| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/00429/И |
| Дугаар | 183/ШШ2023/01633 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2023/01633
| 2023 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2023/01633 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... байрлах А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... байрлах, Б ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 307 525 640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х,
нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч Ш.С 2023.05.03-ны өдрийн шүүх хуралдаанаас тус шүүх хуралдааны товыг мэдэж, баримтад гарын үсэг зурсан байх боловч хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 289 444 332 төгрөг, хүү 18 081 308 төгрөг, нийт 307 525 640 төгрөг гаргуулахыг шаарджээ.
а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Олон жил хамт ажилласан. 2017 онд түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Манай байгууллага уул уурхайн тоног төхөөрөмж түрээслэх, борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Компанийн үйл ажиллагааны хүрээнд Б ХХК-ийн хүсэлтийн дагуу техник түрээслээд түрээсийн төлбөрт нь бид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулаад уг гэрээний дагуу хавсралтаар төлбөр барагдуулах графикийг баталсан. Гэрээний үндсэн төлбөр болох 289 444 332 төгрөгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байгаа. Эхний 3 сар хүү тооцоогүй, төлбөрийг 1 000 000 төгрөг гээд багаар тавьсан. Дараагийн 4-10 сарын хооронд жилийн 19.2%-тэй хүү тохироод нийт 18 081 308 төгрөгийн хүүтэй, нийт 307 525 640 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нэхэмжилж байгаа. Харилцагчид техникийг хүлээлгэж өгөөд гэрээний үүргээ биелүүлсэн байгаа. Хариуцагч тал үнийн дүн дээр маргаагүй хугацааны хувьд төлбөрийн чадваргүй байна гэдэг байдлаар тайлбараа гаргасан байдаг, бид хугацаа өгч 9 сар хүртэл эвлэрэх санал хэлсэн боловч хариуцагч идэвх санаачилгагүй байгаа тул гэрээний үүрэгт 304 525 640 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэж өгнө үү. Бид тооцоо нийлэх гэрээгээр хүү тохирсон тул хуульд нийцсэн гэж үзэж байгаа гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Б ХХК нь А ХХК-тай удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн билээ. Ингэхдээ том оврын техник хэрэгслүүдийг түрээсэлж, тухай бүрд аль болох хугацаа хожимдуулалгүйгээр төлбөрөө хийж ирсэн билээ. Манай компанийн хувьд том оврын тоног төхөөрөмж түрээслэн авч чулуу бутлах, амын материалуудыг бэлтгэн нийлүүлэх зэрэг ажлыг хийж байсан юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагаас тоног төхөөрөмжийг түрээслэн авч гуравдагч байгууллагын ажлыг хийж ирсэн билээ. Гэтэл дэлхийг хамарсан цар тахлын улмаас манай байгууллагаар ажлаа хийлгэж байсан гуравдагч байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй байдалд орж ажлын хөлсөө төлөх боломжгүй болсон. Энэ байдал нь мөн манай компанийн санхүүгийн байдлыг хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан. Манай компанийн хувьд одоог хүртэл санхүүгийн дээрх хүндрэлтэй байдлаас гарч чадаагүй байгаа бөгөөд мөн олон газраас авлагатай, түүнийгээ авч чадахгүй байгаа нөхцөл байдлууд мөн үүссэн байгаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн үнийн дүн дээр хүүгийн хэмжээг 50 хувиар багасгаж, мөн 12 сарын хугацаа олгох нөхцөлийг хүлээн зөвшөөрч боломж олговол аль болох боломжоороо төлж барагдуулах болно гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2017.01.24-ний өдрийн түрээсийн гэрээ, 2017.02.13-ний өдрийн түрээсийн гэрээ, 2020.04.03-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээний ерөнхий нөхцөл, 2021.11.15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, түрээсийн төлбөрийн хуваарь, тооцоо нийлсэн акт, 2017.0.24-ний өдрийн ХЭ-........ тоот барьцааны гэрээний нэмэлт гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.02.22-ны өдрийн шаардах хуудас, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.12.07-ны өдрийн ..... тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.06-ны өдрийн 183/ШЗ2022/..... дүгээр захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.07-ны өдрийн 102/ШШ2022/..... дугаар шийдвэр зэргийн ирүүлсэн байна. /хх-ийн 8-36/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б ХХК-тай 2017.01 сарын 24-ний өдөр ХЭ-../.. тоот түрээсийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ХЭ-../.. тоот түрээсийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ХЭ-../.. тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулсан боловч хариуцагч нь гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагчид дахин төлбөр төлөх боломж олгож, үлдэгдэл төлбөр болох 289 444 332 төгрөгийн төлбөрийг бататгаж тооцоо нийлсэн акт үйлдэж, харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХЭ-../... тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд, уг гэрээгээр дахин төлбөр төлөх хугацааг гэрээний хавсралтаар баталсан. Гэвч Б ХХК нь хуваарийн дагуу өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Б ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХЭ-../... тоот гэрээний төлбөр 289 444 332 төгрөг, гэрээний хүү 18 081 308 төгрөг, нийт 307 525 640 төгрөгийг гаргуулж өгнө үү . гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч тайлбартаа Тус шүүхэд Б ХХК нь А ХХК-тай удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн билээ. Манай компанийн хувьд том оврын тоног төхөөрөмж түрээслэн авч чулуу бутлах, замын материалуудыг бэлтгэн нийлүүлэх зэрэг ажлыг хийж байсан юм. Гэтэл дэлхийг хамарсан цар тахлын улмаас манай байгууллагаар ажлаа хийлгэж байсан гуравдагч байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй байдалд орж ажлын хөлсөө төлөх боломжгүй болсон. Энэ байдал нь мөн манай компанийн санхүүгийн байдлыг хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
а. Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХЭ-../.. дугаар түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч нь Kleemann MR110Z загварын 0007 дугаар бутлуурыг сарын 57 103 200 төгрөгөөр, Kleemann MS19D загварын 0314 дугаар шигшүүрийг сарын 20 891 200 төгрөг байхаар тус тус тохиролцжээ. /хх-ийн 8-13/
б. Үүний дараа талууд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ХЭ-../.. дугаар түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр MS16D загварын 0216 дугаар шигшүүрийг сарын 42 680 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 14-19/
в. Мөн талууд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, Kleemann MS19D загварын 0314 дугаар шигшүүрийг 3 сарын хугацаанд 408 000 000 төгрөг байхаар, урьдчилгаа 12 хувь буюу 50 000 000 төгрөгийг гэрээг баталгаажуулмагц төлөхөөр харилцан тохиролцож, санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 20-25/
г. Талууд дээрх гэрээнүүдийг дүгнэж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ХЭ-../.. тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 142 237 102 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ХЭ-../.. тоот түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 145 882 230.23 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭ-../.. дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 358 000 000 төгрөг, нийт 646 119 332.23 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба тус гэрээний 2.1-т зааснаар талууд тооцоо нийлж, нийт 289 444 332.23 төгрөгийн өр төлбөрийг түрээслэгч Б ХХК-нь 2021 оын 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 26-27/
6. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч А ХХК нь төлөгдөөгүй төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Харин төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөрт хүү тооцож, шаардсан нь дараах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн д 231.1-д үүргийн гүйцэтгэлийг анз, дэнчин, баталгаа, барьцаа, батлан даалт, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, хуульд заасан бусад аргаар хангуулахаар заасан байна.
Талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр хүү тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан анз тохирсон гэж үзэхээргүй байх ба анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх тул талууд хүүг ямар үндэслэлээр тохирсон нь тодорхойгүй байх тул дээрх хүүгийн төлбөрт шаардсан 18 081 308 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас гэрээний үүрэгт 289 444 332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 18 081 308 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 695 578 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 605 172 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ