Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

     2025             07               08                                                2025/ШЦТ/­­­­100                                               

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт  С**********ийн Ж**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

********************************************************************************************

 

       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  Шүүгдэгч С.Ж********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн 8 дахь километрийн засмал замд **** АРА улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг 1.51 хувийн согтолттойгоор согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж********** нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би өөрийнхөө гэм бурууг гэмшиж байна. Дахиад хоёрдохь ял намайг харж үзээчээ.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Наранхүү нь дүгнэлт болон тайлбартаа: “Гэм буруутайд тооцуулах тухай, яллагдагчийн дүгнэлт.  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү би, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ердийн журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явуулж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгдэгч С.Ж**********д холбогдох эрүүгийн ********** хэргийн дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар С.Ж********** нь тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багын нутаг дэвсгэрт **** АРА улсын дугаартай, Dong Feng маркийн тээврийн хэрэгслийг 1.51 хувийн согтолттойгоор согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүгдэгчийн гэмт бурууг эцсийн байдлаар тогтооход  шүүх дээр цугларсан боломж бүхий хэлэлцүүлэгийг шинжлэн судлах нотлох баримтуудын нийт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хангалттай, агууллагын хувьд зөрүүгүй, үйл баримтын алдаа дутагдал гарсан гэж хувийн зүгээс үзлээ. Хэрэгт цугларсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт гэрээт цагдаагийн албан хаагчийн зөрчил илрүүлсэн илтгэх хуудас, цагдаагийн ерөнхий газрын жолоочын лавлагаа мэдээлэл мөн Архангай аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн зөрчлийн шүүх хуралдааны шийтгэвэр, С.Ж**********ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдлоо. Түүнчлэн С.Ж********** өмнө нь Архангай аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байна. Улмаар 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багт Dong Feng маркийн тээврийн хэрэгслийг 1.51 хувийн согтолттойгоор жолоодсон согтууруулах ундаа хэрэгсэл эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрээт цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэргээр нотлогддог. Хууль зүйн дүгнэлтийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж Эрүүгийн хуульд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсхээс учруулсан, зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгсэл  жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бол мөн тээврийн хэрэгслийг жолооодож яваа эсвэл тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй эсвэл эрхгүй мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгохоор хуульд тогтоогч тайлбарлан батласан. Шүүгдэгч С.Ж********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолооч дараах зүйлийг хориглоно тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг мөн зөрчжээ. Монгол улсын эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/138, А/130 дугаартай тушаалыг хавсралтаар баталсан согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журмын 2.5-д шалган тогтоох ажилын үр дүнд амьсгал дах спиртийн агууламж 0.20 хувь промиль, цусан дах спиртийн агууламж 0.5 хувийн промиль илэрвэл согтууруулах ундаа хэрэглсэн гэж үзнэ. Шүүгдэгч С.Ж********** нь 1.51 хувь согтууруулах ундаа хэрэглэсэн  гэж үзэх үндэслэл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бусаар  санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээий актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Харин шүүгдэгчийн дээрх бүрэлдэхүүнд гэмт хэргийн шууд санаатай үйлдэл бөгөөд бусад үйлдсэн оюун санааны шинжээр илэрч байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэсэн хуулийн заалтаар тодорхойлогддог. Иймд шүүгдэгч С.Ж**********ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн энэ  хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээс мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон давтамж хоорондын хугацаа нь 1 сар 8 хоногийн дараа согтууруулах ундаа хэрэглэн дахин тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон мөн шүүгдэгч С.Ж**********ийн хувийн байдал одоогоор ажилгүй, 6 хүүхэдтэй зэргийг харгалзаж үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан ямар нэгэн хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйл хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй шүүгдэгчийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хувийн баталгаа, аслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээхээр санал гаргаж байна.

Өмгөөлөгчийн саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн зорилго нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхүүдийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч С.Ж**********ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг цээрлүүлэх зорилгод нийцээд зогсохгүй ялын үр дүнтэй байдал, шударга ёсны зарчимд нийцүүлэн 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар олон хүүхэдтэй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээч гэсэн санал гаргаж байна. Шударга ёсны зарчим гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон давтамж нь өөрөө тухайн хүний байнга хийдэг үйлдэл, зуршил дадал болоогүй хэдий ч гэсэн тэр нь маш богино хугацаанд үргэлжилж байна. Dong Feng маркийн тээврийн хэрэгсэл гэдэг бол өөрөө хүнд даацын тээврийн хэрэгсэл буюу нийгэмд учирах хор аюулын хэмжээ өөрөө их ийм үндэслэлүүд байгаа 240 цагийг өдөр 8 цагаар бодоод 30 өдөр хийлгэх ял байна. Харин 450 цаг нь 2 сар гаруй хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ял бол зуны саруудад ялын үр дүнтэй байдал, шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж үзээд өмнөх саналаа бүрэн дэмжиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь дүгнэлт болон тайлбартаа: “Өмгөөлөгч миний бие дараах байдлаар дүгнэлттээ гаргая. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримттай маргаж мэтгэлцэхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогдож байгаа. Энэхүү үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шинжийг бүхэлд нь хангаж байгаа учраас зүйчлэл болон гэм буруу дээр маргах шаардлагагүй бүрэн дүүрэн тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс хариуцлагын хувьд өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр сууринаас энэ хэргийн хүрээнд зохиомжтой гэж үзэж байгаа. Миний үйлчлэгчийн хувьд  6 хүүхэдтэй бага насны 5-17 насны хүүхдийн асуудал яригдана. Эрүүгийн хуулийн еранхий ангийн 5.1, 6.1-т эрүүгийн хариуцлагын талаар заасан. 6.1.2-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ гэж заасан. Хэргийн хүрээнд хүндрүүлэх, хөнгөрүүлэх шинж  байдал байхгүй. Хувийн байдалтай холбоотой өмгөөлөгчийн зүгээс зургаан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн. Бага насны хүүхдүүдийг хамгаалах, хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар аавтайгаа амьдрах эрхтэй ийм учраас нийгмээс тусгаарлах шаардлагагүй. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаад, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 цагаар эдлүүлэх саналыг гаргаж байгаа юм байна. Өмгөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дэмжиж байгаа. Харин 450 цагийг наашлуулж өгөөч 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх нь хуулийн хүрээндээ боломжтой. Ийм учраас 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хугацааны хувьд өөрчилж өгөөчээ гэсэн саналыг оруулж байна.

Улсын яллагчийн зүгээс давтамжийн хувьд нэг сар байсан эрхээ хасуулаад удаагүй гэж хэлж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1.4 дэхь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тэгэхээр өмнө нь зөрчлийн арга хэмжээ авагдсантай нь маргаагүй, дараа нь бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Хууль тогтоогчид 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг ямар байдлаар хуульчилсан гэхээр улсын яллагчийн хэлээд байгаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэдэг дээр миний үйлчлүүлэгч орж байгаа дахин согтуурууд зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэдэг хоёр үйлдэл байгаа тохиолдолд энэ хоёр шинж байгаа тохиолдолд 27.10.5-т орно.  энэ гэмт хэргийн шинжийг хангасан хүн 240 цагаас 720 цагаар нийтэд тустай ажил хийлгэх боломжтой гэж хуульд тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр ямар ял өгөх вэ гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа учир шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд мөн хуулиар олгогдсон энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан энэ ялыг өгөх бүрэн боломжтой. Улсын яллагчийн зүгээс яллах байр суурны үүднээс бол тухайн зүйл ангид заасан өндөр ялыг санал болгодог тийм учраас хууль тогтооч нарын 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааж тогтоосноор торгох ял ч өгөх боложтой нийтэд тустай ял ч өгөх боломжтой сонгож болох санкцийг оруулж өгсөн байгаа. 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгож өгөөчээ гэсэн саналыг шүүхэд оруулж байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

********** цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Б**********ийн зөрчил илрүүлсэн илтгэх хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3 дахь тал/

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл "...эрх хасах: Архангай Өгийнуур, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 2025-04-24, 1 жил эрх хасах..." гэх баримт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 2024/3Ш/*** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 29-31 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Ж**********ийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “...Би прокурорын тогтоолыг өөрөө уншиж танилцлаа санал хүсэлт байхгүй байна. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчаар мэдүүлэг өгөөд байх шаардлага байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргана. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчааас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч С.Ж**********ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ж**********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн 8 дахь километрийн засмал замд **** АРА улсын дугаартай Dong Feng маркийн тээврийн хэрэгслийг 1.51 хувийн согтолттойгоор согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч С.Ж********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг хангажээ.

           Шүүгдэгч С.Ж********** нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 29-31 дэх тал/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдлийг ойлгохоор заасан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ. 

  Шүүгдэгч С.Ж********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн 8 дахь километрийн засмал замд **** АРА улсын дугаартай Dong Feng маркийн тээврийн хэрэгслийг 1.51 хувийн согтолттойгоор согтуурсан үедээ жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд, шүүгдэгч С.Ж**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Ж**********ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч С.Ж**********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...С.Ж********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дэмжиж байгаа. Харин 450 цагийг наашлуулж өгөөч 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх нь хуулийн хүрээндээ боломжтой. Ийм учраас 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хугацааны хувьд өөрчилж өгөөчээ...” гэх саналыг,

 Шүүгдэгч С.Ж**********с “...Би өөрийнхөө гэм бурууг гэмшиж байна. Дахиад хоёрдохь ял намайг харж үзээчээ.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч С.Ж**********ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж**********ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон ба гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ж**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ********** овогт С**********ийн Ж**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж**********ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж**********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ж**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ