| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/05780/И |
| Дугаар | 183/ШШ2023/01595 |
| Огноо | 2023-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2023/01595
| 2023 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2023/01595 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........ байранд байрлах ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ хаягт оршин суух Б.Н,
............ хаягт оршин суух А.Э,
............ хаягт оршин суух Б.П нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11 717 795 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Н,
хариуцагч Б.Н, Б.П, Б.Э,
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............ ХХК хариуцагч Б.Н, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 717 795 төгрөг гаргуулах,
хариуцагч Б.Н, Б.П нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шаарджээ.
а. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Н, А.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ****** дугаартай зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттай авсан. Банк нь зээлдэгч Б.Нгийн Хасбанк дахь ****** тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 000 000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******-01 дугаартай барьцааны гэрээгээр Б.Н, Б.П нарын өмчлөлийн дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Өмчлөлийн газар ................. байрлах 519 м.кв хэмжээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-****** дугаар гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн ****** дугаар гэрчилгээтэй. Хувийн сууц .................. хаягт байрлах өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаар үл хөдлөх хөрөнгийн ****** дугаар гэрчилгээтэй 68.50 м.кв хэмжээтэй 2 давхар үл хөдөлх эд хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6 257 498.52 төгрөг, зээлийн хүүд 7 575 833.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84 489 78 төгрөг төлсөн. ............ ХХК-ийн зүгээс Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өөрчлөлтөөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 12 сараар сунгаж, гэрээний хугацааг 2023 оны 12 сарын 15-ныг хүртэл сунгаж, зээлийн дансыг ****** болгон өөрчилсөн. Гэтэл зээлдэгч нар нь банктай байгуулсан ****** дугаартай зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба өргөдөл гаргах өдрийн байдлаар буюу 442 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8 742 501 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 834 715 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140 579 төгрөг, нийт 11 717 795 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд хариуцагч Б.Н, Б.П нарын барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг бид өөрсдөө авч ашигласан зүйл байхгүй. Эгчийн маань компанийн үйл ажиллагаанд хэрэг болоод авч өгсөн. Зээлийн төлбөрөө сар сард нь төлөөд явж байтал компани үйл ажиллагаа цар тахлын нөлөөгөөр доголдоод цалин хөлсөө өгөхөө байсан. Цар тахлаас хойш 3, 4 жилийн хугацаанд компани үйл ажиллагаа хэвийн болоогүй, цалин хөлсөө өгөлгүй хуримтлагдаад явж байна. Компани зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулаад бидний цалин хөлсийг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна гэв.
3. Хариуцагч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цэцэрлэгт жижүүр хийдэг бөгөөд миний цалингаар л амьдарч байна. Зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна гэв.
4. Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зээл аваагүй бөгөөд барьцаа хөрөнгө нь эгч, бид хоёрын нэр дээр байдаг учраас хамтран хариуцагчаар орж байгаа. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байгаа гэв.
5. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.12.31-ний өдрийн ****** дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.12.31-ний өдрийн ****** -01 дугаар барьцааны гэрээ, 2018 оны ****** дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2018 оны ****** -01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, Б.Нгийн 2020.09.21-ний өдрийн ............ ХХК-ийн хүсэлт, зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт, Б.Нгийн 2020.05.25-ны өдрийн өргөдөл, ............ ХХК-ийн 2022.07.05-ны өдрийн шаардах хуудас, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б.Н, А.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ****** дугаартай зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттай авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******-01 дугаартай барьцааны гэрээгээр Б.Н, Б.П нарын өмчлөлийн хөрөнгүүдийг барьцаалсан. Гэвч хариуцагч нар нь төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй байх тул 11 717 795 төгрөгийг гаргуулж өгнө үү, хариуцагч нар нь сайн дураараа дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэж тайлбарлав.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уг зээлийг бид өөрсдөө авч ашигласан зүйл байхгүй. Эгчийн маань компанийн үйл ажиллагаанд хэрэг болоод авч өгсөн. Зээлийн төлбөрөө сар сард нь төлөөд явж байтал компани үйл ажиллагаа цар тахлын нөлөөгөөр доголдсон. Компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулаад бидний цалин хөлсийг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна. гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ............ ХХК болон хариуцагч Б.Н, А.Э нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ****** дугаар зээлийн гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй байхаар зээлдүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 12-14/
а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ****** -01 дугаар барьцааны гэрээг хариуцагч Б.Н, Б.П нартай байгуулж, уг гэрээгээр Б.Н, Б.П нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-****** дугаартай, .............. хаягт байрлах, 519 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, ........... байрлах, 68.5 м.кв 2 давхар орон сууцыг тус тус барьцаалсан гэрээг байгуулж, барьцаалбарт бүртгүүлжээ./хх-ийн 15-17/
б. Талууд 2020.10.02-ны өдөр 2018 оны ****** дугаартай зээлийн гэрээ нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 48 сар байсныг 60 сар гэж өөрчилж, 2018 оны ****** -01 дугаартай барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Пг оруулсан байна./хх-ийн 18-22/
в. Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
г. Хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13 917 821.4 төгрөг төлсөн байх ба хариуцагч нар нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдсон, энэ талаар хариуцагч нар маргаагүй ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна. /хх-ийн 32/
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл талуудын тохиролцон тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелэгдэх зарчимтай бөгөөд хариуцагч нарийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 4.1-т заасан зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх ба мөн 5.1.1-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 8 742 501 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 834 715 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140 579 төгрөг, нийт 11 717 795 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна
8. Талууд барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч Б.Н, Б.П нарын эзэмшлийн улсын бүртгэлийн Г-****** дугаартай, ................ хаягт байрлах, 519 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, .............. байрлах, 68.5 м.кв 2 давхар орон сууц зэрэг хөрөнгөөс тус тус хангуулахаар шаардсаныг, хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н, А.Э нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Н, А.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 11 717 795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н, А.Э нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл, хариуцагч Б.Н, Б.П нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-****** дугаартай, ............. хаягт байрлах, 519 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, Х.............. байрлах, 68.5 м.кв 2 давхар орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 640 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, А.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 272 640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ