Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/01323

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/01323

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: ......... байрлах С ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ байрлах Б ХХК-д холбогдох

Гэрээнээс учирсан хохиролд 50 587 541 төгрөг гаргуулах үндсэн,

Ажлын хөлс 29 461 650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д, 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

хариуцагчийн төлөөлөгч Т.А,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т, 

гэрч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 50 587 541 төгрөг гаргуулахаар шаардсаныг,

хариуцагч ажлын хөлс 29 461 650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

   1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Э, Б.А нар нь ............. нутаг дэвсгэр байрлах шинээр баригдаж буй 9 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга дээр дотор сантехникийн ажлыг материалын хамт 2018 оны 07 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэсэн. Тус барилгын дотор халаалт, сантехникийн системийн ажил гүйцэтгэж, шугам хоолойг угсрахдаа барилгын чанар, стандарт, техникийн шаардлага норм хангаагүй бараа материал ашигласан, мөн угсрахдаа стандартын дагуу суурилуулаагүйн улмаас доголдол үүссэн РVС шугам хоолой нь задарч ус алдсан 35 айл болон үйлчилгээний төв ба тухайн доголдол гэмтлийг арилгахыг тухай бүрд нь хариуцагчтай холбогдож хэлж байсан бөгөөд тус компани засварын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас манай С ХХК нийт 58 522 428 төгрөгөөр орон сууцны дотор сангийн ажил хийж гүйцэтгэдэг хувь хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж тус барилгын дотор заслын ажлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн. Тус доголдолтой ажлыг гүйцэтгэгч Б ХХК нь гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр 100 хувь хийж гүйцэтгэх байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Б ХХК-тай гэрээний дагуу тус компанийн Б.А нь өөрөө сантехникийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгтөл гардаж хийж гүйцэтгэсэн. Гэвч ашиглалтын явцад буюу гэрээт хугацааны үед дулааны шугам хоолойд гэмтэл /задарч ус алддаг/ үүсэж, хариуцсан Б.Атэй холбогдон засварлахыг шаардахад манай барьцаа төлбөр байгаа засвар хийж чадахгүй гэснээс хойш холбоо тогтоож чадаагүй болно. Улмаар захирал Б.Этай холбогдсон ба тус байгууллага нь 2 иргэний өмч, тэр барилгад төлбөр тооцоо санхүүг нь Б.А хариуцсан учир би мэдэхгүй байна гэсэн тайлбар өгсөн. Гүйцэтгэгч Б ХХК-с болж манай компанийн нэр хүнд, болон мөнгө санхүүгээр хохирсон. Мөн тухайн гэмтлээс болж оршин суугчид, үйлчилгээний төвд ус алдаж оршин суугчид байнга хохирсоор байсан болно. Гэвч тухайн гүйцэтгэгч Б ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх хүсэлгүй, Б.А Б.Э нар нь хохирол барагдуулах ямар ч хүсэлгүй байгаа тул хуулийн дагуу арга хэмжээг авч, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү. Манай компани гүйцэтгэгч Б ХХК-тай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр тооцоогоо бүрэн төлсөн. Гэрээний дагуу чанарын баталгааны 5 хувь болох 8 234 887 төгрөгийн үлдэгдэлтэй болно. С ХХК-аас Б ХХК- тай харилцан тохирсон ажлыг хийж гүйцэтгэхээр хийсэн гэрээтэй. Иймд Б ХХК-аас С ХХК-д засварын ажлын хөлс материалын зардлын нийт төлбөр 58 822 428 төгрөгөөс чанарын баталгааны 5 хувь болох 8 234 887 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр болох 50 587 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь барилгын дотор халаалт, сантехникийн системийн ажил гүйцэтгэл, шугам хоолойг угсрахдаа барилгын чанар, стандарт техникийн шаардлага норм хангаагүй бараа материал ашигласан, угсрахдаа стандартын дагуу суурилуулаагүй улмаас доголдол үүссэн, PVC шугам хоолой задарч ус алдсан, тухай доголдлыг хариуцагч компани хийж гүйцэтгээгүй тул С ХХК нийт 58 822 428 төгрөгөөр хувь хүмүүстэй ажил гүйцэтгэх гараа байгуулан засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэжээ. Б ХХК нь гэрээний 3.3-т зааснаар барилгын сантехникийн ажлыг 2018.12.31-ний өдөр хугацаанд нь дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 2019-2020 онд 35 айлын байранд орсон бүх айлыг орж дуустал манай байгууллагын ажилчид туршилт тохируулга болон засвар үйлчилгээг хийж байсан. чанарын шаардлага хангаагүй материалаар сантехникийн ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй болно. Ажил хийгдэх явцад тухай бүр нь А ХХК захирал Ү, мөн С ХХК-ийн Б нарт авах материалаа үзүүлж зөвшөөрсний үндсэн дээр сантехникийн материал хэрэгсэл худалдан борлуулдаг компаниудаас авч байсан. Б ХХК нь гэрээнд заасан ажлаас гадна гэрээнд тусгагдаагүй 9 198 000 төгрөгийн нэмэлт ажлыг ч хийж гүйцэтгэсэн. Хэрэв Б ХХК нь стандартын шаардлага хангаагүй бараа материал ашиглаж, ажил гүйцэтгэсний улмаас захиалагч байгууллагад их хэмжээний хохирол учирсан бол гүйцэтгэгч байгууллагыг оролцуулан, улсын мэргэжлийн хяналтын байцаагчаар акт гаргуулж, учирсан хохирлоо баталгаажуулах ажиллагаа хийгдэх ёстой. Ийм ажиллагаа огт хийгдээгүй байна. Гэрээний 5.9 дүгээр зүйлд зааснаар захиалагч баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, доголдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгөхөөр заасан байгаа. Энэ дагуу манай байгууллагад мэдэгдэл ирүүлж байгаагүй. Иймээс С ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

3. Хариуцагч Б ХХК шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: С ХХК болон Б ХХК-ийн хооронд 2018.07.20-ны өдрийн 07/20 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар ажлын нийт хөлс 163 197 750 төгрөг, үүнээс бартерын 90 583 763 төгрөг, үлдсэн 74 113 897 төгрөгийг бэлэн авч ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Үндсэн гэрээний бартерын орон сууцны 9 давхрын 3 өрөөтэй байр байсан. Үлдсэн байрны зөрүү болох 12 103 763 төгрөгийг бартерын 1 өрөө байр зарсан мөнгөнөөс авахаар тохиролцсон. Мөн гэрээний 4.7-д заасан гэрээт ажлын чанарын баталгаа болгож гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 8 159 887 төгрөгийг байршуулсан. Б ХХК нь гэрээнд заасан ажлаас гадна гэрээнд тусгагдаагүй, дотор ажлын материалын зардал болох 9 198 000 төгрөгийн нэмэлт ажил болох, техникийн давхрын холболт, халаах хэрэгсэл, 1 2 давхарт халаалтын хэрэгсэл мөн 00-н өрөөний холболт ванн, суултуур тавьсан зэрэг ажлуудыг С ХХК-ийн хүсэлтээр хийж гүйцэтгэсэн. Иймд барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.1 дэх хэсэгт заасан гэрээний төлбөрийн дутуу 12 103 763 төгрөг, гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар байршуулсан 8 159 887 төгрөг, нэмэлт ажлын хөлс 9 198 000 төгрөг, нийт 29 461 650 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч С ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа С ХХК болон Б ХХК нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 07/20 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн дутуу мөнгө болох 12 103 763 төгрөгийг нэхэмжилжээ. Тус ажлын дутуу авсан гэх төлбөр мөнгийг хариуцагч С ХХК-ийн захирал Б.Эын ........ тоот данс болон бэлнээр төлсөн болно. Мөн тус гэрээний 4.7 заалтын барьцаа мөнгө болох 8 000 000 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлдээ энэ тухай дурдсан бөгөөд нийт нэхэмжлэлдээ 58 587 541 төгрөгийг нэхэмжилж байснаас чанарын баталгааны гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 8 000 000 төгрөгийг хасаж нэхэмжилсэн болно. Б ХХК нь гэрээнд заасан ажлаас гадна нэмэлт ажил үйлчилгээний 9 198 000 төгрөгийг нэхэмжилжээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар хариуцагч Б ХХК нь анх зураг төсөлтэйгөө өөрсдөө танилцаад өөрсдийнх нь гаргаж өгсөн үнээр нь тус ажлыг хийлгэсэн бөгөөд ямар нэгэн нэмэлтээр ажил хийлгээгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс Барилгын ажил гүйцэтгэх 2018.07.20-ны өдрийн 07/.. дугаар гэрээ, 3-9 давхар А-Е загварын орон сууцны дотор сантехник ажил гүйцэтгэх 2021.03.15-ны өдрийн гэрээ, 1-2 давхар заал загварын орон сууцны дотор сантехник ажил гүйцэтгэх 2021.12.28-ны өдрийн гэрээ, бараа материалын жагсаалт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.14-ний өдрийн 184/ШЗ2022/..... дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.29-ний өдрийн 183/ШШ/2022/...... дугаар шийдвэр, гэрчилгээ зэргийг ирүүлсэн./хх-ийн 9-53/

 

6. Хариуцагчаас Б ХХК-ийн нэмэлт зардлын баримт, Б ХХК-ийн дүрэм, ирүүлсэн./хх-ийн 73, 87-91/

7. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Г.Э, Б.Мнарыг гэрчээр асууж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас ......... тоот дансны 2018.07.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Г.Э, А.А, Д.Батчулуун, Б.Б нарыг асууж тэмдэглэлийн хэрэгт хавсаргасан. /хх-ийн 103-105, 112-119, 133/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Э, Б.А нар нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр байрлах шинээр баригдаж буй 9 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга дээр дотор сантехникийн ажлыг материалын хамт 2018 оны 07 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэсэн. Дээрх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэхдээ барилгын чанар, стандарт, техникийн шаардлага норм хангаагүй бараа материал ашигласан, мөн угсрахдаа стандартын дагуу суурилуулаагүйн улмаас доголдол гарч уг доголдол гэмтлийг арилгахыг тухай бүрд нь хариуцагчтай холбогдож хэлж байсан боловч тус компани доголдлыг арилгаагүйн улмаас С ХХК нийт 58 522 428 төгрөгөөр тус барилгын дотор заслын ажлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн. ...Манай компани гүйцэтгэгч Б ХХК-тай гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр тооцоогоо бүрэн төлсөн. Гэрээний дагуу чанарын баталгааны 5 хувь болох 8 234 887 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Б ХХК-иас С ХХК-д засварын ажлын хөлс материалын зардалын нийт төлбөр 58 822 428 төгрөгөөс чанарын баталгааны 5 хувь болох 8 234 887 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр болох 50 587 541 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. гэж тайлбарлажээ.

 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Б ХХК нь гэрээний 3.3-т зааснаар барилгын сантехникийн ажлыг 2018.12.31-ний өдөр хугацаанд нь дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 2018-2020 онд 35 айлын байранд орсон бүх орж дуустал нь манай байгууллагын ажилчид туршилт тохируулга болон засвар үйлчилгээг хийж байсан. Чанарын шаардлага хангаагүй материалаар сантехникийн ажил хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Стандартын шаардлага хангаагүй бараа материал ашиглаж, ажил гүйцэтгэсний улмаас захиалагч байгууллагад их хэмжээний хохирол учирсан бол гүйцэтгэгч байгууллагыг оролцуулан улсын мэргэжлийн хяналтын байцаагчаар акт гаргуулж учирсан хохирлоо баталгаажуулах ажиллагаа хийгдэх ёстой. Гэтэл ийм ажиллагаа огт хийгдээгүй. Зөрчлийг арилгах талаар мэдэгдэл ирүүлэхийг гэрээнд мөн тусгаж өгсөн гэвч манай байгууллагад мэдэгдэл ирүүлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлав.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ С ХХК болон Б ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 07/20 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт хөлс 163 197 750 төгрөг, үүнээс бартерын 90 583 763 төгрөг, үлдсэн 74 113 897 төгрөгийг бэлэн авч ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Мөн ажлын чанарын баталгаа болгож гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 8 159 887 төгрөгийг байршуулсан. Б ХХК нь гэрээнд заасан ажлаас гадна гэрээнд тусгагдаагүй, дотор ажлын материалын зардал болох 9 198 000 төгрөгийн нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Иймд гэрээний төлбөрийн дутуу 12 103 763 төгрөг, гэрээнд зааснаар байршуулсан 8 159 887 төгрөг, нэмэлт ажлын материалын зардал 9 198 000 төгрөг, нийт 29 461 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ ...Гэрээнд заасан төлбөрийн дутуу мөнгө болох 12 103 763 төгрөгийг хариуцагч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эын ........ тоот данс болон бэлнээр төлсөн. Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэл гаргахдаа чанарын баталгаа болгож өгсөн 8 000 000 төгрөгийг хасаж нэхэмжилсэн. Нэмэлт ажил үйлчилгээний 9 198 000 төгрөгийн тухайд барилгын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар хариуцагч Б ХХК нь анх зураг төсөлтэйгөө өөрсдөө танилцаад өөрсдийнх нь гаргаж өгсөн үнээр нь тус ажлыг хийлгэсэн бөгөөд ямар нэгэн нэмэлтээр ажил хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргасан.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч Г.Э, Б.М, А.А, Д.Б, Б.Б нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 07/20 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК барилгын дотор халаалт, цэвэр бохир усны угсралтын ажлыг 45 хоногт багтаан буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр, гүйцэтгүүлэгч С ХХК ажлын хөлсийг 163 197 750 төгрөг байхаар, үүнээс бартерын 90 583 763 төгрөг, үлдсэн 74 113 897 төгрөгийг авч ажил гүйцэтгэхээр, гүйцэтгэгч нь 3 жилийн хугацаанд чанарын баталгаа гаргаж, харилцан тохиролцсон байна. /хх-ийн 9-13/

6.1 Дээрх гэрээний дагуу хариуцагч Б ХХК нь барилгын дотор халаалт, цэвэр бохир усны угсралтын ажлыг хийж гүйцэтгэж, сантехникийн ажлыг 2018.12.31-ний өдөр дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх ба уг асуудлаар талууд маргаагүй байх ба талуудын байгуулсан гэрээний 5.2-т Гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд чанарын баталгааг гаргана. гэж тохирчээ.

7. Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

8. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. гэж заажээ.

Дээрх орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 183/008 тоот актаар хүлээлгэн өгснөөр талууд ажлын үр дүнг хүлээлцсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3 жилийн дотор С ХХК нь гүйцэтгэгч Б ХХК-д холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 9. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-ийн хийсэн ажил доголдолтой байснаас орон сууцны дотор сангийн ажил гүйцэтгэдэг хувь хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгын дотор заслын ажлыг дахин өөрсдийн зардлаар хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж, 2021.03.15-ны өдөр С.О, А.А нартай байгуулсан сантехник ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн гэж үзэхээр байна.

 

10. Гэвч нэхэмжлэгч С ХХК нь хариуцагчаас ажлыг хүлээн авсны дараа хууль болон гэрээнд заасан баталгаат хугацаанд доголдлыг арилгуулахаар шаардаж байсан талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

11. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т ...гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно. гэж заасан хэдий ч нэхэмжлэгч С ХХК нь доголдлыг хэдийд илрүүлсэн талаараа баримтаар нотлоогүй тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

12. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б ХХК нь нэмэлт ажлын материалын зардалд 9 198 000 төгрөг, дутуу олгодсон ажлын хөлс 12 103 763 төгрөг, гэрээний 7.7-д заасан байршуулсан 8 159 887 төгрөг, нийт 29 461 650 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

12.1 Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр талууд гэрээт ажлыг 2018 оны 12 сарын 31-нд ажлыг хүлээж авсан талаар тайлбарласан ба тухайн ажлыг актаар хүлээж авсан баримт, тооцоо нийлсэн баримт зэргийг хэн аль нь хэрэгт баримтаар ирүүлээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлаас гадна тухайн барилгын техникийн давхарт нэмэлт ажил хийлгэсэн дотор ажлын материалын зардалд 9 198 000 төгрөг гаргуулахаар шаардсан хэдий ч энэ талаараа нотлоогүй байна.

12.2 Хариуцагч нь энэ шаардлагыг нотлох зорилгоор тухайн барилгын захиалагч болох В ХХК /хуучин нэр нь А ХХК/-иас холбогдох баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч 2023.04.13-ны өдрийн А/23/.... албан бичгээр В ХХК нь ...ажлын зурагт тусгагдаагүй нэмэлт 9 198 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлээгүй. ...нотлох баримтуудыг илгээх боломжгүй болно. гэжээ.

 

13. Шүүх хуралдаанд гэрч Б.Б мэдүүлэхдээ ... С ХХК нь манай гэр бүлийн компани бөгөөд тухайн барилгын ажлыг би хариуцан ажиллаж байсан тул гэрээний дагуу төлбөр тооцоог бүрэн хийж барагдуулсан. Би өөрийн дансаар дамжуулж, ажлын хөлсийг Б компанийн удирдлагуудад өгдөг байсан бөгөөд ямар ч дутуу тооцоо байхгүй. гэж тайлбар гаргасан.

 

14. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Б ХХК нь С ХХК-тай дээрх гэрээний үлдэгдэл өр төлбөрийн талаар тооцоо нийлж, улмаар 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс хойшхи хугацаанд нэхэмжлэгч С ХХК-д холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба, энэ талаараа нотлоогүйн дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснийг хэтрүүлсэн байх ба хэрэгт уг хугацаа тасалдсан, зогссон, түүнчлэн уг хугацааг сэргээх талаар баримтгүй байна.

15. Дээрхийг нэгтгээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 50 587 541 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б ХХК-ийн нэхэмжлэгч С ХХК-иас ажлын хөлс 29 461 650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 887 төгрөгийг, хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 258 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ