| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/01415/И |
| Дугаар | 102//ШШ2023/02156 |
| Огноо | 2023-05-31 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102//ШШ2023/02156
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, ..., Х... овогт Л....ийн Т...,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ..., Ж... овогт Б...ын Д...,
Нэхэмжлэгч:1 182 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.Т..., хариуцагч, Б.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Т... нь Б.Д...д холбогдуулан түрээсийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 1 182 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Анх 2022 оны 12 дугаар сарын 25-нд 1 сарын 800,000 төгрөгийн үнэтэй, Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай 201 тоотод үйл ажиллагаа явуулахаар түрээслэхээр гэрээ байгуулснаа болиод, 1 сарын 1,000,000 төгрөгийн үнэтэй 101 тоот 36 м.кв талбайд гэрээ хийж орсон.Гэрээн дээр хугацаа заагаагүй, сар сардаа төлбөрөө төлөөд явдаг.Сарын гэрээ нь 1 дүгээр сарын 18-нд дуусах болоход төлбөрөө 2 хувааж төлөөд, дахин 1 сар сунгасан. 2 дугаар сарын 18-нд 3 дугаар сарын 1-ний өдөр гарна гээд хагас сарын төлбөр 500,000 төгрөг төлсөн, 3 дугаар сарын 1-нд хүлээж авах ёстой байсан ч цоожтой байсан тул орж чадаагүй, хүлээсээр байгаад 3 дугаар сарын 10-ны өдөр цоож онгойлгодог хүнээр эвдүүлж орсон.Талбайг хүлээлгэж өгөөгүй 12 хоногийн төлбөр 396,000 төгрөг, цоож онгойлгосон хүнд 80,000 төгрөг, засвар хийсэн хүмүүсийн хөлс 190,000 төгрөг, материалын хөлс 166,500 төгрөгийн буюу нийт 832,500 төгрөгийн зардлууд гарсан. Одоо нэмж цонх, хулдаасны засварт 350,000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв. Талбай нь 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хоосон байсан, манайхаас өгсөн цоожийг хэрэглээгүйгээс гадна хаалга хаалттай байсан, 10-ны өдөр ажилчнаа цонхоор нь харуулж байж суллаад гарсныг нь мэдсэн. Цоожтой орхисон учраас бид цоож солиулдаг хүнээр онгойлгуулсан, цонхны ямар байсныг би мэднэ, гадна дотор талд нь 2 газар нэмж хагалсан байсан.Шалны хулдаасыг юм чирээд урчихсан байсан гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би зарын дагуу 201 тоотыг анх түрээсэлье гэж 201 тоот дээр гэрээ хийсэн боловч дуу чимээ ихтэй байсан тул 101 тоотыг түрээсэлсэн, 101 тоот руу ороход Л.Т... надтай гэрээ хийгээгүй.Тэр өрөө нь том 4 цонхтой, 2 цонх нь 2 газар хагарсан, гипсэн хана 3 газар цоорсон байсан, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 2 сар хагасын хугацаатай түрээсэлсэн.Энэ хүнтэй гэрээ хийе гэж 2 удаа хэлсэн, 3 дугаар сарын 04-ний өдрийн өглөө Л.Т...тай утсаар яриад гарах гэж байна, тооцоо нийлье гэж хэлсэн.Манайх тоног төхөөрөмжөө салгасаар байгаад орой нь нүүж гарсан.Т... ирж байраа хүлээж аваагүй тул хаалгыг онгорхой орхиж, түлхүүрийг нь зоож үлдээгээд гарсан.Түрээсийн төлбөрт нийт 2,800,000 төгрөг төлсөн.Хулдаас ямар ч ашиглах боломжгүй болгосон зүйл байхгүй, шавхай болж үлдсэн нь үнэн. Анх ороход цонх хагархай, гипсэн хана цөмөрсөн байна, гэрээ хийхдээ хэлье гээд дуудсан чинь ирж гэрээ хийгээгүй.Хэрэгт байгаа гэрээний баримт дээр Т... өөрөө миний оронд гарын үсэг зурсан.Би гарын үсэг зураагүй.Би эвдэлж сүйтгэсэн зүйл байхгүй Гипсэн хана нэмж цөмлөсөн нь үнэн.Цоожны хувьд онгорхой орхисон тул эвдэлж орох шаардлага байхгүй, 2 цонх хагархай байсан, бид цонх нэмж хагалаагүй, тухайн байр нь шилэн болон бүргэд хаалгатай, шилэн хаалганы түлхүүрийг өгсөн, дотор бүргэд хаалганых нь түлхүүрийг байхгүй гээд өгөөгүй тул шинээр сольсон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, зарлагын баримт, нэхэмжлэгчийн Хаан банкин дах дансны хуулга, гэмтсэн хана, хагарсан цонх, хог хаягдал болон засвар хийсний дараах зургуудыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т...ийн нэхэмжлэлээс 436 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 746 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Б.Д...аас түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан байрны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 12-ны өдөр хүртэлх хугацааны 12 хоногийн төлбөр болон уг өрөөний цоож онгойлгох, засвар хийсэн зардлын мөнгө 832 500 төгрөг, мөн цонхыг бүрэн болгох, хулдаас солиход 350 000 төгрөг, нийт 1 182 500 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Бид байрнаас 3 дугаар сарын 4-ний өдөр гарсан, түлхүүрийг хаалганд нь орхисон тул цоож онгойлгох шаардлагагүй, хана нь бидний ороход цөмөрсөн байсан, цонх хагархай байсан, шалны хулдаас урагдаагүй, шавхай болсон байсан, би гэрээ хийгээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зарлагын баримт, нэхэмжлэгчийн Хаан банкин дах дансны хуулга, гэмтсэн хана, хагарсан цонх, хог хаягдал болон засвар хийж хийсний дараах зургууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Д... нь Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай,101 тоот 36 м.кв талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Б.Д...ыг тухайн өрөөнөөс гарсныг 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэгч нь мэдсэн гэж 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 12 хоногийн түрээсийн төлбөр 396 000 төгрөг шаардаж байхад Б.Д... нь тухайн байрнаас 2023 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гарсан гэж тайлбарлаж байгаа боловч талууд хуульд зааснаар нэхэмжлэл болон тайлбараа баримтаар нотлоогүй байх тул түрээсийн төлбөрт 396 000 төгрөг шаардах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 166 500 төгрөгийн барилгын засварын материал авсан, мөн тухайн өрөөний цоожийг онгойлгосон, засвар хийсэн хүмүүст ажлын хөлс шилжүүлсэн баримтуудыг үндэслэн хариуцагчаас 436 500 төгрөгийг гаргуулах нь үндэстэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь тухайн өрөөний цонх болон шалны хулдаасыг засварлаагүй, бодитоор зарцуулаагүй 350 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13 745 төгрөг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан Б.Д...аас 436 500 /дөрвөн зуун гучин зургаан мянга таван зуун/ төгрөг гаргуулан Л.Т...т олгож, нэхэмжлэлээс үлдсэн 746 000 /долоон зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Д...аас 13 745 төгрөг гаргуулан Л.Т...т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН