Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/55

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч М.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Тайж овогт Мажигийн Банзрагчид холбогдох 1717000100006 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Тайж овогт Мажигийн Банзрагч /РД:ОЮ91100431/ Увс аймгийн Улаангом суманд 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 45-182 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, улсаас ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч М.Банзрагч нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн авто замын 415/258 дугаартай километрийн шонгийн орчимд Ц.Нармандахын өмчлөлийн Тоёота Приүс 20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Х.Бямбажавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч О.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Ц.Нармандахын эрүүл мэндэд хөнгөн хохирол, автомашинд 4 617 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч М.Банзрагч нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн авто замын 415/258 дугаартай километрийн шонгийн орчимд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Ц.Нармандахын өмчлөлийн Тоёота Приүс 20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Х.Бямбажавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч О.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Ц.Нармандахын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Нармандахын өмчлөлийн Тоёота Приүс 20 маркийн автомашинд 4 617 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч М.Банзрагч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө би машин худалдаж авахаар хоёр ах, нэг дүүтэйгээ Дорноговь аймагруу явсан. Чойрын зам дээр хажуунаас машин орж ирсэн. Хажууд сууж явсан ах маань наад машин чинь орж ирэхвий гэж хэлсэн. Би бага зэрэг хурдаа хассан. Тэгээд нөгөө машин зогсчих шиг болохоор нь урдуур нь гартал наашаа орж ирж байгаа мэт санагдсан. Би сандраад зүүн тийшээ дараад, баруун тийшээ дарахад замын хажууруу онхолдсон. Тухайн үед бороо их орсон байсан болохоор зам дээр гулгаад зогсоож чадахгүй замын хажууруу онхолдсон. Манай дүүд гарсан эмчилгэний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ахын машинд учирсан хохирлыг мөн адил төлж барагдуулсан. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний хувьд гэм буруугаа ухаарсан. Миний буруу байсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Х.Бямбажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүрээр манай хүргэн ах Банзрагч, Ганзориг, ах Нармандах нар Улаанбаатар хотоос Сайншандруу авто машин авч ирэхээр явсан.  Чойр өнгөрөөд Сайншандруу явж байхад Шивээговь сумын замын уурзвар дээр баруун талын шороон зам дээрээс ногоон өнгийн Сонота-3 маркийн авто машин урдуур дайраад гараад ирсэн. Тэгээд тэр машин шүргэх шахаад манай машин замын баруун талруу дараад гарсан бөгөөд машинд гулгаа үүсээд замын баруун талруу онхолдоод машин дээшээ хараад унасан. Хойд суудал дээр Нармандах бид хоёр сууж байсан бөгөөд би нэг мэдсэн чинь гадаа сууж байсан. Нармандах ахын хэлж байгаагаар хойд цонхоор бид 4 гарсан гэсэн. Би тэр үед шоконд орчихсон байсан. Юм сайн санахгүй байгаа. Манай машиныг Банзрагч ах бариад хажууд нь Ганзориг суусан. Урд суусан 2 бүсээ бүсэлсэн байсан. Манай машинд сууж явж байсан хүмүүс архи дарс уугаагүй эрүүл байсан. Мөн машин зөөлөн ойролцоогоор 80-90 км цагийн хурдтай явсан байх. Ямар ч байсан бороо орж байсан болохоор их зөөлөн явж байсан. Онхолдсоны дараа урдуур ороод явсан машин буцаж ирээд бид нарт эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн. Тэр үед машинд сууж явсан нэг залуу гарч ирээд тэр машины жолоочид хандан та зүүн талаа харчихаад баруун талаа харсангүй шүү дээ гээд миний хажууд хэлж байсан. Тэр машины жолооч энэ уулзвар камертай, санаа зоволтгүй гэсэн чинь Ганзориг ах очоод цагдаа иртэл та хамт байж бай гэсэн. Бид нарыг явж байхад тэр ногоон машин уулзвар дээр ирээд зогсох шиг болсон. Тэр үед Ганзориг ах жолооч Банзрагчид хандан машин байна сигнал өгөөрэй гэсэн чинь Банзрагч ах хурдаа хасаад сигнал өгсөн. Тэр машин удааширч зогсох гэж байна гэж бодтол гэнэт урдуур дайраад ороод ирсэн. Тэгээд  л манай машин зөрж гарах гэж байгаад осол гаргасан. Тэр ногоон Сонота машины буруу гэж бодож байна. Би нуруундаа гэмтэл авсан. Тэр өдөртөө Улаанбаатар хотруу явсан. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нурууны хагалгаанд орсон. Нурууны L1 гэдэг үе нь хугарсан байсан. Одоо хэвтэж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-16 хуудас/,

 

1.3. Иргэний нэхэмжлэгч Ц.Нармандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “42-55 УБХ улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Энэ машиныг би 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Да-Хүрээ захаас 7 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа би 5500000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 2300000 төгрөгийг Прогресскапитал банк бус санхүүгийн байгууллагаар зээл хэлбэрээр гаргуулж 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний зээл төлөх хугацаа дуусч машинаа өөрийн нэр дээр шилжүүлэх эрх үүссэн. Би машинаа аваад 7 сар гаруй хугацаанд унаж байсан энэ хугацаанд миний машины тормоз, явах эд анги хэвийн ажиллагаатай байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би өмнөх өгсөн гэрчийн мэдүүлэгтээ осол гаргах шалтгаан туслах замаар орж ирсэн ногоон өнгийн Соната маркийн машины жолоочоос болсон байх гэж бодож өгсөн. Гэхдээ тухайн үед би бол хойд суудал дээр сууж явсан ногоон өнгийн машин уулзвар луу нэтврэхээр зогсож байсан шиг санагдаад байгаа юм. Тухайн үед осолд орсоны дараа сандраад шоконд орчихсон байсан. Яг хэний буруутай үйлдлээс болж осол гарсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар уулзвар гэдэг нь замууд нэг түвшинд огтлолцсон бэлчрийг зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талруу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбайг уулзвар гэж заасан байдаг. Би өөрөө 2004 оны хашир туршлагатай жолооч байгаа юм. 08-18 ГСА улсын дугаартай Соната 3 маркийн хар ногоон өнгийн машин уулзвар луу нэвтэрсэн байсан эсэхийг би яг сайн хэлж мэдэхгүй байна. Одоо бодоод байхад уулварын бэлчир хэсэг рүү арай нэвтрээгүй зогсож байсан байх л гэж бодож байна. Мөн би өмнөх өгсөн мэдүүлэгтээ “...Анх бид нарыг машинаас гарч ирж байхад түүнтэй хамт явж байсан танихгүй эрэгтэй нэг талаа харахгүй нөгөө талын урсгалаа харж байгаад орчих юм гэж хэлж байсан...” гэж мэдүүлэг өгсөн. Тухайн хүнийг яг тэгж ярьж байхыг нь би бол сонсоогүй. Миний хажууд байсан хүмүүс тэгж хэлж байсан гэхээр нь л тэгээд хэлсэн юм. Банзрагчид ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

1.4. Гэрч О.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би эхнэр Энхдэлгэрийн ах Нармандах, баз хүргэн Банзрагч, авга эгчийн хүүхэд Бямбажав нарын хамт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос 42-55 УБХ улсын дугаартай Нармандахын Приүс 20 маркийн машиныг Банзрагч жолоодоод жолоочийн хажууд би суугаад арын суудалд нөгөө 2 суугаад Дорноговь аймаг орохоор хөдөлсөн. Тэгээд Чойр өнгөрөөд Шивээговь сумын зүүн талд засмал замаар урагшаа давхиж байхад Соната 3 маркийн ногоон өнгөтэй машин Шивээговь сумын зүүн талд харалдаа уулзвараар туслах замаас төв замруу орохоор явж байгаа харагдсан. Миний сууж явсан машин уулзварт дөхөж ирэхэд туслахаас орж ирж байсан ногоон өнгийн машин зогсоод зам тавьж өгөх шиг болсон. Тэр машин уулзвар луу нэвтэрсэн байсан үгүйг би мэдэхгүй байна. Соната 3 машиныг Банзрагч шүргэнгээ алдаад өнгөрөхөд эхлээд зүүн гар талруугаа дараад дараа нь баруун гар талруу замаас гарч онхолдсон. Машины 4 дугуй дээшээ харсан байсан. Бид нар арын хаалганы цонхоор гарсан. Тухайн үед жолооч 80 орчим км/цагийн хурдтай явсан байх би сайн анзаараагүй. Машин дотор хэн нь ч унтаагүй хоорондоо юм яриад явж байсан. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Замын зорчих хэсэгрүү орох орохгүйн зааг дээр л байсан байх гэж бодож байна. Цаг агаар шиврээ бороотой зам нойтон байсан. Миний биеийн байдал ерөнхийдөө гайгүй байна. Аваарын дэр задарсан түүнд цохиулаад миний цээж жоохон хөндүүрлээд байна. Бусдаар зүгээр байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22  хуудас/,

 

1.5. Гэрч Д.Гонгор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед манай сумын Норжинсүрэн залгаад би хүүхдээ Чойрт эмнэлэгт үзүүлэх гэсэн юм та Чойр луу машинтайгаа яваад өгөөч гэж намайг гуйхаар нь өөрийн Соната 3 маркийн 08-18 ГСА дугаартай машинтайгаа түүнийг хүүхэдтэй нь авч Чойр луу 08 цаг болох гэж байхад Шивээговь сумаас хөдөлсөн. Хөдлөөд би засмал замд нийлэхээр Шивээговь сумын замын цагдаагийн пост байдаг уулзвар дээр очоод урдаас хойноос машин ирж байгаа эсэхийг хараад аажуухан хөдөлтөл засмал замаараа хойноосоо урагш чиглэлд нэг хурдтай машин ирж яваа харагдахаар нь би тормоз гишгээд зогсоосон. Тэгэхэд тухайн машин замын голын цагаан зураас голлоод их хурдтай давхиад өнгөрсөн. Тэгэхээр би хөдлөөд замдаа нийлээд хойд зүгт буюу Чойр чигтээ явсан. Миний машинд явсан 2 хүн нөгөө машин ард ойччихлоо гэж хэлсэн. Би бас тэр машиныг толиндоо харсан. Тэгээд эргээд машин дээр очих гэтэл машинд сууж явсан Должинсүрэн намайг явъя эмнэлэгтээ хурдан очъё гэж хэлэхээр нь би аваар гарч байхад явж болохгүй очиж сэргийлэхийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй гэж хэлээд би машин дээр нь эргээд явж очиход мөнгөлөг өнгийн Приүс машин онхолдоод 4 дугуй нь дээшээ харчихсан машины гадаа нь 3 хүн бид нарыг очсоны дараа нэг хүн дотроос нь мөлхөж гарч ирсэн. Нэг хүүхэд нь ёолоод би яаж их сургуульд орох юм бэ? гээд орилоод байсан. Би Шивээгийн эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Би уулзвараар төв замруу орохдоо 2 тийш хараад хойд талаас машин ирж байхаар нь машинаа зогсоосон. Зорчих хэсэг рүү нэвтрээгүй. Зорчих хэсэгээс 3-4 метрийн зайтай байсан байх гэж бодож байна. Шиврээ бороотой зам их норчихсон байсан. Би машиныхаа шил арчигчийг ажиллуулаад зогсож байсан. Миний бодлоор тухайн машины жолооч хурд ихтэй явж байгаад нойтон зам дээр халтираад онхолдсон байх. Миний машинаас 4-5 метр зайтай гарч өнгөрсөн.  Жолоочийн талын шил арчигч хэвийн ажиллаж байсан. Жолоочийн эсрэг талын шилний шил арчигч ажиллахгүй байсан. Осолд орсон машины жолооч Банзрагчид хэлэхэд залуу хүүхэд байна хойшид хууль дүрмээ биелүүлж үнэн ч шудрагаар явж байхыг захия. Өвгөн миний зүгээс анхнаасаа үнэн зөв мэдүүлгээ өгч байсан гэдгээ хэлье” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 24, 26 хуудас/,

 

1.6. Гэрч Б.Түвшинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө манай ээж Норжинсүрэн сумынхаа Гонгор гэх өвгөнийг машинтай нь гуйгаад Чойр орж эмнэлэгт үзүүлэхээр 07 өнгөрч байхад гарсан.  Гонгор гуай машинаа бариад манай ээж хажууд нь суугаад би хойно нь сууж явсан. Шивээговь сумаас хөдлөөд зүүн тийш давхиад Шивээговь сумын замын цагдаагийн пост байдаг уулзвараар засмалд нийлэх гээд очиход уулзварын баруун талын засмал дуусч байгаа хэсэгт шороон зам нь ухагдаад гүнзгий их досолгоотой болсон юм билээ тэр зам дээр Гонгор гуай настай хүн болохоороо бараг зогсож байгаад гарсан. Тэрүүгээр гарчихаад Гонгор гуай надад цаад талаас чинь машин байна уу хараатах гэж хэлсэн /Замын урд талд би яг жолоочийн ард суудалд суусан байсан/. Тэгээд би замынхаа урд талыг хараад Гонгор гуайд урд талаасаа машин алгаа гэж хэлсэн. Тэгэхэд Гонгор гуай хойноосоо машин ирж байна гэж хэлээд тэндээсээ жоохон урагш хөдлөөд машинаа зогсоосон. Тэр машиныг зогсоод хүлээгээд байж байхад урдуур их хурдтай Приүс 20 маркийн машин давхиж өнгөрсөн. Тэр машин миний сууж байсан машинаас хэр хол зайтай өнгөрсөнийг харж амжаагүй. Харахын завдалгүй л өнгөрсөн ардаас нь харахад тэр машин тормоз гишгээд даялаад дайвалзаж байгаад замын хажууруу онхолдох шиг болсон. Миний сууж байсан машин замын зорчих хэсэг рүү бол ороогүй наад талд хүлээгээд зогсож байсан. Тэгээд би тэр машиныг замаас гараад унангуут нь Гонгор гуайд би нөгөө машин онхолдчихлоо гэж хэлэхэд хөдлөөд замдаа ороод явж байгаад буцаж эргээд онхолдсон машины хажууд очоод зогссон. Бид нарыг очиход машин дотроос хүмүүс хойд талын цаад талын хагарсан цонхтой хаалгаар гарсан. Машины 4 дугуй дээшээ харчихсан байсан. Тэгээд бид нар эмнэлэг цагдаад мэдэгсэн. Тэр хүмүүс машинаасаа гарч ирээд та шахчих юм гэж хэлэхэд Гонгор гуай өөдөөс нь юу яриад байгаа юм бэ? ийм зайтай байхад өөрсдөө урдуур өнгөрчихөөд гэж хэлсэн. Бусдаар би бол Гонгор гуайд хандаж нэг талаа харахгүй орчих юм гэж хэлээгүй. Миний бодлоор тухайн онхолдсон машины жолооч хурд хэтрүүлж давхиад халтиргаатай зам дээр тормоз гишгэснээс болж онхолдсон байх гэж бодож байна. Миний сууж явсан машиныг хараад цааш нь дарсан үйлдэл хийсэн зүйл байхгүй. Чигээрээ давхиж өнгөрсөн. Гонгор гуай уулзвар луу орохдоо уулзвар дээр зогсож байгаад орсон. Давхиж орсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 27 хуудас/,

 

1.7. Гэрч И.Норжинсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө өөрийн танил Гонгор гуайруу залгаад Чойр ороод өгөөч хүүтэйгээ хамт явах гэсэн юм гэж хэлэхэд Гонгор зөвшөөрөөд удалгүй ирээд хүү Түвшинбат бид 3 Гонгорын машинтай Чойр луу 8 цаг болох гэж байхад хөдөлсөн. Гонгор өөрийнхөө Соната 3 маркийн машиныг жолоодож явсан. Тэгээд Шивээгийн зүүн талын засмал замд нийлэхээр засмал замын тэнд очоод уулзвар нэвтрэлгүй зогсоход хойд талаасаа их хурдтай машин бид хэдийг уулзварт зогсож байхад урдуур урагш чиглэлд давхиж өнгөрсөн. Тэр машин бид нарыг дөнгөж өнгөрөөд замаас баруун тийш гарч онхолдохыг би харсан. Надтай хамт явсан хоёр ч бас харсан. Тэгээд би жолооч Гонгорт хүүхдээ үзүүлье цаг боллоо хурдан явъя гэхэд Гонгор гуай орхиод явж болохгүй жолоочийнхоо үүргийг биелүүлэхгүй бол болохгүй гэж хэлээд онхолдсон машин дээр очсон. Тэнд очиход Приүс машин онхолдоод 4 дугуй нь дээш харсан байдалтай байсан. Бид нар цагдаа эмнэлэгт мэдэгдсэн. Миний сууж явсан машин засмал замын зорчих хэсэгрүү ороогүй. Угаасаа тэр замаар хүчтэй орох ч боломж байхгүй. Замын уулзварын цемент төгсдөг хэсэгт шороо нь ухагдаад гүнзгий болчихсон машин хүчтэй гарах боломжгүй байсан. Миний сууж явсан машины цонхны шил арчигч жолоочийн талынх ажиллаж байсан. Харин нөгөө талынхыг нь Шивээгээс хөдлөхөд чихраад муухай дугараад байхаар нь Гонгор өөрөө авчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 28 хуудас/,

 

1.8. Шинжээч Д.Өнөржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 08-18 ГСА улсын дугаартай Сонота-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Гонгор нь Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэл материалд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Мөн 08-18 ГСА улсын дугаартай Сонота-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Гонгор нь туслах замаас орж ирсэн гэж үзэж болох боловч зам тээврийн осол гаргаагүй учир ийм тохиолдолд Д.Гонгор нь буруутах үндэслэл байхгүй. Тухай осол болсон зам дээр тээврийн хэрэгслийн тормоз гишгэсэн мөр болон ямар нэгэн дугуйн даралтын мөр зам дээр байгаагүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 45 хуудас/,

 

1.9. Шинжээч Ц.Равдан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар уулзвар гэдэг нь замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир /зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талруу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай/ уулзвар гэж заасан байдаг. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан байдаг. Жолооч Д.Гонгор нь уулзварт ороогүй зам тавьж өгсөн нь хэргийн материалд авагдсан гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон байсан. Банзрагч нь Замын хөлөгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.  Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байсан. Жолооч 80км/цагийн хурдтай явсан талаараа мэдүүлсэн байсан боловч замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын болон цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулж явах ёстой. Тэгэхээр Банзрагч нь тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйн улмаас тухайн осол болох гол шалтгаан болсон гэж үзэж байна. Бас Банзрагч нь туслах замаас машин ирж байгааг харсан талаар мэдүүлсэн байдаг боловч Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байсан. Банзрагчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар 08-18 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг уулзвар луу нэвтэрсэн байдлаар заасан байдаг боловч тухайн 2 хэрэгсэл нь хоорондоо мөргөлдөх зам тээврийн осол болоогүй учраас жолооч Д.Гонгорыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 52 хуудас/,

 

1.10. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 256 тоот дүгнэлтэнд: “Ц.Нармандахын биед бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ц.Нармандахын биед учирсан бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 31 хуудас/

 

1.11. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 258 тоот дүгнэлтэнд: “О.Ганзоригийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. О.Ганзоригийн биед учирсан цээжний зөөлөн эдийн няцрал, хэлэнд шарх, цус хуралт гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 34 хуудас/

 

1.12. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 257 тоот дүгнэлтэнд: “М.Банзрагчийн биед дух, баруун, зүүн шилбэ, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтлүүд дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 37 хуудас/

 

1.13. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 259 тоот дүгнэлтэнд: “Х.Бямбажавын биед бүсэлхийн 1-р нугалмын дарагдаж шахагдсан хугарал, зүүн тохойнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Х.Бямбажавын биед учирсан 1-р нугалмын дарагдаж шахагдсан хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн тохойнд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 40 хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Өнөржаргалын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот дүгнэлтэнд: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам дээр 258 дахь километрийн шонгийн ойролцоо 42-55 УБХ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн. М.Банзрагч нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 42-55 УБХ улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 9 бүлгийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 08-18 ГСА улсын дугаартай Сонота-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Гонгор нь Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. М.Банзрагч нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 42-55 УБХ улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 болон 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Замын цагдаагийн Зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Өнөржаргал гэжээ /хх-ийн 43 хуудас/

 

1.15. Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Равдангийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот дүгнэлтэнд: 42-55 УБХ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Банзрагч нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн “9 дүгээр бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 42-55 УБХ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Банзрагч нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн “9 дүгээр бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас уг осол гарах шалтгаан болсон байна. Шинжээчийн 05 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Равдан гэжээ /хх-ийн 43 хуудас/

 

1.16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 6-22 хуудас/

 

1.17. "Ашид билгүүн" ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 57 хуудас/

 

1.18. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 64-71  хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч М.Банзрагчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Шүүгдэгч М.Банзрагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Иргэний нэхэмжлэгч Ц.Нармандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “42-55 УБХ улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Миний машины хохирлын үнэлгээ нийтдээ 4 617 000 төгрөг гарсан байна. Үнэлгээтэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Машины эвдрэл хохирлыг бид нар өөрсдөө хариуцна хадам дүү Банзрагчаас нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. Төрөл садангийн улсууд байна Банзрагчаас нэхэмжлээд байх зүйл байхгүй...256 дугаартай дүгнэлтээр миний биед хөнгөн хохирол учирсан байна. Үүнтэй холбоотой надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл гомдол алга. Осолд орсоны дараахан бүсэлхий хэсгээр жоохон өвдөж байгаад зүгээр болсон. Одоо миний биеийн байдал хэвийн болсон Банзрагчид ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 18-19 хуудас/,

 

2.2. Хохирогч Х.Бямбажавын: “М.Банзрагч ахдаа ямар нэгэн гомдол саналгүй. М.Банзрагч нь эмчилгээний зардал болон бусад эм тарианы зардлыг төлсөн. Одоо миний бие өдөр өдрөөр сайжирч байгаа” гэсэн өргөдөл /х.х-ийн 82 хуудас/,

 

2.3. Гэрч Э.Дугарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Банзрагчтай Нийслэлийн Амгалан цогцолбор сургуульд хамт сурч байсан. Банзрагч нь 10 жилийн дунд сургуульд байхаасаа л даруу төлөв зантай, муу зуршилгүй, нийтэч, анги хамт олон болон сургуулийн хүүхдүүдийн дунд нэг хүнд сайтай сонгоны ангид сурдаг хүүхэд байсан. Спортын авъяастай хөл бөмбөг сайн тоглодог. Ааш зангийн хувьд хүнд их тусархуу, хүнтэй найрсаг харьцдаг, үг дуу цөөнтэй, даруу төлөв зантай хүн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 76 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Банзрагч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах саналыг гаргасныг, мөн шүүгдэгч М.Банзрагчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүхээс  шүүгдэгч М.Банзрагчийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд, сар бүр 75 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Банзрагч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Мажигийн Банзрагчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Банзрагчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Банзрагчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар бүр 75 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Банзрагч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Банзрагч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Банзрагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА