2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Б.Ганбагана,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 25070003430233 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, тай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ******* ХХК-д  ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт *******, ******* байранд амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт ******* ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.******* нь *******ны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ны байранд 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг  Н.гыг “зураг дарлаа” гэх шалтгаанаар маргалдаж түлхэж, нүүр лүү алгадаж түүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг болох үед би өглөөний 06 цагт ажилдаа очсон. Өглөөний цайгаа уух гээд байр луугаа орсон. Байрнаасаа 8 цаг 15 минутад гарч ирээд ажилдаа орж ирсэн. Тэгсэн манай байгууллагын чанар шалгагч надад Н.га орчуулагч ажлын газрын зураг дараад таныг энэ ажлыг  хийж чаддаггүй юм уу хаашаа юм гээд хараасан гэж надад хэлсэн. Би юу ч хэлээгүй ажлаа хийгээд сууж байхад Н.га ирээд миний зургийг дарсан. Тэгснээ миний хүүгийн зургийг дарсан. Би юу ч хэлээгүй. Тэгсэн хүмүүс Н.га орчуулагч  таныг доромжлоод групп чат дээр юм бичээд байна. Та яагаад харахгүй байгаа юм бэ гэхээр нь би  өөр лүү нь чат бичсэн. Миний бичсэн чатыг хараагүй. Тэгээд миний урдаас ирж байхаар нь би “чи яагаад мөрөөрөө ажил хийж байгаа хүнийг доромжлоод байгаа юм бэ? ямар гэм хийсэн юм бэ? Яагаад хүү бид хоёрын зургийг зөвшөөрөлгүй дараад байгаа юм бэ? Хэн рүү явуулах гэж байгаа юм бэ? Гадна, доторгүй камер байдаг. Энд намайг танихгүй хүн байхгүй. Тийм байхад яагаад мөрөөрөө ажлаа хийж байгаа хүний зургийг дараад байгаа юм бэ” гэж хэлсэн.... Н.га харин өөрөө чи муу Казак авгай ажлаа хийж чадахгүй бол байраа суллаж өгөөд явж болно. Одоохон яв. Гэр оронгүй гуйлгачин Казакууд гэж доромжилсон. Тэгэхээр нь ажил хийх, хийхгүйг чи мэддэг юм уу гэж хэлээд түлхсэн. Түлхэхэд оёдлын машины хажууд байсан утсыг аваад над руу шидсэн. Мөн багаж нь дотор байсан алх аваад над руу алчихна шүү гэж хэлээд дайрсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах үүднээс цохисон. Хүмүүс ирээд бид нарыг салгасан. Бээлийтэй байсан гараараа нүүр хэсэгт нь цохисон. Гэхдээ толгой доргих болон чихний хэнгэрэг хангарах хэмжээний цохиогүй. Утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд манай нөхөр араас нь утсыг нь авсан. Сүүлд ХАБ камерын бичлэгийг авчирч өгөхдөө зөвхөн миний алгадсан хэсгийг л авчирч өгсөн байсан.. Тухайн өдөр өөрөө эхэлсэн учир цохисон нь үнэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бараа ирсэн машин ачаа ачих гээд байна орчуулга хий гээд намайг дуудсан. Цаанаас оёдлын машин хүрэлцэхгүй байна, шинэ хүн ирсэн гээд тэнд орчуулга хийх болоод явж байхад араас манай ажлын нэг эмэгтэй Казакаар орилоод байсан. Тэгээд би урагшаа явж байгаад нэг залуугаас юу болсон талаар асуухад мэдэхгүй гэсэн. Чанар шалгагчаасаа асуухад энэ хүн таныг хараагаад байна гэж надад хэлсэн. Над руу ирэхэд би өөдөөс нь чи яагаад хүн хараагаад байгаа юм гэхэд намайг хараагаад миний зүүн чих лүү 3 удаа цохисон. Тэгээд би захирлыг дуудах гэж байхад тэр эмэгтэйн нөхөр миний утсыг булааж аваад намайг хараагаад би утсаа аваад ХАБ-луугаа залгасан...” гэх мэдүүлэг /хх 12-13 дугаар тал/,

 

Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед би ажил дээрээ шуудай оёод сууж байхад манай орчуулагч Н.га гаднаас ажил руу орж ирээд манай ажлын хятад хүнтэй орчуулагч хийгээд юм яриад зогсож байхад манай ажлын Д.******* гэх эмэгтэй шуудай оёж сууж байснаа орчуулагч гын араас казакаар орилоод босож явж очоод Н.гын зүүн чих хэсэгт гараараа нэг удаа алгадаад авахад Д.*******ы нөхөр нь салгаад авсан. Н.га зодуулчихлаа гээд цагдаа дуудсан байсан.” гэх мэдүүлэг /хх 15 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.*******ы  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...манай ажлын чанар над дээр хүрч ирээд орчуулагч Н.га таны ажлын машины зургийг аваад энэ Д.******* ажлаа хийдэггүй юм уу гээд яваад байна гэхээр нь би тухайн үед тоогоогүй. ...Н.га миний хажуугаар өнгөрөөд явж байхаар нь би босоод чи миний зургийг яагаад зөвшөөрөлгүй аваад байгаа юм яах гэж байгаа юм гэхэд тоохгүй яваад өгөхөөр нь би араас нь очиж Н.га эргэж хараад “чи олон юм ярьж хуцах дуртай муу сайн казакууд зайлцгаа” гээд хэлээд байхаар нь би уурлаад Н.гыг түлхээд авахад над руу алх аваад, машины оёдлын утас аваад над руу шидэхээр нь би зөрүүлээд бээлийтэй гараараа нэг удаа зүүн хацар хэсэгт нь алгадаад хүмүүс салгаад авсан. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-32 дугаар тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №290 дугаартай: “...Н.гын  биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Уг  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд цохигдох, доргих үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг  тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. ..” гэх дүгнэлт /хх 25-26 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 59-60 дугаар тал/,

Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой бичгэн баримтууд /хх 49-50 дугаар тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн хохирогчийн  гомдол, /хх 09 дүгээр тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.******* нь *******ны  нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ны байранд 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг Н.гыг зураг дарлаа гэх шалтгаанаар маргалдаж, түлхэж, нүүр лүү нь алгадаж түүний биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.га орчуулагч ажлын газрын зураг дараад таныг энэ ажлыг  хийж чаддаггүй юм уу хаашаа юм гээд хараасан гэж надад хэлсэн. Би юу ч хэлээгүй ажлаа хийгээд сууж байхад Н.га ирээд миний зургийг дарсан. Тэгснээ миний хүүгийн зургийг дарсан. Би юу ч хэлээгүй. Тэгсэн хүмүүс Н.га орчуулагч  таныг доромжлоод групп чат дээр юм бичээд байна. Та яагаад харахгүй байгаа юм бэ гэхээр нь би  өөр лүү нь чат бичсэн. Миний бичсэн чатыг хараагүй. Тэгээд миний урдаас ирж байхаар нь би чи яагаад мөрөөрөө ажил хийж байгаа хүнийг доромжлоод байгаа юм бэ? ямар гэм хийсэн юм бэ? Яагаад хүү бид хоёрын зургийг зөвшөөрөлгүй дараад байгаа юм бэ? Хэн рүү явуулах гэж байгаа юм бэ? Гэхэд  Н.га харин өөрөө чи муу Казак авгай ажлаа хийж чадахгүй бол байраа суллаж өгөөд явж болно. ... Бээлийтэй байсан гараараа нүүр хэсэгт нь цохисон. Гэхдээ толгой доргих болон чихний хэнгэрэг хангарах хэмжээний цохиогүй... Тухайн өдөр өөрөө эхэлсэн учир цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг, Хохирогч Н.гын өгсөн: “... Над руу ирэхэд би өөдөөс нь чи яагаад хүн хараагаад байгаа юм гэхэд намайг хараагаад миний зүүн чих лүү 3 удаа цохисон. Тэгээд би захирлыг дуудах гэж байхад тэр эмэгтэйн нөхөр миний утсыг булааж аваад намайг хараагаад би утсаа аваад ХАБ-луугаа залгасан...” гэх мэдүүлэг, Гэрч А.гийн өгсөн: “...2025 оны 06 р сарын 22 ны өглөө 09 цагийн үед би ажил дээрээ шуудай оёод сууж байхад манай орчуулагч га гаднаас ажил руу орж ирээд манай ажлын хятад хүнтэй орчуулагч хийгээд юм яриад зогсож байхад манай ажлын ******* гэх эмэгтэй шуудай оёж сууж байснаа орчуулагч гын араас казакаар орилоод босож явж очоод гын зүүн чих хэсэгт гараараа нэг удаа алгадаад авахад *******ы нөхөр нь салгаад авсан.” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн №290 дугаартай “...Н.гын  биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Уг  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд цохигдох, доргих үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг  тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь *******ны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ны байранд 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 09 цагийн орчим тус компанид орчуулагчаар ажилладаг гэх  Н.гыг өөрийнх нь болон хүүгийнх ажлын байрны орчмын зургийг дарж цахим сүлжээнд тавьсан зүй бус үйлдлийнх нь  шалтгаанаар маргалдаж түлхэж, нүүрнийх нь зүүн тал руу нь  алгадаж түүний  эрүүл мэндэд нь биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Н.гын зүүн чих рүү цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэгт үйлдсэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд хохирогч Н.гын нэрийг удаа дараа Н. гэж ташаа бичсэн байсныг энэхүү тогтоолоор залруулах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Н.га энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгчээс 3 өдрийн ажлын хөлс 545,454 төгрөг, эм тариа, түлшний мөнгө 478,000 төгрөг, нийт 1,002,332 төгрөгийн нэхэмжлэл  гаргасныг шүүх хянан үзээд хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой 68,000 төгрөг, шатахууны 89,990 төгрөг, нийт 157,990 төгрөгийн шаардлагыг хангаж, тухайн цаг хугацаанаас өмнөх 25,050 төгрөгийн зардал, Ази фарм эмийн сангаас авсан эмчилгээний бус зардал 85,578 төгрөгийн зардал, хаашаа явсан эсэх нь тодорхойгүй шатахууны 176,350 төгрөгийн зардал нийт 298,978 төгрөгийн нэхэмжлэл нь энэ хэргийн хохиролтой хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн ажилгүй байсан орлого болох  3 өдрийн ажлын хөлс 545,454 төгрөгийн зардлыг цалингаас нь хассан эсэх, олгоогүй шалтгаан нь тодорхойгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Мөн хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн  Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 22,680 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар:  “....тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Н.гын буруутай үйлдэл байсан. Яс үндэс, угсаагаар гадуурхан доромжилсон. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгож, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хянаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “ хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл хангагдсан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт гэмт хэргийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.*******ыг   500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 157,990 төгрөгийг гаргуулж хохирогч Н.гат олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 298,978 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас 22,680 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Н.га нь олох байсан орлого болох 545,454 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                        

                           

          

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД