Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 132/2016/0112/И |
Дугаар | 001/ХТ2016/00733 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2016/00733
Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 112 дугаартай шийдвэр,
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар магадлалтай,
Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
ХААН банкны Булган аймаг дахь салбарт холбогдох
Дансанд үндэслэлгүйгээр барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхрийн дүү Булган аймгийн ХААН банкны Гурванбулаг сумын салбарт эрхлэгч Л.Дүүрэнжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр надтай утсаар яриад 2 500 000 төгрөг яаралтай олоод өгөөч гэж гуйхаар нь тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул ломбард ажиллуулдаг н.Норжмаагаас зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөг 9 хувийн хүүтэй бэлнээр авч би өөрийн нэрээр Л.Дүүрэнжаргалд шилжүүлсэн. 17 хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний ХААН банкны дансанд Л.Дүүрэнжаргалд явуулсан мөнгө хүүтэйгээ 2 150 000 төгрөг орж ирснийг н.Норжмаагийн 5094112222 тоот дансанд гар утасныхаа мобайл үйлчилгээг ашиглан тэр өдөр нь шилжүүлж тооцоог дуусгасан. Уг мөнгө орж ирэхээс өмнө миний дансанд 5 644 424 төгрөг байсан. Ингээд би 2 хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дансанд байсан мөнгөө авч хэрэглэх гэтэл 2 150 000 төгрөгийг авч болохгүй байсан. Гайхаад учрыг лавлаж банкнаас асуутал Л.Дүүрэнжаргал нь эрүүгийн хуулиар буруутгагдаж цагдан хоригдсон тул Л.Дүүрэнжаргалаас шилжиж орж ирсэн 2 150 000 төгрөгийг барьсан гэсэн хариуг ХААН банк өгсний дагуу би Булган аймаг орж хэргийг шалгаж хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай уулзаж учрыг асуухад хууль хяналтын байгууллагаас гарсан тогтоолоор нэр бүхий 10 хүний дансан дахь мөнгөнд барилт хийгдсэн. Үүний дотор таны нэр данс байхгүй тухайн гүйлгээ нь дансанд ороод гарсан тул 2 150 000 төгрөгт барилт хийх шаардлагагүй гэсэн. ХААН банк өөрийн харилцагч болох хувь хүний хөрөнгөнд хууль бусаар халдаж дансан дахь мөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарласанд гомдолтой. Банк ажилтантайгаа хариуцлагаа тооцох ёстой гэтэл хэрэгт хамааралгүй иргэдийн дансны гүйлгээг хааж барилт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ХААН банкны 5090541049 тоот дансанд байх 2 150 000 төгрөгт барилт хийсэн үйлдлийг таслан зогсоож, захиран зарцуулах эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурванбулаг сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Дүүрэнжаргал нь Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн сумын банкны зузаатгалын 216 942 000 төгрөгийг хувьдаа завшиж гэмт хэргийн замаар олсон мөнгөнөөсөө Б.Эрдэнэчимэгийн 5090541049 дугаарын данс руу 2 150 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн байсан. Л.Дүүрэнжаргалын авсан мөнгөнөөс 4 603 000 төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй байсан тул банк өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан арга хэмжээг авч Б.Эрдэнэчимэгийн дансанд барилт хийсэн ба эрүүгийн хэрэгт хохирол барагдуулах зорилгоор нэр бүхий 21 иргэний дансыг битүүмжлүүлэхээр Прокурорын газар хүсэлт өгсөн. Иймд Л.Дүүрэнжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэтэл тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 112 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн ХААН банкан дахь 5090541049 дугаартай дансанд /2 150 000 төгрөг/ барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээхийг ХААН банкны Булган аймаг дахь салбарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 112 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ХААН банкны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдлийг андуурч хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Аливаа этгээдээс эрхээ хамгаалан хийж буй үйлдэл нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах үйлдэл тул доорх шалгуурыг хангасан байх ёстой. Уг үйлдлийг өөртөө туслах эрх бүхий этгээд хийдэг. Өөрөөр хэлбэл хууль ёсны эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн, ямар нэг маргаангүйгээр тухайн эрхийнхээ хууль ёсны эзэмшигч нь байх ёстой. Л.Дүүрэгжаргал Булган аймгийн Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн сумын банкны зузаатгалын мөнгийг хувьцаа завшиж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь шууд манай банкны эрх ашгийг хөндөж байгаа учраас манай банк Иргэний хууль заасан өөртөө туслах үйлдлийг хийх эрхтэй этгээд мөн. Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байх. Л.Дүүрэнжаргал нь хувьдаа завшсан буюу гэмт хэргийн замаар олсон мөнгөнөөс Б.Эрдэнэчимэгийн данс руу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 150 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед энэ мөнгийг интернет банк, мобайл банк зэргийг ашиглан хормын дотор шилжүүлэх боломжтой. Манайх хууль хяналтын байгууллагын албан ёсны зөвшөөрлийг хүлээсэн бол энэ мөнгийг дансанд нь барилт хийх боломжгүй болох бодит нөхцөл байдал байсан. ҮҮрэг бүхий этгээдийн эсрэг өөртөө туслах үйлдлийг хийдэг. Бидний хувьд энэ өөртөө туслах үйлдлийг Б.Эрдэнэчимэгийн эсрэг биш Л.Дүүрэнжаргалын эсрэг хийсэн. Өөрөөр хэлбэл Л.Дүүрэнжаргалын манай банкнаас завшсан мөнгөө бусдад дамжуулах замаас нь бид өөртөө туслах үйлдэл хийн мөнгө орсон дансанд барилт хийсэн. Б.Эрдэнэчимэг харин Л.Дүүрэнжаргалын эсрэг нэхэмжлэл гарган эрхээ хамгаалуулах боломжтой. Нөгөө талаас Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа Л.Дүүрэнжаргалд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Б.Эрдэнэчимэгийн харилцах дансны гүйлгээг хуульд заасан журмаас гадуур хааж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан ХААН банкны хууль бус үйлдлийг нь зогсоож, эрхийг нь сэргээсэн хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 болон Банкны хууль тогтоомжид бүрэн нийцжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй байдаг.
Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь дараах тохиолдолд буюу харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан, харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр харилцагчийн дансыг хааж болохыг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4-д заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргаагүй байхад Б.Эрдэнэчимэгийн дансыг хаасан ХААН банкны Булган аймаг дахь салбарын үйл ажиллагаа хуулийн дээрх заалтад нийцээгүй тул түүний үйлдлийг хууль бус гэж үзэх бөгөөд хууль ёсны эзэмшигч нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчсөн, хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Булган аймаг дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 112 дугаар шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд-Эрдэнийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА