Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01168

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01011 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Хд холбогдох,

Гуравдагч этгээд: “М” ХХК, Ю.Д нар

 

9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, С.Хгийн хууль бус эзэмшлээс дугаарыг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Х нь өөрийн эзэмшлийн 9909-2222 дугаарыг “...би төлбөрийг төлж дийлэхгүй байгаа учир төлбөрийг нь төлөөд та ав” гэсний дагуу төлбөр тооцоог төлж авсан. Дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл хөдөө орон нутгийн хаягтай тул дугаар шилжих боломжгүй гэсэн учир хариуцагчтай дугаарыг дараа шилжүүлж авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч нь холбоогүй болсон. Дугаарын төлбөрийг төлж эзэмшиж байгаад 2014 онд дугаараа нэр дээрээ авах гэтэл хариуцагч дугаарын эрхийг эзэмшдэг тул хариуцагчийг авчрах шаардлагатай болсон Хариуцагчид хэлэхэд дугаарыг надад зарсанаа мартсан байсан. 2018 оны 7 сард сим картаа гэмтээж, сэргээлгэх зайлшгүй шаардлага гарсан тул хариуцагчруу ярьсан. Гэтэл хариуцагч дугаар эзэмших гэрээгээ шинэчлэн байгуулж өөртөө авсан. Түүнчлэн дугаарыг 15 000 000 төгрөгөөр зарахаар зар тавьсан байсан. Нэхэмжлэгч 14 жил уг дугаарыг тасралтгүй барьж, бүх төлбөр тооцоог өөрөө төлж, компанийнхаа бүхий л вэб хуудас, цахим хаяг, фэйсбүүк хуудас, компанийн гэрчилгээ хаяг зэргийг энэ дугаараар явуулж ирсэн. Иймд 14 жил ашиглаж ирсэн 9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна. Хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтууд болон компанийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтуудаас дугаар эзэмшигч нь нэхэмжлэгч болох нь бүрэн харагдаж байна. Хамгийн анх нэхэмжлэгч нь хариуцагчаас дугаарыг 1 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байдаг. Эхлээд 540 000 төгрөгийг С.Хд төлсөн. Үлдсэн 460 000 төгрөгийг нь бол тухайн үедээ өгч амжаагүй байсан гэжээ.

 

Хариуцагч С.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгчийг дугаарын шударга эзэмшигч гэж үзэхгүй. 2018 онд дугаарыг хариуцагч нь гуравдагч этгээд рүү шилжүүлсэн. Уг дугаар нь 2005 онд хэрэглээд гарсан байхад нэхэмжлэгч тал “...би уг дугаарыг 2004 онд худалдан авсан” гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Хариуцагч нь өөрийн дугаарыг бусдад худалдаагүй, шилжүүлээгүй, түүнд өөрийн дугаараа бусдад шилжүүлэх, худалдах хүсэл зориг байгаагүй. Ингээд түр хугацаанд өгсөн байсан дугаарыг нь н.Мөнхцэцэг биш харин н.Мөнхтөр гэгч ашиглаж байгааг нь сүүлд олж мэдсэн. Мөнхтөр нь н.Мөнхцэцэгийн ах нь бөгөөд нэхэмжлэгч талаас энэ хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан байсан ч өөрсдөө хаяг нь тодорхой бус гээд татгалзсан. Д.Э 2012-2016 оныг хүртэл ашигласан байх. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дугаарыг хариуцагч нь өөрийн нэр дээр ашиглаж байгаад иргэн Ю.Дд гэрээгээр шилжүүлэн дугаарыг хүлээлгэн өгсөн. Удаан хугацааны туршид бусдад ашиглуулж байсан хөрөнгөө буцаан өөрийн мэдэлд авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...дугаарыг 1 000 000 төгрөгөөр худалдан авсан, 540 000 төгрөгийг төлсөн” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд шинээр гаргаж байна. Ийм зүйл болсон ч гэсэн нэхэмжлэгч хариуцагчид мөнгөө бүрэн төлөөгүйг харуулж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Манай зүгээс аливаа дугаарын төлбөр төлөгдөж байгаа нөхцөлд ямар нэг гомдол санал гаргаад байхгүй. Өөрөөр хэлбэл бидний үзүүлж буй үйлчилгээний хариу төлбөр хугацаандаа л төлөгдөж байгаа бол манай эрх ашиг хөндөгдөөд байх зүйл алга гэж үзэж байна. 9909-2222 дугаар бол нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 2004 онд бус харин 2005 онд нийтийн хэрэгцээд задалж гаргасан дугаар байгаа, энэ талаарх баримтыг бид шүүхэд гаргаж өгсөн. Тэрнээс биш нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн нэгнийг нь дэмжээд байх зүйл алга байна гэжээ.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ю.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би энэ 9909-2222 дугаарыг 2018 онд хариуцагч С.Хгээс худалдан авсан. Би уг дугаарыг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл хууль зөрчөөгүй, гэрээ байгуулан дугаарын хууль ёсны эзэмшигч болсон. Дугаарыг өөрийн компанийн зар сурталчилгаанд хэрэглэхээр авсан. Одоо дугаарыг манай дүү хэрэглэж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 9909-2222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг хариуцагч С.Хгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай Д.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь дээрх дугаарыг хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр эзэмшилдээ шилжүүлж авч 13 жилийн турш ашигласан. Хариуцагч хууль зөрчиж уг дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн. Шүүх хэргийн нөхцөл байдлуудыг хууль зүйн үндэслэлтэй бодитоор үнэлэхгүй, хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, тогтоогдож буй үйл явдалд дүн шинжилгээ хийлгүйгээр шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч С.Хд холбогдуулан 99092222 дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг түүний хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “уг дугаарыг нэхэмжлэгчид худалдаагүй, шилжүүлээгүй, нэхэмжлэгч эзэмших эрхгүй” гэж маргажээ. /хх-1-2, 26-27/

 

Талууд 99092222 дугаарын эзэмшигч нь нэхэмжлэгч мөн эсэх, эзэмшлийг хэлцлийн үндсэн дээр бодитоор шилжүүлж авсан эсэх талаар маргаж байна.

 

Хэргийн баримтаас үзвэл 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Гэрэлханд нь №2000/9628 тоот “Үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ”-ний үндсэн дээр 9909-2222 дугаарын эзэмшигч болсон, хариуцагч С.Х нь 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20013886 дугаар гэрээгээр 9909-2222 дугаарын эзэмшигч болсон ба уг дугаарын эзэмшил 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Ю.Дд шилжсэн үйл баримт тогтоогдсон. /хх-62-63, 67, 70-71/

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгүүдэд зааснаар “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх ба хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шударга эзэмшигч болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг дугаарыг гаргуулах гэж гаргасан. Нэхэмжлэгч нь өөрийн “уг дугаарыг 2004 оноос 2018 оны хооронд тасралтгүй ашиглаж эзэмшиж байсан” гэх тайлбараа нотлох зорилгоор хэргийн 12-19 дүгээр талд авагдсан төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Гэтэл дээрхи баримтуудын бичвэр гаргацгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа уг маргаан бүхий дугаарын шударга эзэмшигч болохыг тогтоолгохоор гаргасан байхад шүүхээс уг шаардлагыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэлгүй, энэ талаар дүгнэлт гаргалгүй шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эзэмшигч болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг дугаарыг 14 жил ашиглаж, төлбөрийг төлбөрийг төлдөг байсан талаар тайлбарлаж байгаа тохиолдолд түүнийг эд хөрөнгийг эзэмшиж байсан эсэх, эзэмших эрхийг шударгаар олж авсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан ажиллагааг дутуу хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД