Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 152/ШШ2023/00217

 

           Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б сангийн ажлын албаны

            Хариуцагч: Э аймгийн Засаг даргын Тамгын газарт

           Худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 400,000,000, алданги 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /цахимаар/,

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц,

             Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч Б сангийн ажлын албаны нь хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 600,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

           1.1. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Э Засаг даргын Тамгын газар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр БОТ/2016-222 гэрээтэй 80 /ширхэг/ бага оврын РТ-250 трактор анжисын хамт 400,000,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлөх гэрээний нөхцөлтэйгөөр тухайн үеийн аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөдөө аж ахуйн газрын төлөөлөгч нартай гэрээ байгуулан авсан байна. Гэвч өнөөг хүртэл зээл эргэн төлөлт, трактор иргэдэд олгосон гэрээнүүд байхгүй, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 400,000,000 төгрөг байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байгаа тул гэрээний 5.1 дахь заалтаар 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон алданги тооцоход БОТ/2016-222 тоот гэрээний үлдэгдэл 400,000,000 төгрөг, 0,1 хувийн алданги 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөг болж байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

       2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

              2.1. Э сангийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 600,000,000 төгрөгийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. 1. Тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Ц, Б яамны төрийн нарийн бичгийн дарга Н.А нар баталж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал, аймгийн ЗДТГ-ын дарга нар гэрээг байгуулжээ. Гэрээнд тусгагдсан хуваарь дээр 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр багтаан үнийн дүнгийн 20 хувийг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр 30 хувийг ... гэх мэтээр 4 жилийн дотор 100 хувийг төлж барагдуулахаар гэрээнд тусгажээ. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр уг гэрээг байгуулсан бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр нутгийн захиргааны байгууллагын удирдлага солигдож төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу залгамж халаа шилжүүлж, тухайн үеийн удирдлагад хүлээлгэн өгсөн байна. 2. 3ээлээр худалдах, худалдан авах гэрээний 5 дахь хэсэгт заасан зээлийн хуваарьт төлбөрийг төлөхгүй 3 сарын хугацаа өнгөрсөн, хугацаа хэтэрснээс хойш зээлдүүлэгч нь нэмэлт хугацаа өгч болох бөгөөд нэмэлт хугацаанд үр дүн гарахгүй бол гэрээг шууд цуцлах эрхтэй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутам алданги тооцож төлнө гэж заажээ. Энэ заалтын дагуу зээлдүүлэгч нь төлбөрийн хуваарийн дагуу орох ёстой төлбөр төлөгдөхгүй байхад гэрээний 2.1-д заасан эрх үүргийн дагуу хяналт тавих, шаардах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 400,000,000 төгрөг, түүний 0,1 хувийн алданги тооцон 600,000,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Мөн гэрээний биелэлтэд нэмэлт хугацаа олгож болно гэж гэрээний 5.1-д заасан ч уг гэрээний хэрэгжилтийн талаар сануулж, харилцан шийдвэрт хүрэлгүйгээр шууд 600,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд алданги болох 200,000,000 төгрөгийг төлөх боломжгүй болно. 3. 2016 онд орон нутгийн удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдсон ч гэрээнд заагдсан хугацаанд шаардлагаа тавьж нэхэмжилж яваагүй хугацаа ихээр алдаж, 2016-2020 онд гэрээний хуваарьт заасан хугацаанд эргэн төлөлт огт хийгээгүй, гэрээнд зааснаар орон нутгийн төсөвт суулгаж өгөөгүй явсаар өдийг хүрсэн байна. Уг тракторыг зээлээр авсан иргэдийн зарим нь нас барж, зарим хүмүүсийн хаяг тодорхойгүй, нэр ус нь албан бүртгэлгүй болжээ. Олгогдож эзэнжээгүй тракторууд нь элэгдэж, зарим эд анги алдагдаж, алга болсон. FТ-250 трактор нь тухайн үедээ иргэдэд үр өгөөжөө өгч, шаардлага хэрэгцээг нь хангаж үр дүнгээ өгсөн бөгөөд улсад хохирол учраагүй гэж үзэж байна. Тус сум нь Б яамтай байгуулсан гэрээний дагуу 23 тракторыг авч сумын хадлан эрхлэгчдэд гэрээгээр олгосон. Иймд Б сангаас гаргасан нэхэмжпэл болох БОТ /2016-103/ тоот гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөг, 0,1 хувийн алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийн нэхэмжпэлийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 23 ширхэг тракторын 116,200,000 төгрөгөөс 61,190,000 төгрөгийн төлөлт хийж 55,010,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зарим иргэд төлбөрөө төлсөн боловч баримт гээгдүүлсэн тул Б сангийн  Хууль, Эрсдэл, Өрийн удирдлагын газрын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна гэжээ.

         3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Э аймгийн Засаг дарга Д.Ц нарын хооронд гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б сангийн нягтлан бодогч С.У, Ж.М нартай тооцоо нийлж хариуцагч тал 228,507,000 төгрөгийг төлсөн гэж тогтсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин 5,730,000 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн. Тракторыг авсан нь үнэн, үнийг төлж байгаа нь үнэн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.1-д Зээлдэгч нь төлөлт хийхгүй 3 сарын хугацаа өнгөрсөн бол зээлдүүлэгч нэмэлт хугацаа өгч болох бөгөөд нэмэлт хугацаанд үр дүн гарахгүй бол гэрээг шууд цуцлах эрхтэй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутам алданги тооцож төлнө гэж заасан заалт огт биелээгүй. Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт зээлийн эргэн төлөлтийн график гаргаж өгөөгүй, хэзээнээс эхэлж төлөлтийн хуваарь зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие энэ хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч ажиллагаа хийж байгаа нь харьяаллын бус гэж үзэж байна. Яагаад гэвэл Сангийн яам Монгол Улсыг төлөөлж Хятад Улсын Экспорт, импортын банктай Хөдөө аж ахуйн жижиг оврын трактор худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б сангийн  Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Э аймгийн Б газарт дамжуулан зээлдсэн. Уг хөрөнгө нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө биш. Б нь ашгийн төлөө бус байгууллага гэж тодорхой бичсэн байгаа. Б яам, Аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулагдсан гэрээ нь захиргааны гэрээ, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд энэ талаар заасан. Захиргааны байгууллагууд тодорхой зорилгод хүрэхийн тулд байгуулж буй гэрээг иргэний гэрээ гэж үзэх боломжгүй. Гэрээний худалдан авагч нь Засаг даргын тамгын газар биш гуравдагч этгээдэд дамжуулж худалдан борлуулах тухай заасан. Тус гэрээний 6 дугаар зүйлд Маргаан шийдвэрлэх гэх хэсэгт Гэрээнд заасан үүргийг худалдагч худалдан авагч талууд үл маргах журмаар биелүүлнэ гэж заасан. Энэ нь заавал биелэх шинжтэй, шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байхгүй. Иргэний шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх бол тэр тухайгаа гэрээндээ заах ёстой байсан. Гэтэл гэрээнд үл маргах журмаар шийдвэрлүүлнэ гэж бичсэн байна. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Засгийн газар эхлээд хийж, Захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан. Хариуцагч тал трактор авсан, өгсөн дээр маргахгүй байгаа. Нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй байна, 600,000,000 гэх тоо үндэслэлгүй тоо байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч та эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах ёстой. Манай талаас төлсөн 200 гаруй сая төгрөг үндсэн төлөлтөөс хасагдаж үлдсэн мөнгөнөөс алданги тооцох ёстой, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой нэхэмжлэх ёстой учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээний төлөлт графикийг харвал төлөлт тасарснаас хойш 3 сарын дотор асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал 2021 оны 7 дугаар сарын 05-нд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж байгаа тоо нь нэг ч цифрийн зөрүүгүй байх ёстой. Гэрээний нийтлэг үндэслэлд 80 ширхэг тракторыг зээлээр хүүгүй худалдана гэж тодорхой заасан. Иргэний хуульд хэрэв зээлээр худалдаж байгаа тохиолдолд гэрээг бичгээр байгуулж хүүгийн хэмжээг заавал заах ёстой гэж заасан. Нэг трактор 5 сая, 80 трактор 400,000,000 төгрөг. Гэтэл нэхэмжлэгч тал 600,000,000 төгрөг нэхэмжлээд, хүүгүй гэсэн атал алданги тооцоод байгаа нь боломжгүй зүйл юм. Иймд энэхүү маргаан нь захиргааны эрх зүйн маргаан, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотлоогүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхой ойлгомжтой нэхэмжлээгүй, маш ерөнхий, шүүх өөрөө бодоод хэдэн төгрөг гаргуулж өгөх байх гэсэн байр сууринаас хандаж байна. Шүүх бол хараат бус бие даасан институци болохоос биш таны өмнөөс тоо боддог байгууллага биш. Хэрэв тийм бол нэг талд нь орсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

        4. Нэхэмжлэгчээс шүүхэд Б сангийн  ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, FT-250 маркын 80 ширхэг трактор зээлээр худалдах, худалдан авах гэрээ, FT-250 маркын 80 ширхэг трактор хүлээлгэн өгсөн зарлагын баримт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б сангийн  ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоолын хуулбар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дугаартай тушаал, Э аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        5. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Б сангаас трактор авсан иргэдийн төлөлт хийсэн талаарх судалгаа, FT-250 маркын 80 ширхэг тракторыг иргэдэд худалдсан гэрээнүүд болон Б санд төлбөрийг тушаасан баримтууд, тооцоо нийлсэн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

       1. Нэхэмжлэгч Б сангийн ажлын албаны хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газраас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 400,000,000, алданги 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 249,745,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 350,254,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

         2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

       2.1. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Э Засаг даргын Тамгын газар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр БОТ/2016-222 гэрээтэй 80 /ширхэг/ бага оврын РТ-250 трактор анжисын хамт 400,000,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлөх гэрээний нөхцөлтэйгээр тухайн үеийн аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Б газрын төлөөлөгч нартай гэрээ байгуулан авсан байна. Гэвч өнөөг хүртэл зээл эргэн төлөлт, трактор иргэдэд олгосон гэрээнүүд байхгүй, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 400,000,000 төгрөг байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байгаа тул гэрээний 5.1 дахь заалтаар 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон алданги тооцоход БОТ/2016-222 тоот гэрээний үлдэгдэл 400,000,000 төгрөг, 0,1 хувийн алданги 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөг болж байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

            3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

          3.1. Тракторыг авсан нь үнэн, үнийг төлж байгаа нь үнэн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.1-д Зээлдэгч нь төлөлт хийхгүй 3 сарын хугацаа өнгөрсөн бол зээлдүүлэгч нэмэлт хугацаа өгч болох бөгөөд нэмэлт хугацаанд үр дүн гарахгүй бол гэрээг шууд цуцлах эрхтэй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутам алданги тооцож төлнө гэж заасан заалт огт биелээгүй. Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт зээлийн эргэн төлөлтийн график гаргаж өгөөгүй, хэзээнээс эхэлж төлөлтийн хуваарь зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие энэ хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч ажиллагаа хийж байгаа нь харьяаллын бус гэж үзэж байна. Яагаад гэвэл Сангийн яам Монгол Улсыг төлөөлж Хятад Улсын Экспорт, импортын банктай Хөдөө аж ахуйн жижиг оврын трактор худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б сангийн  Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Э аймгийн Хөдөө аж ахуйн газарт дамжуулан зээлдсэн. Уг хөрөнгө нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө биш. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь ашгийн төлөө бус байгууллага гэж тодорхой бичсэн байгаа. Б яам, Аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулагдсан гэрээ нь захиргааны гэрээ, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд энэ талаар заасан. Захиргааны байгууллагууд тодорхой зорилгод хүрэхийн тулд байгуулж буй гэрээг иргэний гэрээ гэж үзэх боломжгүй. Нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй байна, 600,000,000 гэх тоо үндэслэлгүй тоо байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч та эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах ёстой. Манай талаас төлсөн 200 гаруй сая төгрөг үндсэн төлөлтөөс хасагдаж үлдсэн мөнгөнөөс алданги тооцох ёстой, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой нэхэмжлэх ёстой учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээний төлөлт графикийг харвал төлөлт тасарснаас хойш 3 сарын дотор асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал 2021 оны 7 дугаар сарын 05-нд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж байгаа тоо нь нэг ч цифрийн зөрүүгүй байх ёстой. Гэрээний нийтлэг үндэслэлд 80 ширхэг тракторыг зээлээр хүүгүй худалдана гэж тодорхой заасан. Иргэний хуульд хэрэв зээлээр худалдаж байгаа тохиолдолд гэрээг бичгээр байгуулж хүүгийн хэмжээг заавал заах ёстой гэж заасан. Нэг трактор 5 сая, 80 трактор 400,000,000 төгрөг. Гэтэл нэхэмжлэгч тал 600,000,000 төгрөг нэхэмжлээд, хүүгүй гэсэн атал алданги тооцоод байгаа нь боломжгүй зүйл юм. Иймд энэхүү маргаан нь захиргааны эрх зүйн маргаан, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотлоогүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхой ойлгомжтой нэхэмжлээгүй, маш ерөнхий, шүүх өөрөө бодоод хэдэн төгрөг гаргуулж өгөх байх гэсэн байр сууринаас хандаж байна. Шүүх бол хараат бус бие даасан институци болохоос биш таны өмнөөс тоо боддог байгууллага биш. Хэрэв тийм бол нэг талд нь орсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Э аймгийн Засаг даргын Тамгын газартай 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэг бүрийн 5,000,000 /таван сая/ төгрөгийн FT-250 маркын 80 ширхэг бага оврын дугуйт тракторын үнийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нийт үнийн дүнгийн 20 хувийг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үнийн дүнгийн 30 хувийг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үнийн дүнгийн 25 хувийг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үнийн дүнгийн 25 хувийг тус тус төлөхөөр, хэрэв энэхүү төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон зээлээр худалдах, худалдан авах нэртэй Бот/2016-222 дугаартай гэрээ байгуулжээ. Талууд тракторыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх үйл баримтын талаар маргаагүй.

           Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газрын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэх нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон нь зөвхөн худалдах үеийн үнийг хожим төлөхөөр зөвшөөрсөн байгаагаас гадна хариуцагч нь зээлээр худалдан авч байгаа бол нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байх тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

           Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх Б сангийн  ажлын албанд шилжсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б сангийн  ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоол, Б сангийн  ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дугаартай тушаал зэрэг баримтаар нотлогдож байх тул Б сангийн  ажлын алба нь гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй.

            Гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч Э аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тооцоо нийлэхэд хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 228,507,000 төлсөн болох нь тогтоогдсон байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 400,000,000 төгрөгөөс 228,507,000 төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Баяртсайханаас төлсөн 4,000,000 төгрөг, Х.Б төлсөн 1,000,000 төгрөг, нийт 233,507,000 төгрөгийг хасч үлдэх 166,497,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагч талаас Х.Б нийт 2,500,000 төгрөг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн байх боловч 1,500,000 төгрөгийг Б сангийн  ажлын албаны дансанд бус өөр этгээдийн дансанд төлсөн байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс 1,500,000 төгрөгийг хасч тооцоогүй болно.

                Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан бөгөөд дээрх гэрээнд хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

           Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 166,497,000 төгрөгийн 0,1 хувьтай тэнцэх алданги хоног тутамд 166,497 төгрөг бөгөөд хугацаа хэтрүүлсэн 740 хоногийн алдангийг тооцож үзэхэд 123,207,780 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 166,497,000 төгрөгийн 50 хувь 83,248,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

              Хариуцагч тал Энэ хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч ажиллагаа хийж байгаа нь харьяаллын бус гэж үзэж байна. Яагаад гэвэл Сангийн яам Монгол Улсыг төлөөлж Хятад Улсын Экспорт, импортын банктай Хөдөө аж ахуйн жижиг оврын трактор худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б сангийн  Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Э аймгийн Хөдөө аж ахуйн газарт дамжуулан зээлдсэн. Уг хөрөнгө нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө биш. Хөдөө аж ахуйг дэмжих сан, Аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээ гэж маргасан. Талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан FT-250 маркын бага оврын дугуйт трактор худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тухайн харилцаа нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгох... гэх шинжийг агуулаагүй байх тул талуудын хооронд захиргааны гэрээ байгуулагдсан үзэх боломжгүй байна.

               Хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт зээлийн эргэн төлөлтийн график гаргаж өгөөгүй, хэзээнээс эхэлж төлөлтийн хуваарь зөрчигдсөн бэ гэдэг нь тодорхойгүй. Хариуцагч талаас төлсөн 200 гаруй сая төгрөг үндсэн төлөлтийг нэхэмжлэлийн шаардлага 400,000,000 төгрөгөөс хасагдаж үлдэгдэл төлбөрөөс алданги тооцох ёстой гэх тайлбар нь үндэслэлтэй тул худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 400,000,000 төгрөгөөс 228,507,000 төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Баяртсайханаас төлсөн 4,000,000 төгрөг, Х.Б-ийн төлсөн 1,000,000 төгрөг, нийт 233,507,000 төгрөгийг хасч үлдэх 166,497,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, тухайн үнийн дүнгээс алданги тооцож шийдвэрлэсэн болно.

           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан бөгөөд дээрх гэрээнд хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

        Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 166,497,000 төгрөгийн 0,1 хувьтай тэнцэх алданги хоног тутамд 166,497 төгрөг бөгөөд хугацаа хэтрүүлсэн 786 хоногийн алдангийг тооцож үзэхэд 130,866,642 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 166,497,000 төгрөгийн 50 хувь 83,248,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

             Гэрээний төлөлт графикийг харвал төлөлт тасарснаас хойш 3 сарын дотор асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал 2021 оны 7 дугаар сарын 05-нд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж байгаа тоо нь нэг ч цифрийн зөрүүгүй байх ёстой. Гэрээний нийтлэг үндэслэлд 80 ширхэг тракторыг зээлээр хүүгүй худалдана гэж тодорхой заасан., Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа график зөрчигдсөн хугацаанаас эхэлж тоолох ёстой байсан.

         5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 2431, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газраас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 166,497,000 төгрөг, алданги 83,248,500 төгрөг нийт 249,745,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б сангийн  ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350,254,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б сангийн  ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэл хангагдсан дүн болох 249,745,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,406,677.5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

       Тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 679 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, англи хэл дээр байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хэлэлцээрийг монгол хэл дээр орчуулахыг Монголын орчуулагчдын холбооны албан ёсны зөвшөөрөлтэй баталгаат орчуулгын газарт даалгаж, орчуулгын хөлсийг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын данснаас гаргуулж, орчуулуулсан байна.

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгч Б сангийн  ажлын албанаас орчуулгын хөлс 460,000 төгрөг, хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газраас 460,000 төгрөг тус тус гаргуулж Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дансанд оруулах нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 166,497,000 төгрөг, алданги 83,248,500 төгрөг нийт 249,745,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б сангийн  ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350,254,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б сангийн  ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Э аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 331,350 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б сангийн  ажлын албанаас орчуулгын хөлс 460,000 төгрөг, хариуцагч Э аймгийн Засаг даргын Тамгын газраас орчуулгын хөлс 460,000 төгрөг тус тус гаргуулж Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дансанд оруулсугай.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ