| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/05517/И |
| Дугаар | 183/ШШ2023/01267 |
| Огноо | 2023-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2023/01267
2023 оны 04 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2023/01267 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... оршин суух Г.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... байрлах А ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 20 113 000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал болох 16 910 000ы төгрөг, нийт 37 023 000 төгрөг гаргуулах үндсэн,
Хариуцагч А ХХК нь орон сууцны барилгын төсөвт өртгийн нэмэгдэл үнэ 11 576 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Ааас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, О.Б,
хариуцагчийн төлөөлөгч Р.Б,
хариуцагчийн өмгөөлөгч О.В,
гэрч Ж.О,
нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.А хариуцагч А ХХК-нд холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 20 113 000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал болох 16 910 000 төгрөг, нийт 37 023 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг,
Хариуцагч А ХХК нь орон сууцны барилгын төсөвт өртгийн нэмэгдэл үнэ 11 576 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Ааас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Г.А би А ХХК -ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ................ нэртэй орон сууцны хотхоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2020 оны 06 дугаар 14-ний өдөр 2006/14/.. дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 8 давхрын ..... тоот хаягт байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 390 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 40 226 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд А ХХК-ийн нэрийн Голомт банкны ........тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Гүйцэтгэгч нь 1.1-д дурдсан барилгыг чанар сайтай барьж, 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар Захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй гэж заасан хэдий ч гүйцэтгэгч А ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш захиалагч би гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ богино хугацаанд чанартай гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй болно. Улмаар гүйцэтгэгч компани нь надад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай албан бичгээр гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж тантай байгуулсан гэрээний 1 м.кв талбайн үнэ 1 390 000 төгрөгийг 400 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1 790 000 төгрөг болгох болсныг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг ирүүлснийг миний бие эс зөвшөөрч бусад захиалагч нарын хамтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэдгийг гүйцэтгэгч компанид бичгээр мэдэгдсэн. Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Монгол улсын хэмжээнд эрчим хүч, түлш, шатахуун, барилгын үндсэн материал /Жич:цемент, арматур, төмөр, тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн турба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15 хувиас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй гэж заасан хэдий ч уг гэрээ хэрэгжиж дуусах үе буюу 2020 оны 2 дугаар улиралд барилгын материалын үнийн өсөлт бий болоогүй, корона вирусын халдварын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоогоогүй үе байсан тул гэрээний үнэд өөрчлөлт орох үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдээгүй учир гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хэрэв гүйцэтгэгч гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу гүйцэтгэгч компаниас алдангид 1 хоногийн 40 226 төгрөг, нийт хугацаа хэтрүүлсэн 500 хоногийн алданги 20 113 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн миний бие орон сууцыг баригдаж байх хугацаанд өөр орон сууц хөлсөлж амьдарч байсан тул орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаа буюу 2020 оны 2 дугаар улирлаас хойш орон сууц хөлсөлсөн зардал буюу гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс захиалагчид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Миний бие гэр бүлийн хамтаар 2020 оны 09 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл орон сууц хөлслөн амьдарч байгаа тул 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсөн зардал болох 16 910 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд алданги болон орон сууц хөлсөлсөн зардалд нийт 37 023 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь 2019 оны 6-р сараас Хан-Уул дүүргийн ....-р хорооны нутаг дэвсгэрт нийт 128 айлын орон сууцны зориулалт бүхий ............... орон сууцыг барьж 2020 оны 2-р улирал дотор багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Бид 2019 оны 12-р сарын 31- ний өдөр гэхэд 16 давхрын карказ угсралтын ажлыг дуусгасан байсан. Гэтэл 2020 оны 01-р сард дэлхий дахинд Ковид 19 цар тахал дэгдэж Улсын онцгой комисс 01-р сарын 25-ний өдөр хөл хорио тогтоож эхэлсэн. Энэ хугацаанаас барилгын үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд манай компанитай гэрээ байгуулсан бараа материал нийлүүлэгчид болон туслан гүйцэтгэгчдийн ажил зогсонги байдалд орсон. БНХАУ хилээ хааж ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа хэвийн явах боломжгүй болсон. Үүнийг Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрүүд нотолж байгаа. Улмаар 2020-2021 он тэр чигтэй ковид 19 цар тахлын улмаас оффисын 10 хүртэлх ажилтныг ажиллуулж бусад нь зайнаас цахимаар ажиллаж, тээврийн үйл ажиллагааг хязгаарлаж барилгын ажил тэр чигтээ зогссон.Энэхүү нөхцөл байдлын улмаас барилга хугацаандаа орох боломжгүй болоод зогсохгүй энэхүү өөрчлөлтийн улмаас барилгын материалын хомсдол үүсэж барилгын материалын үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Бид Захиалагч нартай байгуулсан гэрээний үнийн дагуу тус 16 давхар барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Ковидын улмаас зогсонги байдалд орсноос хойш 2021 оны 5-р сараас үргэлжлүүлэн барилгын ажлаа явуулахад Гүйцэтгэгч компаниуд үнэ хөлсөө нэмж, барилгын материалын үнэ нэмэгдсэн байсан бөгөөд бид барилгыг ашиглалтад оруулахын тулд бүхий л боломж бололцоогоо ашиглаж барилгыг явуулж байсан. Нэхэмжлэгч нь гэрээний үнэ нэмэгдэх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд бид гэрээний үнээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд ихээхэн хохиролтой, алдагдалтай байх тул тус өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас талууд хэн хэн нь хохирол хүлээсэн. Иргэний хууль, олон улсын гэрээ конвенцэд заасны дагуу гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас талууд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болбол түүнээс үүссэн хариуцлагаас талууд чөлөөлөгддөг хууль болон гэрээний заалтууд байдаг. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч Г.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Манай компани нь Г.Атай 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 200614/.. дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ............... хотхоны 8 дугаар давхар, ...... дугаартай, 28,94 м.кв, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 1 390 000 төгрөгөөр тооцож, нийт 4 226 000 төгрөгөөр захиалсан. Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 5.3-р зүйлд 5.3 Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр. тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй. гэж заасан. Гэрээ байгуулснаас хойш талуудын хүсэл зориг хяналтаас гадуур болсон, урьдчилан тааварлах боломжгүй, нийгэм эдийн засгийн хүндрэл, гэнэтийн үнийн өсөлтөөс шалтгаалж гэрээний үүргээ биелүүлэхэд манай компанид ихээхэн алдагдалтай хохиролтой байх хүнд нөхцөл байдалтай болсны улмаас анх заасан гэрээний үнээр үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Тиймээс гэрээний үнийн дүнг хуульд заасны дагуу хэлэлцэн тохиролцохоор хамгийн доод үнэ 1 м.кв 1 790 000 төгрөг буюу м.кв тутмыг 400 000 төгрөгөөр нэмэгдүүлэх санал хүргүүлсэн боловч Захиалагч Аын саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээг хэрэгжүүлэх явцад Ковид цар тахлын хорио цээр, түүнээс улбаалаад барилгын материалын хомсдол, материалын үнэ дээд цэгтээ хүртэл өссөн. Энэхүү нөхцөл байдлыг Монголын худалдаа аж үйлдвэрийн Танхимаас судлан тогтоож А ХХК-д Хүнд нөхцөл байдал /HARD/ гэрчилгээг олгосон байна. Манай барилга 2019 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд төлөвлөгөөний дагуу явж байсан бөгөөд барилга 6 давхартаа явж байсан. 2022 оны 4 сараас Ковидын хорио цээр суларч байх үед бага багаар барилгын ажлыг явуулж нийт 10 449 881 937 тэрбум төгрөгийг зөвхөн барилгын материалын зардал, гэрээний төлбөрт зарцуулж, компанийн үйл ажиллагааны зардал /маркетинг, цалин хөлс НДШ гэх мэт/ 2 241 108 153 төгрөг, нийт 12 690 990 090 төгрөгийг зөвхөн ............... орон сууцны барилгын ажлыг явуулахад зарцуулсан байна. Үүний 6 147 106 094 төгрөг нь нийт захиалагчдаас авсан төлбөр юм. Компани энэ төслөөс нийт 6 543 883 996 төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Өнөөдөр Хан-Уул дүүргийн ..., ... -р хороо Яармагт баригдаж байгаа шинэ орон сууцны 1 м.кв-ын үнэ 2 500 000-6 000 000 төгрөг байна. Бид зөвхөн өртгөө тооцож м.кв-ын үнийг 1 790 000 төгрөг болгож байгаа нь одоо зах зээлд байхгүй үнэ юм. Захиалагч Анхбаяраас захиалсан 28.94 м.кв талбайн 1 м.кв тутамд 400 000 төгрөг нэмэгдүүлж нийт 11 576 000 төгрөгийг А ХХК-д төлснөөр манай компани орон сууц барьсан өртгөө нөхөх боломжтой. Гэрээ байгуулснаас хойш талуудын тааварлах боломжгүй, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, нийгэм эдийн засгийн ОНЦГОЙ НӨХЦӨЛ, НОЦТОЙ ӨӨРЧЛӨЛТ -ийн улмаас А ХХК-д хэт хохиролтой байдлыг Нэхэмжлэгч мэдсээр байж энэхүү үнэ нэмэх нөхцөлөөс татгалзаж байгаа нь гэрээний нөгөө тал болох А ХХК-ийн эрх ашгийг үл харгалзан өөртөө илүү ашигтай нөхцөлөөр асуудалд хандаж, гэрээний нөгөө талд илэрхий хохиролтой байдлаар шийдвэрлүүлэхийг хичээж байна. Иймд Иргэний хуулийн 220-р зүйл болон дээрх хууль зүйн үндэслэлийн дагуу Анхбаяраас захиалан бариулсан орон сууц баригдсан өртгийн нэмэгдэл үнэ 11 576 000 төгрөгийг А ХХК-д төлөх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй гэж заасан хэдий ч уг гэрээ хэрэгжиж дуусах үе буюу 2020 оны 2 дугаар улиралд барилгын материалын үнийн өсөлт бий болоогүй, корона вирусын халдварын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоогоогүй үе байсан тул гэрээний үнэд өөрчлөлт орох үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдээгүй учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байгаа нь хариуцагчийн яриад байгаа нөхцөлд хамаарахгүй заалт гэв.
5. Нэхэмжлэгчээс 2020.06.14-ний өдрийн №200614/.. Орон сууц захиалгын гэрээ, байрны захиалгын төлбөр бүрэн төлөгдсөн тухай тодорхойлолт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, 2022.10.28-ны 22/..... дугаар А ХХК-ийн Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай 2021.05.24-ны өдрийн С.Б, Ш.Д нарын хооронд байгуулагдсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2022.11.01-ний өдрийн И.Н, М.Б нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ, Баянзүрх дүүргийн 10-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, Өмгөөллийн Лоо стратеги хуулийн фирмийн 2023.01.04-ний өдрийн А/.... дугаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн тоот, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын баримт хүргүүлэх тухай тоот, 2019.07.05-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, Барилга, хот байгуулалтын сайдын 2022.12.14-ний өдрийн 1/..... дугаар Гомдол уламжлах тухай тоот, 2022.11.25-ны өдрийн ..... дугаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн албан шаардлага зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 6-42, 63-80/
6. Хариуцагчаас А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.02.01-ний өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2023.01.27-ны өдрийн Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, ...........-1 төсвийн гүйцэтгэл, А ХХК-ийн захиалгаар баригдах 128-н айлын орон сууцны барилгын ажлын төсөв, Төгс их хайрхан ХХК-ийн №21/... албан тоот, 2020.08.01-ний, 2021.11.03-ны Бибуте ХХК-ийн Үнийн саналд өөрчлөлт оруулах тухай тоот, 2020.05.11-ний Эвт чулуу ХХК-ийн албан тоот, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2022.02.18-ны өдрийн 2/023 дугаар тодорхойлолт, 2022.12.01-ний өдрийн А ХХК болон ...............1 орон сууцны захиалагч нарын хооронд байгуулсан баталгаа зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 82-85, 95-97, 102-107, 122-135/
7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.01.20-ны өдрийн .....тоот лавлагаа ирүүлсэн ба уг лавлагаанд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо 16 давхар барилгын 8 давхрын ..... тоот хаягаар эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хайлт хийх боломжгүй. А ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-******** дугаартай Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 1 гудамжны 6/2 тоот хаягт байршилтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгын эрх бүртгэлтэй байна. гэсэн баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ..2020 оны 06 дугаар 14-ний өдөр 2006/14/.. дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр тус орон сууцны 8 давхрын .... тоот хаягт байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 390 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 40 226 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд А ХХК-ийн нэрийн Голомт банкны ........тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. ... 2020 оны 2 дугаар улиралд барилгын материалын үнийн өсөлт бий болоогүй, корона вирусын халдварын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоогоогүй үе байсан тул гэрээний үнэд өөрчлөлт орох үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдээгүй учир гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Бидний хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний хэрэгжилтийн явцад корона вирусийн халдварын улмаас гадаад улстай худалдаа хийх, бараа материал хүлээн авах боломжгүй болсон тул барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл үүссэн, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл хорио тогтоогдож байсан зэрэг шалтгаанаар давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн болно. Тус нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь манай компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гэрчилгээнүүд нотолно. гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ .... Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 5.3-р зүйлд 5.3 Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр. тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй. гэж заасан. Гэрээ байгуулснаас хойш талуудын хүсэл зориг хяналтаас гадуур болсон, урьдчилан тааварлах боломжгүй, нийгэм эдийн засгийн хүндрэл, гэнэтийн үнийн өсөлтөөс шалтгаалж гэрээний үүргээ биелүүлэхэд манай компанид ихээхэн алдагдалтай хохиролтой байх хүнд нөхцөл байдалтай болсны улмаас анх заасан гэрээний үнээр үүргээ биелүүлэх боломжгүй болсон. гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч тал ...уг гэрээ хэрэгжиж дуусах үе буюу 2020 оны 2 дугаар улиралд барилгын материалын үнийн өсөлт бий болоогүй, корона вирусын халдварын улмаас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоогоогүй үе байсан тул гэрээний үнэд өөрчлөлт орох үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдээгүй учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар 14-ний өдөр 2006/14/... дугаартай Орон сууц захиалгын гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ............... нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны ...... тоот хаягт байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 390 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 40 226 000 төгрөг байхаар тохиролцсон байна.
7.1 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г.А нь төлбөрийг А ХХК-ийн ........тоот дансанд төлж, гүйцэтгэгч А ХХК нь орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж, шилжүүлэхээр харилцан тохиролцсон асуудлаар талууд маргаагүй. /хх-5-8/
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
8.1 Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч А ХХК нь гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс маргаан үүссэн болох нь, түүнчлэн хариуцагч А ХХК нь 2022 оны 12 сард орон сууцыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Г.А нь уг орон сууцандаа амьдарч байгаа талаар талууд маргаагүй байна.
8.2 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А нь хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ............... нэртэй үйлчилгээтэй 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны 801 тоот хаягт байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.
9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-иас гэрээний үндсэн үүргийг биелүүлэхийг шаардах, улмаар үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрхтэй хэдий ч хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
10. Хэрэгт авагдсан Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021.02.01-ны өдрийн 02/542 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ, 2023.01.27-ны өдрийн 02/....... дугаар Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээ болон барилгын бусад компаниудаас ирүүлсэн албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэргээс Хан-Уул дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ...............-1 128 айлын орон сууцны цогцолбор хотхон нь 2020 оны 11 сард 80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж, улмаар дотоод заслын ажлыг гүйцэтгэх явцад Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, улмаар улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас барилгын салбар уналтад орж, хөрөнгө санхүү удааширсантай холбоотой үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, түүнчлэн дээрх нөхцөл байдал нь А ХХК-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн зэрэг нь тогтоогдож байна.
10.1 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэснээр хариуцагч А ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.
10.2 Нэхэмжлэгч Г.А нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т Хэрэв гүйцэтгэгч гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө. гэж зааснаар алдангид 20 113 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
10.3 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. гэж зааснаар хохирол шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч Г.А нь дээрх түрээсийн гэрээг байгуулаагүй, түүнчлэн уг зардлуудыг гаргасан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул түрээсийн төлбөрт төлсөн 16 910 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, хэрэгт ирүүлсэн 2021.05.24-ны өдрийн С.Б, Ш.Д нарын хооронд байгуулагдсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2022.11.01-ний өдрийн И.Н, М.Б нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ болон М.Баттуулын нэрээр мөнгө шилжүүлсэн баримт зэргээс дээрх зардлыг Г.А гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч А ХХК нь орон сууцны барилгын төсөвт өртгийн нэмэгдэл үнэ 11 576 000 төгрөгийг Г.Ааас гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ талуудын байгуулсан гэрээний 5.3-т Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, түлш шатахуун, барилгын үндсэн материал /Жич: цемент, арматур, төмөр. тоосго, хөнгөн блок, бетон зуурмаг, сантехникийн труба, гадна ханын материал гэх мэт/-ын үнэ гэрээ байгуулах үеийнхээс 15%-аас дээш өссөн тохиолдолд Гүйцэтгэгч тал үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй. гэж заасныг үндэслэсэн гэж тайлбарлав.
Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Г.Ат 2022.10.28-ны өдөр Орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай 22/.... тоотыг хүргүүлж байсан баримт хэрэгт авагдсан байна.
Талуудын байгуулсан гэрээгээр гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй талаар заасан хэдий ч хариуцагч нь төсөвт өртөг өөрчлөгдсөн, түүнчлэн үнэ нэмэгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэхээр байна.
12 . Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 222 дугаар зүйлийн 222.4, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ....... дугаар хороо, ...............-1 үйлчилгээтэй, 128 айлын орон сууцны цогцолбор хотхоны ..... тоот хаягт байрлах 28.94 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхийг хариуцагч А ХХК-нд даалгаж, нэхэмжлэгч Г.Аын нэхэмжилсэн 37 023 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч А ХХК-ийн 11 576 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 148 төгрөгийг, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 166 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 359 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ