| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/05708/И |
| Дугаар | 183/ШШ2023/01439 |
| Огноо | 2023-05-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2023/01439
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............ байрлах ............ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. оршин суух Э.Э-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 37 163 340 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, П.М,
нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.
/Хариуцагчийн төлөөлөгч Х.Нид шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус тус мэдэгдэхэд За ойлголоо гэсэн байх ба тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............... ББСБ ХХК хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 163 340 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Э нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан мөн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр нийтдээ 18 000 000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон графикийн дагуу төлөөгүй, ийм учраас гэрээний 5.1, Иргэний хуулийн 225.1, 226.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн журмаар гаргуулж байгаа. Мөн өмнө нь нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчтэй холбогдуулан 2022 онд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ оршин суудаггүй болохоор нэхэмжлэл буцсан учир эрэн сурвалжлаад хаягийг нь тогтоогоод дахин шүүхэд хандаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 17 646 669 төгрөг, үндсэн хүү 16 924 376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 592 293 нийт 37 163 339 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгө болох хар өнгийн Huyndai starex маркийн ..-.. УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар шаардсан боловч уг машин нь цаашид ашиглах боломжгүй тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Э нь ............... ББСБ ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ*****А тоот зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар 1 сарын 3.3 хувийн хүүтэй байхаар, ЗБ*****А тоот фидуцийн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар хар өнгийн Huyndai starex маркийн ..-.. УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25 000 000 төгрөгөөр тохиролцон барьцаалж тус тус холбогдох гэрээнүүдийг байгуулан зээл авсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үндсэн зээлээ 17 646 669.91 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 2 592 293.93 төгрөгөөр тооцоолон нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талын тооцож нэхэмжилсэн зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй буруу тооцоолол байна. Үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой баримт, тооцоолол, нэмэлт тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх болно. Нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ*****А тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс зээл төлөлтийн дансны хуулга, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.30-ны өдрийн 181/ШШ2022/..... дугаар шийдвэр, 2020.03.07-ны өдрийн ЗГ*****А дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.03.07-ны өдрийн ЗБ*****А дугаар фидуцийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, техникийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 3-24/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Шүүх хуралданы явцад нэхэмжлэгч ............... ББСБ ХХК нь хариуцагч Н.Эрхэмсайханд холбогдуулан гаргасан Huyndai starex маркийн ..-.. УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, 3.3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэтэл зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 37 163 339 төгрөг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй буруу тооцоолол байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.
6. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ*****А дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 18 000 000 төгрөгийг, сарын 3.3 хувь, жилийн 39.6 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай байхаар зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 10-14/
6.1 Мөн өдөр дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Э.Эы өмчлөлийн ............ арлын дугаартай, Hyundai starex маркийн ..-.. УНЧ маркийн автобусыг 25 000 000 төгрөгөөр тохиролцон барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 15-17/
6.2 ............... ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу Э.Эы 5163010290 тоот дансанд 18 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна./хх-ийн 20/
6.3 Гэрээний дагуу хариуцагч нь 2020.03.07-ны өдрөөс 2022.11.30-ны өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 3 563 004 төгрөгийг төгрөгийг төлсөн байх ба уг асуудлаар талууд маргаагүй ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна. /хх-ийн 3/
7. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудыг зээл авсан асуудлаар маргаагүй гэж үзнэ.
8. Харин хариуцагчийн төлөөлөгч ... Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талын тооцож нэхэмжилсэн зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй буруу тооцоолол байна. Үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой баримт, тооцоолол, нэмэлт тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх болно. гэж маргасан хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй, шүүхэд баримтаа ирүүлээгүй.
9. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, гэрээний 3.1.3-т нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс тооцохоор тохиролцсон байх ба нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-ийн гаргаж ирүүлсэн зээл тооцооллын баримтаас нэмэгдүүлсэн хүүг 2 592 294 төгрөг гэж нэхэмжилсэн нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-.... дугаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам батлах тухай тушаалаар баталсан журмын нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг зөрчөөгүй байна. /нэмэгдүүлсэн хүү 2 592 294=17 646 667 x39,60хувь х 20хувь х 677/365 хоног/
10. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж үндсэн зээлийн үлдэгдэл 17 646 670 төгрөг, үндсэн хүү 16 924 376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 592 294 төгрөг, нийт 37 163 340 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эаас зээлийн гэрээний үүрэгт 37 163 340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгосугай.
2. Нэхэмжлэгч ............... ББСБ ХХК хариуцагч Э.Эд холбогдуулан гаргасан Huyndai starex маркийн ..-.. УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 967 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 343 767 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ