| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2019/00959/И |
| Дугаар | 210/МА2019/01169 |
| Огноо | 2019-06-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2019/01169
K /K/-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01192 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: K /K/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Цд холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.
Нэхэмжлэгч K /K/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2011.11.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжугийн гудамж Аман хуур хотхоны ЗЗв байрны 76 тоот 46,2 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авч үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 000171482 тоот гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч нь орон сууцандаа амьдарч байгаад 2014 онд Т.О гэх иргэнд 2014.8.26-ны өдөр 2 жилийн хугацаатай түрээслэх, хөлслөх итгэмжлэл бичиж өгсөн бөгөөд тухайн итгэмжлэл нь 2016.8.26-нд дуусгавар болсон. Т.О нь байрыг буцаан хүлээлгэн өгөөгүй, ямар хүнд түрээсэлж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь Т.Отай 2018 оны10.23-ны өдөр баталгаа гэх баримт үйлдэж Т.О нь 2018.11.09-ний өдрийн дотор тухайн орон сууцанд амьдарч байгаа айлыг гаргаж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүйгээс гадна өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй баталгаа гэрээний 4.7-д заасан үүргээ биелүүлэхгүй итгэл алдсан. Г.Ц гэх айлыг шүүхийн журмаар албадан гаргаж, тухайн орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц нь н.О гэгчтэй ярилцаж тохиролцоод 20 сая төгрөгийг хүүгүй зээлүүлж тус байранд зээлийг буцаан төлөх хүртэлх хугацаанд оршин суухаар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийг эргүүлэн төлөөгүй тул байрыг чөлөөлөхөд хүндрэлтэй байна. Г.Ц нь н.Оыг зээлсэн мөнгөө буцаан төлсөн тохиолдолд байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур хотхон, Намъяанжүгийн гудамжны 33в дугаар байрны 76 тоот, 46,2 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204035294 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Ц /түүний гэр бүлийн гишүүд/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч K /K/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цгээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч K /K/-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч, О.О нар амаар хэлэлцэн тохиролцож тухайн байрыг хууль ёсоор эзэмшиж байгааг шүүх үнэлээгүй шийдвэрлэсэн. Хариуцагч нь хууль ёсны дагуу дээрх орон сууцыг өөрийн мэдэлдээ аван эзэмшил үүсгэн оршин сууж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч K нь хариуцагч Г.Цд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур хотхон, Намъяанжүгийн гудамжны 33в дугаар байрны 76 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ орон сууцыг н.Оаас харилцан тохиролцсоны дагуу шилжүүлж авч шударгаар эзэмшиж байгаа” гэж маргажээ. /хх1-1, 12, 20/
Нэхэмлэгч нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур хотхон, Намъяанжүгийн гудамжны 33в байрны 76 тоот, 46,2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204035294 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Талуудын тайлбараар маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримт тогтоогдсон. /хх-9/
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцыг эзэмшиж буй үндэслэлээ “ Т.От 20 сая төгрөг зээлдүүлж, зээлийг буцаан төлөх хүртэл уг орон сууцыг эзэмшихээр тохиролцсон” гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Хариуцагч нь түүний эзэмшил хууль ёсны гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Хариуцагч нь Т.От 20 сая төгрөг зээлдүүлж, зээлийг буцаан төлөх хүртэл уг орон сууцыг эзэмшихээр тохиролцсон талаарх хэлцэл, зээлийн гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаагүйгээс гадна өмчлөх, эзэмших эрхгүй, эзэмших эрх нь дуусгавар болсон этгээдтэй тохиролцсон гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.
Хэрэгт нэхэмжлэгч болон Т.О нарын хооронд 2018 оны10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан бичгийн тохиролцооноос үзэхэд “..,Т.О нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн дотор тухайн орон сууцанд амьдарч байгаа айлыг гаргаж байрыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон” боловч байрыг чөлөөлөөгүй үйл баримт тогтоогджээ. /хх 11/
Хариуцагчийн эзэмшил хууль ёсны гэдэг нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-35-37/
Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн, Баянзүрх дүүргий14 дүгээр хороо, Аман хуур хотхон, Намъяанжүгийн гудамжны 33В тоот байрны 76 тоот, 46,2 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204035294 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ш.ОЮУНХАНД