| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/01862/И |
| Дугаар | 102/ШШ2023/02057 |
| Огноо | 2023-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/02057
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, ..., Т... овогт Ц....гийн Н...,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ..., И... овогт Т...гийн У...,
Нэхэмжлэлийн шаардлага:178 257 760 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
Нэхэмжлэгч Ц.Н... нь Т.У...т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт болон түрээсийн төлбөрт илүү төлсөн 178 257 760 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Т.У...тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ... аймгийн М... сумын А... хэмээх нутагт байрладаг аялал жуулчлалын баазын 1 том карказан гэр, 5 ханатай карказан эрээн гэр 5 ширхэг, энгийн 5 ханатай эрээн гэр 5 ширхэг, гэрүүдийн бүх эд хогшлыг, гал тогооны байр, хэрэгслүүдийн хамт худалдаж, тухай өдөр Т.У... 10 000 000 төгрөг өгсөн, түүнээс хойш мөнгө өгөөгүй.Мөнгөө авах гэж би араас нь хөөцөлдсөн боловч дандаа худлаа хэлдэг тул гэрээнд заасан үлдэгдэл 174 257 760 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна.
Үүнээс гадна ...д байдаг Г... төслийг Т.У... ажиллуулдаг байсан, тэнд нэг байшинг нь би түрээсэлж байсан.Тэгэхдээ түрээсийн төлбөрөө урьдчилж төлөөд, 2022 оны 9 дүгээр сард тооцоо нийлэхэд манайх 4 000 000 төгрөгийн төлбөрийг буцаан авахаар байсан.Т.У... 4,000,000 төгрөгийг төлнө, ирэх жил үргэлжлүүлээд түрээсэлж болно гэсэн боловч би түрээсэлж ажиллуулахгүй, 4 000 000 төгрөг авна.
Т.У... Ө...с гэрүүдийг зөөгөөд Ар гүнтэд байршуулсан байсан, намайг очиж үзэхэд манаач түлхүүр аваад явчхаж гээд оруулаагүй.Тэр үедээ надад 4 байрны гэрчилгээ үзүүлээд энэ байрнууд миний нэр дээр шилжиж байгаа гэж худал хэлсэн, дараа нь М банкнаас зээл авахаар болсон гэж худлаа хэлсэн.Удаа дараа төлнө гэж өөр өөр тайлбар тавьж худал хэлдэг.Манай хүүхдийн найз, хүүхэд шиг минь хүн болохоор байнга харж үзэж, хүлээдэг байсан, 3 удаа шүүхэд нэхэмжлэл өгөх талаараа сануулсан.Би амралтын баазаа худалдсан ч төлбөрөө авч чадаагүй тул цааш нь төлөх төлбөрүүд нэхэгдээд, төлөхийн тулд машинаа зараад, 10 дугаар хороололд байрлах байраа зараад орох оронгүй болсон.Гэрээ нүүлгэсэн тул сум хөгжлийн сангаас мөн мөнгөө нэхэмжлээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н...гийн нэхэмжлэлээс 174 257 760 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн үүргийн үлдэгдэл төлбөр 174 257 760 төгрөг, ...д түрээсэлж байсан байшингийн төлбөрт илүү төлсөн 4 000 000 төгрөг нийт 178 257 760 төгрөгийг Т.У...аас гаргуулна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын хооронд 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ, Г... жуулчны баазын хөрөнгийн бүртгэл, Т.У...ын 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр бичсэн хүсэлт, Т.У...ын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бичсэн баталгаа, Т.У...т худалдсан гэх хөрөнгийн гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах харилцаа үүссэн байна./хх 6/
Гэрээнд зааснаар Ц.Н... нь аялал жуулчлалын зориулалттай, 5 ханатай 10 ширхэг гэр, 25 ханатай нэг гэр, гал тогооны байрыг худалдан авагч Т.У...т хүлээлгэх өгөх, Т.У... нь дээрх эд хөрөнгийн үнэ 187 257 760 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 45 000 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 45 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 44 257 760 төгрөгөөр хэсэгчлэн Ц.Н...д төлөхөөр тохиролцсон байна.
Т.У... нь Г... жуулчны баазын хөрөнгийн бүртгэлд жагсааж бичсэн 25 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээн авсан болох нь талуудын гарын үсэг бүхий энэхүү баримтаар нотлогдож байна./хх7-8/
Ц.Н... нь Т.У...аас 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10 000 00 төгрөг авсан, үнээс хойш мөнгө аваагүй гэж түүнээс 174 257 760 төгрөгийг шаардаж байхад хариуцагч нь мөнгийг төлсөн эсэх тухайгаа шүүхэд тайлбарлаж, баримтаар нотлоогүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Т.У... нь худалдагчаас хүлээн авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.
Т.У... 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бичсэн “Эргэн төлөлтийн баталгаа гаргах нь” баримтад “Түнтээ овогтой У... би М банкнаас 3 тэрбум зээл авах хүсэлт өгснөөс 1 тэрбумаар батлагдсан.Энэ зээлийг авах барьцаа хөрөнгө өөрчлөгдөж байгаа тул 2022.11.30-ны дотор ҮЦХ-ийн Г... төвийн 16 үйлчилгээний газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах хугацаа шаардлагатай байна.Мөн ЧД-ийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байрлах хотхоны газрын захирамж 2022.08.31-нд гарсан.Худалдахаар тохиролцсон, худалдах гэрээ хийгдэхээр 50 000 000 төгрөг өгнө, үлдэгдлийг М банкнаас авах зээлээс хаах болно” гэжээ./хх 9/
Т.У... Ц.Н...д 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гаргасан хүсэлтдээ:Түнтээ овогтой У... би монгол гэрийн төлбөрөөс 60 000 000 төгрөгийг 2023.01.19-өөс өмнө төлнө, үлдэгдэл төлбөрийг 2023.02.20-оос өмнө төлж дуусгана.Иймд надад хугацаа олгож өгнө үү.Хэрэв заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд монгол гэрүүдийг хурааж авахад татгалзах зүйлгүй” гэжээ./хх 7 дугаар хуудасны ар тал/
Харин талуудын хооронд Үндэсний ...д байрлах Г... төвийн байр түрээслэх, түрээслүүлэх тухай хэлцэл хийгдсэн, нэхэмжлэгч нь уг гэрээний үүрэгт 4 000 000 төгрөгийг илүү төлсөн болох нь нотлогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэг 174 257 760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 049 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У...аас 1 029 239 төгрөг гаргуулан Ц.Н...д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Т.У...аас 174 257 760 /нэг зуун далан дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга долоон зуун жаран/ төгрөг гаргуулан Ц.Н...д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 049 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У...аас 1 029 239 төгрөг гаргуулан Ц.Н...д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН