| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Б |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
2025 01 13 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт П-ийн Т-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Т нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..........." төв дотор М.М-тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ......... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
2. Шүүгдэгч П.Т нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "........." төв дотор М.М-тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч М.М-ын "...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын ............ тоотод эхнэр 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. Би хувиараа барилга дээр ажилладаг юм. Би тухайн өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би гадуур явж байтал над руу хуучин ажилладаг байсан ажил болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” төвийн захирал болох О над руу залгаж 11 дүгээр сард болсон үйл явдлын талаар ирж надтай болон тухайн газарт засварчнаар ажилладаг Т-тэй ирж уулзаарай гэснийх нь дагуу би “........” төвд шөнийн 19 цаг орчмын үед би очсон юм. Би “...........” төв дотор ороод эхэлж Т-тэй уулзсан ба надтай уулзах үедээ 2023 оны 11 дүгээр сард намайг 1 өдөр харуулын ажлаар ажиллаж байх үед надад хийн компрессор өгсөн гэсэн юм яриад байхаар нь би би тийм эд зүйл аваагүй гэж хэлтэл надад уурлаад надтай хэрэлдэж маргалдаж байтал Т миний нүүр хэсэгт гараараа цохисон ба бид хоёрыг хэрэлдэж маргалдаад байж байх үед тэнд байсан “.........” төвийн ажилчид бид хоёрыг салгаж болиулсан юм. Тухайн үед би нүүрэндээ цохиулсны дараагаар миний нүүрнээс цус гарч байсан юм. Би нүүрээ тухайн үед нойл орж цэвэрлээд буцаж гарч ирээд Т-тэй уулзаж ярилцаж учраа олох гээд гадаа гарч уулзтал надтай уулзаж юм ярьж байснаа намайг дахин нүүр хэсэгт цохиод авсан юм. Тэр үед гадаа байхад бид хоёрыг Б гэх нэртэй “........” төвийн ажилчин салгасан юм. Тухайн намайг цохиулсны дараагаар миний биед нүүр хавдаж уруул нүд хэсэгт хавдсан юм. Би тэрний дараагаар ойрхон цагдаагийн хэлтэст очиж өргөдөл бичиж гомдол өгсөн юм. Тэрнээс өөр болсон зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Ж.Б-н “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын ......... тоотод нөхөр 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” төв гэх нэртэй газарт 2019 оноос хойш үйлчлэгчийн ажил эрхэлж байгаа юм. 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тав дахь өдөр би “...........” төв дээр ажиллаж байтал манай нөгөө салбар дээр ажилладаг ажилтан болох Т-д ноднин өвөл “.....” төвд галчаар түр ажиллаж байхад нь хийн компрессор өгсөн гээд байсан ба манай нөхрөөс нэхээд байсан юм. Тухайн үед манай захирал болох О нь намайг нөхөр М-ыг дуудуулж одоо учрыг нь олоодохъё гээд манай нөхрийг надаар дамжуулж дуудуулсан юм. Манай нөхөр “.............” төв дээр хүрч ирсэн ба манай нөхөр асуудлаа олох гээд хийн компрессор өгсөн гэх Т-той уулзаж ярилцсан юм. Би тэр үед өөрийн ажлаа хийж цэвэрлэгээ хийх гээд 2 дугаар давхарт гарчихсан байсан юм. Би цэвэрлэгээгээ хийчхээд буцаад буугаад хүрээд иртэл манай нөхөр М-н нүүр амнаас нь цус гарчихсан, зодолдсон бололтой Т-той маргалдаад байж байсан юм. Би тэр үед нөхрийгөө хараад цагдаад дуудна гэтэл Т тэр үед байж байснаа гэнэт алга болоод явчихсан байсан юм. Би нөхөртэйгөө тэр өдөр гэр лүүгээ харьтал манай нөхрийн бие нь өвдөөд толгой нь өвдөөд нь байна гэхээр нь нөгөөдөр өдөр нь буюу 07 дугаар сарын 28-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгч шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн юм..." гэх мэдүүлэг, /хх 26-27/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн .............дугаартай "...М.М-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх 29-30/ нотлогдон тогтоогдсон.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гараараа нүүрэн тус газар 2 удаа цохисон үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Т нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Шүүгдэгч П.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 175.500 төгрөгийг төлж барагдуулсан /хх 66/, мөн хохирогч нь гэм хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй /хх 51/ гэх хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.М нь 124.762 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулсан /хх 65/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч П.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
8. Шүүгдэгч П.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч П.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хоёр удаа цохисон үйлдлийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт П-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч П.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ