Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

     2025            04               15                                                   2025/ШЦТ/­­­­56                                               

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа /цахимаар/,

Шүүгдэгч: Н.Н**********,

Хохирогч: И.Б********** /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж********** овогт Н**********ийн Н**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********************************************************************************************

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Н.Н********** нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” нэртэй хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota Prius 20" /Тоёота приус/ загварын **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,40 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам дээр үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч И.Б**********тэй маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж зодож буюу толгойгоороо мөргөн, хацар луу алгадан, мөн нүүр лүү цохиж биед нь баруун нүдний шилэнцэрийн цус хуралт, торлогийн цус хуралт, торлогийн урагдал, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н********** нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч И.Б********** нь мэдүүлэхдээ: “Нэгдүгээрт би гарцгүй газраар гараагүй. Яг хажуу талд нь таксины зогсоол дээр 360 эргэдэг камер байдаг учраас тэндээс харах бүрэн боломжтой, би гарцтай газраар гарсан. Хоёрдугаарт би энэ залууг нэг ч удаа цохиогүй, нэг удаа өөрөөсөө холдуулж түлхсэн. Гуравдугаарт манай эхнэр хэл ам хийгээгүй. Би “Чи согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод, хүний араас 10, 20 удаа сигналдаад согтуугаар жолоо барьж болохгүй, чамайг цагдаа дуудаж хэлнэ” гэж хэлсэн. Бууж ирээд яасан бэ гэсэн чинь намайг шууд цохисон. Би маш олон удаа цохиулсан. Олон удаа бултаж би чамтай муудмааргүй байна, надаас холдоод өг, би согтуу хүнтэй маргалдаж зодолдохгүй гэж тойрч зугтаасан. Тэр хавиар харж байсан хүмүүс мэдэж байгаа. Хамгийн сүүлд цагдаагийн машин гарч ирэхээр нь цагдаагийн машин гарч ирж байна, чи зүгээр зогсож бай гээд би буруу хараад зогсож байтал миний ар талаас баруун нүдэн дээр цохисон. Юугаар цохисныг би хараагүй. Эмнэлгээс миний нүдийг 50 хувийн хараа алдалттай гэж хэлсэн. Миний баруун талын нүд маш муу харж байгаа. Би эрүүл байсан учраас түрүүлж ямар нэгэн байдлаар хэл амаар доромжлоогүй, гар хүрээгүй, гарцгүй газраар гараагүй, дохиогоо өгсөн. Би яагаад 2 дахь уулзвараар гарсан гэхээр Солонго дэлгүүрийн үүдэнд нэг машин аваараа татаад зогсчихсон байсан. Тэрний араас 7, 8 машин угсарч зогсоод миний гарах хэсэг битүү байсан учраас би 2 дахь жижиг уулзвараар гарсан” гэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөговь аймаг Ханбогд сумын Сум дундын прокурорын хяналтын прокурор  В.Төгсбаяр би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Н**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

Н.Н********** нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** нэртэй хүнсний дэлгүүрийн урд замд Тоёота Приус-20 загварын **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.40 согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам дээр үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч И.Б**********тэй маргалдаж улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож толгойгоороо мөргөсөн, хацар руу нь алгадсан, мөн нүүр рүү нь цохиж биед нь баруун нүдний шилэнцрийн цус хуралт, торлогийн цус хуралт, торлогийн урагдал баруун нүдний салст цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бид бүхэн сая шинжлэн судаллаа.  Шүүгдэгч Н.Н********** болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн тал дээр маргахгүй байна гэж үзэж байна.  Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд зам дээр үүссэн нөхцөл байдал буюу тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нар тухайн үеийн нөхцөл байдлыг өөр өөрийнхөөрөө дүгнэж, замын нөхцөл байдлаас болж маргалдсан байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусадтай зүй бус харьцсан харилцаа үүссэн.  Энэ үйлдэл нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ гэж үзэж байна.  Хэрэв эрүүл ухаантайгаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан бол тухайн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бусдын буруутай үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдээлэх, мэдээлэхдээ нотлох баримтыг гар утсаараа бэхжүүлээд, тухайн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж үзээд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авна.Н.Н********** тухайн үүргээ биелүүлсэн бол гэмт хэрэгт холбогдох, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчээр шүүх хуралдаанд оролцохгүй байжээ гэж харагдаж байна. Иймд Н.Н**********г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байна. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хохирол төлбөрийн асуудлыг давхар шийдвэрлэдэг.  Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага төдийлөн хангагдаагүй нотлох баримтууд байна. Тухайлбал бензин шатахууны баримтуудаас ямар дугаартай, ямар маркийн тээврийн хэрэгсэл, ямар зорилгоор, хаашаа явсан зэрэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас төрд буюу эрүүл мэндийн даатгалын санд нийтдээ 80,070 төгрөгийн хохирол учирсан талаар тусгагджээ. Гэвч хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа учраас үүн дээр би юм хэлэхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 480,780 төгрөгийн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэж би ойлголоо.  Энэ хэмжээгээр нь тогтооход улсын яллагчийн зүгээс хэлж ярих зүйл байхгүй.  Бусад төлбөртэй холбоотой асуудал дээр хохирогч өөрөө шүүх хуралдаанд оролцож, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо өөрт учирсан хохирлоо тайлбарлаж хэлж ярих учиртай. Хохирогчийн зүгээс ингэж  тайлбарлаж хэлэхгүй байна.  Гаргаж өгсөн нотлох баримтыг үзэхээр бензин шатахууны баримтууд нь хаашаа, ямар тээврийн хэрэгслээр,  ямар зорилгоор явсан гэдэг нь тодорхойгүй байна. Мөн  төрийн санд учирсан хохирлыг шийдвэрлэх асуудал зохих журмын дагуу явагдаагүй байгаа учраас иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрч байгаа 480,780  төгрөгийн хэмжээнд хохирлыг нөхөн төлүүлээд, бусад хохирлыг хэрэгсэхгүй болгохоос илүүтэй нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг  нээлттэй үлдээвэл хохирогчийн эрх зүйн байдал дордохгүй юм.  Тухайлбал цалин хөлс нэхэмжилж байгаа. Тийм бол би энэ компанид ажилладаг гээд орсон тушаал нь энэ байна, хөдөлмөрийн гэрээ маань энэ байна, нийгмийн даатгалыг би ийм хэмжээгээр төлдөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт нь энэ байна, дараагийн асуудал нь би энэ хэргийн улмаас тэд хоног эмчилгээтэй акттай байсан, миний акт энэ байна, энэ актын дагуу би ингээд ингээд явсан гээд нотлох баримтаа бүрдүүлж гаргаж шүүх хуралдаанд оролцох ёстой. Хохирогч өөрөө өөрийнхөө үүргийг гүйцэтгэхгүй байна шүү дээ. Иймд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.

Шүүхээс Н.Н**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.

Өмгөөлөгчийн зүгээс торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна. Өөрсдөө 6 сарын хугацаанд төлөх боломжтой гэж үзэж байгаа бол улсын яллагчийн зүгээс хугацааны хувьд саналгүй.” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас гаргасан дүгнэлт болон тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнг эс зөвшөөрч дараах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчоос нийтдээ  төгрөгийг нэхэмжилдэг. Хэргийн хүрээнд авагдсан баримтаар эмчилгээний зардал 215,000 төгрөгийг нэхэмжилдэг. Үүнийг эмчилгээний зардал буюу эмийн баримт юм болов уу гэж харж байна. Яг ямар эм авсан нь эргэлзээтэй байна. Гэхдээ  нэг талдаа энэ хүний биед гэмтэл учирсан уу гэвэл гэмтэл учирсан тул үүн дээр айхтар маргахгүй. Хавтаст хэргийн 76-р талд авагдсан эмийн холбогдолтой баримтуудыг нэмж нэгтгэхээр 196,000 төгрөг байна. Тэгэхээр эмчилгээтэй холбоотой баримтаас 19,000 төгрөг илүү нэхэмжилсэн байна.  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар Н.Н**********аас эмчилгээтэй холбоотой 196,000 төгрөгийг гаргуулах эрх зүйн үндэслэлтэй. Илүү нэхэмжилсэн 19,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч талаас шатахууны зардалд нийтдээ 2,776,597 төгрөгийг нэхэмжилдэг. Хэргийн хүрээнд авагдсан шатахууны баримтуудыг нэмж нэгтгэхэд 2,682,070 төгрөгийн баримт байдаг.  Хэргийн 76-р хуудсанд авагдсан хамгийн эхний баримт буюу 2024.10.01-ний өдрийн огноотой баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байгаа. Мөнгөн дүнг нь яаж ч тодруулаад харах боломжгүй байна. Ус асгасан юм уу шарлуулчихсан байгаа учраас нотлох баримтаар  үнэлэх боломжгүй.  Уг нь бол 2024.10.01-ний өдрийн буюу үнэлэх боломжтой баримт байсан байна. Шатахууны зардал болох 2.682.070 төгрөгийг Н.Н*********аас гаргуулах боломжгүй гэж үзнэ байна. Яагаад гэхээр хавтаст хэргийн 79-р хуудсанд авагдсан баримтаас харахад И.Б********** нь  2024.09.16-ны өдөр, 2024.10.02-ны өдөр, 2024.10.23-ны өдөр, 2024.12.02-ны өдөр тус тус эмнэлэгт үзүүлсэн байдаг. Ингээд нийт 5 удаа явсан буюу ирж очихтойгоо нийлээд 10 удаа явж бензин шатахуун зарцуулагдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шатахууны баримтаас хавтаст хэргийн 75-р хуудсанд авагдсан 2024.10.06-ны өдрийн 106,610 төгрөгийн баримтыг үндэслэлтэй гэж үзэж байна. 10 сарын 06-ны өдөр гэж байгаа боловч Улаанбаатар хот руу явсан цаг хугацааны хувьд давхцаж байгаа. 75-р хуудасны ард талд авагдсан 6 баримтаас 2024.12.06-ны өдрийн 106,610 төгрөгийн баримт, 2024.12.03-ны өдрийн 167,200 төгрөгийн баримт болон хавтаст хэргийн 76-р хуудсанд авагдсан 2024.10.02-ны өдрийн 99,758 төгрөгийн баримт, 2024.10.23-ны өдрийн 107,212 төгрөгийн баримт үндэслэлтэй. Эдгээр баримтуудыг үнэлэх боломжтой. Бусад баримтын хувьд хэдэн сарын хэдний өдөр яг хаашаа, яах гэж авсан нь нотлогдох боломжгүй байна. Өөрийнхөө машинаар яваад байгаа юм уу, хүний машинд бензин хийж аваад байгаа юм уу гэдгээ нотлоогүй учраас үнэлэх боломжгүй юм.  Иймд шатахууны баримтаас нийт 480,780 төгрөгийн баримтыг үнэлж хохирлыг гаргах боломжтой. Шатахууны зардалд нэхэмжилсэн 2,682,070 төгрөгөөс илүү нэхэмжилсэн 2,201,290 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар "Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм"  гэж байдаг. Хэргийг шийдвэрлэхдээ уг жишиг нормыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Хохирогчийн зүгээс  ажилгүй явсан 9 хоногийн цалинг нэхэмжилдэг. Уг нэхэмжлэлийг  гаргуулах эрх зүйн үндэслэл өнөөдрийн байдлаар байхгүй. Үүнтэй холбоотой асуудлыг хохирогч бүрэн дүүрэн нотолж чадаагүй.  Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч ээ гэж хүсэж байна. Аливаа юманд шударга хууль үйлчлэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа.  Иймд ажилгүй байсан хугацааны 9 хоногийн цалинг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хохирогчийн зүгээс “**********” ХХК-д ажилладаг гэж тайлбарлаад байгаа боловч хэдэн жил ажиллаж байгаа болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаарх лавлагаа хэргийн хүрээнд авагдаагүй.  Ер нь энэ байгууллагад ажилладаг эсэх талаарх ч баримт байхгүй. Хэргийн хүрээнд баримт гаргаж  өгсөн гэж өөрөө тайлбарлаж байгаа боловч уг баримтыг үндэслэн “**********” ХХК-д ажилладаг гэж үзэх үндэслэл байхгүй. Яагаад гэхээр гаргаж өгсөн баримтыг нь харахаар хүний нөөцийн менежер нь тодорхойлолт гаргасан байдаг. Энэ хүнийг ажиллаж байгаа эсэхийг нотлох нотолгоо ерөөсөө л байгууллагын даргын тушаал буюу ажилд орсон тушаалаар нотлогдох ёстой. Тушаал дээр хэчнээн төгрөгөөр цалинжуулж байгаа нь тодорхой харагдана. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр би цагийн ажил хийдэг гэж байгаа боловч нэг цагийн хэчнээн төгрөгөөр тооцогддог тухай баримтаа гаргаж өгөөгүй тул үүнийг шийдвэрлэх боломжгүй. Сэтгэцэд учирсан хохирлын талаар сая шүүх хуралдааны явцад тодрууллаа. Мөрдөгч сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон асуумж танаас асуусан уу гэхэд ямар нэгэн асуумж асуугаагүй гэж байна. Хэдийгээр мөрдөгч хүснэгтээр тогтоох эрх зүйн үндэслэл байгаа боловч  2-р зэрэглэл дээр байгаа нөхцөл байдал буюу энэ хүн сэтгэцийн түр зуурын эмгэгтэй юу, сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй болсон уу гэдэг талаар сэтгэцийн эмчид үзүүлсэн нотолсон баримт хэргийн хүрээнд байхгүй.  Тухайн баримтыг үндэслэж хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох ёстой. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1-д тухайн нэрлэн заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэсэн байдаг. Нарийн мэргэшсэн мэргэжлийн хүнээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоогүй байгаа учраас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрх зүйн үндэслэлгүй байна.  Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.07.31-ний өдрийн А/269, А/276 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Сэтгэцийн шинжилгээ хийж журам”, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.07.31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам" байгаа. Уг журмаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг тусгай мэргэшсэн хүмүүс хийх ёстой. Тэгэхээр тухайн мөрдөгч сэтгэцийн шинжилгээ хийх тусгай нарийн мэргэшсэн сургалтад суусан талаар нотлох баримт хэргийн хүрээнд авагдаагүй. “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 1.2-т Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг харгалзан үзнэ, 1.3-т Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг  баримтална гэж заасан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход эмч нарын бүрэлдэхүүнтэй буюу сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйчээс бүрдсэн шинжээчийн баг хийх эрх зүйн зохицуулалтууд байдаг.  Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчоос өөрийнх нь  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг яаж тогтоосныг асуухад тайлбарлаж чадахгүй байгаа учраас түүнийг гаргах эрх зүйн үндэслэлгүй.  Иймд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй.  Яллах дүгнэлт дээр дурдагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын буюу төрийн санд учирсан хохирлыг төлүүлэхэд холбогдох байгууллагуудыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад ажиллагаа хийгээгүй байгаа тул нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.

Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаагүй. Улсын яллагчийн зүгээс 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байгаа дээр тусгайлан хэлэх зүйл байхгүй. Торгох ял хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Яагаад торгох ял оногдуулах саналыг гаргаж байна гэхээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчин брожур дайрч, ямар нэгэн дохио өгөхгүйгээр миний үйлчлүүлэгчийн машины урдуур осол аваар үүсэхүйц хэмжээнд хөндлөнгөөс шууд орж ирсэн нөхцөл байдал байдаг. Н.Н**********ийн хүний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл бол хууль бус юм. Гэхдээ хохирогчид “...чи ингэж болохгүй шүү дээ, чи хот газар явж байгаа юу” гэдэг нөхцөл байдлыг хэлсэн нь  хавтаст хэргийн хүрээнд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Иймд хохирогчийн зүй бус үйлдлээс улбаалагдаж хэрүүл маргаан үүссэн нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг  харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Б**********ийн мэдүүлсэн "... 2024 оны 09 дүгээр сарын 14-ний үдээс хойш би сумын төвд эхнэртэйгээ хамт барилгын материал орж боолт авчхаад гарч ирээд машинаа унаад хөдлөх гэсэн чинь тэр хавийн зогсоол битүү машин зогсчихсон түгжрэлтэй байхаар нь "*********" төвийн баруун талын замын уулзвараар засмал зам руу ороод урагшаа чиглэлтэй засмал замаар явж байхад баруун гар талаас "Приус 20" маркийн машинтай хүн араас байн байн сигналдаад байхаар нь эхнэр бид 2 хоорондоо "Энэ машинтай хүн урдуур нь орлоо гэж уурлаад байгаа юм болов уу" гэж ярилцаад явж байхдаа эсвэл “Дугуй хагарсан юм болов уу" гэж бодоод машинаа баруун гар тал руу нь шахаж тавиад машинаасаа буугаад машины дугуйгаа үзэхэд зүгээр байсан. Тэгсэн ард байсан машины жолоочоос "Яасан бэ" гээд асуусан чинь "Яаж яваад байгаа пизда вэ” гэхээр нь яваад очиход тэр хүнээс архи үнэртсэн. Тэгээд би эхнэр лүүгээ хандаж “Энэ нөхөр согтуу байна, цагдаа дуудчих" гэж хэлчхээд машин луугаа алхсан чинь тэр залуу араас гарч ирээд миний уруул руу толгойгоороо огт барьцгүй нэг удаа мөргөхөөр нь "Чи болио би согтуу хүнтэй зодоон хийхгүй ээ, чи гай болно" гэж хэлтэл ахиад миний хацар луу хэд хэд цохиод авахаар нь би зөрүүлээд заамдчихаад өөртөө ойртуулахгүй гараараа тулаад зогсож байхад тэр хавьд байсан таксины хүмүүс "Болиоч ээ" гээд байсан. Тэгээд намайг цагдаа хүлээгээд зогсож байтал баруун ар талаас нөгөө залуу хажуугаас гэнэт л миний нүд рүү гараараа тас гэтэл цохисон... удаагүй цагдаа ирээд бид нар цагдаа дээр ирцгээсэн юм... Би согтууруулах ундаа ууж хэрэглээгүй эрүүл байсан. Тэр үед приус 20 маркийн машинд нэг жоохон хүүхэд, нэг эмэгтэй хүн, 3 залуу сууж явсан. Миний уруул хавдсан, баруун талын хацар, хамар хөндүүр орсон, баруун талын нүд тэр дороо бүрэлзээд юм сайн харж чадахгүй болсон. Би тэр залуугийн бие эрх чөлөөнд халдаагүй. Тэр залуу миний ард хажуу талд зогсож байгаад баруун талаас гэнэт л гараараа баруун талын нүд рүү тас гэтэл нэг удаа цохисон...",

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн:

"... Би байнга Улаанбаатар хот явж "**********” гэх нэртэй нүдний хувийн эмнэлэгт очиж нүдээ үзүүлж эмчилгээ хийлгэж байгаа. Улаанбаатар хот явахдаа өөрийн хувийн машинтайгаа явж байнга очиж үзүүлдэг. Тийм болохоор бензин тос хийсэн баримт хүртэл байгаа. Мөн тухайн үед ажлаасаа түр чөлөө авсан. Тухайн ажиллаагүй үеийн цалин хөлсөө мөн гаргуулж авмаар байна. Тухайн нэхэмжлэх мөнгөнүүд бүгд баримтаараа байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно... "баруун талын нүдний торлогийн бүрхэвч нь торлогийн цус хуралт үүссэн байна" гэж эмч хэлсэн. Тийм учраас би байнга эмчийн заавраар нудний дусаагуур хэрэглэж Улаанбаатар хот руу 14 хоноод 1 удаа очиж байнга үзүүлж харуулж байгаа... эмчилгээний зардал 215,000 төгрөг, Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэж бензин хийсэн 2,776,597, ажилдаа яваагуй 9 хоногийн мөнгө болох 1,359,930 төгрөг нийт 4,351,527 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралд суухгүй. Би эмчилгээний зардлаа бүрэн гаргуулаад авчихвал надад гомдол санал гээд байх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 56 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б**********ын мэдүүлсэн "... 2024 оны 09 дүгээр сарын 19-нд би ажилдаа орох гээд аймгаас Цогтцэций суман дээр ирсэн байсан юм. Тэгээд найз Н.Н**********гийн гэрт очоод бид хоёр уулзаад би найздаа нэг шил архи авч өгсөн юм... архийг задлаад хоёулаа ууж дуусаагүй байтал Н.Н********** "Эмийн сан оръё, эм авна" гээд бид хэд гэрээс нь гарч машинтай нь яваад эмийн сан ороод эм авчхаад буцаад "Солонго" дэлгүүрийн баруун талаар урагшаа чигтээ төв замаар явж байхад зүүн гар талаас цагаан өнгийн "Парадо” маркийн Улаанбаатар хотын дугаартай машин дайрч урд чигийн урсгалыг сөрөөд шууд орж ирээд бид нарын урдуур дайрч ороод өмнө явахад нь араас нь манай найз Н.Н********** сигнал дарсан... тэр машин эгнээндээ 20 метр орчим явж байснаа эгнээндээ зогсоод жолооч нь бууж ирээд "Яах гээд араас сигналдаад байгаа пизда вэ" гэхэд нь Н.Н********** "Чи яаж яваад байгаа юм бэ, чи хотдоо л тэгж явдаг юм байгаа биз, энэ чинь сум шүү, би нялх нойтон хүүхэдтэй явж байна" гэж хэлсэн чинь нөгөө залуу машин луугаа эргээд явахад нь Н.Н********** араас нь бууж очоод тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл Н.Н********** тэр залууг гараараа нэг цохисон чинь нөгөө залуу зөрүүлээд цохиж байх шиг харагдсан. Тэр үед тэр залуугийн эхнэр нь бололтой нэг хүүхэн машинаас бууж очоод гурвуулаа байж байхад нь би өвөр дээр байсан жоохон хүүхдээ арагш нь ээжид нь өгчхөөд машинаас бууж очиж тэр хоёрыг хорьж хоёр тийш нь салгачхаад байж байхад эхнэр нь цагдаа дуудсан юм... Н.Н********** тэр залуутай маргалдаж байгаад нүүр лүү нь гараагаа нэг цохисон..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.А**********ийн мэдүүлсэн "... 2024 оны 09 сарын 14-ний өдөр нөхөртэйгөө цуг өдөр 1600 цагийн алдад байх "**********” дэлгүүр ороод бага нялх хүүхдэд сүү хайгаад явж байсан.... "**********" дэлгүүрт сүү байхгүй байсан болохоор бид 2 машинтайгаа цуг "**********" дэлгүүрийн урдуур засмалаар гараад явж байсан чинь араас нь "Приус" маркийн машин маш их сигналдсан... зогсоод хүлээгээд зогссон чинь ард ирчхээд бас сигналдаад байсан... манай нөхөр буух гэхлээр нь би “Байж бай, хүрээд ирэх байх" гэсэн... тэгсэн чинь ерөөсөө бууж ирээгүй. Тэгээд манай нөхөр буугаад хүрээд очсон чинь шууд тэр машиных нь жолооч гэх залуу нь бууж ирэнгүүтээ шууд манай нөхрийг бариад заамдаад авсан. Тэгсэн чинь манай нөхөр болохлоор өөрөө том биетэй учраас "Чи зүгээр цаашаа бай, надад гай болно, зүгээр цаашаа бай" гээд цааш нь түлхээд байсан. Тэгэнгүүт нь би гялс буугаад очсон чинь манай нөхөр "Энэ залуу согтуу байна аа, цагдаа дуудаад өгөөч" гээд хэлсэн. Тэгээд би гялс цагдаа руу яриад дуудсан... цагдаа ч удалгүй хүрээд ирсэн... манай нөхрийн нүд рүү тухайн залуу цохиж авсан... "Болиоч" гээд таксины зогсоол дээр байсан хүмүүс хэлээд ирээд салгасан. Тэгээд цагдаа нар ирээд нөгөө согтуу хүнийг чинь барьж аваад л цагдаагийн газар ирсэн... нөхрийн баруун талын нүд рүү цохиж авсан. Би тухайн үед юугаар цохисныг бол хэлж мэдэхгүй байна. Тухайн үед нүд нь хавдаад нүднээс нь шингэн зүйл гарсан чинь манай нөхөр И.Б********** гараараа дараад байсан. Тэгээд би сандраад байж байсан чинь цагдаагаас нөгөө хүнтэйгээ шууд цагдаагийн газар луу ирэх ёстой гэхээр нь бид хоёр очсон. Тэгээд Цогтцэций сумын эмнэлгийн яаралтай тусламж руу очиж үзүүлсэн. Яаралтай тусламж "Хо- явах шаардлагатай" гээд... би өөрөө эмч хүний хувьд болохлоор "**********"-ий нүдний эмчийг орой гуйж байгаад 1900 цагийн алдад эмнэлэг хаачихсан байсан эмчийг нь гуйгаад яаралтай үзүүлсэн чинь "Та 2 өнөөдөр бараг шууд Улаанбаатар хот руу явах шаардлагатай байна аа" гэж үзсэн... нөхрийн нүд одоо сайн харахгүй байгаа. Бид хоёр 14 хоноод Улаанбаатар хотод очиж "**********" гэх нэртэй нүдний эмнэлэгт байнга үзүүлж харуулж байгаа. Мөн манай нөхөр нүдэндээ 3 төрлийн нүдний дусаагуур 2 цагийн зайтай дусааж байгаа..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,    

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай "1. И.Б**********ний биед баруун нүдний шилэнцэрийн цус хуралт, торлогын цус хуралт, торлогын урагдал, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. 3. И. Б**********ний биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.24.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10% тогтонги алдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Н**********гийн мэдүүлсэн "... би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... Би тухайн хүний толгой хэсэг рүү нь зүүн гараараа цохисон... Би эмчилгээний зардал өгөөгүй. Би хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Намайг явж байхад урсгал сөрж орж ирсэн. Тэгээд миний өмнө зогссон. Тэрнээс л болж ийм зүйл болсон гэж бодож байна. Хэрэв тэр хүн уучлаарай" гээд явсан бол ийм зүйл болохгүй байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Н********** нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” нэртэй хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota Prius 20" /Тоёота приус/ загварын **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,40 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам дээр үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч И.Б**********тэй маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж зодож буюу толгойгоороо мөргөн, хацар луу алгадан, мөн нүүр лүү цохиж биед нь баруун нүдний шилэнцэрийн цус хуралт, торлогийн цус хуралт, торлогийн урагдал, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  Шүүгдэгч Н.Н********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч Н.Н**********гийн толгойгоороо мөргөн, хацар луу алгадах мөн нүүр лүү цохисон үйлдэл болон хохирогч И.Б**********ийн биед баруун нүдний шилэнцэрийн цус хуралт, торлогын цус хуралт, торлогын урагдал, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

 Шүүгдэгч Н.Н********** нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” нэртэй хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota Prius 20" /Тоёота приус/ загварын **** ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,40 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам дээр үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч И.Б**********тэй маргалдан улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж зодож буюу толгойгоороо мөргөн, хацар луу алгадан мөн нүүр лүү цохиж биед нь баруун нүдний шилэнцэрийн цус хуралт, торлогийн цус хуралт, торлогийн урагдал, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд, шүүгдэгч Н.Н**********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н**********аас 695,780 /зургаан зуун ерэн таван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч И.Б**********д олгохоор шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт хангалттай бүрдээгүй тул иргэний нэхэмжлэлээс шатахууны зардал, цалин, сэтгэцэд учирсан хор уршиг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр хохирогч И.Б**********ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

  Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагаас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү.” гэх саналыг,

  Шүүгдэгч Н.Н**********аас “...тайлбар байхгүй.” гэх тайлбарыг,  

   Хохирогч И.Б**********ээс “Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. 5 метрийн зайтай орж ирж байгаа машин ямар нэг байдлаар осол аваар үүсгэхгүй гэж бодож байна. Эрүүл хүн хэзээ ч согтуу хүнийг хэл амаар доромжлохгүй. Тэр гэрч гэдэг хүн согтуу байсан шүү.” гэх саналыг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

 Шүүгдэгч Н.Н**********ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н**********г 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна гэж үзэв.   

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Н**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж********** овогт Н**********ийн Н**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н**********г 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н**********д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н**********аас 695,780 /зургаан зуун ерэн таван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч И.Б**********д олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлээс шатахууны зардал, цалин, сэтгэцэд учирсан хор уршиг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ