| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/41 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/41
2025 03 11 2025/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Чимэддорж,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай
Шүүгдэгч: Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ариун-Эрдэнэ /цахимаар/,
Хохирогч: Ц.А /цахимаар/,
Иргэдийн төлөөлөгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт Б**********ын М**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***********************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М********** нь 2023 оны 10 дугаар сарын 10-наас 2023 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх "**********" ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын байранд "**********" ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Ц.А********** "Архи дарс уусан байна, одоо амарцгаа" гэж тавьсан шаардлагыг "Та ч гэсэн архи уусан согтуу байна", "Архи уучхаад хүнд шаардлага тавилаа" гэж эсэргүүцэн маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зэвсгийн чанартай зүйл болох хутгаар зүүн гуяд нь хутгалж биед нь зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсэж, тус гэмтлийн улмаас зүрхний шигдээсээр хүндэрч хохирогч Ц.А**********ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М********** нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө.” гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Ц.А********** нь мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, байхгүй” гэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Цогтмагнай нь дүгнэлт болон тайлбартаа: “2025 оны 3 сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг Ханбогд сум гэм буруутайд тооцуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Б М**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.М********** нь 2023 оны 10 сарын 10-аас 2023 оны 10 сарын 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сумын суманд байх “**********” компанийн үйлдвэрийн ажилчдын байранд компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан Ц.А**********ийн архи уусан байна одоо амарцгаа гэж тавьсан шаардлагыг та ч гэсэн архи уусан согтуу байна. Архи уучхаад хүнд шаардлага тавилаа гэж эсэргүүцэн маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зүүн гуянд хутгалж биед нь зүүн гуянд хутгалагдсан шарх гэмтэл үүсэж тус гэмтлийн улмаас зүрхний шигдээсээр хүндэрч хохирогч Ц.А**********ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.А**********ийн мэдүүлгүүд хавтаст хэргийн 22 дугаар хуудас, гэрч С*********ын мэдүүлэг хавтаст хэргийн 29 дүгээр хуудас, гэрч Б********** мэдүүлэг хавтаст хэргийн 31 дүгээр хуудас, гэрч Б**********ийн мэдүүлэг хавтаст хэргийн 33 дугаар хуудас, шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ш**********ийн 2023 оны 12 сарын 5-ны өдрийн *** дугаартай дүгнэлт хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Ч********** А********** Д. С********** нарын 2024 оны 11 сарын 6-ны өдрийн *** дугаартай дүгнэлт хавтаст хэргийн 67 дугаар хуудас, яллагдагч Б.М**********гийн мэдүүлэг хавтаст хэргийн 117 дугаар хуудас гэх баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.М**********гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээс шинжлэн нотолсон нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.М**********г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд Б.М********** өр төлбөргүй. Хохирогч Ц.А**********гийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. 40,000,000 төгрөг хүлээн авснаа илэрхийлсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ мөн илэрхийлсэн бусдад өр төлбөргүй гэж бодож байна.”
Шүүгдэгч Б.М**********гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.М********** нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.М**********нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн мөн 1.4 дүгээр зүйлд заасан хохирогчийн хууль ёс зүйн үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд энэ хууль 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд хэрэг ажиллах хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Урьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож арван сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан байна. Шүүгдэгч Б.М**********ийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн шалтгаан бусад зөрчил хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаад Б.М********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.М********** баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураан авсан хар хөх өнгийн хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй урд талдаа хоёр халаастай хоёр хажуу талдаа цахилгаантай ил халаастай ард хоёр талдаа халаастай хоёр хажуу талдаа цахилгаантай ил халаастай ард хоёр талдаа ил халаастай хоёр хар хөх өнгийн өмд болон хутга зэргийг хууль журамдаа устгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө битүүмжлэх эд зүйл байхгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь дүгнэлт болон тайлбартаа: “Прокурорын газраас шилжүүлсэн эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зүйлчлэлийг шүүгдэгчийн болоод өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй.
Б.М**********ийн зүгээс тодорхой хэмжээнд ар гэрийнх нь байдлыг танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Б.М********* эхнэр 2 бага насны охины хамт амьдардаг. Эхнэр нь тухайн нутагтаа бага ангийн багшаар ажилладаг. Өөрөө бүрэн дунд боловсролтой учраас төрсөн нутагтаа мал маллаж амьдарч байгаад ерөнхийдөө монголчуудын нэг л хэвийн амьдралын юугаар уурхайд очиж ажилласан байдаг. Аав ээж нь төрсөн цагаасаа эхлэн мал маллаж ажиллаж амьдарч амьдардаг 2 хөгшин байдаг. 2 хүүтэй айлын том ах нь юм. Энэ хүний зүгээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед болчимгүй үйлдэл гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр улсын яллагчийн ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар дүгнэлттэй санал нэг байна. Энэ дээр нэмээд хэлэхэд шүүх эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хамгийн доод хэмжээг болох 3,2 жилийн хорих ялыг оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Зүйл ангийн үндэслэл нь юу вэ гэхээр ерөнхийдөө учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг шаарддаг байгаа. Энэ дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчид яаралтай тусламж эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй ах дүү хоёр авч явж эмнэлэг тусламж үзүүлсэн байдаг. Энэ ч үүднээсээ бүх зардал мөнгийг ер нь төлж эмнэлгийн бүх үйлчилгээг үзүүлж Улаанбаатар хот руу компанийн тусламжтайгаар Улаанбаатар хот руу онгоцоор авч явж эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Энэ эмчилгээ хийгдээгүй байсан бол маш ноцтой хохирол учрах эрсдэлтэй байсан гэдэг дүгнэлтүүдийг өнөөдрийн байдлаар хийгээд явж байгаа. Тийм учраас энэ залуугийн амь амьдрал цаашдынх нь амь амьдралыг бодоод ер нь 6.7 дугаар зүйлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж өгөөч гэсэн ийм хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс тавьж байна.” гэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч С.Б********* гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М**********ийн хийсэн үйлдлийг гэм буруутай гэж үзэж байна.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 14 дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.А**********гийн “Миний биед компанийн ажилтан Б.М********** хутгаар зүүн гуяны урд хэсэгт нэг удаа дүрж гэмтэл учруулсан. Тухайн үед Б.М********** архи уусан байсан. Би бас архи уусан халамцуу байсан. Тухайн үед Ц.Б**********, жолооч н.Б**********, Б.М********** бид 4 байсан. Би гэрт орж очоод "Одоо амарцгаа, архи дарс уусан байна" гэхэд намайг "Архи уучхаад хүнд шаардлага тавилаа" гээд өөдөөс маргалдсан. Тэгээд хүрч ирээд зүүн гуя руу нэг удаа дүрсэн. Тэр үед зүүн гуя руу халуун оргиод явчихсан. Жижиг тонгорог хутга байх шиг байсан. Тэр өдөр би ажил дээрээ байж байгаад орой шөнийн ээлжид гарч байгаад ажлаасаа буугаад амрах байрандаа ирэхэд манай тогооч "Амарч ирлээ" гээд нэг шил архи гаргаж ирсэн юм. Тэгээд түүнийг ажилтан н.М********, н.Э********* бид 3 хувааж уусан юм. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2300 үед Цогтцэций сумаас урд байдаг ********** үйлдвэрийн хажууд байрлах амрах кемп дээр болсон...”
2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн:
"... Би Б.М**********ээс 20,000,000 төгрөг хувааж өөрийнхөө ********** дугаарын дансаар 2023 оны 12 дугаар сард авсан шиг санагдаж байна. Мөн бэлнээр 10,000,000 төгрөг авсан. Бид хоорондоо ярилцаж байгаад нэмж 12,000,000 төгрөг авахаар ярьсан бөгөөд 8,000,000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 4,000,000 төгрөг байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна... ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролгүй болсон. Одоо уг хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна..." гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 20, 22 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.С**********ын "... 2023 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Цогтцэций сумын урд байрлах "**********" ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажилчдын байранд амарч байхад ажилтан Н.Б********** орж ирээд "Болохоо байлаа Б.М********** А**********г хутгалчихлаа, машинаа асаагаарай" гэхээр би юу болсон юм бол гээд гэрээс гарч үүдэнд байсан машинаа асаагаад байж байхад Ц.А**********г Н.Б********** түшиж авчраад машины урд талын суудал дээр суулгасан. Тэгэхэд Ц.А**********ийн зүүн хөлийг тэлээгээр боочихсон байсан. Тэгээд шууд яваад Цогтцэций сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн... Ц.А**********аас архи үнэртэж байсан. Юунаас болсон талаар асуухад Ц.А********** гэрт байсан хүмүүсийг "Одоо амар" гэхэд нь "Чи өөрөө адилхан архи уудаг байж" гэж хэлээд Б.М********** хутгаар хөлийг гэмтээсэн гэж сонссон. Нүүрс баяжуулах үйлдвэрийн суурийг ухлага хийх гэж 2022 оны 06 дугаар сард ирсэн. Ц.А********** ХАБ-ын ажил хийдэг, Б.М********** ковшийн оператор хийдэг юм. Зүүн гуяны өмнө талд оёдол тавьсан байсан. Тухайн үед Ц.Б**********, Н.Б********** нар хамт байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Б********** "...би 2023 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Цогтцэций сумын урд байрлах "**********" ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажилчдын байранд Б.М**********, жолооч Н.Б********** бид гурав нэг шил 0.5 граммын цагаан архийг хувааж уучхаад байж байхад гаднаас ХАБ-ын ажилтан Ц.А********** ганцаараа орж ирээд "Та нар архи уух ёстой юм уу" гэхэд нь Б.М********** өөдөөс нь "Та ч гэсэн архи уусан согтуу байна" гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар би түмпэнтэй махыг аваад цааш нь тавьж байхад жолооч Н.Б********** "А**********г шаачихлаа шүү дээ" гэж хэлэхээр би эргээд хартал Ц.А**********гийн зүүн хөлөөс нь цус гараад гуяыг тэлээгээр боож байсан... гаднаас Д. С**********, М********** хоёр орж ирээд Ц.С**********, Н.Б********** тэр хоёр Ц.А**********г эмнэлэг рүү аваад явсан. Би тэгээд юу болов гэхэд Б.М********** баруун гартаа жижиг хутга барьчихсан "Би одоо өнгөрлөө хүн хутгалчихлаа" гэж хэлэхээр би хутгыг аваад цааш нь далд хийчихсэн юм... Ц.А********** архи уусан халамцуу байсан. Б.М********** хутгаар зүүн гуянд нь дүрж гэмтэл учруулсан. Энэ хоёртой өөр хэрэлдэж маргалдсан хүн байхгүй. Хэн хэнийхээ хэлсэн үгийг даахгүйгээс болж хоорондоо хэрүүл маргаан хийсэн юм... Тухайн үед Н.Ц**********, н. **********, Б.М********** бид 4 байсан... Б.М********** л мах идчихээд "Махны даруулга" гэж нэг шил архи гаргаж ирсэн. Тэр хутгаар бид нар мах идэж байсан. Б.М**********гийн өөрөө хэрэглэж байсан хутга юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б********** "...би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа орох гэж Өмнөговь аймгаас Цогтцэций сумын урд байрлах "**********" ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажилчдын кемп дээр 1700 цагийн үед ирчхээд ажлаа хүлээж авчхаад байж байхад ХАБ-ын ажилтан Ц.А********** гал тогоонд хүрч ирээд надад захисан 0.75 граммын "**********" архийг ирж аваад явсан. Хэнтэй уусан талаар мэдэхгүй байна. Би тэр орой дахиж уулзаагүй. Цогтцэций сум руу ирээд явж байхад Н.М********** ах над руу утсаар яриад "Хаана байгаад байна, кемп дээр хутганы хэрэг гараад байна" гэж хэлсэн. Би тэгээд кемп рүү явж байхад Н.Ц********** над руу утсаар яриад "Сумын эмнэлэг дээр хүрээд очоо, А********** хутгалуулчихлаа" гэж хэлэхээр би сумын эмнэлэг дээр очиход ХАБ-ын ажилтан хүлээн авах тасагт хэвтэж байсан. Эмнэлгийн коридор нь цус болчихсон байсан... эмнэлгийн ажилтан намайг энэ коридорын цусыг арчиж цэвэрлээ гэж хэлсэн. Би тэгээд коридорын цусыг нь цэвэрлээд Ц.А**********г эмнэлэгт харж хоносон. Зүүн талын гуяны хавьд лент наачихсан байсан... "Б.М********** хутгаар зүүн гуянд нь дүрж гэмтэл учруулсан" гэж Н.М********** ах бид нарт хэлж байсан...намайг амраад ирж байгаа юм чинь хоосон ирэхгүй биз дээ гээд байхаар би нэг шил архи авчирч өгсөн юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С.Ш**********ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай "Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Ц.А**********ийн биед зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүрхний шигдээсээр хүндэрч Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасагт эмчлэгджээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2, 3.3.4 заалтаар амь тэнссэн байдалд хүрсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай "1. Шинжээч эмч С. Ш**********ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан *** дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2. Ц.А**********ийн биед зүүн гуяны урд дунд хэсэгт гуяны тараагуур, хураагуур судасны бүрэн тасарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны шархийг шалгаж гуяны тараагуур, хураагуур судсыг төгсгөл-төгсгөлөөр эргүүлэн залгасан мэс ажилбар тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хурц цус алдаж, зүрхний шигдээсээр хүндэрч Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасагт 5 хоног эмчлэгджээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Өмгөөлөгч Д.А********** гаргасан хүсэлтийн дагуу асуултын хариулт: 1. Ц.А**********ийн биед учирсан зүүн гуяны урд дунд хэсэгт гуяны тараагуур, хураагуур судасны бүрэн тасарсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 2.3.4.6. Зүрхний шигдээс өвчин нь бие даасан өвчин биш, хурц цус алдалтын хүндрэлийн улмаас үүссэн. 5. Яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн дээрх амин үзүүлэлтээр амь тэнссэн байдлыг тогтоохгүй. Амь тэнссэн байдлыг амин үзүүлэлтийн динамик өөрчлөлт, хохирогчийн биеийн байдлыг үнэлж тогтооно." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 67-69 дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.М**********ийн "...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол уншиж танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Ц.А**********д хохирол мөнгө болох 20,000,000 төгрөг, дараа нь 20,000,000 төгрөг хохирогчийн дансанд хувааж төлж дуусгасан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Мэдүүлгийг дуусгах хүсэлттэй байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.М********** прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М********** нь 2023 оны 10 дугаар сарын 10-аас 2023 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх "**********" ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын байранд "**********" ХХК- ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Ц.А**********ийн "Архи дарс уусан байна, одоо амарцгаа" гэж тавьсан шаардлагыг "Та ч гэсэн архи уусан согтуу байна", "Архи уучхаад хүнд шаардлага тавилаа" гэж эсэргүүцэн маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зэвсгийн чанартай зүйл болох хутгаар зүүн гуяд нь хутгалж биед нь зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсэж, тус гэмтлийн улмаас зүрхний шигдээсээр хүндэрч хохирогч Ц.А**********ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М**********ийн хохирогчийн зүүн гуяд нь хутгалж биед нь зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсэж, уг гэмтлийн улмаас хурц цус алдаж, зүрхний шигдээсээр хүндэрч хохирогч Ц.А**********ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иргэдийн төлөөлөгч С.Б**********ийн “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч С.Б********** гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М**********ийн хийсэн үйлдлийг гэм буруутай гэж үзэж байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шүүх бүрэлдэхүүн дүгнэлтийг хүлээн авсан болно.
Шүүгдэгч Б.М**********ийн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хохирогч Ц.А**********гийн зүүн гуяд нь хутгалж биед нь зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсэж, уг гэмтлийн улмаас хурц цус алдаж, зүрхний шигдээсээр хүндэрч хохирогч Ц.А**********ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Б.М********** зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч С.Ш**********ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр тус тус хохирогч Ц.А**********ийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М********** нь хохирогч Ц.А**********ийн эмчилгээний хохирол төлбөрт нийт 40,000,000 /дөчин сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.А********** нь хохирол гомдол байхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй. Талууд хохирол нөхөн төлөгдсөн эсэх талаар маргаагүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М**********ийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М**********ээс “...би бусдад гэм хор учруулсандаа маш их гэмшиж байна. Ял шийтгэлийг нь өөрөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнээс “...энэ залуугийн амь амьдрал цаашдынх нь амь амьдралыг бодоод ер нь 6.7 дугаар зүйлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж өгөөч гэсэн ийм хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс тавьж байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогч Ц.А**********аас “Хэлж ярих зүйл байхгүй. Ялыг хөнгөрүүлэх ар гэр бас 2 нялх хүүхдийг нь бодолцоод гайгүй шийдэхийг хүсэж байна. Хохирол гомдол байхгүй учраас өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Б.М**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М********** 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгыг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч Б.М**********ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А**********ийн “...6.7 дугаар зүйлийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж өгөөч” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М********** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М**********д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвхэгдсэн 11 см x 3 см хэмжээтэй 2 талдаа мөнгөлөг өнгийн хээ бүхий оруулгатай, ажлын хэсгийн бариулаас тусгаарлагч 9 мм ажлын хэсгийн дундаж өргөн 10-20 мм хэмжээтэй 1 /нэг/ ширхэг хутгыг шүүгдэгч Б.М********** нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар уг төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ. Хохирогч Ц.А********** нь хар хөх өнгийн өмдийг устгах санал гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д********** овогт Б**********ын М********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М********** 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М**********д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн өмд /хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхойгүй, урд 2 талдаа халаастай, 2 хажуу талдаа цахилгаантай, тагтай ил халаастай, ард 2 талдаа халаастай/, 1 /нэг/ ширхэг хутгыг /эвхэгдсэн 11 см x 3 см хэмжээтэй 2 талдаа мөнгөлөг өнгийн хээ бүхий оруулгатай, ажлын хэсгийн бариулаас тусгаарлагч 9 мм ажлын хэсгийн дундаж өргөн 10-20 мм хэмжээтэй/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М********** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М********** нь хохирогч Ц.А**********ийн эмчилгээний хохирол төлбөрт нийт 40,000,000 /дөчин сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.А********** нь хохирол гомдол байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТМӨНХ
ШҮҮГЧИД Д.БАТТУЛГА
Г.ДАВААНАРАН