирээгүй юм байна. Засаг даргад ирээгүй юм байна гэж би ойлгож байна. Засгийн газрын 170 тоот тогтоол нь маргаан бүхий захиргааны актыг гаргаснаас хойш ирсэн юм байна. Шүүхийн явцад маргаан бүхий захиргааны актыг тайлбарлахдаа үндэслэл хэсэгт заагаагүй, хууль зүйн үндэслэл дээр авагдаагүй гэж маргаад байгаа учраас үүнийг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг бичгээр гаргахад үндсэн шаардлага буюу захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал мөн хууль зүйн үндэслэлийг заах гэсэн зохицуулалттай. Энэ зохицуулалтын хууль зүйн үндэслэлийг заагаагүй учраас Засгийн газрын 170 тоот тогтоол захиргааны акт гарахдаа ч байгаагүй юм байна, захиргааны акт гаргасан эрх бүхий албан тушаалтан дээр ирээгүй,мэдээгүй юм байна гэж ойлгож байна. Эцэст нь хэлэхэд энэ асуудал дээр иргэн хүний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байгаа юм уу гэдэг асуудал яригдаж байна. Иргэн хууль журамд заасны дагуу өргөдлөө гаргасан, тухайн өргөдлийг нь шийдэх эсэх нь захиргааны байгууллагын чиг үүрэг. Нэгэнт өргөдлийг шийдээд бүх ажиллагаа явагдаад захирамж гараад газрын гэрчилгээ нь гараад барилга байгууламжаа барих гэтэл газар өмчлөх эрх нь цуцлагдаж байгаа нь захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа харагдаж байна. Энэ нь бүгд тодорхой байх ёстой. Төсөв төлөвлөгөөнд нь тогтоогдоогүй гэдгийг судалсан байх шаардлагатай. Аймгийн ИТХ-аас ороод Засгийн газрын тогтоол гарсан юм байна гэдэг асуудал яригдах магадлалтай гэж үзэж байна. ... Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай энэхүү хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2028 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Газар өмчлөх тухай хууль нь анх гарахдаа 2005 он хүртэл хэрэгжихээр байсан. ... 2018 онд мөн хуулийн хэрэгжилт нь хангагдахгүй байна, иргэн газар өмчилж аваагүй байна гээд 2028 он хүртэл сунгасан. ... Тухайн газар нь төлөвлөгдсөн чигээрээ аймгийн ИТХ-ын 2014 оны хэсэгчилсэн төлөвлөгөө баталсан төлөвлөгөөний дагуу явсаар байгаад 2020 онд орж байна гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар харж байна. Үүн дээр ямар нэгэн өөр зориулалтаар газар олгогдсон зүйл огт байхгүй байна. Анхнаасаа л хаус хороолол гэсэн нэршилтэй, амины буюу гэр бүлийн хэрэгцээнд зориулагдан олгогдож байгаа газар. Төлөвлөлт нь 2014 оноос хойш хийгдээд 2018 он хүртэл хэрэгжихээр байсан. 2018 онд хэрэгжилт нь хангалтгүй байсан учраас ахиад 2020 онд төлөвлөсөн. 2020 онд төлөвлөгдсөн байгаа учраас энэ төлөвлөгөөний дагуу нэгэнт захиргааны акт гаргаад иргэн хүнд захирамжаар газар олгогдсон байгаа. Иргэн хүнд захирамжаар олгогдсон газар олгогдсон учраас би газартай болчихсон гэдэг итгэл үнэмшлээр хүлээгдээд байгаа асуудал. Маргаан бүхий захиргааны актыг харахаар зөвхөн газар эзэмшигчтэй холбоотой зохицуулалтыг авсан байна гэж харж байна. Газар эзэмшигчийн ялгаа нь тодорхой харагдаж байгаа, газар эзэмшигч нь нийтийн эзэмшлийн газрыг тодорхой хугацааны туршид гэрээний үндсэн дээр төлбөртэйгөөр хугацаатайгаар эзэмшиж байгаатай холбоотой зохицуулалтыг авсан байна. Өмчлөгч нь өөрөө газар эзэмшигчээс давуу талтай, давуу тал нь юу гэж харагдаж байна вэ гэхээр Үндсэн хуульд заасан Монгол улсад шударгаар газар өмчлөн авах, эд хөрөнгөтэй болох эрхтэй. Түүний зохицуулалт нь юу гэж байна вэ гэхээр өмчлөгчийн эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэсэн зохицуулалттай. Өмчлөгчийн эрхийн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ёстой. Тийм учраас маргаан бүхий захиргааны актад хуульд заасан үндэслэлээр гаргах байсан. Гэтэл тийм хуульд заасан үндэслэл нь авагдаагүй, хууль нь авагдаагүй учраас тухайн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Өлзийт баг Өгөөмөрийн хэсэгт байрлах 66 иргэнд өмчлүүлсэн захирамж нь хууль бус гэж үзэж байна. Үүнд: Улиастай сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 заалтыг зөрчиж байна. Засгийн газрын 2020 оны 05 сарын 13-ний өдрийн 170 дугаар тогтоолд шинээр өмчлүүлэхээр газрын хэмжээ байршил батлагдаагүй байхад өмчлүүлсэн. Улиастай хотын "1000 айлын орон сууцны хороолол" -ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай 2014 оны 40 тэргүүлэгчдийн тогтоолоор Өлзийт баг Өгөөмөрийн хэсэгт байрлах нэр бүхий иргэдэд өмчлүүлсэн газар нь хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр огт заагдаагүй болно. 2014 онд амины орон сууц барих зориулалтаар хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөлд инженерийн дэд бүтэц шийдэгдэх боломжтой газарт газрыг иргэнд өмчлүүлэхээр бол хэмжээ, байршлыг Засгийн газрын тогтоолд тусгуулж батлагдсаны дараагаар өмчлүүлэх ёстой. ... Би маргаан бүхий захирамж гарсны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон учраас тайлбартаа холбогдох зүйл заалтаа тодорхойлсон. ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан үндэслэл хамаарч байгаа гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нар нь ******* Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д., Б., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн газар өмчилж авах хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлсэн нэхэмжлэгч нарт хавсралтын дагуу газар өмчлүүлэх захирамж гаргасан байна.

4. Хариуцагч ******* Засаг даргаас 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг үндэслэн уг захирамжийн хавсралтын 9 дэх хэсгээр нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсгээр нэхэмжлэгч нарт газар өмчлөх эрх үүсгэсэн 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө..., хүчингүй болгоно” гэж заасныг баримталсан гэж тодорхойлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг зөрчиж Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 170 дугаар тогтоол, “Улиастай хотын 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” баталсан ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор иргэдэд газар өмчлүүлэхээр заагаагүй, шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тусгагдаагүй, батлагдаагүй байхад нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн нь хууль бус тул уг нөхцөлөөр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн төлөөлөгчид олгогдсон итгэмжлэлд заасан бүрэн эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий захирамжийн үндэслэл, үйл баримтыг тодорхойлох, тайлбарлах эрхтэй тул шүүх энэ хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарт анх газар өмчлүүлэхдээ хуульд заасан бүх шаардлага, зарчмыг хангасан, Улиастай хотын 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т иргэнд ... газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж таслалтай заасан тул сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримтлах шаардлагагүй, газар өмчлөхөд нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагаа байгаагүй гэж маргаж байна.

7. Нэхэмжлэгч нараас ******* Засаг даргад хандаж Улиастай сумын Өлзийт багийн “21 дүгээр зуун” /Жишиг/ хороололд газар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараах эрхтэй”, 19.1.1-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь аймгийн төвийн суманд газар өмчлөх хүсэлтийг сумын Засаг даргад гаргах хуулийн зохицуулалттай байна.ЗУлиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  Улиастай сумын Өлзийт багт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын төлөвлөлтийг батлаагүй ба одоо эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөн авах хэмжээ, байршлыг Өлзийт багт 0.07 га -аар 12 иргэнд төлөвлөсөн байна.

8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг” ойлгохоор байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлээр Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэлийг тодорхойлсон ба 5.1.2-т “иргэнд ... газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, иргэнд шинээр газар өмчлүүлэхдээ тус хуулийн 5.1.5.2-т “..., иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх”-ээр зохицуулжээ.

9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, 13.1.2-т “сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх”, 20 дугаар зүйлийн 20.5-д сумын Засаг дарга “Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаарх зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй”, 14.1.3-т “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах...”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй”, 12.1.3-т “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэжээ.

10. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Засгийн газар дараах бүрэн эрхтэй”, 9.1.2-т “аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох” гэж заасны дагуу ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “2020 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай” 62 дугаар тогтоолоор одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх зориулалтаар 30.83 га, Улиастай суманд шинээр өмчлүүлэхээр газрын хэмжээг 0.75 га-аар тогтоосон тогтоолд үндэслэж Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар “Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолоор одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх зориулалтаар газрын хэмжээг Завхан аймагт 30.83 га талбайгаар баталсан ба иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

11. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуульд заасан журмын дагуу Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаарх зохих шийдвэр гарсны дараа газар өмчлөх хүсэлтээ аймгийн төвийн сум буюу Улиастай сумын Засаг даргад гаргалгүйгээр аймгийн Засаг даргад шууд гаргасныг, аймгийн Засаг дарга нь аймгийн төвийн сумын Засаг даргаас иргэдийн газар өмчлөх хүсэлт уламжилсныг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал буюу Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг  үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах журмыг зөрчсөн, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 170 дугаар тогтоолд шинээр газар өмчлүүлэхээр тусгагдаагүй байхад нэхэмжлэгч нарт шинээр газар өмчлүүлсэн байх тул маргаан бүхий Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

12. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... хүчингүй болгоно” гэж заажээ. Тодруулбал; нэхэмжлэгч нарт газар өмчлөх эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газар өмчлөх эрх олгосон шийдвэр гаргахад баримтлах зарчим, үндэслэл, журмыг зөрчиж нэхэмжлэгч нарт газар өмчлөх эрх үүсгэсэн тул тус захирамжийг аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсгээр хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан нөхцөлд нийцэж байна.

13. Мөн ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамжийн үндэслэл болох ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Улиастай хотын 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” /2014-2016/ баталсан ба энэхүү төлөвлөгөөгөөр маргаан бүхий байршилд амины орон сууцны зориулалтаар газрын төлөвлөлт хийгдэж, хэрэгжих хугацааг 2018 он хүртэл байхаар тусгаснаар уг төлөвлөлтийн хугацаа дууссан байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө /2018-2038 он/ архитектурын зурган баримтад маргаан бүхий байршилд амины орон сууцны төлөвлөлт хийгдсэн боловч энэхүү баримт нь хариуцагч Засаг даргын нэхэмжлэгч нарт газар өмчлөх эрх үүсгэсэн 2020 оны А/395 дугаар захирамжийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч Д., Б. нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч маргаан бүхий 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийг гаргахдаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэлээр газар өмчлөх эрхийг хүчингүй болгоогүй, Газрын тухай хуулийн газар эзэмшигчид хамаарах эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж хүчингүй болгосон нь илт хууль бус гэж маргаж байна. Нэхэмжлэгч Д., Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нарын газар өмчлөн авах эрх зөрчигдсөн, нэхэмжлэгч нар хараахан газар өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байсан гэж тайлбарлаж байх ба энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

15. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, мөн хуулийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ... олгоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1 “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” 8.1.1 “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж тус тус заажээ.

16. Нэхэмжлэгч нарын ******* Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” А/395 дугаар захирамжаар Улиастай сум, 6-р баг, Өлзийт, *******, , тоот газрыг өмчилж авах эрхтэй болсноор газрын кадастрын зураг үйлдэгдэж, нэгж талбарын дугаар олгогдсон хэдий ч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдож байх тул газар өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэлээр газар өмчлөх эрхийг хүчингүй болгоогүй гэх нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А/442 дугаар захирамжийг гаргахдаа тухайн захирамжид “эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон” гэх үйл баримтыг дурдсан боловч энэхүү эрх зүйн зөрчлийг шалгаж тогтоох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж маргаж байх ба гэрч Ж.гийн “Засаг даргын өгсөн үүргийн дагуу 2016 оноос хойших газар өмчлүүлэх захирамжийг судалж, танилцуулга бэлтгэж Засаг даргад танилцуулснаар нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх захирамжийг хүчингүй болгосон байх гэж ойлгож байна” гэх мэдүүлгээр дээрх тайлбар үгүйсгэгдэж байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй эрх зүйн зөрчлийг тогтоогоогүй гэх нөхцөл нь маргаан бүхий А/442 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүйг мөн дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д., Б., Б. нарын “******* Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Д., Б., Ж. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД-ОЧИР