| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/00345/И |
| Дугаар | 183/ШШ2023/01594 |
| Огноо | 2023-05-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2023/01594
| 2023 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2023/01594 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............ оршин суух Д.О-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ............. оршин суух Т.М
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.О,
гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Б,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.
/хариуцагчийн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны товыг 2023.05.02-ны өдөр мэдэгдэхэд За ойлголоо гэсэн байх ба хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний эзэмшлийн УБҮ ...... улсын дугаартай, Lincoln continental маркийн тээврийн хэрэгслийг 44.769.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхны дуудлага худалдаагаар 80.000.000 төгрөг гэсэн боловч 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр үнэлгээ гаргаж 44.789.000 төгрөгөөр үнэлсэн. Учир нь тухайн автомашин нь 2020-2021 оны хооронд 15.000.000 төгрөгөөр бүрэн засвар хийсэн. Доод талын эд ангийг бүхэлд нь сольсон. Америкийн нэгдсэн улсаас засвараар дамжуулаад доод эд ангийг авчирсан. Мөн үнэлгээ хийхдээ харьцуулсан судалсан машинуудыг үзэхэд адилхан Lincoln continental машин байхгүй, Lincoln limuzen өөр маркийн автомашинтай харьцуулж үнэлгээ гаргасан. Ингэж харьцуулж үнэлгээ гаргаж болохгүй гэж үзэж байна. Одоогийн зах зээлд Lincoln continental маркийн машин зарагдахгүй байгаа. Мөн хойшид уг машин орж ирэх боломжгүй болж байгаа. Яагаад гэвэл татварын хэмжээ нь 37.000.000 төгрөг байгаа. Гэтэл 44.769.000 төгрөгөөр үнэлсэн нь одоогийн зах зээлийн ханшаар 7.000.000 төгрөгийн үнэтэй машин болж хувирч байна. Мөн өмнө миний бие иргэн Т.Мтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоёр үл хөдлөх хөрөнгөө шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй байсаар зах зээлийн үнэлгээнээс 50 хувиар доогуур үнэлгээгээр дуудлага худалдаагаар оруулна өгсөн байдаг. Тийм учраас дахин ингэж хохирохгүй улмаас нэхэмжлэл гаргаж байгаа гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.19-ний өдрийн ....... дугаар захирамжаар Д.Огээс 120 000 000 төгрөгийг гаргуулж Т.Мд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн хугацаанд төлбөр төлөгчийн эзэмшилд бүртгэлтэй ..-.. УБҮ улсын дугаартай Lincoln continental маркийн тээврийн хэрэгслийг хураан авч тус газрын авто зогсоолд байршуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгчийн эзэмшилд бүртгэлтэй ..-.. УБҮ улсын дугаартай Lincoln continental маркийн тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч 44 796 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар анхны албадан дуудлага худалдаанд 2023.01.17-ны өдөр шинжээчийн тогтоосон 44 796 000 төгрөгийн 100 хувь болох 44 796 000 төгрөгөөр оруулахаар зарлахад, төлбөр төлөгч Д.О нь хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/........ дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэжээ.
3. Гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаар захирамжаар Д.Огээс 120.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 543.305 төгрөгийг хамт гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн захирамжийг нэхэмжлэгч Д.О нь сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021/. тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчийн Lincoln continental маркийн суудлын тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн .. тоот тогтоолоор битүүмжилж, ... дугаар тогтоолоор хураан авч, .. тоот тогтоолоор баян модот ХХК-ийн шинжээчээр томилсон. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлан гарч, шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг хүлээж авч, акт үйлдэж нэхэмжлэгчид 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр .... дугаар мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй танилцсанаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан шүүхийн тэмдэгтийн хураамжийг өмнө хэрэгсэхгүй болгож байсан захирамжийг хавсаргасан байсан. Тус шүүгчийн захирамж нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.07-ны өдрийн 4-239/..... тоот албан бичиг, Баян модот ХХК-ийн 2022.12.05-ны өдрийн ТХҮ-22/.. дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.21-ний өдрийн 183/ШЗ2023/..... дугаар захирамж хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-14/
5. Шүүхээс 2019.12.13-ны өдрийн 183/ГХ2019/..... дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.13-ны өдрийн 183/ШЗ2019/..... өдрийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.19-ний өдрийн 183/ШЗ2019/..... дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 221.05.18-ны өдрийн .........../4 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.05.18-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.05.13-ны өдрийн 4-1521/..... тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Д.Огийн тайлбар, 2022.11.10-ны өдрийн 152/.......... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, техникийн тодорхойлолт, 2022.02.08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль танилцуулсан баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Баян модот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.07-ны өдрийн 4-239/....., 2022.12.07-ны өдрийн 4-239/....., 2023.01.11-ний өдрийн 4-152/..... тоот албан бичгүүд зэргийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 40-82/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.О миний эзэмшлийн Lincoln continental маркийн УБҮ .... улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэсэн тээрийн хэрэгслийг битүүмжлэн хураан авсан. Дээрх ажиллагаатай холбоотой дуудлага худалдаанд оруулах үнийг миний бие 80 000 000 төгрөгөөр үнэлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-239/..... тоот мэдэгдлээр Д.О миний эзэмшлийн Lincoln continental маркийн машиныг 44 769 000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд адил төрлийн машинууд зах зээлд байхгүй байхад тухайн үйлдвэрийн машинуудтай харьцуулж үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгчийн эзэмшлийн УБҮ 2224 улсын дугаартай тээврийн хэрэгслийг шинжээч 44 796 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосныг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. гэж тайлбарлав.
4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Б ... нэхэмжлэгч Д.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2021/. тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчийн Lincoln continental маркийн суудлын тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлан гарч, акт үйлдэж нэхэмжлэгчид 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ....... дугаар мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй танилцсанаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож өгнө үү гэж тайлбарлав.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 05-ны өдрийн үнэлгээний тайланг 2022.12.07-ны өдөр хүлээн авсан байх ба эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 12 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нь хуулийн хугацаандаа байна.
7. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/..... дугаар захирамжаар Д.О-ээс 120 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Мд олгохоор шийдвэрлэжээ. /хх-43-44/
Төлбөр төлөгч Д.О төлбөр 120 000 000 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01218 дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Огийн өмчлөлийн ..-.. УБҮ улсын дугаартай, Lincoln continental маркийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ......../04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 152/........ дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, уг ажиллагаанд төлбөр төлөгч оролцож, төлбөр төлөгч Д.О 80 000 000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн хэдий ч төлбөр авагч үнийн саналыг зөвшөөрөөгүй тул 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/..... дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
8. Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Баян модот ХХК-ийн шинжээч С.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-22/.. тоот Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар нийт 44 795 943.88 төгрөгөөр үнэлжээ.
9. Хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан тээврийн хэрэгслийг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Тодруулбал, шинжээч тухайн эд хөрөнгийг зах зээлийн мэдээлэлд тулгуурлан Lincoln continental маркийн 3 төрлийн автомашинтай харьцуулж, зах зээлийн хандлагын аргаар ..-.. УБҮ улсын дугаартай Lincoln continental маркийн автомашины үнэлгээг тогтоосон нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ..-.. УБҮ улсын дугаартай, Lincoln continental маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ