Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 429

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар, хохирогч Т.Д-ын өмгөөлөгч Д.Баттөмөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн өмгөөлөгч Л.Данзанноров, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Ж.Б-д холбогдох 201518020129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ж-ны Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учруулж, хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх прокуророос шүүгдэгч Ж.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ж.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Ж.Б-д холбогдох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б гаргасан гомдолдоо “...Улсын яллагч Н.А хэргийн бодит нөхцөл байдалд шударга дүгнэлт хийж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт намайг буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Харин анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хууль ёсны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Ерөнхий шүүгч Б.Батзориг хэргийн талаар өгсөн миний мэдүүлэг болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үл ойшоон, энэ л гэмт хэрэг үйлдсэн гэсэн байдлаар асуудалд хандсан. Энэ байдал нь түүний хэлж, ярьсан зүйл, гадаад төрх байдал, нүүрний хувирлаас тодорхой байсан бөгөөд хуралдааны үеэр байн байн гарч орон, утсаар ярих зэргээр зохисгүй байдал гаргаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт үл итгэх эргэлзээ төрүүлсэн. Үүнийгээ ч баталж хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Осол болох хүртэл хугацаанд би 2 удаа, талийгаач Ч.Г 2 удаа тээврийн хэрэгслийг жолоодсон ба осол болох үед Ч.Г жолоодож явсан. Жолоог шилжүүлсний улмаас ийм осол гарсанд би, аав, ээж маань маш их харамсаж, талийгаачийн ар гэрээс нэхэмжилсэн бүх хохирлыг төлж барагдуулсан. Талийгаач Ч.Г надаас жолоог шилжүүлэн авахдаа дээгүүрээ ноосон цамц, куртик, гуталтай байсан. Харин ослын дараа арын суудлын голд сууж явсан хохирогч Т.Д-ын оронд гуталгүйгээр, түүний ар нуруу хэсэгт машины шалавч резин байсан нь гэрэл зургаас харагддаг. Гэхдээ энэ талаар үзлэгийн тэмдэглэлд бичээгүй, сүүлд шалавч резин алга болсон байна. Хальтаргаа гулгаатай сэрүүний улиралд хөл нүцгэн явж байсан гэдэг огт худлаа бөгөөд хамт байсан найз нөхөд нь хүртэл нүцгэн байсан гэдгийг гэрчилдэггүй. Зөвхөн талийгаачийн эх Э.Б халуун зунаар хөдөө гадаа явахдаа гутлаа тайлж байнга л амарч явдаг гэснийг буруутгах нотолгооны үндэслэл болгоод байгааг ойлгохгүй байна. Талийгаач надад “жолооны курс төгсөөд, үнэмлэх хэвлэлтээс гараагүй байгаа” гэсэн тул би итгэж жолоогоо шилжүүлсэн. Би болон аав, ээжийн зүгээс асуудалд тэвчээртэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж ирсэн, ээж А-ийн хувьд өөрийн сонссон, үнэн бодит мэдээллийг олж мэдсэн байдлаа 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ямар нэгэн санаа зорилгогүйгээр хохирогч Э.Б-д хэлсэн болохоос худал зүйл хэлээгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ эхнээс нь үнэн зөв мэдүүлсэн бөгөөд өөрийн хийгээгүй хэргийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нар хэрэгсэхгүй болгож байсан ч хохирогч Э.Б “хэргийг хотод шийдвэрлүүлнэ” гэж хүсэлт гаргасны дагуу Тээврийн прокурорын газарт хэргийн харьяалал тогтоож, өмнөх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хэргийг сэргээсэн. Улсын яллагч Н.А хэт яллах талыг барьж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, дахин байцаалт явуулж, шинжилгээний дүрэм, журмыг зөрчиж 3 удаа шинжээч дахин томилж, дүгнэлт гаргуулан хууль бус мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтуудыг үндэслэж, намайг буруутгаж яллах гээд байгаагаа магадлалдаа дурдаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч, гэрч болон шинжээчийн мэдүүлэг, дүгнэлт, бусад нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Зам тээврийн ослын үед Ж.Б жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан гэдгийг гэрч З.М, Н.Н, О.Ц, Э.С нар мэдүүлсэн. Мөн шинжээч А.А “Т.Д, Н.Г, Ж.Б нарт ослын үеэр жолоочид үүсдэг сарвуу, мөр, цээжний гэмтэл, өвчүүний хугарал, дунд чөмөг, өвдөгний гэмтэл илрээгүй” гэж мэдүүлдэг, Ж.Б-ын цээжний рентген шинжилгээ, хэвлийн хэт авианы шинжилгээнд гэмтлийн өөрчлөлтгүй гэх дүгнэлт гарсан, жолоочийн хаалганы дотор талын бариул хэсэг дээрээс авч шинжилгээнд ирүүлсэн гарын мөр Ж.Б-ын гарын хээний дардастай тохироогүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, цогцост хийсэн үзлэгээр “талийгаач Ч.Г-ын зүүн хөлний өвдөг, өвдөгний үе, баруун хөлний тавхайн хэсэгт цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл үүссэн” болох нь тогтоогдсон. Эдгээр нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хэрхэн няцааж үгүйсгэж байгаагаа магадлалд тодорхой заагаагүй атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус болсон. Бусад гэрч нарын хувьд яг осол болох үед тээврийн хэрэгсэл дотор хамт яваагүй, болсон, болж өнгөрсөн үйл явдлыг нүдээрээ хараагүй, хажууд нь байгаагүй, осол болохоос өмнө буюу дараа очсон, харсан, бусдаас сонссон зүйлийнхээ талаар мэдүүлдэг боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, цаг хугацааны хувьд өөр өөр бөгөөд Ж.Б-ыг осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэдгийг нотолсон нэг ч мэдүүлэг байхгүй. Ж.Б болон гэрчүүд осолд орж сэтгэл санааны гэнэтийн цочрол, балмагдалд орсон үедээ ч хэн тээврийн хэрэгслийг жолоодож явсныг асуухад “Г” гэдгийг эхнээсээ тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Ж.Б-ыг буруутгах, үйлдээгүй хэргийг нь үйлдсэн гэж яллах үндэслэл болгох нэг ч баримт байхгүй, хохирогч Т.Д, гэрч Н.Г нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж шалгасан боловч нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр хэлсэн саналдаа “...Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Д.Энхбаатар хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогч Т.Д-ын өмгөөлөгч Д.Баттөмөр хэлсэн саналдаа “...Тухайн ослоос амьд үлдсэн хүмүүсээс хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд анхан шатны шүүх эдгээр гэрч нарын мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч нар бодит байдлыг хэлсний төлөө өнөөдрийг хүртэл хохирч байгаа ба хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхийг хүсэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлсэн саналдаа “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ж.Б нь машиныг жолоодож явсан бөгөөд жолоо барихдаа дадамгай хурдан давхиж, зөрчил гаргасан асуудал харагддаг. Ч.Г нь жолоочийн үнэмлэхгүй, машин барих чадваргүй байдал харагдаж байна. Ч.Г нь тухайн үед хэсэг машин барьж явсан боловч замаа голлож чадахгүй, удаан яваад байсан учраас бусдын шаардлагаар Ж.Б-д жолоог шилжүүлж, Ж.Б сүүлийн зогссон цэгээс осол болох цэг хүртэл машиныг жолоодсон байдаг. Гэрч болон бусад нотлох баримтаас үзэхэд 156-195 км цагийн хурдтай явсан гэж баримжаалж байгаа ба жолоо барих эрхгүй, дадлага байхгүй, эмэгтэй хүн хөл нүцгэнээр ингэж хурдтай явах үндэслэлгүй юм. Ч.Г машин жолоодож явсан бол арын суудалд талийгаач Ч.Д-ийн зүүн гарыг дэрлэсэн байдалтайгаар, хэлбэрээ олж суух нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Тухайн үед машины арын хэсэг цөмөрсөн, мөн нас барсан хоёр хүний гэмтэл яг ижил байсан. Дээрх нөхцөл байдлаас харахад Ч.Г нь машин жолоодож яваагүй болох нь нотлогдож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй, зөвхөн хоёр гэрчийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Машин барьж явсан гэх Ч.Г нь арын суудлын голд Н.Г болон талийгаач Ч.Д хоёрын дунд гутлаа тайлсан байдалтай сууж явсан болох нь нотлогдсон байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Ч.Г нь арын суудалд шидэгдэх боломж байхгүйг шинжээч мэдүүлсэн. Мөн нас барсан хоёр хүний гэмтэл ижил төстэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Б-ыг 2015 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос 147 дахь километр замд 90 32 УНЯ улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Ч.Г, Ч.Д нарын амь насыг хохироож, Н.Г-ийн биед хөнгөн гэмтэл, Т.Д-ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ж.Б уг осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тогтоогдоогүй, эргэлзээтэй, харин Ж.Б нь осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Ч.Г-т жолоогоо шилжүүлж, Ч.Г тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг ослыг гаргасан гэж хэргийн үйл баримтыг тогтоож, Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн үйлдлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх Ж.Б-д холбогдох хэргийг хянаад “Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад нарийвчилсан дүн шинжилгээ хийлгүйгээр зөвхөн хохирогч Т.Д, гэрч Н.Г нарын мэдүүлгийг үндэслэн амь хохирогч Ч.Г тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн нөхцөл байдалд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Энэ хэргийн маргаан Ж.Б, эсхүл Ч.Г-ын хэн нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан болохоос үүдсэн бөгөөд осол болсны дараа Ч.Г тээврийн хэрэгслийн арын суудалд Н.Г, Ч.Д нарын дунд байрлалтай нас барсан нь нотлогдсон байхад анхан шатны шүүх Ч.Г нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол болох үед тээврийн хэрэгслийн арын суудал руу шидэгдэж нас барсан гэсэн үйл баримтыг тогтоохдоо тухайн үед хамт явсан болон араас нь дагаж явсан тээврийн хэрэгслийн зорчигчдын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдал зэрэг бусад нотлох баримтуудтай харьцуулж, яллаж буй нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй нь шүүхийн тогтоол үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг баримталсан байх тул магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарчээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гэм буруугийн асуудлаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН