| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00527/и |
| Дугаар | 155/ШШ2023/00645 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2023/00645
| 2023 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2023/00645 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00527/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б 2022.11.05-нд Алаг-Эрдэнэ сумаас ачиж ирсэн (худалдан борлуулахаар) гоожин, гарал үүслийн гэрчилгээтэй, Зил-131 машин түлшний модыг 13-38-18 тоотод оршин суух Б.Б гэх залууд 1 сая төгрөгөөр зарж мөнгийг нь 5 хоногийн дараа цалин буухад авахаар болж тохиролцон хашаанд нь өөрийн биеэр буулгаж өгсөн. Ингээд өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул 1 сая төгрөгийг Б.Боос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр өмнө нь Сэлэнгэд самранд явж байгаад танилцсан юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Алаг-Эрдэнэ сумаас буюу хөдөө гэрээсээ машинаа оношлогоо юманд оруулах зорилгоор ирэхдээ түлшний мод бэлтгэж ирж зарсан юм. Тэгээд зарах гээд зогсож байтал Б.Б хүрч ирээд миний түлшний модыг 1 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод хадам нь гэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 38 дугаар гудамжны 18 тоот хашаанд уг модыг буулгасан. Тэр хашаанд хоёр айл байсан бөгөөд хадам аав нь гэх өвгөн гарч ирж байсан. Эхнэр нь гэж хүн байхгүй байсан. Тэр хашаанд хоёр гэр байсан юм. Нэг нь өөрийнх нь гэр гэж хэлж байсан. Эхнэр авч байгаа гэж ярьсан юм. Тэгээд 1 сая төгрөгийг удахгүй цалин буухаар 4-5 хоногийн дараа өгнө гэж ярьж тохирсон. Мөн өнөө маргаашгүй хүнээс мөнгө авах гэж байгаа тэр ороод ирвэл шууд өгчихнө гэсэн юм. Тэгээд тэрнээс хойш би утсаар яриад асуухаар одоо өгнө маргааш өгнө гэсээр байгаад сүүлдээ утсаа ч авахгүй болсон юм. Би шүүхэд өгөхөөсөө өмнө нөгөө мод буулгасан хашаанд очиход мод буулгах үед байсан өвгөн гарч Б.Быг асуутал ирээд охиноосоо салсан хаана юу хийж явааг нь мэдэхгүй гэж хэлж байна лээ. Тэгээд би шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Б.Б нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн юм. Тухайн үед түлшний мод 1 сая төгрөгөөр 1 сая 200 мянган төгрөгийн ханштай байсан юм. Б.Боос түлшний мод худалдсан 1 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хариуцагч Б.Бт 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан танилцуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор буюу 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг, хариу тайлбар ирүүлээгүйгээс гарах үр дагаврын талаар мэдэгджээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зил-131 машин түлшний модыг Б.Б гэх залууд 1 сая төгрөгөөр зарж мөнгийг нь 5 хоногийн дараа цалин буухад авахаар болж тохиролцон хашаанд нь өөрийн биеэр буулгаж өгсөн. Одоог хүртэл мөнгөө гаргуулж авч чадаагүй тул гаргуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан түлшний модны үнэ болох 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.Б нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан авч хариу тайлбарыг ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.Б ЗИЛ-131 маркийн авто машины толгой хэсэгт ачсан түлшний модыг хариуцагч Б.Бт шилжүүлэх, хариуцагч Б.Б 4-5 хоногийн дараа нэхэмжлэгчид түлшний модны үнэ 1,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Иймд нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Г.Б тохиролцсон ёсоор өөрийн үүргийг биелүүлж, түлшний модыг хариуцагч Б.Бын хашаанд буулган өгсөн боловч худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ хариуцагч Б.Б биелүүлээгүй тул нэхэмжлэгч Г.Б нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан түлшний модны үнийг төлөхийг шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Бт нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардуулж, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй тайлбарлан өгсөн боловч хариу тайлбарыг ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.”,
Мөн зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хуулийн дээрх зохицуулалтаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.Боос 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Б.Бт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулахаар тогтсон болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт нь Гантөмөр нэрээр 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөгдсөн баримт байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийг тухайн нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэх боломжгүй юм.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бгаас 1,000,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Боос 28,550 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Боос 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бгаас 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Боос 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА