| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00506/и |
| Дугаар | 155/ШШ2023/00648 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2023/00648
| 2023 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2023/00648 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х-Э ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай, 155/2023/00506/и дугаар индекстэй иргэний хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.Д, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Д нь Хөвсгөл аймгийн “Х-Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус компанийн харуулын үүрэгт ажилд томилогдон, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс үндсэн мэргэжлийнхээ дагуу диспетчерийн ажилд шилжин ажиллах болсон.
Дээрхи ажлыг хийж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн ур чадварыг зохих түвшинд үнэлүүлэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ахлах диспетчерийн ажилд дэвшин томилогдсон.
Уг ажлыг миний бие 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл буюу эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр 1 жилийн хугацаагаар чөлөө авах хүртлээ тасралтгүй хийсэн.
Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу өөрийн ажил үүрэгтэй холбоотой заавар, журам, гэрээгээр хүлээсэн үүрэг, техник технологи, хөдөлмөр хамгааллын горимыг чанд сахин биелүүлж, байгууллагынхаа зорилго зорилтыг тууштай дэмжин, идэвхи санаачилгатай ажилласаар ирсэн ба тийм ч учраас сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.
Түүнчлэн хариуцсан ажилдаа чин сэтгэлээс хандаж, ажлын байр, хамт олон болон үйлчлүүлэгч нартай эелдэг зөв зан харилцааг эрхэмлэж, ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ажил хэрэгч соёлтой хувцасласаар ирсэн. Тиймээс ч ажил үүрэгтээ тохирсон цалингаа авч явсан гэж бодож байна.
Дээр дурдсанчлан 1 жилийн хугацаа дуусаж, миний бие бүрэн эмчлэгдсэн учир 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ Х-Э ХХК-ийн захиргаанд гаргасан.
Намайг ажилдаа буцаж орох хүсэлтээ өгөх үед байгууллагын удирдлага солигдсон байсан бөгөөд гүйцэтгэх захирал З.Б надад хэлэхдээ “...чиний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа... түр хүлээх шаардлагатай...цаг нь болохоор чам руу эргээд холбогдье...” гэх тайлбарыг өгсөн.
Миний хувьд түүний энэхүү үгийг хүлээн зөвшөөрч, нэгэнт ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэсэн болохоор нь хүлээцтэй байдлаар хандсаар ирсэн.
Гэтэл өнгөрсөн хугацаанд удаа дараа албан ёсоор хандаж байхад “удахгүй ажилд нь томилно...” гэх тайлбарыг амаар өгөн итгэл найдвар төрүүлэн хүлээлгэсээр байсан мөртлөө 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1188 дугаартай өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр “....та хүндээр өвчилсөн, нэг жилийн хугацаанд эмчлэгдэх шаардлагатай болсон талаар дурдаж чөлөө авсан гэх ба энэ хугацаанд хаана, хэрхэн эмчлүүлсэн тухай түүнтэй холбоотой баримтыг байгууллагад ирүүлээгүй, мөн эдгэрсэн талаарх баримтыг ирүүлээгүй...тул дээр дурдсан баримт шаардлагатай байна...” гэх илт үндэслэлгүй баримтыг надаас нэхсэн.
Иргэн миний хувьд ажил олгогчийн дээрхи албан бичгийг огт ойлгохгүй байгаа бөгөөд миний эрүүл мэндийн байдал болох хувь хүний нууцтай холбоотой баримт байтал хууль ёсыг зөрчин шаардлагагүй дээрхи үйл баримтыг нэхэж, шаардаж байгаа нь иргэн миний Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдэлбэл зохих үндсэн эрх, эрх чөлөө болох “...ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох...” эрхэд бүдүүлгээр халдсан үйлдэл болно.
Өнөөдрийг хүртэл Р.Д намайг ажлаас чөлөөлсөн, халсан талаар удирдлагын албан ёсны шийдвэр огт гаргаагүй.
Бичгээр ч тэр, амаар ч тэр энэ талаар байгууллагын захиргаанаас огт хэлэхгүй, мэдэгдэхгүй байгаа.
Тийм байтлаа ажилд буцаан томилохгүй байгаа нь ажилтан миний эрхийг ноцтой хохироож буй үйлдэл гэж ойлгож байна.
Иргэн миний бие ажил олгогчийн энэ мэт ойлгомжгүй байдлаас шалтгаалан цалин хөлсгүй удаан хугацаагаар байснаас шалтгаалж, миний өрх гэрийн эдийн засгийн байдалд хүртэл сөргөөр нөлөөлөхүйц эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ.
Энэ мэтээр миний дээрх ажил хөдөлмөрийг эрхлэхтэй холбоотой харилцаанд огт хамааралгүй, шаардлагагүй эмнэлгийн баримтуудыг шаардан чирэгдүүлж байгаа нь цаашид ажилд томилохгүй байх гэсэн эс үйлдэхүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 02 дугаар сараас Х-Э ХХК-с ажлын гараагаа эхэлсэн. Энэ хугацаандаа ээлжийн диспитчер, ахлах диспетчерээр ажиллаж байсан. Ээлжийн диспетчерээр болон ахлах болсон. Ахлах диспетчерээр ажиллаж байх хугацаандаа шилдэг инженер болж байсан. Ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж байсан. Манай ажиллаж байсан газар улсын онцгой обкъект юм. Манай диспетчерүүд 24 цагийн турш 17 сумыг тог цахилгаанаар ханган ажилладаг. Ээлжид гарч байх хугацаандаа бүх инженер техникийн ажилтнуудыг удирдаж ажилладаг. Ийм маш чухал алба байгаа юм. Би хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу үүргээ хангалттай биелүүлж сайн ажиллаж байсан гэж бодож байна. Тийм ч учраас манай хамт олон намайг үнэлж шагнаж байсан байх гэж бодож байна. Би оюутан байхдаа элэгний вирустэй болж байсан. Жил болгон эмчийн үзлэгт ордог байсан. Ийм өвчтэй хүн ажил хийж болохгүй гэсэн эмчийн дүгнэлт байхгүй. Ийм өвчтэй хүнээр ажил хийлгэхгүй гэсэн зүйл байхгүй. 2017 оноос би хавсарсан вирус гэж оношлогдоод Улаанбаатар хотод элэгний төв дээр хяналтад байдаг байсан. Элэгний вирус нь хамгаалах эмээ уугаад хоолны дэглэмээ бариад явж байхад ямар ч асуудалгүй байдаг. 2020 онд би эрүүл мэндийн байдлаас сайжруулахаар тухайн үед ажиллаж байсан захирлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар чөлөө авсан. Тэгээд чөлөөний хугацаа дуусаад ажилдаа орох хүсэлтээ өгөхөд байгууллагын маань удирдлага солигдсон байсан. Эхлээд надад онцгүй санагдаж байсан. Надад “чамайг ирэхгүй юм байх гэж бодож байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “миний чөлөөний хугацаа дуусаад би ажилдаа орох гэж байна та миний хүсэлтийг шийдэж өгөөч” гэхэд “надад хүлээж байгаарай, чиний албан тушаалд өөр хүн томилогдчихсон явж байгаа” гэж хэлсэн. Би хэд хэдэн удаа уулзсан. Манай хэсгийн инженер “би ажлаасаа гараад ЭРдэнэтэд очиж ажиллах гэж байна, чи очоод уулзаач гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзахад энэ удаад чамайг авах боломж байхгүй чи хүлээж бай гэж хэлсэн. Ийм байдлаар зөндөө хүлээсэн. Заримдаа утсаар ярьдаг. Заримдаа очиж уулздаг. Тэгээд би нэг удаа очиж уулзаад “намайг ажилд авах болж байна уу, би цалин мөнгө байхгүй ар гэрийн амьдрал хэцүү байна” гэхэд “чи хүлээж бай” гэсэн. Надад намайг ажилд авахгүй гэж хэлж байгаагүй. Нэг жил гаруй хугацаа болох гээд ирэхээр нь би “ар гэрийн санхүүгийн байдал хүндрээд байна ажилдаа оръё” гэхэд намайг “эрүүл мэндийн байдал эрүүл гэсэн баримтаа аваад ир” гэж хэлсэн. Би тэрийг ердөө ойлгоогүй. Би эрүүл ажлаа хийх чадамжтай гэдгээ хэлсэн. Намайг авахгүй юм шиг байна гэж бодоод би хуулийн зөвлөгөө аваад нэхэмжлэл гаргаад явж байна. Намайг эрүүл гэдгээ нотлох юм бол авъя гэсэн хариу ирсэн. Тэрийг нь яаж нотлуулдаг юм бэ гэхээр эрүүл мэндийн байгууллагаар 14 төрлийн шинжилгээ хийлгүүлээд очсон боловч ажилд аваагүй. Иймд намайг хуучин ажиллаж байсан Х-Э ХХК-ийн ахлах диспетчерийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Намайг алга болсон ирээгүй гэж байна. Намайг гүтгэж байна. Би ажилдаа орох гээд жил гаруй хугацаанд ажлаа хиймээр байна гэж хэдэн сар гуйгаад, сүүлдээ утсаа авахаа байсан. Очих болгонд өөр өөр зүйл ярьдаг. Нэг удаа очиход манай нэг диспетчер чөлөө авсан. Би яриад эргээд ярья гэсэн. Ийм зүйл болчихно гэж бодоогүй учир би яриаг нь бичиж аваагүй. Тэгээд би зөндөө олон удаа залгасан боловч утсаа авахгүй байж байгаад нэг удаа утсаа авахдаа “нөгөө хүн чинь ажилдаа орох болсон байна чи хүлээж байгаач” гэсэн. Би байсхийгээд л очдог. “Хүлээж байгаарай” л гэдэг. Нэг удаа намайг очиж уулзахад чи монтёроор юм уу, байцаагчаар ажиллаж бай гэсэн. Тэгэхээр нь би өөрийн хийж байсан ажлаа хиймээр байна. Эсвэл өөрийн ажиллаж байсан хэсэгтээ ажилламаар байна гэдгээ өөрт нь хэд хэдэн удаа хэлж байсан. Хүний нөөцөд миний материалыг аваад ир гэж хэлж байсан. Б захирал ч өөрөө надад хэлж байсан. Чиний хувийн хэрэг байхгүй байна гэхээр нь би “яахаараа байдаггүй юм бэ. Миний 8 жилийн хугацаанд ажиллаж байсан баримт, авч байсан шагнал урамшлын баримтууд байгаа шүү дээ” гэж хэлсэн. Хариу тайлбартаа Дийн хувийн хэргийг аваад ир гэхэд хүний нөөц авч ирээгүй гэсэн байсан. Энэ бол байгууллагын өөрийн дотоод асуудал. Түүнээс би очоогүй бол биш. Намайг хэзээ дуудах бол гээд би ажилгүй хүлээгээд суугаад байгаа шүү дээ. Хөхүүл хүүхдээ харах гээд чөлөө авсан гээд байна. Хуучин хуулийн 80-ын 1 дүгээр заалтад тийм заалт байхгүй. Хөхүүл хүүхэдтэй гээд чөлөө авсан гэж байна. Би эмэгтэй хүн биш дээ. Өргөдөл дээрээ ч тийм зүйл бичээгүй. Тушаал дээр ч тэгж гараагүй. 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 80-ын 1 дүгээр зүйлд ажил олгогч ажилтны хүсэлтээр чөлөө олгож болно гэсэн заалт байсан. Жил гараны хугацаа өнгөрсөн байхад намайг ажил эгүүлэн аваагүй. Хуулийн зөвлөгөө аваад одоо яах билээ гэж асууж ч үзсэн. Очиж уулзаад гуйж ч үзсэн. Намайг хөдөлмөрийн чадвараа алдсан мэтээр харж байна. Би хэсэг цехээ ахлаад 7, 8 жил ажилласан. Байхгүй, ажилдаа орох гээд сүүлд очиход байхгүй байна. Хуралтай байгаад байна гээд байсан. Тэгээд уулзах гэж очихоор уулзахгүй байгаад байхаар нь шүүхэд хандсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ахлах диспейтчер ажилтай гэх Р.Дид тэр үед ажиллаж байсан байгууллагын захирлын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 4 сарын 6-ны өдрөөс эхлэн түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлтийнх нь дагуу нэг жилийн чөлөө олгожээ.
Тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсэгт “...хүүхэд хөхүүлэх, асрахад нь зориулан 6 сар хүрээгүй буюу нэг нас хүрээгүй ихэр хүүхэдтэй эхчүүдэд хоёр цагийн завсарлага, 6 сараас нэг хүртэл насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эх, ганц бие эцэгт нэг цагийн завсарлага олгоно...” гэж заасан байх ба байгууллагын дотоод хэм хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар ямар хугацаанд, юуг үндэслэж олгох талаар тусгагдаагүй иржээ.
Д нь 2022 оны 3 сарын 25-ны өдөр ажилдаа орохыг хүссэн өргөдөл ирүүлсний дагуу байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнд холбогдох гэрээ, хувийн хэрэг, материал тушаалыг танилцуулах үүрэг өгсөн боловч тэрээр ирээгүй, түүнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ, хувийн хэрэг байхгүй гэдэг тайлбарыг өгчээ.
Тэрээр 2023 оны 1 сарын 30-ны өдөр ажилд орох хүсэлтээ дахин ирүүлсэн бөгөөд энэ удаан хугацаанд хэвтэж эмчлүүлэх болсон талаарх баримтыг болон эдгэрсэн талаарх баримтыг, эдгэрэлтийн байдлаас шалтгаалж өөр ажил албан тушаалд шилжиж ажиллуулж болох талаарх ажил олгогчид байх ёстой мэдээллийг ирүүлээгүй юм.
Манай байгууллага нь улсын онцгой обьект болохын хувьд уг байгууллагын реле тохируулгын ахлах диспейтчер нь цахилгаан эрчим хүчтэй шууд харьцаж ажилладаг ажилтны хувьд хөдөлмөрийн чадвартай, эрүүл болохыг гэрчилсэн эмнэлгийн магадлагаатай хүнийг авч ажилуулах ёстой бөгөөд энэ талаар байгууллагын дотоод журам, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Цахилгаан дулаан, эрчим хүч зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, тухайн ажил, мэргэжилтэй холбоотойгоор эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэж байгаа эсэхийг шалгуулахаас үндэслэлгүй татгалзсан, эсхүл хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд ажилтны ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу түүний ажил үүргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа юм байна.
Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х-Э ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл шүүхэд гаргасан тайлбартаа: Ахлах диспетчер ажилтай гэх Р.Дид тэр үед ажиллаж байсан байгууллагын захирлын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 4 сарын 6-ны өдрөөс эхлэн түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас хүсэлтийнх нь дагуу нэг жилийн чөлөө олгожээ.
Тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсэгт .... хүүхэд хөхүүлэх, асрахад нь зориулсан 6 сар хүрээгүй буюу нэг нас хүрээгүй ихэр хүүхэдтэй эхчүүдэд хоёр цагийн завсарлага, 6 сараас нэг хүртэл насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эх, ганц бие эцэгт нэг цагийн завсарлага олгоно...” гэж заасан байх ба байгууллагын дотоод хэм хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар ямар хугацаанд, юуг үндэслэж олгох талаар тусгагдаагүй иржээ.
Р.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах зэрэг хууль тогтоомж болон байгууллагын дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагыг хуурч мэхлэх замаар байгууллагын нэр хүндэд халдсан үйлдлийг гаргаж худал мэдээллээр чөлөө авсан, авсан хугацаандаа ажилдаа ирсэн нэр зүүж байсан, хөдөлмөрлөх үүргээсээ зайлсхийж хоёр жилийн хугацаанд ирээгүй ба хууль тогтоомжид заасны дагуу эрүүл болохыг магадалсан баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох нь зүйтэй.
Тэрээр 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ажилд орох хүсэлтээ дахин ирүүлсэн бөгөөд энэ удаан хугацаанд хэвтэж эмчлүүлэх болсон талаарх баримтыг болон эдгэрсэн талаарх баримтыг эдгэрэлтийн байдлаас шалтгаалж өөр ажил албан тушаалд шилжиж ажиллуулж болох талаарх ажил олгогчид байх ёстой мэдээллийг ирүүлээгүй бөгөөд манай байгууллага нь Улсын онцгой объект болохын хувьд уг оайгууллагын реле тохируулгын ахлах диспейтчер нь цахилгаан эрчим хүчтэй шууд <арьцаж ажилладаг ажилтны хувьд хөдөлмөрийн чадвартай, эрүүл болохыг гэрчилсэн эмнэлгийн магадалгаатай хүнийг авч ажиллуулах ёстой бөгөөд энэ талаар оайгууллагын дотоод журам, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд тусгажээ.
Дулаан эрчим хүч, ... зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэндийн тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, тухайн ажил, мэргэжилтэй холбоотойгоор эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэж байгаа эсэхийг шалгуулахаас үндэслэлгүй татгалзсан, эсхүл хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд ажилтны ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу түүний ажил үүргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа юм байна.
Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний эрх зүйн гэрээний харилцаа гэдэг бол талуудын итгэлцэл, эрх үүргээр холбогдсон харилцаагаар илэрч байдаг. Үүн дээр иргэний эрх зүйн харилцаа бол итгэлцэл юм. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Талуудад өөр өөрсдийн ашиг сонирхол бий. Энэ ашиг сонирхлоо нийлүүлээд хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр л ажиллаж байгаа шүү дээ. Энэ хүн ажлаа гүйцэтгэж яваад өвчний учир чөлөө авсан байдаг. Хөдөлмөрийн гэрээн дээр нь чөлөөний тухай зохицуулалт тухайлан зохицуулагдаагүй. Хөхүүл хүүхэдтэй хүн гэж 1 жилийн чөлөө авсан юм билээ. Байгууллагын дотоод журамдаа мөн энэ талаар тусгаагүй. Дараа нь энэ талаараа тухайн байгууллага нарийвчлаад зохицуулсан юм билээ. Эхлээд энэ хүн ажилдаа орох хүсэлтээ тавьсан байдаг. Тэгээд дарга нь энэ хүнтэй холбоотой баримтыг оруулж ир гэж боловсон хүчиндээ цохолт хийсэн байдаг. Гэтэл энэ хүн ирээгүй юм билээ. Хэрвээ энэ хүн өөрөө ажилдаа оръё гэж хөөцөлдөж байсан бол тэр дороо халагдчихгүй л байсан байх. Энэ хүн 1 жилийн дараа ирж байгаа байхгүй юу. Нэг жилийн дараа ирэхэд нь энэ хүний өргөдлийг хүлээж аваад дотоод хяналтын хороондоо шийдвэрээ цохолт хийсэн. Шинэ дарга нь энэ хүний талаар мэдэхгүй шүү дээ. Хувийн хэрэг нь ч олдоггүй юм билээ. Хөдөлмөрийн гэрээ нь ч олдохгүй байж байгаад шүүхээс бичиг ирсний дараа олдсон. Энэ улсын онцгой объект учир тусгай объектод ажилладаг хүмүүст тавигддаг шаардлага байдаг юм билээ. Жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт орж байх, эрүүл мэндийн шаардлага хангасан хүн тухайн албан тушаалд ажиллаж байх ёстой. Ажилдаа орох гээд ирэхээр нь зүй ёсны шаардлага тавьсан юм билээ. Цахилгаан эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүний бие эрүүл мэндийн байдал муудах юм бол түдгэлзүүлэх эрхтэй юм билээ. Энэ хүн чинь хуулийн зөвлөгөө авсан гээд сонин сонин юм бичсэн шүү дээ. Миний хувийн эрх чөлөөнд халдлаа миний өвчнөөр яах гээд байгаа юм гэсэн утгатай зүйл бичсэн. Ажлын онцлог нь ингэж шаарддаг юм гэдгийг ойлгох ёстой. Тэгээд нөгөө бичгээ аваад ирсэн бол яах ч байсан юм билээ. Хөдөлмөрийн харилцаа дуусаагүй байгаа шүү дээ. Шүүхэд хандах ёстой байсан ч юм уу. Хуулийн дагуу ажил олгогч түдгэлзүүлчихсэн байхад шүүх бас ажилд нь ав гэх эрх байхгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байж, энэ хүнийг ажилд нь авна. Би яагаад түдгэлзүүлсэн шийдвэр яриад байна вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлага дээр түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага байхгүй. Ажлаас буруу халсан тушаал шийдвэр дээр шүүх дүгнэлт хийнэ. Түүнээс хөдөлмөрийн харилцаа нь хэвээрээ байгаа, түдгэлзүүлсэн байгаа хэрэг дээр шийдвэр гаргаад явна гэхээр болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Үүний дараа тухайн байгууллагадаа ном журмынхаа дагуу хандана биз гэж хүсэж байна. Байгууллагын зүгээс шүүхийн асуудлын дараа шийдвэрлэе гэсэн. Иргэний хууль мэдэхгүй байна гэдэг нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн. Энэ хүн уг шинэ хууль мөрдөгдөж эхэлсний дараа орж ирсэн байхгүй юу. Улсын онцгой объектод эрүүл хүн ажиллах ёстой. Элэгний өвчтэй ийм удаан хугацаагаар эмчлүүлсэн шүү дээ. Энгийн ажлын байр биш шүү дээ. Тийм учраас түдгэлзүүлэхээс өөр аргагүй болсон. Баримтаа аваад ир гэхээр нууцтай холбоотой гээд авч ирдэггүй. Баримтаа аваад ирвэл шийдээд өгье гээд энэ хүний талд байгаад байна шүү дээ. Шинэ хуультай холбогдуулаад байгууллагын дотоод журам өөр болсон шүү дээ. Өмгөөлөгч нь тухайн үед мөрдөгдөж байсан гэж гаргаад байгаа болохоос одоо бол хууль өөрчлөгдөөд өөр болсон шүү дээ. Үүнийгээ харьцуулж үзсэний дараа шүүхэд хандсан бол гэж бодож байна. Шүүх хэрэгсэхгүй болгож шийдэх байх, тэгсэн тохиолдолд үүнийг авч хэлэлцэнэ шүү дээ. Ямар ч байсан хууль мэдэхгүй айгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэнтэй холбоотой бүх байгууллагын дотоод журамд өөрчлөлт орсон. Чөлөө олгох журмыг байгууллагын дотоод журмаар нарийн зохицуулдаг болсон. Энэ хүн яасан нь хөхүүл хүүхэд харна гэж чөлөө аваад яваад өгсөн байсан. Тэгээд шинэ хуулиараа баримтаа аваад ир гэхээр ийм зүйл яриад зогсож байж болохгүй. Хуульд дүрэмд зохицож ажиллах ёстой шүү дээ. Энэ талаар өмгөөлөгч нь ч гэсэн хэлж өгөх ёстой шүү дээ. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлийг үгүйсгээгүй. Өвчтэй байж байгаад орж ирэхэд эрүүл гэх бичигтэй байхыг хууль шаардсан. Хөдөлмөрийн харилцааг тань дуусгавар болгосон тушаал байхгүй байгаа учраас боломж байгаа шүү гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Х-Э ХХК-ийн захирлын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Х-Э ХХК-ийн захирлын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 48 дугаартай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Х-Э ХХК-ийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Х-Э ХХК-ийн захирлын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Х-Э ХХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/35 дугаартай тушаалын архивын хуулбар, Р.Дийн гар өргөдлүүдийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Х-Э ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/88 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамжт төлөхөөс чөлөөлөгдөх хүсэлт, эрүүл мэндийн хуудас,
Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Х-Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/187 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлийг тус тус ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын хүсэлтээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг Х-Э ХХК-иас нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Х-Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2013 оны 02 дугаар сараас Х-Э ХХК-с ажлын гараагаа эхэлсэн. Энэ хугацаандаа ээлжийн диспитчер, ахлах диспетчерээр ажиллаж байсан. Ээлжийн диспетчерээр ажиллаж байгаад ахлах болсон. ... 2021 онд би эрүүл мэндийн байдлаа сайжруулахаар тухайн үед ажиллаж байсан захирлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар чөлөө авсан. ... “миний чөлөөний хугацаа дуусаад би ажилдаа орох гэж байна та миний хүсэлтийг шийдэж өгөөч” гэхэд “надад хүлээж байгаарай, чиний албан тушаалд өөр хүн томилогдчихсон явж байгаа” гэж хэлсэн. Би хэд хэдэн удаа уулзсан. ... Би ажилдаа орох гээд жил гаруй хугацаанд ажлаа хиймээр байна гэж хэдэн сар гуйгаад, сүүлдээ утсаа авахаа байсан. ...Миний хувьд нэг жилийн чөлөө авсан. Чөлөөний хугацаа дуусаагүй байхад байгууллагад 2 удаа бичгээр, олон удаа биечлэн болон утсаар ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн гэж тайлбарлаж байна.
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 1. ...удаан хугацаанд хэвтэж эмчлүүлэх болсон талаарх баримтыг болон эдгэрсэн талаарх баримтыг, эдгэрэлтийн байдлаас шалтгаалж өөр ажил албан тушаалд шилжиж ажиллуулж болох талаарх мэдээллийг ирүүлээгүй,
2. Р.Дийг ажлаас чөлөөлөөгүй, түүний ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,
3. Энэ байгууллага өөрөө онцгой обьектод хамаардаг учир түүнд эрүүл, ажиллах чадвартай хүн байх ёстой. Нэхэмжлэгч эрүүл болсон талаар холбогдох баримтаа, эмчлүүлсэн баримтаа үзүүлээд л ажилдаа орох боломжтой. Гэтэл үүнээс татгалзсан. Хувийн эрхэд халдлаа гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Мөн шүүхэд хандсаныхаа дараа эмнэлгийн хуудсыг авчирч үзүүлсэн ба үүнийг хэн ч үйлдэх боломжтой гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Р.Д нь Х-Э ХХК-ийн захирлын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай тушаалаар харуулын үүрэгт ажилд, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 48 дугаартай тушаалаар диспетчерийн үүрэгт ажилд, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай тушаалаар ахлах диспетчерийн үүрэгт ажилд тус тус томилогдож, 2021 оны 4 дүгээр сарын Б/35 дугаар тушаалаар нэг жилийн чөлөө авсан, нэхэмжлэгч Р.Д нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус өөрийн эрэлж байсан ажилдаа эргэн орохоор байгууллагадаа өргөдөл гаргасан, хариуцагч байгууллага буюу ажил олгогчийн зүгээс түүний эхний өргөдлийг шийдвэрлээгүй, харин 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “...эрүүл мэндийн хувьд тухайн ажил албан тушаалд ажиллах чадвартай эрүүл хүн байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангасан эсэх, эдгэрсэн эсэхээс хамаарч өөр тэнцэх ажил албан тушаалд томилоход зайлшгүй дээр дурдсан баримт шаардлагатай байгааг харгалзан өргөдлийг буцаасан болохыг үүгээр уламжилья” гэсэн хариуг хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Хэдийгээр нэхэмжлэгчээс ирүүлсэн ажилдаа эргэн орох талаар ажил олгогчид хандсан өргөдөл нь хуулбар хувь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд эхний өргөдлийг нь шийдвэрлэх гэтэл түүний хувийн хэрэг олдоогүй, хоёр дахь өргөдлийн хариуг бичгээр өгсөн хариуг хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн байсан гэх тайлбараар, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд би бичгээр хоёр удаа өөрийн байгууллагын захиралдаа хандаж өргөдөл гаргаж мөн олон удаа очиж уулзаж, утсаар ярьж байсан ба сүүлдээ надтай уулзахгүй болсон, утсаа авахгүй болсон гэх тайлбараар тогтоогдлоо гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид ахлах диспетчерээр ажиллаж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс өөрийн өвчнийг эмчлүүлэх зорилгоор нэг жилийн хугацаатай хувийн чөлөөг авсан байх ба 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд өөрийн эрхэлж байсан ажилдаа эргэн орох талаар өргөдөл гаргасан боловч нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орох талаар гаргасан өргөдлийг ажил олгогчоос шийдвэрлэж түүнийг урьд эрхэлж байсан Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах диспетчерийн ажилд томилоогүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалгүй учир ажил олгогч, ажилтан хоёрын хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагагүй гэх үндэслэлээр маргасан.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үздэг учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл нь хуульд нийцэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйл “Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах”, 60 дугаар зүйлийн 60.1.12-т хувийн чөлөөтэй байх хугацаанд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар хуульчилсан юм.
Гэтэл нэхэмжлэгчийн хувийн чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох тухай өргөдлийг ажил олгогчид гаргасаар байтал түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагч Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтгаж үзэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасныг шүүх шийдвэрлэхээр хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч Р.Д нь Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй юм.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2023 оны Б/52 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг түдгэлзүүлэх тухай” тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа хариуцагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг түдгэлзүүлсэн байгаа учир түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх, тухайн ажил, мэргэжилтэй холбоотойгоор эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэж байгаа эсэхийг шалгуулахаас үндэслэлгүй татгалзсан, эсхүл хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд ажилтны ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлнэ гэж зохицуулсан байна.
Үүнээс үзвэл ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны тухайд түүний ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай зохицуулалт бөгөөд ажил олгогчоос дээрх үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг түдгэлзүүлэх тухай тушаалыг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, цаг хугацааны хувьд ойлгомжгүй байна гэж дүгнэв.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ байгууллага өөрөө онцгой обьектод хамаардаг учир түүнч эрүүл, ажиллах чадвартай хүн байх ёстой. Нэхэмжлэгч эрүүл болсон талаар холбогдох баримтаа, эмчлүүлсэн баримтаа үзүүлээд л ажилдаа орох боломжтой. Гэтэл үүнээс татгалзсан. Хувийн эрхэд халдлаа гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Мөн шүүхэд хандсаныхаа дараа эмнэлгийн хуудсыг авчирч үзүүлсэн ба үүнийг хэн ч үйлдэх боломжтой гэж мэтгэлцсэн боловч тухайн ажил албан тушаалыг эрхлэхэд харшлах өвчний жагсаалтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн элэгний вирустэй түүнийгээ эмчлүүлж гам барих шаардлагатай болсон учир нэг жилийн хувийн чөлөөг авсан гэх үйл баримтад маргаагүй.
Иймд ажил олгогч нэхэмжлэгчийн өвчин нь Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах диспетчерийн үүргийг хэвийн гүйцэтгэхэд нөлөөлөх, харшлах, биеийн эрүүл мэндийн хувьд нэхэмжлэгчийг тухайн ажил албан тушаалд тэнцэх, үгүй эсэхийг шалгах, түүнээс эрүүл болсноо нотлохыг шаардах эрхгүй юм.
Ажил олгогчоос ажилтанд чөлөө олгох үед үйлчилж, 1999 онд батлагдан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж хуульчилсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-т зааснаар нэхэмжлэгч Р.Дийн ажлын байрыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч Р.Дийг түүний урьд эрхэлж байсан Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Р.Д нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Дийг Х-Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Х-Э компаниас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА